УИХ-д Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан.
Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нар, мөн Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл буюу Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна.
Түр хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаан 10.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, мөн Хууль зүй, дотоод хэрэг, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нар болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Цар тахлын ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хоёрдугаар давалгаа гарсныг анхааруулж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.
Монгол Улс дахь халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, улс орнуудаас зөөвөрлөгдөн батлагдсан 349 тохиолдлыг илрүүлэн оношилж, 313 /90 хувь/ хүн эдгэрсэн, 36 хүн эмчлүүлж буй талаар онцоллоо. Эмчлүүлж буй хүмүүсээс 8-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэв. Мөн гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авчрах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулснаар хүндэтгэн үзэх 5 шалгуурт /жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй/ тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буурсан хэмээв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлалтын 21 хоногийг мөрдөж байгаа талаар тоо баримттай танилцуулав. Тэрбээр мөн 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно. Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийж тандалт явуулахад эсрэг бие үүсээгүй хариу гарсан. Коронавирусыг ямар нэгэн байдлаар ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар. Франц иргэнээс халдвар дамжаагүй нь халдвар хамгааллын дэглэм сайн сахисантай холбоотой гэж ойлгож байгаа хэмээн хариулав.
Улсын Их Хурлын гишүүн, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд халдварыг дотооддоо алдсан тохиолдолд ажиллах нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг болон вакцин гарчихвал худалдан авах эх үүсвэр, хөрөнгийн талаар тодруулав. Энэ асуултад Шадар сайд Я.Содбаатар нөөц төлөвлөгөө байгаа. Халдвартай тэмцэх стратеги төлөвлөгөөг ч баталсан. Манай улсыг нөхцөл байдлыг зөв үнэлж, төлөвлөж буй талаар олон улсын хурал цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан сан гэж хариулав. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яаман дээр яригдаад, шийдэгдэж буй учир вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан талаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн учир вакцин гарахад харьцангуй хурдан асуудлаа шийдээд явах боломжтой талаар хариулт өглөө.
Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт аван, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг Түр хороогоор тогтмол хэлэлцэж байх болно гэдгийг тодотгож хэлснээр хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл ( 2 )
Koronatai xolbootoi byx asuudal deer shinjlex uxaanii bolon anagaax uxaanii yndesleltei batalgaatai medeeleliig ard tymend xyrgene yy !!!Delxiin jishgeer bish, sorog xariutai xymyysiig 19 bolood 20 dax xonoguud deer Mongold ireed ochnoon udsan xoino ni virus ilryyleed baigaagaa emch xynii xuvid yzel bodloo tailbarlana uu !! Tiimgyigees ene xymyys dotroosoo xaldvar avsan bolj taarch baina!
Мөнхсайхаан дэглмэ биш. Яг энэ удаад бол Монголчуудыг Азын Тэнгэр ивээсэн шүү. Алдаж дууссан шүү дээ.