Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 50 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

БААТАР ЭР ЛЭЙ ХЭН ХЭМЭЭХ ТАЧААДАН БАЙ СЮ ИН-Г ЗАНЧИХ

ЖҮ ТҮН ЦӨЛӨГДСӨН ГАЗРААС ХАРЪЯАТ НОЁНЫ БАГА ХӨВГҮҮН СЯО Я НЭЙ-Г АЛДАВ

Өгүүлэх нь, тэндээс тэдгээр Сүн Жян нар Ван И Ху, И Жан Чин хоёрыг эр эм болгоод маш их найр тавин байтал тэр Жүгүйгийн архины пүүснээс дахин нэг цэрэг маш довтлон ирж мэдүүлрүүн: - Эдүгээ манай Жүгүйгийн пүүсний өмнө этгээд, голын захад хэдэн гийчин ирж буусанд манай Жүгүй ах очиж, тэд нарын юмыг дээрэмдэх хэмээн хэдэн цэрэг дагуулан очсонд тэдгээрийн дотор нэгэн их сайн эр гарч өгүүлрүүн: - Та нар юунд ёс журмыг мэдэхгүй харин миний юмыг дээрэмдэх хэмээн цэрэг хөдөлгөмүй. Би нь Юньчэн хотны сайн эр Лэй Хэн хэмээгч бөлгөө. Харин та нар лугаа учрахаар ирсэн билээ. Эдүгээ намайг дээрэмдэх буюу хэмээн яамандаа өгүүлмүй хэмээсэнд Сүн Жян, Чаогай, Ү Шюэжү гурав энэ үгийг сонсоод даруй уулнаас бууж Жүгүйгийн архины пүүснээ иржээ.

Тэндээс Жүгүй даруй онгоц авч усны чанад хүрч Лэй Хэнийг онгоцон дээр суулгаж авчирсанд, Сүн Жян, Чаогай, Ү Шюэжү нар тосож ёслон өгүүлрүүн: - Мэргэн ах чи Юньчэн хотоос хэдүйд гарав? Чухам ямар хэргээр хаашаа очих, албаны хэргээр бусад газар зарагдав уу? Эс бөгөөс Юньчэн сяньд сууж зохилдохгүй болсон уу? Эдүгээ энд яахин ирэв? Мунхаг дүү Сүн Жян ах тан лугаа учраагүй эдүгээ маш удав. Энд одоо нэгэнт гийгүүлэн ирсэн нь үнэхээр тэнгэрийн хишиг хайрласан лугаа адил болов хэмээсэнд Лэй Хэн өгүүлрүүн: - Мунхаг ах нь Юньчэн сяниас гарч өдөр нэлээд болов. Харъяат ноёны тушаалаар Дун Чэнду хэмээх хотод учраад хойш буцаж яваа эрхэм дүү Сүн ах лугаа ер учирсангүй тул үнэхээр мөрөөдөн санаж үүгээр дайран ирэв. Харин зол тохиолдож таны гэрт буйд иржүхүй. Үгүй бөгөөс таны энэ архины пүүсэнд юмаа дээрэмдүүлэх болов хэмээсэнд Сүн Жян даруй сөгдөн, ийн өгүүлрүүн: - Мэргэн ах чи үүнд бүү юм санагтун. Хүнд хоёр нүд буй боловч үзэх чадал үгүй. Эрдэм бэлэг төгссөн боловч уг үндэс утгыг мэдэхгүй хэмээжихүй. Тиймийн тул эд таныг яахин таних буюу. Тиймийн тул эд нар нэг удаа буруу ял хийв. Би эд нарыг танд ёс ёслуулж буруу хүлээлгэсүгэй хэмээсэнд Лэй Хэн хэмээх өгүүлрүүн: - Бидэн арга буюу үл танихын харгаа. Гагцхүү Лэй Хэн хэмээх нэр Жунчэн сянь хэмээх хот, Сүн хэмээх алдар гаргаж хэлсэнд, эд даруй зогсож, энэ мэдээг чамд хүргэв. Үүнд юу санах буюу хэмээгээд өгүүлрүүн: - Эдүгээ манай Жү Түн дүү мөн Юньчэн сяньд алба хийж, гяндангийн дарга болов хэмээсэнд Сүн Жян, Чаогай нар урьд энэ Лэй Хэнгийн Сүн Жян д тусалсан ба явсан явдлыг бүрнээ нарийн тоочин хэлсэнд бүгдээр уулнаа Лэй Хэнг залж авчрав.

Тэндээс Лэй Хэн нар “Алт хуваах ордон”-д бууж их журмын ёс ёсолж дээш Журмын танхимын дэргэд очиж, бүрээ бишгүүр хөгжим зэргийг цөм дуу гаргаж залсанд Лэй Хэн дотроо ийн сэтгэрүүн: - Лян Шань уул хэмээгч ийм сайхан цэцэг жимс, мод хад ургасан нь өнгө бүр, дөрвөн зүг цөм их далай бас үзвээс цугларсан эрс нь маш их баатар, байгуулсан орон байшин нь үнэхэр тэнгэрийн орон, цэрэглэсэн цэрэг нь хэдэн мянга. Үүнд Лэй Хэн маш баясаж, дотоод их танхим дээр суулгаж олон бага жанжин нар цөм амар мэндийг цай барьсны хойно даруй хурим бэлтгэж, элдэв мах нарийн ногоог энгийн өдөр хэрэглэхээс илүү засаж, долоон өдөр найрлан суув.

Иймийн тул Сүн Жян Лэй Хэнд өгүүлрүүн: - Мэргэн ах эдүгээ энд нэгэнт ирсэн тул одоо Жунчун сяньд очиж яахийм. Мунхаг дүү нарыг сургаж энд сууваас барав хэмээсэнд Лэй Хэн: - Үл болмуй. Гагцхүү би энэ удаа бачуу хариад дараа ирвээс зохимуй хэмээгээд явах хэмээсэнд Сүн Жян, Чаогай нар бас нэгэн тусгаар ширээ засаж, хурим бэлдэж хундага барив. Тэндээс Лэй Хэн даруй уулнаас бууж “Алт хуваах хүрээлэн”-д Сүн Жян Лэй Хэн зуун лангийн алтан нэг боодол, таван зуун лангийн мөнгө хэдэн боодол өгч зам ба гэртээ хэрэглэгтүн. Хожим ирэх цагт Жү Түн дүүтэй хамт ирэгтүн хэмээсэнл Лэй Хэн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн уг нутагт насан болсон эцэг эх буй тул тэдгээрийг өргөж яахин ирмүй. Тэдний нас нөгчсөн хойно даруй ирсүгэй хэмээн уулнаас бууж Жүгүйгийн архины пүүсэнд ирж онгоцонд сууж далайн өмнө зах гараад ёс ёслон, уг нутаг Юньчэн сянь мужид ирэв. Үүнийг үл өгүүлмүй.

Өгүүлэх нь: Сүн Жян, Чаогай, Ү Шюэжү гурав танхим дээр буцаж ирээд харъяат Лян Шань уулын учрыг зөвлөөд олон жанжин нарт ийн өгүүлрүүн: - Эдүгээ манай Лян Шань уул маш ариун тодорхой бөгөөд цөм журам дагав. Одоо бид нэгэн дүрмийг гаргасугай. Та бүхэн зарлиг хүлээн сонсогтун хэмээгээд өгүүлрүүн: - Тун Мэн, Тун Вэй хоёрын архины пүүсэнд, Сүнь Синь Гү Дасао эр эм хоёр очиж халалцаад, Тун Мэн, Тун Вэй хоёрыг нааш илгээгтүн. Өөр зүйлийн хэрэг буй. Шицянийг Шиюн дээр очиж архины пүүс хавсарч, газрын боомтыг захирагтун. Юэ Хэ, Жүгүйгийн архины архины пүүсэнд очиж хавсран захирагтун. Жэн Тяньшоу Ли Ли дээрээс очиж хавсран суугтун. Энэ нь уулын дөрвөн зүг дөрвөн их дянь байгуулж архи мах худалдсан нь дөрвөн зүгээс ирэх баатар жанжин цэргийг оруулахаар тус бүр хоёр дарга тавьж байгуулан, Ван Вэйху эмээн авч уулын хормойд цэргийн адуу малыг захирагтун. Тун Мэн, Тун Вэй хоёр эдлэл хувааж, ордыг сайнаар харгалзан сахигтун. Зоурун, Зоуюань хоёр “Яа Зүй Тан” хэмээх цэргийн хороо сахигтун. Уулын өмнө их замд Ян Сюнь, Хуан Синь хоёр цэрэг авч зам харгалзан сахигтун. Се Жэнь, Зебао хоёр нэгдүгээр боомтыг сахиж харгалзагтун. До Чэнь, Сүн Вань хоёр хоёрдугаар боомт харгалзагтун. Лю Тан, Мү Хүн хоёр бүгд бүгд цэргийн хороо ба гурван боомтыг давхар харгалзан цагдагтун. Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Руань Сяоци нарын гурван ах дүү дөрвөн зүгийн усны боомтыг сахигтун. Мэн Кан хуучин ёсоор онгоцыг цагдан манагтун. Ли Ин, Дүсин, Жан Чин энэ гурав уулнаас буулгах ба ирэх зоос мөнгийг цагдан үзэж байгтун. Тао Зүнван, Сюэ Юн хоёр харъяат уулын танхим ба дотоод гадаад хэрмийг сайнаар харгалзаж байгтун. Хоу Жянь цэргийн хуяг дуулга ба зэр зэвсэг зэргийг тусгайлан захирч, нарийн чандаар засаж байгтун. Жү Фү, Сүн Чин хоёр танхим ба элдэв газар эрхлэх хурим найрын ширээг бэлтгэгтүн. Мү Чүнь, Ли Юнь хоёр хашаа сэлбэх байшин засах тэргүүтнийг дааж шийтгэгтүн. Сяо Ран, Жинь Дажянь хоёр аливаа газраас ирсэн ба явуулсан захиа бичгийг эрхлэн авч уламжлан дааж захирагтун. Пэй Сюань бүгд цэргийн засгийг дааж яллах ба шагнах зэрэг хэргийг нэгжин байцаагтун. Үүнээс гадна Люй Фан, Гуо Шэн, Сүнь Ли, Оу Пэн, Ма Линь, Дэн Фэй, Ян Линь Бай Шэн нарын найман хүн найман зүгт манаа манаж, шөнө бүр тогшуур тогшигтун. Чаогай, Сүн Жян, Ү Шюэжү бид гурав уулан дээр сууж бүгд захирч байгтун. Хуа Рүн, Чинь Мин хоёр уулын зүүн талд суугтун. Линь Чүн, Дай Зүн хоёр уулын баруун талд суугтун. Лизюнь, Ли Күй хоёр уулын өмнө зүгт суугтун. Жан Хэн, Жан Шүнь хоёр уулын ард суугтун. Ян Сюн, Ши Сю хоёр журмын танхимын хоёр хажууд суугтун хэмээн тушаасанд тэдгээр олон дарга жанжин нар цөм бүрнээ баярлан, архи ногоо тавьж хурим хуримлаад, өөр өөрийн тушаалд явав.

Тэр Лян Шань уул нь үүнээс хойш зүг бүр хошуу сум лугаа адил газар газар харуул боомт, дяний пүүс нээсэн нь нэг маш их хот лугаа адил болов. Үүнийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Лэй Хэн Лян Шань уулнаас бууж, Жунчэн сянь хотдоо харьж ирээд Дунчэн фүгээс авчирсан бичгээ харъяат ноён Зифүд барьж шагнал зэргээ хүртэж, гэртээ хариад, өдөр бүр яаманд ирж алба хийж байсан бөлгөө. Гэтэл нэг өдөр яамнаас гарч гадаад хэрмийн зүүн этгээдэд явж байтал хойноос нэг хүн ийн дуудав.: - Доуду дарга ах байз. Би чам лугаа учрах хэрэг буй билээ. Эдүгээ чи Дунчэн фүд яваад хэзээ ирэв? Би чамайг мөрөөдөн санаснаас гадна би чамд нэг сонин үг өгүүлэх хэмээн эрж явтал харин энд тохиолдов хэмээсэнд тэр нь Ли Сяо Эр хэмээх хүн. Энэ хүн Лэй Хэн лугаа учирч энгийн үг хэлэлцэхийн улам Ли Сяо Эр өгүүлрүүн: - Эдүгээ манай хотод Дунжин хотоос нүүж ирсэн нэг дууч эм, нэр нь Бай Сю Ин, нас нь хорь шахам. Бие байдал нь үнэхээр энгийн хүнээс илүү гуа сайхан, өнгө зүс нь дэлхий дахинд адилтгах хүн үгүй маш үзэсгэлэн цэвэрхэн төржүхүй. Үүнд манай хотын их бага, бичиг цэргийн түшмэд ба баялаг айлын хөвгүүд хэн үл эдэнд очиж бүжиг бүжиглүүлэх, дуу дуулуулах ба элдэв зүйл ятга хөгжим цохиулах.

Түүний лүгээ баяр цэнгэл болох нь өдөр бүр хэдэн зуун хүн үзмэгц, энэ эм нь үнэхээр тэнгэрийн охиноос маш үзэсгэлэн. Үнэхээр сайн, чухамхүү хүний сүр сүлдийг даллах гэнэм. Тиймийн тул бид хоёр очиж үзвээс ямар? хэмээсэнд Лэй Хэн даруй явж үзсүгэй хэмээгээд, хоёул тэр эмийн суух худалдааны газар очиж үзвээс, түүний суусан гэрийн залгаа дээр хэдэн алтан үсэг баймуй. Тэндээс тэр Лэй Хэн, Ли Сяо Эр хоёр тэр охины гэрт орж тэргүүн зэрэг сандал дээр суугаад Лэй Хэнийг тэнд орхиж Ли Сяо Эр гарч гадагш хоол будаа авах хэмээн явав. Үүнд Лэй Хэн тэр байшинд сууж үзвээс үүдний гадна нь нэгэн бүжиг бүжиглэх их тагт баймуй. Түүний дээр нь нэг өвгөн ийнхүү олон үг өгүүлж бүжиг бүжиглэв.

Тэр бүжиглэсэн үг нь: Өчүүхэн хүмүүн гэр ядуу учир гагц охиноон авч уг нутаг Дунжинээс гарч Жунчэн сянь хотод олны хишиг хүртэхээр ирэв. Үүнд дээд тэнгэрийн ач доорд дэлхийн өршөөл, дэргэд олны туслалаар амь зууж, ийнхүү бүжиг бүжиглэн зоос олмуй хэмээх зэрэг дуулсанд тэр охин Бай Сяо Арь даруй харанга дэлдэн бүжиг бүжиглэх тагт дээр дэвхрэн ирээд дөрвөн зүг цугларсан улсад мөргөж, ийн өгүүлрүүн: - Ай юу, Цао цао жү няо күй. Ши яа шү жю янь вэй. Ра шэн и ши жэ на ши бу и юа янь цао фэй хэмээн шүлэглэн харанга цанг цохиж наргиулан бүжиглэв. Үүнийг тайлбаас: - Шинэ шувуу эргэж эргэж донгодоход үүрээр хуучин жигүүртэн нутагтаа буцав. Хавар цаг эцэж ядарсан хонь нь туранхай болоод зуны цаг дахин таргалж мах болох болов.

Хүмүүний төрөл олж төрсөн нь идэх ба өмсөх зүүх нь үнэхээр хялбар олдох нь маш бэрх. Ангир шувуу газар газар нисч гэдсээ тэжээхээс доор болжихуй хэмээгээд бас хэдэн үг дуулах гэтэл гэнэт дотроо сэтгэрүүн: - Эдүгээ би энэ хүн нарт ийнхүү шүлэглэж бүжиглэсэн нь ер зоос мөнгө үл өгөх тул түр түдгэлзвээс зохимуй.” хэмээж байтал үүнийг Лэй Хэн үзээд сэтгэл нь уярч хөөрхий хэмээн байв. Үүнд тэр Бай Сю Ин өвгөн Бай Юй Чяод өгүүлрүүн: - Эдүгээ бас хэдэн үг шүлэг зохион бүжиглэсүгэй хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Эдүгээ унах морь худалдан авах зоос олсонгүй атал угийн ухаан санааг гаргаж шүлэг холбож, хүнээс зоос горилох нь юу. Хэрвээ чиний энэ байдлыг үзээд олон ноён ба их бага бичгийн сайд, баялгууд их бага боловч буян санаж зоос хайрлах байхаа. Чи тагтаас доор бууж олноос таваг барин хоол гуйсугай хэмээсэнд Бай Сю Ин даруй эцгийн үгийг дагаж тэндээс бууж ирэв. Үүнд Бай Сю Ин Лэй Хэнг тэргүүлэгч ширээн дээр суусанд арга буюу шууд Лэй Хэний зүг тавгаа барьж зоос гуйсанд Лэй Хэн өврөө тэмтрэн үзвээс нэг ч зоос үгүйд бачимдаж: - Эдүгээ би энд ирэхийг эс мэдлээ. Маргааш би чамд хамтаар шагная хэмээсэнд Бай Сю Ин өгүүлрүүн: - Эрхэм Да гуаньюань өчүүхэн хүний тэргүүлэгч ширээн дээр суугаад юм гуйхад үл хайрлах аваас доорогш ширээний хүн нар надад яахин зоос шагнамуй.

Бүү нарийлагтун, эрхбиш хэдэн зоос шагнаж хайрлагтун хэмээсэнд Лэй Хэнгийн царай нь чавга шиг улайж, ийн өгүүлрүүн: - Одоо над үнэхээр зоос үгүй. Байваас чамд юунд хайрлах буюу. Гэмгүй, би чамд маргааш өглөө эрт ирж таван лан мөнгө шагная хэмээсэнд Бай Сю Ин инээмсэглэн өгүүлрүүн: - Да Гуаньрэнь таны биед мөнгө зоос үгүй болбоос өчүүхэн хүний бүжиг дууг сонсох хэмээн юунд ирэв. Түүний гадна энэ өдөр таван зоос үгүй атал маргааш таван лан мөнгө хайрлах хэмээсэн нь танд яахин олдох билээ. Энэ нь бин хэмээх боовыг боовыг зурж гэдсэнд хоол болгох. Ургасан цэцгийг үзэж амны цангааг гаргах лугаа адил болжихуй хэмээн маш цээрлэж бүхийд өвгөн эцэг Бай Юй Чяо тагт дээрээс хашхиран өгүүлрүүн: - Миний охин чи үнэхээр нүд алдажухуй. Тэр хүнээс яахин ийм их шалгаамуй. Тэр хүн үзвээс баялаг хүн янзтай боловч нохойноос эвэр ургах лугаа адил. Чи даруй өөр ноёноос гуйваас хишиг зоос харин хайрламуй. Бүү тэндээс гуйгтун хэмээн бархирахад Лэй Хэн маш уур нь хүрч, ийн өгүүлрүүн: - Миний хэлсэн яахин ёс бус болов. Би маргааш өгье хэмээсэн нь юунд хэлснээс няцмуй. Өвгөн чи ямар учирт миний биеийн хараамуй? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Чи хэдий манай бүжгийн газар баян шинжтэй ирсэн боловч бадар барьсан өвгөн охин хоёроос нэн доор болжихуй хэмээн Лэй Хэн өвгөн хоёр хэрэлдсэнийг олон хүн хориглон өгүүлрүүн: - Эрхэм өвгөн ах чи бүү уурлагтун. Энэ нь манай хотын Доуду хэмээх дарга бөлгөө. Тийнхүү дайран хэлж үл болмуй хэмээсэнд тэр өвгөн өгүүлрүүн: - Энэ хүнийг үзвээс Доуду байтугай Люду хэмээх илжиг толгойтой хүмүүн хэмээсэнд тэр хоёр эсрэг тэсрэггүй хэрэлдэн, хэн хэнээ хүлээхгүй байв. Үүнд Лэй Хэн өгүүлрүүн: - Өчүүхэн нохой мэт өвгөн чи яахин хүнээс юм албадан авах учир байна уу?” Чи хүнийг дарлаж хараалах нь аль газрын ёс? хэмээн шууд тагт дээр гарч өвгөн Бай Юй Чяог барьж аваад занчсанд тэдгээр бүжиг үзсэн олон хүн ирж хориглон зогсоосонд тэд нэр охин Бай Сю Ин эцгээ маш их занчигдан шарх олсныг харъяат яамнаа мэдүүлэхээр явсныг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Энэ хотын харъяат сяний ноён болбоос Дунжин хотын хүн тул өвгөн Бай Юй Чяо охин лугаа ирж амь зуухын эрхээр арга үүсгэж хотын хэрмийн гадна айлын байшин хөлслөж суун, бүжиг бүжиглэн дуу дуулж мөнгө зоос олмуй хэмээн сонсжухуй. Нэг өдөр яамнаа хэрэг байцаан дуусаад гадагш гар явтал Бай Сю Ин хэмээх охин шууд өмнөөс нь ирж уйлан сөгдөж, ийн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн Дунжин хотын харъяат хүн билээ. Гэр ядуу учирт хөгшин эцэг лугаа Юньчэн сянь хотод ирж бүжиг бүжиглэн олон хүнээс зоос мөнгө олж, хөгшин эцгээ асран тэжээдэг билээ. Гэтэл харъяат хотын гянданы дарга Лэй Хэн хэмээгч очиж өчүүхэн хүмүүний бүжгийг үзээд, зоос гуймагц харин үл өгөхөөр үл барам миний хөгшин эцгийг занчиж шархлаав. Иймийн тул тэнгэр мэт ноён хишиг хүртээж Лэй Хэнийг барьж, шүүн шийтгэж хохирлыг арилгах ажааму хэмээн мөргөсөнд ноён өгүүлрүүн: - Чи хэдийгээр хүнийг барьж заалдан мэдүүлэх бөгөөс амны зоргоор авч шийтгэхүйд албаны хэрэгт үл зохилдохоос гадна шөнийн цаг дэрний хэрэг эс болбоос чи нэг өргөх батлах бичиг хийж авчрагтун хэмээн тушаасанд тэр охин Бай Сю Ин даруй буцаж өвгөн эцэгт эл учрыг хэлсэнд нэг сяньшэн залж өргөх бичиг засуулж аваад тэндээс яамны зүг Бай Сю Ин ирэв. Үүнд харъяат ноён тэр өргөдөл бичгийг хүлээн авч бүрнээ үзвээс Лэй Хэнийг үнэхээр хатуу мэдүүлж шийтгүүлэхээс гадна басхүү үзсэн гэрч нарын нэрсийг бичиж өргөсөнд ноён арга буюу Лэй Хэн лугаа маш зузаан ханилсан боловч, охин Бай Сю Ин ер үл хүлээх тул даруй нэгэн шархач гаргаж, өвгөн Бай Юй Чяогийн шархыг байцаан үзүүлсэнд энэ шарх ч мөн Лэй Хэнтэй нэг яамны хүн тул Лэй Хэнийг хамгаалахаар шархыг үзсэн бичгийг хөнгөн чимж бичээд өргөв. Үүнд Бай Сю Ин бас дахин ирж ямагт өвгөн эцгээ занчсаны өсийг авмуй хэмээн ер яамнаас үл гарах тул ноён даруй Лэй Хэнийг барьж хэдэн банз занчаад арван өдрийн дөнгө өмсгөж шийтгэсэнд охин Бай Сю Ин мөн үл хүлээх байдал гарган, ийн өгүүлрүүн: - Энэ зальхай хүн манай хөлсний тагт дээр хэрэг гаргасан тул түүний биеийг таван өдөр миний тагтны бүжиг үзэх гэрийн гадна зогсоовоос сая миний санаа амар болно хэмээсэнд ноён: - Тийм бөгөөс Лэй Хэнийг аргагүй хэрэг халдсан газар цээрлэл үзүүлэн таван өдөр тэдний хот дээр зогсогтун хэмээн тушаасанд олон албаны дарга нар даруй хүлээж Лэй Хэнийг аваад яамнаас гарав. Үүнд олон дарга нар яахин Лэй Хэнийг тийнхүү тэдний үүдэнд аваачиж зогсоомуй. Цөм харилцан найртай учир архины пүүсэнд очиж архи уун байв. Тэр охин гэртээ харьж Лэй Хэнээс өсөөн авсан боловч эдүгээ үүдэнд үл ирэх тул дахин гарч олон дарга лугаа өгүүлрүүн: - Дарга нар та миний ялт хүнийг харъяат ноёны тушаалаар манай тагтны дэргэд үл аваачин, харин архи өгч хүндэлмүй. Би эдүгээ яаманд очиж мэдүүлэх хэмээсэнд олон дарга нар аргагүй Лэй Хэнийг аваачиж, Бай Сю Ингийн үүдний зүг явав. Үүнд Бай Сю Ин баярлаж өгүүлрүүн: - Эрхэм дарга нарыг зовоосон нь их осол. Эдүгээ би хожим та нарыг шагнах хэмээн өгүүлээд дотроо ийн сэтэгэрүүн: - Би нь энэ Лэй овогтоос өс авсан хэмээвч үүний зальхайг үзвээс бүрмөсөн арилгаж албаас зохих хэмээн бодож гэртээ харив. Үүнд Лэй Хэнийг олон дарга нар авч явтал Лэй Хэний эх Лэй овогт, хөвгүүн Лэй Хэний энэ учрыг сонсоод будаа хоол авчрах зам тохиолдов. Тэндээс эмгэн өгүүлрүүн: - Эдүгээ дарга нар та бүхэн минь хөвгүүнийг яаманд байлгаваас зохих бөлгөө. Юунд гудамж зээлээр авч яван, олонд нүүрийг ичээмүй хэмээсэнд олон дарга нар өгүүлрүүн: - Эмгэн ижий чи эдний нарийн учрыг яахин мэдэж олмуй. Тэр бүжиг бүжиглэх охин Лэй Хэн ахыг нэгэнт яамны газар мэдүүлсэн нь чанга дээр бас харъяат ноён нь түүний янаг нууц нөхөр тул дэрний хэрэгт Бай Сю Инд нүүр өгч, эдүгээ таны үүдэн дээр зогсоохоор яваа. Бидэнд ер хамаагүйгээс гадна басхүү тушаал эс дагаваас ял олох нь даруй лав хэмээсэнд эмгэн хөвгүүн Лэй Хэн нарыг дагаж, тэдний тагтны дэргэд очиж тэр Бай Сю Ин охиныг үзэж ийн хараан өгүүлрүүн: - Аль газраас зэрлэг тэнэж ирээд амьтан хүнийг аргаар хуурч түмэн хүний дэвсгэр мянган хүний шээсээр бие бузарлан худалдсан журамгүй хулгай эм чи яахин миний хөвгүүн Лэй Хэнийг заалдаж энэ мэтийн дөнгө өмсгөж нүүрийг ичээмүй.” хэмээх зэрэг маш муу үгээр дайран хэлсэнд Бай Сю Ингийн уур нь хүрч, үс нь өрвийж, нүдээ бүлтийлгэн зүсээ улайлган, ийн өгүүлрүүн: - Өчүүхэн адуу адил хөгшин нохой чи ямар учрыг мэдээгүй атал харин намайг дарлаж ийнхүү хараах буюу. Чи Зунчэн сяний харъяат захирал ноёноос тушаасныг үл сонсов уу? хэмээгээд шууд ирж эмгэнийг нэг удаа нударгалж газар унагаад басхүү буурал толгой дээр хэд алга тавьсанд эмгэн даруй ухаан нь баларч хэвтсэнд Лэй Хэнгийн уур нь уур нь гал мэт бадарч, зүүсэн дөнгөө хэмхлэн авч, тэр зальхай эмийг хараан толгойн тус дөнгөөр цохисонд Бай Сю Ин хэмээх охины тархи нь цуварч нүд нь бүлтрэн гарч даруй үхэв. Үүнийг олон дарга нар ба хүмүүн үзээд маш айж Лэй Хэнийг эмгэн эхийн хамт яаманд хүргэж авчрав.

Тэндээс харъяат сяний Жүфү Лэй Хэнийг даруй нэгэн бэх бат дөнгөлж гянданд хорив. Эмгэнийг гэртээ харьж байцаахыг хүлээгтүн хэмээв. Энэ Лэй Хэнийг гянданд хорих учир, тэр цагт Жү Түн хэмээх их гяндангийн дарга энэ Лэй Хэнтэй маш зузаан ханилсны дээр бас ах дүү бололцсон учирт Лэй Хэнд ширээ засаж архи бариад учир бүхнийг асууж сонсоод Жү Түн арга үгүй олон бага дарга нарт тушааж, гяндангийн дотор нэг цэвэрхэн байшин засаж суулгав. Үүнд Лэй Хэнгийн эмгэн эх ирж хөвгүүндээ хоол авчирсанд Жү Түн дарга өгүүлрүүн: - Эмгэн иж чи эдүгээ өдий их нас болсон бөгөөд яахим ийм хол газар ирж чадах буюу. Гэртээ сууж сэтгэлээ аажим тавигтун. Би нь Лэй Хэн ах лугаа зузаан ханилсан тул би энд түүнийг сувилж асрахаас гадна бас түүний амь аврах арга бодсугай хэмээсэнд эмгэн уйлан өгүүлрүүн: - Эдүгээ би нь гагц хөвгүүн Лэй Хэнээс өөр сувилах ба итгэх хүн үгүй тул би энэ хөвгүүн хайш хэрэг болбоос би мөн үхэх бөлгөө хэмээсэнд Жү Түн өгүүлрүүн: - Гэмгүй. Эмгэн ижий чи харьж гэртээ сууж байгтун. Би мөнгө зоос зарж хахуулилан Лэй Хэн ахыг авч чадах билээ хэмээсэнд эмгэн маш баярлан гэртээ буцав. Үүнийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Харъяат хотод бүжиг бүжиглэсэн охин нь нэгэнт бие нөгчсөн тул өвгөн эцэг Бай Юй Чяо өдөр бүр хүүхний амь нэхэх хэмээн ямагт бархиран ер яамнаас гарахгүй тул харъяат ноён Жизу арга бачимдаж Лэй Хэн лүгээ найртай сайн боловч өвгөн Бай Юй Чяог хориглон зогсоох арга үгүй дээр басхүү янаг байсан Бай Сю Ингийн амь мөн хөөрхий. Эс яллаж барагдуулбаас энэ өвгөн эгнэгт үл хүлээхээр үл барам Зижоуд мэдүүлбээс би бас ял олох тул эдүгээ үүнийг эсэргүүцэн Лэй Хэнийг гянданд хорьж хоёр сар болов. Иймийн тул одоо түүнийг гаргаж шүүн, өчиг учрыг тодорхойлон авч, цөлөх ял унагаад Зижоуд мэдүүлээд дуусгаваас барав.хэмээн бодоод даруй албаны хүн дуудаж Лэй Хэнийг гяндангаас гаргаж авчруулан, танхим сууж түүний өчиг учрыг тодорхойгоор авч, сойвонд тушааж Зижоу хотноо цөлөх ял унагаж тогтов.

Үүнд Лэй Хэнийг хэн авч хадгалан явах буюу? хэмээсэнд Жү Түн: - Би явбаас болно. Бусад хүн явж болохгүй. Лэй Хэнгийн ааш зан түргэн, уур ихтэй, мунхаг хүмүүний замын зуур ямар нэг хэрэг гаргах магадгүй хэмээсэнд ноён даруй баярлаж Жү Түнг хэдэн цэрэгтэй томилж, Лэй Хэнийг тушаан өгч бичиг дагуулан Зижоуд илгээв. Тэндээс өвгөн Бай Юй Чяо ялт Лэй Хэнийг цөлөхийг нүдээр үзэж, даруй хойш буцав. Эдүгээ Жү Түн Лэй Хэнг хүлээн авч, гэртээ хариад, хоол будаа архи идэж дуусаад гэрээс гарч Зижоугийн зам хөөв. Удсангүй арван хоног явж нэг архины пүүсэнд орцгоож, архи уун будаа идэж байгаад Жү Түн, Лэй Хэнд сэмхэн өгүүлрүүн: - Эдүгээ ах чи харъяат ноёны тушаалаар Зижоуд цөлөгдөхөөр яваа нь, тэнд очвоос зовлон үзмүй. Миний санаа болбоос, чи надаас нэг шөнө оргож гараад, хөгшин эхээ Юньчэн сяниас хулган авч, өдөр шөнөгүй явж, Лян Шаньд очиж сууваас ямар? хэмээсэнд Лэй Хэн маш баярлан: - Чиний хэлэх зөв. Эдүгээ чи яахин өөрийн биеийг хамгаалмуй? хэмээсэнд : - Над бас нэг арга буй хэмээсэнд Лэй Хэн зүүсэн дөнгө тушаагаа тайлж, тэр архины пүүснээс гарч өөрийн гэрт ирж, буй бүхий юмаа авч, хөгшин эхээн үүрч Лян Шаньд урвах хэмээн явав. Үүнийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Энэ Жү Түн Лэй Хэнийг явуулж, нэг хоёр хоног дагуулсан цэргүүдийг зам буруулан: - Лэй Хэн оргов. Даруй түргэн явж эрэгтүн хэмээсэнд цэргүүд хэдэн зүг эрүүлсэн нь Лэй Хэн яахин ойр баймуй. Эдгээр цэргүүд даруй буцаж Лэй Хэнийг эрж олсонгүй учрыг гаргаж, Жү Түн даргад мэдүүлсэнд Жү Түн одоо арга буюу бид осол сул дээр Лэй Хэнийг оргуулав. Эдүгээ бид буцаж харъяат ноёнд эл учраа мэдүүлж, ялаан хүлээхээс өөр аргагүй хэмээгээд, харъяат хотдоо буцаж ирээд Зижоу ноёнд сөгдөн: - Лэй Хэнийг замд оргогдуулан алдав.Эдүгээ өчүүхэн хүмүүн түүний ялыг биед хүлээж, алах ба цөлөх алин атугай миний биед болгосугай хэмээнд мэдүүлсэнд ноён Лэй Хэнд угаас сайн тул, дотроо оргосныг мэдэж маш баярлан, Жү Түнгийн өчиг учрыг авч, даруй Цанжоуд цөлөх ял унагав. Үүнд Жү Түн үнэхээр шударага эр тул яахин сэтгэл зовмуй. Түүний жинхэнэ ураг төрөл, эцэг эх үгүй тул, гагц бие буй юмаа авч Цанжоуд цөлөгдөхөөр Жунчэн сянь хотоос гарав. Удсангүй Цанжоу хотод хүрч, харъяат яамны гадна Жү Түнг зогсоон хүлээлгэж, хүргэсэн дарга дотогш орж тамгатай бичгээ барьж, ялтныг хүргэж ирсэн учраа мэдүүлсэнд Цанжоугийн ноён Зусянь даруй бичгийг нээж үзээд, Жү Түнг хүлээн авч оруулан танхим сууж байцаан асуух хэмээн сөгтгөсөнд, ноён: - Энэ Жү Түнг үзвээс царай нь ув улаан бөгөөд бие нь их, сахал нь гэдсээ хүрсэн, үнэхээр баатар журамтан байваас зохих тул, эдүгээ үүнээс хэдэн үг асууж, өөрийн гарын доор хэрэг даалгаваас зохих хэмээн Лэй Хэнийг яахин алдсан, эдүгээ чи өөр учир буй болоод журам санаж, Лэй Хэнийг санаатайгаар тавьж явуулсан уу? хэмээх зэрэг байцаасанд Жү Түн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн ямар аймшиг үгүй, Лэй Хэнийг суллан тавьж илгээх буюу. Зам явж архины пүүсэнд хуяг дарга бид бүгд архи ууж согтсон тул, Лэй Хэн чөлөөг үзэж оргов. Тиймийн тул, өчүүхэн хүн өөрийн ял хүлээж энд цөлөгдөн ирэв хэмээсэнд Зисянь ноён доорд түшмэлд ийн тушааж өгүүлрүүн: - Энэ Жү Түнгийн бие байдал нь маш ариун шударга, чигч төлөвтэй тул үүнийг гянданд бүү хоригтун. Гадуур сул тавьж, яамны хог арилгаж байлгагтун хэмээсэнд тэдгээр дарга нар цөм баяртай хүлээж, даруй хариу бичиг хийж, Юньчэн сяний хоёр албаны хүнд гардан тушаагаад хойш буцав. Тэндээс тэр ноён бас танхим сууж, өөр нэг хэрэг байцаах хэмээж байтал, энэ Зисяний гагц хөвгүүн нь дөрвөн настай. Энэ хөвгүүн танхим дээр ирвээс, Жү Түнгийн сахлыг барьж, өвөр дээр нь гарч, эцэг ноёндоо ийн өгүүлрүүн: - Хөвгүүн би үүнээс хойш энэ их сахалтай ааваар өргүүлж байваас сайн хэмээн тэврэн авсанд Жү Түн аргагүй энэ хөвгүүнийг мөрөн дээрээ унуулан өргөв. Үүнд Жү Түн өгүүлрүүн: - Эрхэм их ноёны өршөөл хайрлалаар амь гараад, бас өчүүхэн хөвгүүнийг өргөж сувилах нь маш их хүнд хишиг. Эдүгээ би энэ хөвгүүнийг гадагш аваачиж зугаацаар явбаас болох ажааму? хэмээсэнд ноён даруй: - Чи яахин сувилж наадуулах нь чиний дур. Энэ хөвгүүн жинхэнэ чамайг таньж, чиний биед халдсаныг үзвээс эрхбиш учир буй хэмээсэнд Жү Түн хотны гадагш гарч ус ба цэцэг мод бүхий газарт үүрэн яваад, нэг пүүснээс чихэр авч өгөөд, даруй харьж ирсэнд, ноён өгүүлрүүн: - Жү Түн эдүгээ чамд мөнгө зоос хаа баймуй. Үүнээс хойш энэ хөвгүүнд элдэв юм авч бүү өгөгтүн хэмээсэнд Жү Түн өгүүлрүүн: - Нялх хөвгүүнд хэдэн зоос зарж, амттан авч өгсөн нь юуны их мөнгө зоос гэнэм. Гайгүй би хожим үнэ бодохгүй хэмээсэнд ноён даруй баярлаж, ширээ засан архи халуулж, будаа ногоо бэлтгэж Жү Түнд өгөв.

Тэндээс маргааш нь тэр Цанжоу хотын олон сүм суварганд зул хүж өргөх ба айл бүр дэнлүү шатаах маш сайн өдөр. Долоон сарын арван тавны шөнө хурал номын цуглаан болох тул, энэ дөрвөн настай хөвгүүнийг Жү Түнд тушаан өгч, түүний хөхөлт эхийг дагуулан, тэдгээр олон сүмийн гэрэл зулыг үзэхээр очоод нэг жингийн цаг болов. Үүнд Жү Түн бага хөвгүүнээ мөрөн дээрээ давхар унуулаад явж, нэгэн усны гүүрний дээр очиж суун амарч байтал, Жү Түнгийн хойноос гэнэт нэг хүн дуудсаныг үзвээс, тэр нь Лэй Хэн. Үүнд Жү Түн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи яахин энд ирэв? хэмээсэнд Лэй Хэн өгүүлрүүн: - Би эдүгээ энд хэлэлцэж үл болмуй. Нэг нууц газар очиж хэлэлцсүгэй хэмээгээд бага хөвгүүнийг гүүрэн дээр орхиж, нэг далд газар очиж Жү Түнд Лэй Хэн өгүүлрүүн: - Мэргэн ахын ачаар амь гарч, хөгшин эхээ аваад Лян Шаньд очиж урвасан нь Сүн Гүнмин хэмээх Сүн Жян Тянь Жунван хэмээх Чаогай, Жуансань хэмээх бичгийн дарга Ү Шюэжү нарт таны журамтай сайныг магтаж, цөлөх замд суллан тавьсныг нэг нэгнээр хэлсэнд, тэдгээр тэдгээр олон жанжин нар чамайг эрхгүй олж авчрагтун.

Дараа бас ял олж магад хэмээсэнд, би эрж сурагласаар энд цөлөгдөв хэмээн сонсоод Ү Юн ахын хамт энд ирэв хэмээсэнд Жү Түн: - Тийм бөгөөс Ү Шюэжү ах хаана баймуй? хэмээхэд Лэй Хэн: - Энэ гүүрний ар этгээд өвсөнд нуун баймуй хэмээгээд, хоёул үзэж Ү Шюэжүд Жү Түн ёсолж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ эрхэм ах Ү Шүэ ах лугаа учраагүй маш удав. Эдүгээ харин зол мэнд тохиолдож энд учрав хэмээн мөргөн ёсолсонд Ү Шюэжү хариу ёсолж, ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү манай Сүн, Чао хоёр овгийн дарга нар хэрхэвч чамайг олж ирэгтүн хэмээсэн бөлгөө. Эдүгээ Лян Шаньд очиж, бид ах дүү хавсран сууж, жаргал цэнгэлээр байваас болох билээ хэмээсэнд Жү Түн хариу өгүүлрүүн: - Би нь Лэй Хэнгийн өмнөөс энд цөлөгдөн ирж, харин тэнгэр өршөөж, энэ хотын ноён толилж намайг ийнхүү хөвгүүнээ өргүүлж байх атал, би яахин урваж Лян Шаньд очих буюу. Би очиж болохгүй.

Та нар эдүгээ буцагтун. Би энд нэг хоёр жил суугаад, өөрийн нутагтаа буцаж, гэр гал голомтоо сэргээж, дахин нэг сайн гэр бүтээх билээ хэмээсэнд Лэй Хэн өгүүлрүүн: - Чи хэдийгээр гэр бүтээж гэргийг авах хэмээх нь зөв боловч, эдүгээ энд нэгэнт цөлөгдөн ирсэн тул чамайг дахин яахин буцаамуй. Энэ нь чухам худал хуурмаг хэрэг. Тиймийн тул чи Лян Шань уулын Сүн,Чао хэмээх хоёр хүний санааг гомдоож, захисан зүйлийг эс дагаваас хэрхэвч үл болмуй хэмээсэнд Жү Түн хариу өгүүлрүүн: - Би эдүгээ Жүфү ноёны өршөөлөөр тэдний бага хөвгүүнийг үрчлэн өргөж байх тул тэр намайг яахин тавьж явуулмуй. Одоо хөвгүүнээ авч буцах хэмээн гүүрний дээр ирж үзвээс хөвгүүн үгүй тул маш бачимдан хэдэн зүг эрэвч ер олсонгүйд Ү Юн өгүүлрүүн: - Жү Түн чи бүү тэр хөвгүүнийг эрэгтүн. Бид хоёр хамт явж хэрмийн гадна очвоос хөвгүүн нь эрхгүй олдмуй хэмээсэнд Жү Түн: - Хоёр ах намайг ийнхүү хилсгүй ялд унагах буюу. Даруй тэр хөвгүүнийг надад гаргаж өгөгтүн хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Тэр хөвгүүнийг бид ер үзээгүй. Санавал Хэй Сюаньфэн хэмээх Ли Күй ирсэн.

Тэр авч явсан байхаа хэмээхэд Жү Түн энэ үгийг сонсоод бүх биенээс хөлс гарч, сүр сүлдэс нь суларч, маш зовиурлан байхад Ли Күй гэнэт гарч ирээд их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Жү Түн дарга чи манай Ляншаний Сүн, Чао хоёр овгийн зарлиг захиаг эс дагаваас, энэхүү балт хоёр сүхний шидийг чамд үзүүлэх бөгөөд бага хөвгүүнийг нэгэнт шувуу гөрөөсөнд бэлэг болгон өгсөн атал чи Зифүд яахин очиж чадмуй. Үл үнэмших ахул шугуй модонд очиж үзэгтүн хэмээсэнд Жү Түн маш их цочиж, даруй Ү Шюэжүг дагуулан шугуй модонд орсонд тэр хөвгүүний бие толгойг салгажухуй. Үүнд Жү Түн сэтгэл нь үнэхээр зовуурь болж, Ли Күйд ийн өгүүлрүүн: - Чи ямар учир, яахин миний хөвгүүнийг алав. Эдүгээ би чамайг барьж Жүфүд заалдах хэмээсэнд Ү Шюэжү, Лэй Хэн хоёр өгүүлрүүн: - Мэргэн дүү чи бүү тийм үгийг энэ Си Шуаньванд хэмээх тэнэгт өгүүл. Энэ чамайг нэг цаг мөчид бүрэлгэх чадал буй.

Чи яахин үүний нэг хуруунд гүйцэж чадмуй. Эдүгээ чи Лян Шаньд эс очих ахул орших орон чинь үгүйн дээр журам эс дагаваас эрлэгийн оронд сүнсийг илгээх балт сүхийг үзэв үү? хэмээхэд Жү Түн энэ үгийг сонсох байтугай, Ү Шюэжүг одоо гуйх цаг болж, ийн сөгдөв: - Өчүүхэн хүн угаас хүний төрлийг олоод дээдэд эзэн хаан, дэргэд эцэг эхийн журмыг таслалгүй, нөхөр ханийн батыг эрхэлж энэ насыг өнгөрүүлэх хэмээн болсон билээ. Иймийн тул одоо арга буюу Зифү ноёны гараас гарах байтугай, толгойд халдах хэрэг болов хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Мэргэн дүү чи бидэнд бүү гомдогтун. Гагцхүү чиний энэ хэргийг Ли Күй хэмээх тэнэг хийсэн хэрэг тул түүн лугаа эр эм хоёроо үзэгтүн хэмээсэнд Жү Түн аргагүй Ли Күй лугаа байлдахаар Ли Күйгийн хойноос хөөсөнд Ли Күй яахин Жү Түнгаас аймуй. Гагцхүү Жү Түнг аргалж Лян Шаньд очих овлол үүсгэж, дэмий өмнө нь хуурмагаар зугтан явсанд Жү Түн аргад автан Ли Күйг хөөв. Үүнд Ү Шюэжү Лэй Хэн хоёр сэмээр хойно нь дагаж явав.

Тэндээс Жү Түн Ли Күйг барих хэмээн хөөсөөр нэг хотонд оров. Үүнд тэр хотныг үзвээс жад сэлэм хэрэм дээр жагсаан байгуулжухуй. Жү Түн Ли Күйг тэр хэрэмд дагаж ороод хашхиран өгүүлрүүн: - Зальхай Ляншаний урвасан хулгай Ли Күй чи эдүгээ энд буруулан зугтсан нь эдүгээ миний гарт баригдах болов хэмээсэнд гэнэт хойноос нэг хүн гарч, ийн өгүүлрүүн: - Чи ямар хүн, энд юуны учир ийнхүү их дуугаар бархиран явмуй? хэмээсэнд Жү Түн хойш эргэж үзвээс энэ хүний бие нь найман чи шахам, нүд нь улаан, царай цагаан, гартаа хоёр сэлэм барьсан хүн. Урьд Жунчэн сяньд байх цагт танилцсан Чай Жинь хэмээх гяндангийн дарга тул, өмнө нь очиж сөгдөн мэдүүлрүүн: - Өчүүхэн би Жү Түн хэмээгч бөлгөө.

Эдүгээ энд цөлөгдөн ирээд харъяат хотын Зифү ноёнд нүүр олж, түүний бага хөвгүүнийг өргөн явтал Ляншаний урвасан Ли Күй хэмээх хүн түүнийг алж бүрэлгээд энд зугтан ирэв. Би түүний хойноос хөөн ирж барих хэмээн явтал эрхэм ах учрав хэмээсэнд Чай Жинь өгүүлрүүн: - Мэргэн дүү чи нэгэнт энд ирсэн тул дотоод гэрт орж суугтун хэмээхүйд Жү Түн дотоод гэрт орж цай уун байтал Чай Жинь өгүүлрүүн: - Эдүгээ мэргэн дүүгийн үгийг сонсвол, Ляншаний Ү Шюэжү, Лэй Хэн, Ли Күй энэ гурвыг Сүн, Чай хоёр овгийн хүн илгээж чиний биеийг ууландаа аваачиж, энэ их гавъяа байгуулж дарга тавих хэмээсэн байх нь ээ. Тэр ч байтугай над урьд үеэс байгуулсан нэг их төмөр ширмэн дээр сийлсэн, улаан бэхээр бичсэн бат бичиг бий.

Аливаа газрын сайн эрс ер миний зүг үл нөхөрлөх нь үгүй. Хэн боловч манайд орох ёс үгүй. Эдүгээ Ляншаниас ирсэн Ү Шюэжү нар чамайг манай гэрт дагуулан ирсэн нь учир их л бий байх нь. Си Шуаньван хэмээх Ли Күй яахин энд эс ирэв хэмээх үг хэлэх завсар Ү Шюэжү, Лэй Хэн хоёр орж ирээд Жү Түнд өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн явах зам нэгэнт тодров. Буцах зам бөглөрч, очих зам нээв хэмээгээд мөргөсөнд Жү Түн өгүүлрүүн: - Эдүгээ би хэрхэвч Ляншаний урвасан хулгайл Ли Күй лугаа эс учирч, эр эмээ үл үзэлцэх ахул миний дотор эгнэгт барагдахгүй хэмээсэнд Чай Жинь Ли Күйг дуудаж ирмэгц Жү Түн маш уурсаж Ли Күй лугаа ноцолдсонд Жү Түн яахин Ли Күйг хүчээр тэнцмүй. Тиймийн тул Ү Шюэжү Чай Жинь, Лэй Хэн нар хориглож салган, ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи Лян Шаньд үл очих ахул ёс бус болжихуй. Хэрхэвч Сүн, Чао хоёрын илгээсэн захиаг дагах хэрэгтэй хэмээсэнд Жү Түн аргагүй дагаж, ууланд очих явдлыг нэгэнт дотроо тогтсон боловч, бас ийн өгүүлрүүн: - Эдүгээ би та нарын үгийг дагаж Лян Шаньд очих боловч миний санаанд нэг үг бий.

Түүнийг дагаваас би очмуй хэмээсэнд Ү Шюэжү, Чай Жинь хоёр хариу өгүүлрүүн: - Мэргэн дүү чи ямар үг байваас даруй хэлэгтүн. Нэг үг дагах байтугай мянган үг ч хэрхэвч хүлээмүй хэмээв. Энэ нь “Жү Түн ямар үг өгүүлмүй? хэмээсэнд Жү Түн ийн хэмээн зохиов: - Гао Танжоу хот их үймсэн тул Лян Шань Фү уулын сайн эрс зүрх нь догдолж, хий нь хөдөлж бүрнээ цэрэглэн ирэх. Үнэн шударгаар явж буй агаад хилс үгүй харъяат ах дүүгээ шүүх цаазад холбогдуулах. Сайн журмаар төрж ханилсан садан төрлөө улаан элс шороонд булав хэмээх лугаа адил болмуй. Жү Түн чухам өөрийн ямар учрыг хэлэхийг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top