ЗАСГИЙН ГАЗАР: Иргэдийг 2021 оны НЭГДҮГЭЭР УЛИРАЛД багтааж вакцинд хамруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Улаанбаатарт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой комиссын саналыг баталгаажууллаа. Энэ талаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Хатуу хөл хориог 23-ний өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ний 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Өөрөөр хэлбэл, ирэх лхагва гарагаас эхэлж, хатуу хөл хориог тогтооно. Нэгдүгээрт бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумиж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Зарим хүн нь 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна" гэж ярилаа.

Түүнчлэн "Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний түгээлт тээвэрлэлт, малын өвс тэжээл, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ. эрүүл мэндийн байгууллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тусгайлсан үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, нотариати, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрнө. Хүүхэд хамгааллын байр, буян оршуулгын зэрэг 15 салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох болно" гэв. 

Мөн мэдээллийнхээ үеэр ирэх 2021 оны нэгдүгээр улиралд багтааж иргэдийг халдварын эсрэг вакцинд хамруулах талаар ярилаа.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас гурван чиглэлээр вакцин хөөцөлдөж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн вакцин оруулж ирж, ард иргэдээ вакцинжуулна. Иргэдийнхээ 20 хувийг 660 мянган иргэнээ вакцинд хамруулахаар ажиллаж байна. Нэгдүгээр улиралдаа багтаж, вакцинжуулна" гэж ярилаа. 

Top