Сар бүрийн шинийн найманд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурдаг. Шинийн наймныг Манлын дүйчэн өдөр хэмээдэг. Энэ хурал нь Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурхны хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм.
Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манла бурхны тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхдын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.
Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурхны заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурхны тарнийг 1000 удаа тоолон уншдаг. Мөн Манла бурхны хот мандлыг 1000 удаа гороолно. 1000 удаа мөргөхдөө тэргүүлшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай.
Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэнэ. Сунаж мөргөж буй нь бурхны шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурхны зүрхэн тарнийг 1000 удаа уншиж буй нь Манла бурхны лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм.
1000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манла бурхны оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.
МАНЛЫН ТАРНИ
Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха
Манла бурхны тарнийг тоолох, эргэл мөргөл хийх, тахих, соёрхлыг тавьж үйлдсэний тус эрдэм хязгааргүй байна гэдгийг бурхан багш бээр дахин дахин айлдсан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
za boli