Урд хөршийн шинэ жилийн уламжлалт ёс заншил

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 11

Дэлхийн олон улс орнуудын адилаар Хятадад шинэ он солигдох мөчийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлж, улиран одож буй хуучин оноо аз жаргалтайгаар үддэг. Шинэ оноо элбэг дэлбэг сайхан угтвал бүхий л жилийн туршид аз хийморь дагуулдаг гэдэгт хятадууд итгэдэг учраас эртнээс олон уламжлалт ёс заншлыг мөрдсөөр иржээ

 

Их цэвэрлэгээ

 

Хаврын баяр /Хятадын Шинэ жил/ бол бүх нийтээр тэмдэглэдэг хамгийн өргөн дэлгэр баяр цэнгэл бөгөөд үүндээ эртнээс бэлтгэж эхэлнэ. Шинэ сар тохиохоос долоо хоногийн өмнөөс /энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 4-нөөс/ Хятадад уламжлалт их цэвэрлэгээ эхлэн, гэр орноо угааж арчин, эд зүйлсээ янзалж элдэв хэрэгцээгүй зүйлсээ гаргаж хаядаг. Иймэрхүү маягаар, өнгөрөгч жилийн таагүй зүйлсийг орон гэрээсээ “зайлуулж”, Шинэ ондоо элбэг хангалуун, хөгжил дэвшлийг гэртээ урин залдаг.

 

Гудамж талбай, гэр орноо чимэглэх /Улаан өнгө амжилт бэлгэддэг/

 

Улаан өнгө бол Шинэ оны баярын гол өнгө бөгөөд муу ёрын сүнснүүдийг зайлуулж, аз амжилт авчирдаг хэмээн сүсэглэдэг учраас бүхий л гудамж талбай, гэр орноо энэ өнгөөр чимэглэн, улаан дэнлүү өлгөж, хаалганы хоёр хажуугаар улаан цаасан дээр бэлгэ дэмбэрэлтэй үгс бичин тогтооно. Банкууд болон бусад албан газрууд ч гэсэн амжилт, дэвшлийг бэлгэдсэн улаан өнгөөр чимэглэдэг.

 

Гэр бүл бүхнээс илүү

 

Хаврын баяр буюу Хятадын Шинэ жил нь гэр бүлүүд цугларан нэгдэхэд хамгийн таатай баяр юм.  Хамгийн гол баярыг бүхий л гэр бүлээрээ хамтдаа тэмдэглэхийн тулд алс хол өөр хотуудад ажиллаж амьдардаг хүмүүс гэртээ заавал эргэж ирдэг. Баярын зоог нь гэр бүлийг нэгтгэж, юуны түрүүнд үе удмыг нэгтгэнэ. Өөрөөр хэлбэл, баярын ширээний ард суугаа хүмүүсийг өвөг дээдсийнх нь сүнстэй нэгтгэдэг гэж үздэг. Шинэ жилийн зоогонд уламжлал ёсоор хамгийн амтат хоолуудыг бэлдэж, зоогоо бариад дууссанаас хойш хэн ч унтахаар яаравчилдаггүй нь ирээдүйн аз жаргалаа алдахгүй сэрэмжлэх гэсэн ойлголттой холбоотой аж.

 

Шинэ онд амжилт авчирдаг хоол унд

 

Дэнлүүний баяраас өмнөх 16 өдрийн турш хятад гэр бүлүүд олон янзын амттанаар баярын ширээгээ дүүргэнэ. Ялангуяа Шинэ оны өмнөх битүүний зоог маш чухал юм. Хоолны сонголт бэлгэдлийн чанартай бөгөөд гадна үзэмж, орц найрлага, нэршил зэрэг нь бүгд олон зууны түүхийг агуулсан онцгой ач холбогдолтой юм. Загас бол Хаврын баярын зоогонд заавал байх ёстой зүйл. Хятад хэлэнд “загас” гэдэг нь “илүүдэл” гэсэн үгтэй ижил дуудагддаг тул загасаар хийсэн хоол хэрэглэх нь шинэ онд ашиг орлого, амжилт дагуулдаг гэж хятадууд итгэдэг аж.

 

Салютыг зөв буудуулах хятад уламжлал

 

Шинэ он гарахтай зэрэгцэн Хятадын бүхий л газар нутагт салют буудуулах чимээ нижигнэж эхэлнэ. Утаа униар, автомашины сигналын дуу, чимээ шуугиан хэдэн цагийн турш тасралтгүй үргэлжлэх аж. Салют буудуулах нь зөвхөн зугаа цэнгэл төдийгүй, Хятадын эртний уламжлалт ёс заншил юм. Шуугиан, тэсрэх чимээ нь шинэ он гарах үед айл гэрт орохоор хүлээж буй муу ёрын сүнснүүдийг үлдэн хөөх зорилготой, мөн хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад зориулагдана. Салют буудуулах уламжлалт дараалал нь, эхлээд хэд хэдэн жижгэвтэрийг, дараа нь гурван томыг буудуулж хуучин оноо үдэн, шинэ оноо хөөр баяртайгаар угтдаг. Тэрхүү гурван том салют хэдий чинээ чанга дуугарах тусам шинэ онд газар тариалан, бизнесийн хувьд өндөр амжилттай байх болно гэж тооцдог.

 

Улаан дугтуйн дахь мөнгө Хунбао /Hongbao/

 

Хаврын баяраар Хятадад бэлэг солилцдог уламжлалтай. Хамгийн түгээмэл бэлэг нь Хунбао мөнгө бүхий улаан дугтуй юм. Түүнийг ойр дотныхон болон найз нөхдөдөө өгөх бөгөөд мөн түүнчлэн компанийн удирдлага өөрийн ажилтнууддаа ийм маягаар баяр хүргэдэг заншилтай аж. Хунбао улаан дугтуй бол зөвхөн мөнгө төдийгүй, хүлээн авч буй хүнд амжилт, цэцэглэлт бэлгэддэг. Орчин үед технологийн хөгжилтэй холбоотойгоор Хунбао бэлэглэхэд бүр хялбар болжээ. Хятадад түгээмэл хэрэглэгддэг Вичат мэссинжер 2015 оноос эхлэн мөнгөн хунбаог хувийн болон нийтийн чат руу илгээх боломжийг өөрийн хэрэглэгчдэд олгосон аж.

 

Урлаг соёлын арга хэмжээнүүд болон Ардын зугаалга

 

Шинэ оноор Хятадад олон янзын уламжлалт, өнгөлөг үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.  Үүнд: Луугийн бүжиг, Арслангийн бүжиг, мөн Эзэн хааны хурим гэх мэт Хятадын эзэнт гүрний үеийн үзүүлбэрүүдийг сонирхуулдаг. Энэ үеэр маш олон төрлийн уламжлалт хятад хоол унд, гайхалтай хачруудыг танд санал болгоно. Бээжин дэх сүм хийдүүдийн үзэсгэлэн яармагууд сарны хуанлийн эхний өдрөөс Дэнлүүний баяр хүртэлх 16 өдөр цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зохиогддог. Хятадын хойд хэсэгт тод өнгийн хувцсаар гоёсон эрчүүд, бүсгүйчүүд уламжлалт үзүүлбэр болох Rice Sprout Song-ийг янз бүрийн хувилбараар бүжиглэнэ.

 

Зарим өвөрмөц сүсэг бишрэлүүд

 

“Шинэ оноо яаж угтана, тухайн жилийг тэгэж өнгөрүүлнэ” гэдэгт хятадууд итгэдэг. Он гарснаас хойш эхний гурав хоногт цэвэрлэгээ, угаалга хийвэл амжилтаа шүүрдээд/ угаагаад гаргачихна гэж сүсэглэдэг аж. Мөн энэ хугацаанд хүүхдээ уйлуулбал гэр бүлд золгүй явдал тохиолдоно гэж үздэг, өр зээл тавихыг цээрлэнэ.

Улаан өнгө нь азгүйдэл, бүтэлгүйтлээс хамгаалдаг гэж хятадууд итгэдэг учраас том супермаркетуудаас авахуулаад гудамжны жижиг мухлагуудад хүртэл хаа сайгүй улаан өнгийн дотуур хувцас худалдаалдаг. Тухайн шинэ онд жил нь орсон хүн бол улаан өнгийн дотуур хувцас заавал авч өмсөх шаардлагатай аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.5) 2024 оны 06 сарын 03

ХЯТАДУУД ОЛОН ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЧУУДААС УЛАМЖИЛЖ АВСАН БАЯР , УГТАА БОЛ НҮҮДЭЛЧИД, МАЛЧИДИЙН БАЯР

2  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 02 сарын 11

Sv Batbold ba yrvagch tagnyyl .Ts.Nyamdorjiin yrvagcjhid mini bitegii umhii hyjaag syrtajilaad bai .Ene sait ernu negel bishee .

0  |  0
Top