СӨХ-ны дарга Д: Би хүүхдүүдийг хөөгөөгүй, идэх юм өгсөн

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Халдвар авсан иргэний ар гэрийнхэн тусгаарлалтын хугацаагаа дуусган, гэртээ гарахаар очсон ч амьдардаг байранд нь оруулахгүй байна гэх гомдол иргэнээс ирсэн гомдлын дагуу ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр сурвалжилсан билээ.

Арваннэгдүгээр сарын 09-ний өдөр иргэн Х ажлынхантайгаа "Говь гурван сайхан" караокед үйлчлүүлжээ. Энэ нь халдвартай ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын хүний үйлчлүүлсэн газар бөгөөд үүнээс улбаатай халдварын тохиолдол олноор гарсан. Иргэн Х үйлчлүүлсэн өдрөөсөө хойш гурав хоногийн дараагаар халуурч, толгой нь өвдөн, халдвар авсан шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Ингээд эмнэлгийн байгууллагад хандахад халдвартай буюу эерэг гарчээ. Тэрбээр гурван хүүхдийн хамт байрны хонгилын давхарт амьдардаг байсан юм.  

Түүний ар гэр болох гурван хүүхдийг ч мөн тусгаарлан, шат дараатай шинжилгээ авсан ба азаар хоёр хүүхдийн шинжилгээ сөрөг гарч, "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдсан бөгөөд дунд охин, ээж хоёроос халдвар илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдаж байсан халдваргүй хоёр хүүхдийн 14 хоногийн тусгаарлан ажиглалтын хугацаа дууссан тул өчигдөр (2020.12.03) гэрийн тусгаарлалтад гарсан байна. Гэтэл тэднийг түрээслэдэг хонгилын өрөөнд нь оруулахгүй байжээ. 


БЗД-ийн дөрөвдүгээр хорооны ... байрны Сууц өмчлөгдийн холбоо (СӨХ)-ны дарга Д-тэй холбогдож, үүссэн асуудлын талаар тодрууллаа. 

Тэрбээр "СӨХ-ны зүгээс хүүхдүүдийг хөөж, чичлээгүй. Би хоёр хүүхэдтэй уулзаагүй. Манай байрны гадаа Онцгой комиссын шийдвэрийн дагуу харуул, хамгаалалт гараад 10 гаруй хонож байна. Хүүхдүүд тусгаарлах байрнаасаа ирээд гэртээ орох гэхэд нь Онцгой байдлын харуулууд оруулаагүй юм билээ. Ажлаа хийж байгаа хүмүүс дээшээ мэдэгдэж, тодруулж, лавлах зүйл байдаг байлгүй. Энэ хугацаанд байрны гадаах цагдаагийн байранд сууж байгаад орой 108-ын ажилчид ирээд аваад явсан. Би бол өчигдөр тэр хоёртой уулзаж, оруулахгүй гэж чичлээгүй. Харин ч жижүүрээр дамжуулж идэж, уух юм дөхүүлж өгсөн. Ээж нь гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Би түүнийг маш сайн ойлгож, гурван жил хамтарч ажилласан. Би өөрөө олон хүүхэдтэй хүн. Хүний хүүхдийг чичилж хөөдөг хүн биш.  Оршин суугчид ч тэр хүүхдийг оруулахгүй гэж хэлээгүй” гэлээ.  

Тэгвэл ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа иргэн Х буюу хүүхдүүдийн ээж “Би гурван хүүхэдтэйгээ БЗД-ийн дөрөвдүгээр хорооны орон сууцанд подвалд түрээслэж амьдардаг. Би 4, 10, 17 насны гурван хүүхэдтэй. 10 настай охин маань надтай хамт ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Харин бага болон том хүүхдүүд маань тусгаарлалтын хугацаагаа дуусаад гэртээ очсоныхоо дараа “Цагдаа нар гэрт орулахгүй байна” гэж над руу ярьсан. Ингээд би СӨХ-ны дарга руу ярихад “Уучлаарай, эгч нь оруулж чадахгүй юм шиг байна. Чамаас коронавирус илэрч, танай орцны 16 хүн халдвар авсан учраас танай орцныхон дургүй байна” гэсэн. Би ХӨСҮТ-д 17 хонох гэж байна. Сайн эмч нар эмчилж байгаа учраас миний биеийн байдал сайжирсан. Дэлхий нийтээрээ өвчилж байгаа энэ өвчнийг би туссаны төлөө яагаад намайг гадуурхаад байгаа юм бэ” гэж ярилцлага өгсөн юм.

Хүүхдүүдийн ээж буюу ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа эмэгтэйн ярилцлагад анхаарлаа хандуулна уу!
 


Харин өнөөдөр (2020.12.04) Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр "Халдвартай иргэний хүүхдүүдийг ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД аваачсан" тухай мэдээлэл өглөө. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын төлөөлөгч энэ талаар "Тус газрын төлөөлөл УОК-ын шуурхай штабт орж ажиллаж байна. Өчигдөр халдвар авсан хүний хоёр хүүхдийг гэрт нь оруулаагүй тохиолдол гарсан. Түр хамгаалах байрыг шинээр бий болгож, хоёр хүүхдийг хамгаалах байранд оруулаад байна. Сэлэнгэ аймагт халдвар авсан, тусгаарлагдсан хүмүүсийн нийт 140 гаруй хүүхэд асран хамгаалагчгүй болоод байна. Иймээс эцэг, эх нь тусгаарлагдсан, халдвар авсан, хүүхдүүдийг түр хамгаалах байр, түр хугацаанд асран хамгаалах боломжтой хамаатан садны хүмүүс дээр байрлуулах ажлыг хийж байна. Монгол улсад 35 түр хамгаалах байр 200 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байгаагаас одоогийн байдлаар 32 нь ажиллаж байна" гэж мэдээлсэн юм. 

 

Top