Б.Энхбаяр: С.Батхүлэг уул уурхайн компанитай холбоотой, банкинд ажилладаг учраас УДШ-д очиж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

“Голомт” банкинд ажиллаж байсан С.Бат­хүлэгийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр ч удаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Гэвч тус Байнгын хорооны гишүүд эсэргүүцэж танилцахаас татгалзаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ


-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшигчийг солих боломжгүй гээд байгаа шүү дээ. УИХ танилцахгүй бол юу болох вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог. Ерөнхийлөгч УИХ-д танилцуулахгүйгээр томилох эрхгүй. Тэгвэл Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дээр очно гэсэн үг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл тэгж Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн байдалд оруулахгүй байх. Ерөнхийлөгч ч гэсэн Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх гэж бодож байна. УИХ танилцана гэдэг нь УИХ-ын гишүүд нэр дэвшигчийн нүүрийг нь харах гээд байгаа хэрэг биш. Ард түмний төлөөлөгчийн хувьд тухайн нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, зам мөр нь гэгээн цагаан хүн мөн үү, үгүй юу, янз бүрийн ашиг сонирхолтой хүн мөн үү гэдгийг нь нийт ард түмэнд танилцуулах гэж байгаа асуудал. Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага. Шударга ёс бол энэ юм гэж хэлдэг эцсийн цэг. Улсын дээд шүүхийн шийдвэрийг Монгол Улсад суугаа хүн бүр, байгууллага болгон сахин биелүүлдэг онцлогтой. Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байдаг. Тиймээс бид мөн яг энэ агуулгаар нь өндөр шаардлага, сонор сэрэмжтэйгээр хандаж байгаа. “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр аа, миний хөгшин одоо боль” гээд би хэлсэн шүү дээ. УИХ, Байнгын хороон дээр санаа зовоод хэлээгүй. Үүнийгээ болихгүй бол цааш нь хэлэх л асуудал руу орж байна.

-Тухайлбал?

-С.Батхүлэг, Э.Батбаяр хоёр Оросод цуг суралцаж байсан. Оюутан цагийн найзууд болохоор сонирхлын зөрчилтэй байхгүй юу. С.Батхүлэг уул уурхайн компанид хувь эзэмшдэг хүн. Тост, Тосонбумбын ордод хувь эзэмшдэг. Дархан цаазат газар байдаг уул уурхайн компанитай холбоотой гэсэн үг. Банк, санхүүгийн байгууллагын ажилтан. Тийм учраас болохгүй гээд байна шүү дээ. Тост, Тосонбумбатай холбоотой асуудал шүүх дээр маргаантай байгаа. Ямар сонирх­лоор энэ Улсын дээд шүүхэд очиж, эцсийн шийдвэр гаргах гээд байгаа юм. Бид бол их соёлтойгоор боль гэж хэлж байгаа. Нэр хүндэд нь халдаад яах вэ гээд л яваад байна.

-Байнгын хорооны хуралдаанд дахиад ороод ирвэл яах вэ. Тийм сураг байна?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо чинь дөрвөн жил ажиллахдаа энэ хүнтэй танилцахгүй гэдгээ ил хэлчихлээ. Бүр хоёр удаа. Одоо Монголын ёс гээд гурав дахь удаагаа оруулж ирэх гээд байгаа юм уу, мэдэхгүй. Гуравдахь удаагаа оруулж ирвэл үүнийг хийгээд байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хариуцлага тооцох ёстой гэж бодож байгаа. Ингэж ширэлчихээд байгаа ШЕЗ-тэй хариуцлага тооцохоос өөр аргагүй болчихоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хорлоо (192.82.72.12) 2025 оны 03 сарын 13

наад ШЕЗ-ийн дарга тчинь хахууль авчихаад яаж ч чадахгүй дахин дахин оруулж ирээд байнаа. харваас хахуульчин этгээд ээ....

1  |  0
зочин(49.0.212.243) 2025 оны 03 сарын 13

ШЕЗ нь өөрөө болохоо болисон газар юм бн.

1  |  0
Зочин(203.91.115.48) 2025 оны 03 сарын 13

УИХ-д Энхбаяр шиг гишүүд олон байгаасай даа.

2  |  0
zochin(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

Ичих булчирхайтай баймаар юмаа, арай хэтэрхий юмаа, яаж ичихгүй дахин дахин оруулаад байгаа юмаа

2  |  0
Top