ТОЙМ 2020: Нийгмийн ОНЦЛОХ ТАВАН сэдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй оны онцлох үйл явдлыг салбар тус бүрээр тоймлон хүргэдэг уламжлалтай билээ.
Энэ удаад өнгөрч байгаа 2020 онд болж өнгөрсөн нийгмийн ОНЦЛОХ ТАВАН үйл явдлыг нэрлэж, тоймлон хүргэж байна.


“АНХ-ОТГОН” ИЛЭРСЭН НЬ...
 


Монгол Улсад “Ковид-19”-ын анхны тохиолдол илэрснийг Улсын Онцгой комисс (УОК) 2020 оны гуравдугаар сарын 10-нд зарлаж байлаа. Тодруулбал, Москва-Улаанбаатарын онгоцоор гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэнээс вирус илэрч, Дорноговь аймагт тусгаарлагдан, ХӨСҮТ-д авчирч байв. Түүнтэй ойрын хавьталд байсан иргэдийг яаралтай тусгаарлаж, явсан газрын маршрутыг нь ил тод зарлаж байсны үр дүнд тухайн голомттой холбоотой өөр тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тухайн үед УОК-оос аймаг, сумдаас хувийн тээврээр гарах, орох хөдөлгөөн, хот хоорондын нийтийн тээвэр, орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг долоо хоног зогсоож байсан юм.

Ухань хотоос 31 оюутнаа авчрав

Хятад улсын Ухань хотод коронавируст цар тахал дэгдэхтэй зэрэгцээд Монгол Улсын Засгийн газар Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлж байв. Улмаар хоёрдугаар сарын 1-нд Ухань хотод сурч байсан 31 оюутан "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирсэн юм.


ЦАР ТАХЛЫГ ДОТООДОД АЛДАВ
 


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас монголчууд бүтэн жилийн хугацаанд холуур байсан гэхэд болно. Өнгөрсөн хугацаанд зөвхөн коронавирусний зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан ТИР машины жолоочоос халдвар илэрч, бүх нийтийн хөл хорио тогтоосон юм. Үүнээс хойш өдөр бүр дотоодод халдвар бүртгэгдэж, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдсэн. Харин нийслэлд Багахангай дүүргээс бусад бүх дүүрэгт халдвар бүртгэгдээд байна. Иймд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн хичээлийг цахимаар оруулж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Анх халдвар дотоодод бүртгэгдсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд бүх нийтийн хөл хорио тогтоож, үүнээс хойш хөл хориог сулруулсан ч халдварын тархац өндөр байсан тул арванхоёрдугаар сарын 23-наас дахин хөл хорио тогтоогоод байна.

Гэхдээ одоогоор 15 төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага ажиллаж байгаа билээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар
 

  • Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  • Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна

ХЯТАД УЛСАД 30 МЯНГАН ХОНЬ ХАНДИВЛАЛАА
 


БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, хөл хорио тогтоосон хүнд, хэцүү үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр алба ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа зарласан. Энэ явдал БНХАУ-д шуугиан тарьж, Монголын нэр хүндийг хэсэгтээ өргөөд авсан. Бэлтгэл ажил явагдсаар энэ оны аравдугаар сарын 22-нд Хятадын Засгийн газарт 30 мянган хонийг бүрэн хүлээлгэн өгөх ёслол Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон юм. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ. Хятадын тал Монголоос ирсэн хандивын хонийг нядалж, “Монголоос ирсэн хандив” хэмээх шошготойгоор Ухань хотод цар тахлын үед ажилласан Хятадын өнцөг булан бүрт суугаа эмч, сувилагч нарт хайрцаглан илгээсэн байдаг.


ЕСӨН НАСТАЙ ОХИН ХОЙД ЭЦГИЙНХЭЭ ГАРТ АМИА АЛДАВ
 


Ой таван сартай хүүхдээ төрсөн эцэг нь зодож, амь насыг нь хөнөөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүг нас биед хүрсэн залуу хүчирхийллээ...

Өдөр бүр шахам хүүхэд хүчирхийлэлд өртсөн, амь насаа алдлаа гэх гаслан зовлон хөвөрдөг болжээ. Оны онцлох тоймд сэтгэл хөндүүр энэ сэдвийг тодотгон оруулахаас аргагүй байв. Сонсоход өр өвдөж, уншихад нүд хальтрам. Энэ дэлхийд зарим нэг нь үр хүүхэд төрүүлэхийн тулд болохоос нь эхлээд болохгүй хүртэл тэмүүлж байхад зарим нь зүгээр л эд агуурс шиг хандаж, аймшигтай үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай.

Хамгийн гол нь бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг. Гол төлөв хүүхдийн эцэг, эх, ойр тойрны хүмүүс хүчирхийлэл үйлддэг учраас тухайн хүүхэд хүчирхийллийн голомтоос явлаа гэхэд очих газар, хандах хүн хүрээлэл дундаа л үлддэг.

Сэтгэл эмзэглүүлсэн хүүхдийн хүчирхийллүүдээс есөн настай охины амиа алдсан хэргийг онцолж байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт есөн настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг 2020 оны есдүгээр сарын 20-ны өглөөний 05:00 цагт гарсан. Хүчирхийлэлд өртсөн охин амь тасрахын өмнө өөрөө 103 дугаарт дуудлага өгсөн байдаг. Уг хэрэгт талийгчийн хойд эцгийг холбогдуулан шалгасан билээ. 

Шүүх шинжилгээний үндэсний төвийн урьдчилсан дүгнэлтээр нүүр, дух зүүн хацарт хуучин зулгаралттай. Баруун талын 3-11, зүүн талын 4-11 дүгээр хавирга хугарч, бороолсон байсан. 12 хуруу гэдэс 0,5х0,6 хэмжээний няцралттай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан. Бүдүүн гэдэс орчимд 1 литр бохирлогдсон шингэнтэй. 12 хуруу гэдэс орчимд 500 грамм бохирлогдсон шингэнтэй байсан. Урьдчилсан байдлаар хордлогоор нас барсан гэж дүгнэж байгаа. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс цоорсон учир бохир шингэнээс хордож, нас барсан байх магадлалтай. Нарийн, бүдүүн гэдэс цоорч урагдсан шалтгаан нь тодорхой гадаргуутай зүйлээр цохьсон байх магадлалтай хэмээн албаныхан танилцуулсан юм.


ТОГ, УС ЦАХИЛГААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТЭГЛЭЛЭЭ
 


Засгийн газар оны төгсгөлд иргэддээ томоохон бэлэг барьсан нь тог, ус цахилгаан, хогны мөнгийг тэглэсэн явдал байв. Тодруулбал, цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон. Энэ шийдвэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ.

Ингэхдээ 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн дулааны мөнгийг тэглэж, заасан хэмжээнээс илүү гарсан төлбөрийг иргэд өөрсдөө төлөх байдлаар зохицуулсан. Мөн нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулж, 930 төгрөг болгосон билээ.

123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэр хариуцах юм. Ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт тус үйлдвэрээс гарна.

9 САЛБАРЫН ЦАХИЛГААН, УС, ДУЛААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТЭГЛЭХГҮЙ

Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгаан, ус, хогны мөнгөний хөнгөлөлтөд дараах 9 салбар төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.
 

  • Төсөвт байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
  • Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрүүд.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2020 оны 12 сарын 30

IСайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Top