Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ВАН ЧИН МӨРНИЙГ ГЭТЭЛЖ АМЬДААР БАРИГДСАН СҮН ЖЯН ХУЛГАЙГ АРИЛГАЖ ГАВЪЯА БАЙГУУЛСАН
Жич өгүүлэх нь, мөн өдөр Сүн Жян бээр цацарт гарснаа олон жанжин гарт тавин зогсож зарлигийг хүлээв. Үхэр буу тавьж байлдааны хэнгэрэг дэлдэн зарлигийн туг сажилж, олон жанжин ба зам замын цэргийн хүрээний түрүүчүүд дэс дараалан цацрын өмнө жагсаж гар тавин хичээнгүйлэн зогсож зарлигийг хүлээхүйеэ хуягийн ард хэнгэрэг харанга хэдэн зэрэг дэлдэв. Цааз зарлах жанжин бээр цэргийн цаазыг чандлан ухуулахуйяа зам замын олон жанжин зах дараалан тэргүүн дарж мөргөөд хараацайн жигүүр мэт хоёр гарлан зогссоноо зарлигийг туг сажилж шаардан байлдуулах түшмэл бээр урагш хандан сөгдөж өндөр дуугаар ийн зарларуун: - Хэн хүмүүний харъяа цэрэг хоосон түрхэлдэж эс урагшлан эгнээ жагсаал эрий хурий үгүй самууран, цэргийн цаазыг үтээрэн зөрчиж хулгайг үзсээр халиран ухарваас цэргийн цаазаар чандлан шийтгэмүй хэмээв.
Төдийд их Сянь фэн Сүн Жян бас зүүн баруун этгээдэд жагссан зарлиг уламжлах хориод жанжинд: - Та нар зам замын цэргийн хүрээнд эчиж цэрэг морийг шаардан байлдуулагтун! Хэрвээ хулгайд учирваас урагшлахгүй ухарч зарлигийг эс сонсох хүмүүн байваас цацрын өмнө авчирч цэргийн цаазаар чандлан шийтгэ" хэмээсэн захиа буулгасанд олон хүмүүн за хэмээн зарлигийг хүлээж зам замын цэргийн хүрээнд эчээд харанга хэнгэрэг дэлдүүлж харъяа цэргийг тэгшлэн зарлиг захиаг сонсгов. Түүнээс Сүн Жян бээр ус хуурайн олон жанжинд цааз зарлаж барснаа олон жанжин бээр цэргийн хүрээнээ эгж тэргүүн буунд цэрэг морийг тэгшлэн дэд фао-д туг далбааг хөдөлгөн гуравдугаар буун дуу гармагц цэрэг хөдөлж хулгайг тулмуй хэмээн зарлаж байлдааны хэнгэргийг дэлдүүлэн таван замын туг далбааг босгож үхэр буу тавиулан өөр өөрийн харъяа цэргийг хөдөлгөж өмнөш мордон гарав.
Энэ үнээр: Хэнгэргийн дуу түрчигнэн уул хадыг донсолгоод Хиур туг намирч чөтгөр сахиусыг цочоомуй. Жич өгүүлэх нь хулгайн түрүү Ван Чин бээр цэрэг морийг тэгшлэн зарлиг уламжилж усан замын жанжин Вэнь Рэнь, Ши Чүн нарт цааз зарлаж илгээсэн хойно Юнь Ань жоу-ын цэрэг морийг нийгэмлэн захирах дүжянь түшмэл Лю И Жин-г дуудаж хулгайг тулах хошууч болж эч хэмээгээд бас Дүн Чуань жоу-ын цэрэг морийг нийгэмлэн захирах дүжянь түшмэл Шан Гуань И-г дуудан дэд Сянь фэн болгож, Нань Фэн газрын цэрэг захирах Түн Жюнь түшмэл Ли Сюн, Би Сянь хоёулыг зүүнээс туслах жигүүрийн жанжин болгож, Ань Дэ Жюнь-ий цэрэг захирах түнжюнь түшмэл Лю Юань, Пань Жүн хоёулыг баруунаас байлдах жигүүрийн жанжин өргөмжлөн, цэрэг морийг нийгэмлэн захирах их жанжин Дуань Ү-г дуудан их цэргийн хойд хайгуул болгон, шадар дагалцах юй ин ши түшмэл Чюй Сян-г дуудан их цэргийн дэд хайгуул болгож, цэргийн үйлийг шийтгэх шүми түшмэл Фан Хань-ийг дуудан дундад цэргийн жигүүр болж эч хэмээгээд өрийн биеэр дундад цэргийг авч, бичиг цэргийн олон түшмэл ба шадар үйлчлэх олон сайд нар жич хааны жагсаалыг хамгаалах морьт явган цэргийн нумч жанжныг бүрнээ авч түүний гар доорх арван хэдэн жигүүрийн жанжныг дагуулан Ли Жу-г их юаньшуай өргөмжлөөд үхэр буун дуу гурван зэрэг мандаж их цэргийг хөдөлгөв.
Ван Чин өөрийн биеэр их цэргийг захирч нүд өргөн үзвээс хүлэг морь дэл сүүл баадаглан хуяг цэрэг хүрэл хуяг хэдрэн холховч нум агсаж эгнээ жагсаал тэсгэлгүй тэр тэгш тул их л баярлаж цэрэг морийг шаардан арван газрын үзүүр гартал өмнө зүгт барманусын тоос дэгдэн Сүн улсын харуулын цэрэг морь довтолгон хэдийн ойр болж ирэв. Тэр үед сүн улсын цэргийн жагсаалд галбингаагийн хонхон дуу гармагц гучин хэдэн морьт тагнагч цөм тэргүүндээ хөх алчуур ороож, биедээ ногоон магнаг хэдрээд, морин хүзүүнд улаан залаа уяж, арван хэдэн гуулин хонхыг дүүжлэн, ар дээрээ тогосын сүүл хатган, гартаа урт эшт хөх мөнгөн жадыг хөшиж, хөнгөн нум хүчит зэвийг ардаа агсаж жагсаалын өмнө илрэн гарав. Үзвээс тэргүүлсэн жанжин болбоос эзэн хааны өршөөлийг хүртэн угийн тушаалд дэвшүүлсэн морьт цэргийн барсын жанжин өдгүй сумт Жан Чин асан ажгуу. Олон хүмүүн нүд өргөн Жан Чин-г үзвээс тэргүүндээ алтан хавчаарт бараан малгайг дарж, биедээ хатгамал хуартай ногоон магнагийг нөмрөн, бэлхүүсэндээ бор ёнхор бүсийг бүсэлж, хөлдөө хөнгөн булигааран гутлыг өшиглөн, мөнгөн эмээлт моринд сүвээ даран суужээ.
Зүүн этгээдэд зогссон журам бат эхнэр нисэх зэвт Чюн Ин-г үзвээс тэргүүндээ гэрэлт сувд шигтгэсэн гардийн малгай дарж, биедээ бор магнагийг хэдрэн, бэлхүүсэндээ өнгө ялгарсан үзэмжит бүсийг даруулж, хөлдөө гардийн хоншоорт улаан хэмэрлэг гутал өшиглөн, мөнгөн талт хүлгийн нуруунд дөрөө өшиглөн суужээ. Баруун этгээдийн доорд биед туг өргөн зогссон нь эзэн хаанд өршөөгдөж эдүгээ жэн пэй жюнь-ий түшмэлд байхуй Е Чин болой. Энэ олон хүмүүс туг сажлан Ли Жу Инь цэргийн өмнө зуун алхмын зайтай хүрч жолоо татаж зогссонд хулгайн өмнөд цэргийн хошууч жанжин Лю И Жин, Шан Гуань И хоёул морь тавин довтлон ирснээ Жан Чин бас жад бүжиглэн морь ташуурдан жагсаалаас гараад хоёр жанжныг тосож оров. Чюн Ин бээр сарт жадыг хөшиж хүлэг довтолгон өөрийн эрийг өмөглөн байлдахаар ороод хоёр хос жанжин хойш урагш зөрөлдөж арван хэдэн удаа болсноо Жан Чин, Чюн Ин хоёул хоосныг жадалж хулгайн зэвсгийг зайлуулаад морин жолоо дарж буруулан эчив. Лю И Жин, Шан Гуань И хоёул цэрэг морийг шаардан алан орохуйяа зүүн баруун этгээдийн жигүүрийн ард өндөр дуугаар: - Сянь фэн жанжин хөнгөнөөр нэхэмжилж болохгүй. Тэр хоёулын эмээлд өлгөсөн хэмэрлэг уутнаа чулуун мөхлөг байхуй бөгөөд хүмүүнийг занчваас огт хоосон гаргахгүй хэмээн хашхирсанд Лю И Жин, Шан Гуань И хоёул сая жолоог татаж зогсоотол Лүн Мэнь Шань уулын ар хормойд хэнгэрэг харангын дуу гарч дөрөв таван зуун явган цэрэг алан ирэв. Үзвээс тэргүүлсэн дөрвөн сайн эр болбоос хар хуй Ли Күй, түйтгэр мангас Фань Руй, найман мутарт нэжа Сян Чүн, нисэх сахиус Ли Гүнь нар цэрэг дагуулан өмөглөн ирсэн ажгуу.
Төдийд Сүн улсын таван зуун явган цэрэг утас татсан мэт өндөр уулын энгэрт жагссанд Лю И Жин, Шан Гуань И хоёул цэргийг тохиж алан оров. Ли Күй, Фань Руй хоёул явган цэргийг хоёр зам салгаж бамбай халхавчийг дорогш хандуулан өргөж бие урван уулан хөтөл зүг эчихүйеэ Ван Чин, Ли жу хоёул бас их цэргийг авч ирээд нэгэн хамтаар алан орсноо Ли Күй, Фань Руй нар нисэх мэт гүйж уулан хөтөлд авиран ягч шугуйн дунд орж хэдийн бараагүй болов. Ли Жу цэрэг моринд цааз зарлан уулан энгэрийн уудам газар жагсаал жагстал гэнэт өндөр уулын ар хормойд үхэр буун дуу мандаж ас өмнөөс нэгэн багийн цэрэг морь нисэх мэт довтлон гарч ирээд гурван жанжныг дагалцсаар хүрч ирэв. Үзвээс дунддад ягжгар барс Ван Ин, зүүнд бяцхан Жиндэ Сүнь Синь, баруунд ногоо таригч Жан Чин хүлэг хийсгэн таван мянган явган цэргийг дагуулан алан ирсэн ажгуу. Төдийд Ван Чин бээр жанжныг гаргаж хулгай лугаа байлдсугай хэмээж атал уулан ард ба үхэр буун дуу гарч ас хойноос бас нэгэн багийн цэрэг гурван эхнэр жанжныг хүрээлж алан ирэв. Үзвээс төв дундад хас хатгуурт Ху Саньнян, зүүнд өлөгчин барс Гү Дасао, баруунд эм ягчис Сүнь Эл Нян нар илд бүжиглэн таван мянган явган цэргийг дагуулж алан ирсэнд түв хэмээн хулгайн баруун этгээдийн жигүүрийн жанжин Лю Юань, Пань Жүн-ийн цэрэгт учирч зууралдан байлдав. Ван Ин нар бас хулгайн зүүн этгээдийн жигүүрийн жанжин Ли Сюн, Би Сянь нарын цэрэгт тохиолдож зууралдан байлдаж үүсгэв. Хоёр этгээдийн цэрэг морь хойш урагш хориод удаа зөрөлдмөгц өмнө биед байлдах Ван Ин, Сүнь Синь, Жан Чин нар жолоо дарж цэргээ дагуулан зүүнш буруулав. Хойд этгээдэд байлдах байлдах Ху Саньнян, Гү Дасао, Сүнь Эл Нян нар бас хүлгийн жолоо эргүүлж цэргийг дагуулан зүүнш буруулав. Ван Чин бээр үүнийг үзээд хадганатал инээж: - Сүн Жян-ын цацрын доорх жанжин энэ мэт чадалгүй уульхай ард атал манай цэргийн жанжин удаа дараагаар дийлэгдсэн нь үнэхээр сонин болой хэмээгээд цэргийг тохиж алан ороод дэмий тав зургаан газар гарсангүй гэнэт нэгэн зэрэг харангын дуу гарав.
Үзвээс Ли Күй, Пань Рүй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн явган цэргийн дөрвөн жанжин бас тарлан хуушаан Лү Жишэнь, бадарчин тойн Ү Сүн, нүүргүй Жяо Тин, улаан үст Лю Тан зэргийн дөрвөн жанжныг авч таван зуун явган цэргийг дагуулан бамбай халхавч охор илд барьж уулан ар дахь ягч шугуйгаас магшин гарч өмнөш алан ирсэн ажгуу. Төдийд хулгайн дэд Сянь фэн жанжин Шан Гуань И их л гэлмэж хоёр мянган цэргийг дагуулан угтан авсанд Ли Күй, Лү Жишэнь нар хулгайн цэрэг лүгээ хэдэн удаа зөрөлдөж зоримгоор дийлэгдэгч болон бамбай халхавчийн толгойг дорогш хандуулан цэрэг морийг хоёр анги салган ягч шугуйн зүг буруулан эчихүйеэ хулгайн цэрэг нэхэж ирвээс Ли Күй нарын гүйх нь маш түргэн тул нүд ирмэхийн хооронд дөрвөн зүгт тархан бараагүй болов. Хулгайн их юаньшуай Ли Жү Үүнийг үзээд яаран Ван Чин-ийн зүг: - Энэ болбоос дайсны өдөөх арга тул их ван нэхэмжлэн орвоос ашиг үгүй, бид жагсаал жагсаж угтан байлдсугай хэмээв. Төдийд хулгайн их юаньшуай Ли Жу бээр мандалд авиран, зарлигийн тугийг сажин, хараахан жагсаал жагсаахад гэнэт уулын араас үхэр буун дуу мандаж их цэрэг морь нисэх мэт хүрч ирж уулан энгэрийн уудам газрыг эзэлж жагсаал жагсаав. Ван Чи унасан хүлгийг шадар ардад өгч, мандалд авиран, нүд өргөн үзвээс, Сүн улсын цэрэг жанжин улаан хуяг улаан магнаг хэдэрч, улаан соновтор хийсгэн, улаан морь унаж, цэрэг зарлах улаан тугийг өмнө биед босгожээ.
Улаан туг сөхөгдмөгц нэгэн их жанжин илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь цахилгаан тэнгэр Чинь Мин, зүүн этгээдэд усан сахиус Шань Тингүй, баруун этгээдэд галын сахиус Вэй Дингуо-г дагуулан атган зэвсгийг далайж, морь довтолгон жагсаалын өмнө зогсжээ. Зүүн этгээдийн нэгэн анги цэрэг цөм хөх дуулга хөх магнаг өмсөж, хөх соновтор хийсгэн, хөх морь унаж өмнөө цэрэг удирдах хөх туг өргөжээ. Хөх туг нэгэнт сажилмагц нэгэн их жанжин илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь дам илдэт Гуань Шэн, зүүн этгээдэд муухай жюнь ма Сюань Зан, баруун этгээдэд хар хулан Хао Сывэнь-ийг дагуулан зэвсэг барин жолоо дугтарч жагсаалын өмнө илрэн гарч ирэв. Баруун этгээдээс ирсэн цэрэг цагаан хуяг цагаан магнаг өмсөж, цагаан соновтор хийсгэж, цас цагаан морь унаж, цэрэг дайчлах цагаан туг хийсгэжээ. Цагаан туг сөхөгдмөгц нэгэн их жанжин зэвсэг барьж илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь ирвэсийн тэргүүт Линь Чүн, зүүн этгээдэд гурван уулын дарлага Хуан Синь, баруун этгээдэд жиндэ-ийн хувилгаан Сүнь Ли-г дагуулан зэвсэг барьж, морь хийсгэн жагсаалын өмнө зогсжээ.
Хойноос ирсэн нэгэн анги цэрэг морь цөм хар хуяг хар магнаг өмсөж хар соновтор хийсгэн хар морь унаж, цэрэг зарлах хар туг хийсгэжээ. Бараан туг сажилмагц нэгэн их жанжин бие илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь хос ташуурт Хү Яньжуо, зүүн этгээдэд ялгуусан баатар Хань Тао, баруун этгээдэд сүрт баатар Пан Чи-г дагуулан зэвсэг атгаж хүлгийн нуруун дээр хөндлөн сууж жагсаалын өмнө зогсжээ. Зүүн өмнө зүгийн тугийн доорх нэгэн анги цэрэг хөх туг сажлан улаан хуяг хэдэрч, цэрэг удирдах хэмэрлэг туг сажмагц нэгэн жанжин бие илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь хос жадат Дүн Пин, зүүн этгээдэд алтан жигүүр Оу Пин, баруун этгээдэд улаан нүдэт эрслэн Дэн Фэй-г дагуулан атган зэвсэг дугтарч агт хүлэг хийсгэн жагсаалын өмнө зогсжээ. Баруун өмнө зүгийн тугийн доорх нэгэн анги цэрэг улаан туг хийсгэн цагаан хуяг өмсжээ. Цэрэг дайчлах хэмэрлэг туг сөхөгдмөгц нэгэн их жанжин бие илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь гавшгай баатар Со Чао, зүүн этгээдэд торгон үст барс
Янь Шүнь, баруун этгээдэд бишгүүрт сахиус Ма Линь-ийг дагуулан зэвсэг далайж морь хийсгэн жагсаалын өмнө зогсжээ. Зүүн хойд зүгийн тугийн доорх нэгэн анги цэрэг морь бараан туг сажлан хөх хуяг өмсжээ. Цэрэг удирдах хэмэрлэг туг сөхөгдмөгц нэгэн их жанжин илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь есөн луут Ши Жинь, зүүн этгээдэд дүүлэгч барс Чэнь Да, баруун этгээдэд цагаан эрээн могой Ян Чүнь-ийг дагуулан атган зэвсгийг далайж морь тавин жагсаалын өмнө зогсжээ. Баруун хойд зүгийн тугийн доорх нэгэн анги цэрэг морь хар хуяг өмсөж цагаан туг сажилжээ. Хэмэрлэг туг сөхөгдмөгц нэгэн их жанжин илрэн гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн нь хар мэнгэт Ян Хи, зүүн этгээдэд торгон ирвэс Ян Линь, баруун этгээдэд амьд ба Ван Жоутун-г дагуулан зэвсэг бүжиглэн морь унаж жагсаалын өмнө зогсжээ. Найман зовхисын жагсаал төмөр хүрээ татсан мэт дүв дүгрэглэж, морь цэрэг жолоо дугтран явган цэрэг урагш магшин, ган сэлэм хүрэл сүх, хурц илд туг хиур мяралзан үзүүрт жадыг өргөн, эгнээ жагсаал тэсгэлгүй сүр гэрэлтэй. Жагсаалын төв дунддад шар тугийг босгож, түүнийг тойруулан жаран дөрвөн өндөр туг дэлгэж, тугийн дээр жаран дөрвөн хүЛи Лийг бичиж, жагсаалыг дөрвөн хаалгаар ангилжээ. Өмнө хаалганы тугийн доор цөм морьт цэрэг бөгөөд хоёр жанжин зогсжээ. Тэргүүлсэн нь сайхан сахалт Жү Түн, дэдэлсэн нь жигүүрт барс Лэй Хэн болох бөгөөд цэрэгтээ цөм шар магнаг гуулин дуулга өмсгөж, шар туг атгуулж, шарга морь унуулжээ.
Дундад жагсаалын зүүн үүдэн доор алтан нүдэт ирвэс Ши Энь зогсож, баруун хаалганы доор цагаан царайт Жэн Тяньшоу зогсжээ. Өмнөд хаалганы дор үүлэн махранз Сүн Вань зогсож, хойд хаалганы доор архагт барс Сюэ Юнь зогсжээ. Шар тугийн ард галт буу үнст дарийг зэрэглэж, түүний хажууд тэнгэрийн аянга Лин Жэнь хорин хэдэн хүмүүнийг дагуулан зогсжээ. Үнст буу тэргэний ард жанжныг барих сэрээ гох цалам дээсийг зэрэглэж, түүний ард бас өнгөт туг хэмэрлэг далбааг хорин найман одон гарагийн ёсоор зэрэглэн босгов. Ус мэт нэлийх өнгөт давалгаан дотор хэмэрлэг торгоор эсгэж, гэрэлт сувдаар хөвөөлөн, гургуулын өд хатгаж гуулин хонх дүүжилсэн, юаньшуай хэмээх үсэгтэй шар тугийг өргөж, загасан сүүлт титэм дарж, луун хайрст хуяг хэдрэн нэг хос алд өндөр биетэй, адбиш сүр гэрэлтэй нэгэн их жанжин хамгаалан зогсжээ. Үзвээс энэ хүмүүн болбоос, догшин онгод Юй Баосы ажгуу. Тугийн хажууд нэг л адил хуягласан хоёр жанжин морь унаж ган жад барьж хамгаалан зогсжээ. Нэгэн нь долгин зант Күн Мин, нөгөө нь догшин дүрт Күн Лян болой. Хоёр жанжны морины өмнө хойно бас хүрэл хуяг өмссөн хорин дөрвөн чийрэг эрс чонын араат бялуу барин зогсжээ. Ар талын байлдан зарлах хоёр хатгамал тугийн зүүн баруунаа хорин дөрвөн сарт жадыг жагсааж, зүүн биед Люй Бү-ийн хувилгаан Люй Фан, баруун биед Сюай Рэнь Гүй-ийн бүрэлбаа Гуо Шэн тус тус морь унаж жадыг барин зогсжээ. Сарт адын дунд явган цэргийн баатар жанжин хоёр толгойт могой Се Жэнь, хос сүүлт гүрвэл Се Бао хоёул нэгэн адил бие хуяглаж, лянхуан цацагт ган сэрээг өргөн дундад цэргийг сахин зогсжээ. Түүний арын үүн талд хувилгаан бичэч Сяо Ран, баруун талд үнэнийг баригч Пэй Сюань хоёул хэмэрлэг эмээлт морь унаж зогсжээ.
Түүний хойно бор дээл өмссөн баатар чадалтай хуяг цэрэг зэвсэг өргөлцөн зогсжээ. Тэрхүү хулс зэгс мэт зэр зэвсгийн дунд тэргүүн авагч хоёр жанжин зогсмуй: Тэргүүлсэн нь төмөр гарт Цай Фү, дэдэд гувай цэцэгт Цай Чин болой. Ар жагсаалын зүүн баруунаа нисэх илд бүжиглэх сэлэм өргөлцсөн цэргийг хоёр жанжин дагуулан зогсжээ: Нисэх жадат Сюй Нин бээр илд өргөсөн цэргийг захирч амьд Ли Гуан Хуа Рүн бээр сэлэм далайсан цэргийг дагуулжээ. Түүний ард хэмэрлэг дээлт, цэцэгт малгайт, өнгөт магнагт, үзэмжит хувцастан гэрэлтэн гялалзаж өнгө ялгармуй. Хоёр этгээдэд оюу дуаз номин лавир, улаан туг хар шүхэр, шар дөмөг цагаан цацаг, хөх унжлага хар залам хийсэж, шар шүхрийн доор гурван баатар хурдан хүлгийн хэмэрлэг эмээлд бие хэлбийн суужээ. Үзвээс: салхийг дуудан бороо урих үүлэн хүлэгт Гүн Сүньшэн өдөт титэм дарж, тогоруун жанч нөмрөн баруун этгээдэд зогсжээ. Бичиг цэргийн эрдэмд нэвтэрсэн оюут одон Ү Юн гарт өдийн гөвүүр барьж зүүн этгээдэд зогсжэ. Төв дундад чандманийн гэрэлт хас арслангийн нуруун дээр алтан эмээл тохож бие хэлбийн суусан тэр хүмүүн болбоос түв хэмээн өршөөл эрдмийг түгээж, хулгайг арилгаж, өрнийг төвшитгөх их Сянь фэн, Шаньдун газрын цагийн хур, бат журамт Сүн Гүн Мин мөн бөгөөд өвч биеийг хуяглан гүмбира загасны ясан сэлмийг өргөн өөрийн биеэр дундад цэргийг захирмуй. Цэргийн мэдээ хүргэж жанжин зарлах хий хүлэгт Дай Зүн зүүн этгээдэд зогож, дундад цэргийг хамгаалан нууц үйлийг ухуулах ганган эр Янь Чин баруун биед зогсжээ. Түүний ард гучин таван жигүүрийн жанжин урт жад өргөн саадаг нум агсаж, хувилгаан хүлэгт эмээл даран, жад сэлэм өргөлцөж, хурдан хүлэг унасан хуяг цэргийг дагуулан тэр тэгш жагсжээ. Түүний ард хэнгэрэг дэлдэж харанга цохих цэргийн ард зогсох бөгөөд жагсаалын ард бас хоёр анги сул цэрэг гарган зүүн баруунаа бүгүүлж дундад цэргийн жигүүр болгож, хатан баатар Ши Юн бээр есөн сүүлт мэлхий Тао Зүнван гийн хамт гурван мянган явган цэргийг авч зүүн этгээдэд зогсов.
Эсрэг баатар Мү Хүн дүү бяцхан эсрэг Мү Чүнь-ийг дагуулан бас гурван мянган цэрэг авч баруун этгээдэд зогсон, дундад цэргийн хоёр жигүүрийг халхалжээ. Үзвээс Сүн улсын жагсаал үнэхээр тэсгэлгүй сүр гэрэлтэй ажгуу. Энэ үнээр: Цэргийн багш бодлого үлэмж юаньшуай аргад нэвтэрхий Чийрэг хуяг барс мэт хүлэг луу матарт адил. Цааз зарлаж өрнийг төвшитгөн гавъяа нэрийг байгуулахуйяа Цаг зуур бодлого бүтэж хулгай дээрмийг арилгамуй. Өгүүлэх нь хуурмаг хаан Ван Чин бээр их юаньшуай Ли Жу-ын хамт мандал дээрээс Сүн улсын цэрэг морийг үзэж атал нүд ирмэхийн зуур есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаал жагсан, цэрэг чийрэг жанжин эрэмгий бөгөөд цэргин сүр тэр тэгш, илд жад адбиш хурц тул хэдийн биеийн сүнс биед үгүй, билгийн ухаан цээжинд үгүй болж дуу алдан өгүүлрүүн: - Үзвээс, хулгайн цэрэг энэ мэт гайхалтай тул манай цэргийн олон дийлэгдэх нь ташаа бус" хэмээмүй. Удсангүй Сүн улсын жагсаалд хэнгэрэг харангын дуу дараа дараагаар мандсанаа Ван Чин, Ли Жу хоёул мандлаас буун агт хүлэгт алавхийн мордохуйяа биеийн шадар үйлчлэх сайд түшмэл зүүн баруунаа дагалцаж хиа гочиг нар хүлгийн өмнө гүйлцмүй.
Төдийд Ван Чин бээр хошууч цэрэгт захиа уламжлан хулгайг угтан байлд хэмээснээ хоёр этгээд зүүн баруунаа эсэргүүцлэн жагсав. Үзвээс тэр өдөр түв хэмээн модон орон эзэлсэн өдөр асан ажгуу. Төдийд Сүн улсын жагсаалын баруун хаалганы туг сөхөгдмөгц ирвэсийн тэргүүт Линь Чүн бээр эргүүлийн морь тавьж жагсаалаас гарсанд хоёр этгээдийн цэрэг аянга түрчигнэж ус цалгилах мэт хашхиралдан үүсгэв. Линь Чүн бээр жан ба мао жадыг хөндөлсөж морин жолоо татан өндөр дуугаар: - Ёсгүй сөргүү хулгай ямар аймшиггүй ийн балмадлан аашилмуй. Тэнгэрийн цэрэг хүрч ирсэн атал эс дагаваас та нарыг махан жян болтол цавчсугай. Тэр үед гомдовч хожимдмуй! хэмээн зандрав. Хулгайн юаньшуай Ли Жу болбоос угт заяа бодогч хүмүүн тул бас нарийн учрыг бага сага төсөөлөх бөлгөө. Төдийд Ли Жу бээр баруун этгээдийн жигүүрийн жанжин Лю Юань, Пань Жүн хоёулыг улаан тугт цэргийг дагуулан морь тавьж дайран ирэхүйеэ хоёр этгээдэд хашхиралцах дуу мандаж харанга хэнгэрэг түчигнэн нижигнэмүй. Линь Чүн их л хилэгнэн Лю Юань-ийг угтан авч байлдахуйяа атгын зэвсэг гялалзан агтын туурай тачигнаж, улаан тоос дэгдэн алах уур мандаж хойш урагш зөрөлдөн, эргэсэн газар эрэг тохой гарч, тойрсон газар тохой ганга болж ар өврөөр нийлэн тавин удаа болтол дийлэн дийлэгдэх ялгарахгүй. Үзвээс Лю Юань хэмээгч хулгайн доторх эрэмгий баатар мөн ажгуу.
Төдийд Пань Жүн бээр Лю Юань-ийн дийлэн чадахгүйг үзээд их л хилэгнэн морь тавин илд далайн өмөглөн орсонд Линь Чүн хоёр жанжин лугаа хүчлэн байлдаж гэнэт их дуугаар бархирч мао жадыг сунгаж Лю Юань-ийг жадлан мориноос унагасанд дэд жанжин Хуан Синь, Сүнь Ли нар бас морь хийсгэн хүрч ирээд Хуан Синь бээр хувилгаан илд далайн Пань Жүн-г нэгэнт цавчсанд хүзүү толгой ангид болж улаан цус бургин урсаад тэргүүнд дарсан алтан дуулга морины хажууд бөмбөрөн унажээ. Төдийд хулгайн жанжин Пань Жүн алагдаж мориноос унасанд түүний жагсаалын хөл хэдийн самуурч хуяг цэрэг нисэх мэт гүйсээр дундад цэргийн өмнө хүрч Ван Чин-д мэдүүлэв. Ван Чин бээр хоёр жанжны эндсэнийг сонсод их л гэлмэж яаран захиа уламжилж цэргийг ухруулсугай хэмээтэл Сүн улсын жагсаалд гэнэт үхэр буун дуу гарч цэрэг морь анги багаар салж цагаа туг хар тугийг удирдан, хар туг хөх тугийг дагуулан, хөх туг улаан тугийг ангилж урт могойн жагсаал болон улирч төмөр хүрээ татсан мэт дүв дүгрэг болж хумин ирэхүйеэ Ван чин, Ли Жу нар их л цочин жанжин цэрэгт захиа уламжлан зүг бүр шувтлан байлдуулбаас үнэхээр өндгөөр хадыг цохих мэт тул юунай шувтлан гарч чадах аж. Хоёр этгээдийн цэрэг зууралдан байлдахыг үзвээс үнээр: Атган зэвсэг ирээрээ харгаж, агт хүлэг чинээгээрээ давхилдмуй. Жад илд мөргөлдөж зууралдаан тулалдаан бололцмуй. Хүнд илд нисэж хүзүү руу буухад, хөнгөн жад жирвэлзэж, хөшиж аваад өлгөмүй. Хэдэр зантай баатад, хэлтгий талаас цавчихад, хэрсүү сурталтай жанжин нар хялавхийтэл зайлан одмуй. Ухаан сэргэлэн идтэн нь урваж ирээд цавчихад, билиг хурц чадалтан нар бөхөрч ирээд жадалмуй. Үзүүр хурц жадууд үнхэлцгийг зааж ирэхэд өнгө цацармал илдүүд өөдөөс нь тусаж гялбалзмуй. Мөсөн үзүүрт жадууд мэлмийг чиглэж ирэхэд мэс хурц илдүүд мушгиж аваад цавчмуй. Шийдэм бамбай хангинаж, ширүүн байлдаан үүсмүй. Бамбай барьсан хуягууд багларч ирээд дайрахад, шийдэм далайсан эрсүүд салхи мэт эргэлдмүй. Халхавч өргөсөн цэргүүд хажуу талаас довтлоход, манцуурга эргүүлсэн хуягууд матиралдаж ород занчмуй. Шугуй мэт бамбайнууд шууд даран ороход, олс мэт манцуургууд, ухрахын дагуу байлдмуй. Бамбай шийдэм багширч, байр заан тулалдруун, хөөмхий зуусан эрлэгүүд хүүдгийг заан шадамдахад, араа хавирсан мангасууд агзайж ирээд угтмуй. Шийдэм барьсан хуягууд ширэлдэж бөөмөөр дайрахад, халхавч өргөсөн цэргүүд хайчийн эрдмээ улируулмуй. Дам илдтэн зэвсэг юүгээ арын хойно солбицуулж, дарагдсан байдлаар өдөөн хуурмуй.
Сэрвээт жадтан дээгүүр доогуур халхлан угтаж, сэлүүг үзэж сэрэмжтэй дайрмуй. Морьт цэрэг зэв ханцуйлан самуун дайсныг гэтэхүйеэ, бүгсэн цэрэг гох базаан сөргүү дайсныг хүлээлцмүй. Үет ташуур өргөст манцуурга чихний ойр хангинаж, үзүүрт жад өнгийн зэвсэг нүдний үзүүр гялсхиймүй. Наад этгээд уран аргаар эсэргүүцэн дайснаа эвдэхүйеэ, цаад этгээд гайхамшигт увдисаар довтлогч хулгайг сөнөөмүй. Хүмүүний цус хоромхон зуур мөрөн мэт урсаж, хээрийн үхдэл агшин зуур уул адил овоорчээ. Төдийд хоёр этгээд зууралдан байлдаж нэлээд удаж Сүн улсын цэрэг их л дийлж хулгайн цэрэг их л дарагдав. Ван Чин бээр цэрэг морийг ухруулж Наньфэн хотод ороод жич арга бодсугай хэмээтэл гэнэт хойд цэргийн жагсаалд буун дуу мандсанаа харуулын ард нисэх мэт довтлон ирээд: - Их ванд мэдүүлсүгэй, Сүн улсын цэрэг морь бас хойноос алан ирэв" хэмээх үг барахын урьд нэгэн багийн цэрэг тоос манаруулан хүрч ирэв. Нүд өргөн үзвээс тэргүүлсэн их жанжин нь түв хэмээн дэд Сянь фэн, Хэбэй газрын бодь цагаан гөрөөс Лү Жюнь И асан ажгуу. Төдийд Лү Жюнь И бээр ган жадыг гарт хөшиж, зүүн этгээддээ илд хэрэглэсэн Гуань Со-ын хувилгаан Ян Сюн, баруун этгээддээ илд барьсан чигч баатар Ши сю-г дагуулж нэг түмэн гавшгай цэргийг удирдан хүрч ирээд сүр гэрэл огторгуйд тулж, хөндлөн гулд цавчмуй. Ян Сюн бээр Дуань Ү-г цавчин унагаж, Ши сю ба Чю Сян-ыг жадлан алаад хүч хамтран шувтлан орж ирэв. Ван Чин бээр их л сандарч морь ташуурдан буруултал бас буу дуугарч зүүн этгээдээс Лү Жишэнь, Ү Сүн, Ли Зүй, Жяо Тин, Сян Чүн, Ли Гүнь, Фань Руй, Лю Тан зэргийн найман сайн эр нэг мянган явган цэргийг дагуулан санваартны сэлэм сахилтны илд, саран сүх ган илд, бамбай халхавч барин алан ирээд хулгайн жанжин Ли Сюн, Би Шэн хоёулыг цавчин унагаж хурц илдээр олс хадах мэт цусан за гарган алан орсноо, баруун этгээдээс бас Жан Чин, Ван Ин, Сүнь Синь, Жан Чин, Чюн Ин, Ху Саньнян, Гү Дасао, Сүнь Эл Нян зэргийн дөрвөн хос эр эм жанжин нэг мянган морьт цэргийг авч сарт жад саран сэлэм, хурц илд ирт мэсийг өргөн хуй салхи хамхуул өвсийг шүүрдэх мэт алан ирэхүйеэ хулгайн цэргийн хүүр үхдэл уул талыг дүүрэн улаан цусан гол мөрөн болтол урсаад үүл арилан утаа сарних мэт тэргүүнийг тэврэн дөрвөн зүгт буруулан эчив. Түүнээс Лү Жюнь И, Ян Сюн, Ши Сю нар хулгайн дундад цэрэгт алан орсноо түв хэмээн Фан Хань-д учрав.
Лү Жюнь И жад эргүүлэн түүнийг жадалж унагаад зүүн баруун жигүүрийн цэргийг алан сарниулж хулгайн түрүү Ван Чин-г барьсугай хэмээн морь тавин шууд дотогш ортол түв хэмээн хулгайн их юаньшуай, алтан сэлэмт сяньшэн Ли Жу-д учрав. Ли Жу болбоос илдэн увдистай тул тэр илдэн аянга цахилж цахилгаан гялбах мэт Лү Жюнь И-ийн зүг ирэхүйеэ Лү Жюнь И халиран чадахгүй болж их л сандарч атал түв хэмээн Сүн Жян нар их цэргийг шаардан хүрч ирэв. Төдийд баруун этгээдэд зогссон үүлэн хүлэгт Гүн Сүньшэн бээр товор товор тарни уншиж: - Хурдан! хэмээн зандарсанд Ли Жу-ын барьсан сэлэм хянгар хэмээх дуу гарч газар унав. Лү Жюнь И морь тавин хүрч очоод чонын бэлхүүсийг суниалгаж бичний мөрийг сунган Ли Жу-г давхийтэл тэврэн аваад цэргийн ардаар хүлүүлээд Ван Чин-г барьсугай хэмээн морь ташуурдан жад эргүүлж хулгайн цэрэгт шувтлан ороод өлөн барс хонин сүрэгт орж, өдөт бүргэд бялзуухайг шүүрэх мэт хөндлөн гулд цавчин алан ирэхүйеэ хулгайн цэрэг хуяг дуулга хэнгэрэг харангыг гээж, зэр зэвсгийг чирэн эцэг эхээ бархирсаар тэргүүнээ тэврэн зүг зүгтээ буруулан эчив.
Хулгайн цэрэг арван түмийн их хагас нь хохирч гурван түм нь дагав. Хөл гар нь хугарч хүзүү сээр нь мулгарч тахир зэмдэг олсон ба цэрэг морины хөлд гишгэлэгдэн махан жян болсныг нь тоолбоос барахгүй. Төдийд явган цэргийн жанжин Жяо Тин бээр хулгайн жанжин Лю И Жин, Шан Гуань И хоёулыг цавчиж мориноос унагаж, эхнэр жанжин Чюн Ин чулуун мөхлөгөөр Ли Сюн-г занчиж унагаад жи жадыг сунгаж жадлан алав. Хулгайн жанжин Би Шэн хараахан буруулж эчтэл гэнэт цахилгаан гүйдэлт Ван Дин Лю хажуугаас морь довтолгон хүрч ирээд илд далайн аюулхай цээжээр нь цавчиж алав. Үлдсэн бичиг цэргийн сайд түшмэл, хиа гочиг нар цөм дутаан гарч чадсангүй, ганц хулгайн түрүү Ван Чин үл үзэгдмүй. Сүн улсын цэрэг ихэд дийлжээ. Түүнээс Сүн Жян харанга цохиулж цэрэг морийг хураагаад Наньфэн хотыг чиглэн цэрэг морийг хөдөлгөж Жан Чин, Чюн Ин-г дуудан таван мянган цэрэг авч их цэргийн өмнө туршуул болж эч хэмээгээд бас хий хүлэгт Дай Зүн-г дуудаж өмнөш эчиж Сүнь Ань нарын Наньфэн хотыг сундлах сураг чимээг сонсож ирэгтүн хэмээн захисанд Дай Зүн за хэмээн захиаг хүлээж увдис үүсгэн хөлийн жолоо хөнтрөн нисэх мэт гүйсээр урьд эчсэн Жан Чин, Чюн Ин нарыг хөөн гүйцэж удсангүй хойш ирж ийн мэдүүлрүүн: - Сүнь жанжин их Сянь фэн-ийн зарлигийг хүлээж баруун нийслэлийн цэргээр хуурмаглаж хотыг сундалсугай хэмээснийг хулгай мэдээд хаалганы дотор ониул гуу малтаж зүүн хаалгыг нээж цэрэг морийг тавин оруулав. Сүнь Ань-ий гар доорх Мэй Юй, Жинь Жо, Би Же, Пань Сюнь, Ян Фан, Фэн Шэн, Ху Май зэргийн долоон жанжин таван зуун цэргийг дагуулан хотод ороод хүмүүн морьтойгоо ониулд унажээ.
Хоёр этгээдийн бүгсэн цэрэг цугаар гар хөдлөн урт жад үзүүрт гохын зүйлийг өргөлцөн Мэй Юй зэргийн таван зуун хүмүүнийг жадлан алсугай хэмээтэл завшаанаар Сүнь Ань нар хотын дотор байлдан орж цэргийн ардаар ониул нүхийг булуулж цэрэг дагуулан хот дотор байлдахуйяа хулгайн цэрэг тулан чадахгүй болов. Сүнь Ань эрэлхэглэн байлдаж зүүн хаалгыг эзлэн авсанд хулгайн цэрэг дөрвөн зүгээс дуу авалцаж Сүнь Ань-ийг хаалган доор хашин байлдаж баймуй хэмээмүү. Дүү би энэхүү чимээг сонсоод нисэх мэт гүйн хойш иртэл хагас замд Жан Чин жич Чюн Ин-д уулзаж энэхүү чимээг хэлж өгсөнд тэд хоёул цэрэг морийг шаардан нисэх мэт довтлон эчив хэмээн мэдүүлсэнд Сүн Жяних л цочиж цэрэг морийг шаардан нисэх мэт довтлон эчээд Наньфэн хотыг бүслэн хаав. Төдийд Жан Чин, Чюн Ин нар зүүн хаалган доор хүрч Сүнь Ань-ийг өмөглөн гаргаад хулгайн цэрэг лүгээ хутгалдан байлдав. Сүн Жян зэргийн олон жанжин энэхүү чөлөөнд зүүн хаалгаар шургалан хулгайн цэргийг алан сарниулж хотыг булааж аваад дөрвөн зүгийн хэрэм хайсан дээр нь Сүн улсын туг хиурыг босгож хуурмаг бичиг цэргийн яамны олон сайд түшмэдийг дуустал алав. Тэр үед хуурмаг хатан Дуань Сань Нян бээр Сүн улсын цэрэг морь хот доор орж ирснийг сонсоод бие хуяглан морь эмээллэж хүч чадал бүхий зуу илүү шадар зарцыг дагуулан илд сэлэм өргөлцөн дотоод ордноос салж баруун хаалгаар алан гарч Юнь Ань жюньийн зүг эчсүгэй хэмээтэл түв хэмээн Чюн Ин-д тохиров. Дуань Сань Нян бээр эрдэнийн илд далайж морь тавин урагш байлдан ирснээ Чюн Ин чулуун мөхлөгийг шүүрэн ав занчин илгээхүйеэ түв хэмээн Дуань ань Нянийн нүүр оногдож улаан цус бургин урсаад унасан хүлгээс тонгорцоглон унахуйяа илд сүх далайсан хуягийн ард хүрч ирэн түүнийг амьдаар барив. Дуань Сань Нян-г дагасан шадар зарц цөм Сүн улсын цэрэгт алагджээ.
Чюн Ин цэрэг дагуулан дотоод ордноо орохуйяа ордны охид харшийн эхнэр Сүн улсын цэрэг морь хүрч ирсэн чимээг сонсоод зарим нь худагт харайн зарим нь хулгайгаа огтолж их хагас нь үхсэнд Чюн Ин үүлдэн хүмүүнийг нь баривчилж Сүн Жян-ын цацрын өмнө түлхлэн авчирсанд Сүн Жяних л баярлаж Дуань Сань Нян нарыг битүү тэрэгт хориулж Ван Чин-г барьсан хойно нэгэн хамтаар эзэн хотноо хүргэхээр бэлтгэн жанжин цэргийг зүг зүгт илгээн хулгайн түрүү Ван Чин-г нэгэн байцаалгахыг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ван Чин бээр хэдэн зуун морьт хуягийг дагуулж хаасан цэргийг шувтлан Нань фэн хотыг чиглэн дутаасаар хотын зүүн хаалган доор ирж үзвээс хот дотор бас зууралдан байлдах тул биеийн сүнс биед үгүй, билгийн ухаан цээжинд үгүй болон их л эмээж атал хойноос бас нэхэмжлэх цэрэг хүрч ирсэн тул яаран морин жолоо дарж хойд зүгийг чиглэн эчив. Төдийд хажууд зуу илүү морьт цэргийн төдий л үлджээ. Үзвээс энгийн цагт сүүдэр мэт дагалцан үйлчлэх шадар ард бээр энэ өдөр байдал муу болсныг үзээд цөм зам замаа эрэн зайлан эчжээ. Ван Чин зуу илүү морьтныг авч Юнь Ань жоу-г чиглэн явах дундаа шадар дагалцах ардын зүг сүүрс алдан өгүүлрүүн: - Мөхөс хүмүүний харъяа Юнь Ань, Дүн Чуань, Ань Дэ гурван жоуын газар хулгайд эзлэгдээгүй тул хэдий Жян Дүн-ийн хэр уудам үгүй боловч вангийн суурийг залгамжилж болох бус уу. Ганц хорсолтой нь мөхөс хүмүүн бээр дутаан зайлсан тэдгээр сайд түшмэлд урагш өдөр зэрэг хэргэм нэмэн өргөмжилж хишиг пүнлүү үлэмж хүртээсэн атал энэ өдөр учир гармагц цөм хувь хувьдаа зайлан эчжээ.
Хожмын өдөр мөхөс хүмүүн би Сүн улсын цэрэг морийг байлдан ухруулсан хойно дутаан зайлсан хүмүүнийг нэг нэгээр нэхэн баримталж нарийн нягтаар цаазлан шийтгэж хорслыг тайлсугай хэмээгээд хүлэг морийг шавхардан буруулсаар тэнгэр гэгээрүүлэв. Ван Чин бээр хүлгийн дээрээс үзвээс Юнь Ань жоу-ын хот сүүмэлзэн үзэгдэх тул цээж дэлбэртэл баярлаж “Хотыг сахисан жанжин цэрэг бас хичээнгүй болгоомжтой аж. Хотын хайсан дээрх туг хиур тэр тэгш харагдаж, хурц илд ирт жадыг маш нягт зэрэглэжээ хэмээгээд хүлэг ташуурдан хотын хаалганаас ойр болж ирснээ шадар дагалцах нэгэн ард хуруугаар өмнөш зааж дуу алдан өгүүлрүүн: - Байдал муу болов! Хотын хэрэм дээр цөм Сүн улсын туг хиурыг өлгөжээ хэмээхүйеэ Ван Чин их л хиртхийж нүд өргөн нарийвчлан үзэхээр хотын зүүн хаалган дээр өлгөсөн их тугийн дээр алтан үсгээр “их Сүн улсын өрнийг төвшитгөх Сянь фэн жанжин Сүн Жян-ын тугийн доорх усан цэргийн их жанжин...” хэмээх хэдэн үсгийг сийрүүлэн бичсэн бөгөөд хэмэрлэг туг салхинаа дарвалзаж жанжны нэрийг халхалж тодорхой үзэгдэхгүйд Ван Чин бээр Сүн улсын цэрэг тэнгэрээс буусан болов уу хэмээн бодоод хамаг бие мэдээ алдарч хагас мөч хэртэй хөдлөх тэнхээгүй болов. Төдийд Ван Чин-г дагасан ардын доторх ухаан санаатай нэгэн хүмүүн урагш давшиж: - Их ван хэргийг алгуурлаж болохгүй. Бодвоос хотод хувьсгал гарсан тул түргэн хувцас хунарыг сольж Дүн Чуань-ий зүг дутаасугай хэмээхүйеэ Ван Чин сая унтсанаасаа сэрсэн мэт: - Амраг сайдын үг маш зүйтэй бөлгөө хэмээгээд тэргүүнд дарсан алтан саравчит титэм, биед хэдэрсэн наран саран үүлэн хөрөгт шар магнаг, дундуураа бүсэлсэн алтаар үйлдэж оюу шигтгэсэн хасын бүс, хөлд өшиглөсөн алтан түрий үүлэн угалзат төрийн гутлыг тайлан саравчит алчуур, бүс дээл, зөөлөн гутал сольж өмсөхүйеэ шадар ард бас зэрэг зэргээр хувцсыг сольж эзнээ алдсан нохой мэт, өөшинд унасан загас адил бага замыг өлгөн Юнь Ань Чэн хотыг тойрон гараад Дүн Чуань-ийг чиглэн буруулахуйяа хүмүүн чилж хүлэг муудаж, өлөн гэдэс хоржигнон дуугарахыг тоочвоос барахгүй.
Үзвээс зам дагасан зуун овогтон бээр Ван Чин-ийн цэрэг морьд удаа дараагаар тарчлаагдан зовж, одоо бас их тулалдаан болсныг сонсоод өлгийтэй хүүхэд өндөг зулзагаа дагуулан зайлсан тул ямар хүмүүн түүнд үмх хоол ооч ус хүргэж өлийг нь залгах аж. Төдийд Ван Чин-ийн шадар дагалцах ардын олонх нь цөм жаврын өнгийг үзэн үйлчилсэн зальхай ард тул жар далан хүмүүн бас бараа сураггүй болжээ. Түүнээс Ван Чин гучин хэдэн морьтныг дагуулан өдрийн чинээгээр давхисаар орой болох үед сая Юнь Ань жоу-ын харъяа Кайжоу-ын хязгаараа хүрч ирснээ өмнөд нэгэн гол эчих замыг хөндөлсжээ. Угт энэхүү мөрний нэрийг тунгалаг урсгалт Чин Жян мөрөн хэмээх бөгөөд түүний эх нь Дажаоын Вань Чин Ти нуураас ундран урсаж усны урсгал тув тунгалаг тул тунгалаг урсгалт Чин Жян мөрөн хэмээн дууджээ. Төдийд Ван Чин бээр: - Хэрхэн онгоц сал олж мөрнийг гэтлэх аж? хэмээхүйеэ хойно дагасан нэгэн хүмүүн өгүүлрүүн: - Мөрний хөвөөний өвс хулс сийрэг ургаж галуу нугас суусан газрын хажууд нэгэн бүлэг загасан сал бүртэлзэн харагдмуй хэмээсэнд, Ван Чин олон хүмүүнийг дагуулж мөрний хөвөөн зүг эчив. Тэр үед түв хэмээн өвлийн улирал болж өндөр огторгуй цэлмэгшин тунгалагшжээ. Олон хүмүүн нүд өргөн үзвээс арван хэдэн сал онгоц мөрний хөвөөнд зогсож, загас агнах нь загас агнаж, тороо хатаах нь тороо хатааж байхуй бөгөөд мөрний усанд зогсох хэдэн онгоцонд хэд хэдэн хүмүүн хуруу гарган жимэлцэж ам амаар архи хөнтөрнөм бөлгөө.
Ван Чин бээр урт сүүрс алдан өгүүлрүүн: - Үзвээс эдгээр уульхай ард энэ мэт найрлан цэнгэх аж! Эдгээр хүмүүн урагш өдөр цөм миний харъяа ард боловч мөхөс хүмүүний энэ өдрийн үйл зовлонг хэрхэн мэдэх аж! Миний бие эдүгээ энэ зэргийн уульхай ардад хүрэхгүй болов хэмээсэнд, шадар ард өндөр дуугаар: - Тануус онгоц салыг авчран манайг гол гэтлүүлбээс хөлс зоосыг илүү өгсүгэй хэмээн загасчныг дуудсанд хуруу жимэлцэж байсан хоёр загасчин ард хундага аягыг ширээнээ тавьж суман онгоцыг сэлж нисэх мэт хүрч ирээд онгоцон толгойд зогссон тэр загасчин хулсан шургийг тулж онгоцыг хөвөөнөө ойртуулан Ван Чин-г оройгоос улд тултал нэгэн зэрэг нарийвчлан үзээд: - Их сайн болов, архи уух юмтай болжээ. Хурдан онгоцонд гарагтун хэмээсэнд, шадар ард Ван Чин-г түшиж мориноос буулгав. Ван Чин нүд өргөн тэр загасчныг үзвээс хөмсөг зузаан, нүд их, царайн өнгө ув улаан, сахлын байдал хүрэл утас мэт зүг зүгтээ сэрвийж, бие байдал адбиш их, өгүүлж ярих нь зөн цохих мэт бөлгөө. Тэр загасчин нэгэн гараар хулсан шургийг барин нэгэн гараар Ван Чин-г түшиж онгоцноо гармагц хулсан шургийг эрэгнээ тулмагц онгоц хэдийн хөвөөнөөс жан илүү хол холджээ. Хөвөөнд байсан олон хүмүүн их л сандарч зэрэг зэргээр: - Загасчин эр битгий явагтун. Бид бас мөрнийг гэтэлсүгэй хэмээмү хэмээвээс тэр загасчин нүд дүгрэглэн: - Удахгүй ирмүй! Ийн яарч эрээн мяраанаар бархирах нь юун? хэмээн зандарч хулсан шургийг тавин гэнэт бие дэвхрэн Ван Чин-г нударгадан унагаад дээрээс нь дарсанд Ван Чин талчлан боссугай хэмээтэл сэлүүр барьсан тэр хүмүүн бас сэлүүрийг хаяж урагш ирээд Ван Чин-г амьдаар барив.
Тэртээ биед тор хатааж байсан олон хүмүүн Ван Чин-ийн баригдсаныг үзээд зэрэг зэргээр голын хөвөөнөө үсрэн гарч гар хөдлөн Ван Чин-г дагасан гучин хэдэн шадар ардыг нэг нэгээр барьж авав. Үзвээс онгоцны тэргүүнд зогссон тэр хүмүүн болбоос өөр хүмүүн бус, түв хэмээн лусын эзэн Ли Жюнь асан бөгөөд сэлүүр сажилсан тэр хүмүүн болбоос гүмбира матар Тун Вэй асан бөлгөө. Тэр олон загасчин болбоос цөм усан цэргийн ард ажгуу. Угт Ли Жюнь бээр Сүн Сянь фэн-ийн зарлигийг хүлээн усан цэргийн онгоц салыг нийгэмлэн захирч хулгайн усан цэрэг лүгээ Чюй Тан Ся хавцалд зууралдан байлдаж хулгайн усан цэргийн тэргүүлсэн жанжин Вэнь Жэнь, Ши Зүн-г алж, дэд жанжин Ху Жюнь-ийг амьдаар барьж хулгайн цэргийг ихэд дийлэв. Ли Жюнь бээр хулгайн дэд жанжин Ху Жюнь-ий төрсөн байдлыг үзвээс тэсгэлгүй сүр гэрэлтэй тул журмаар Ху Жюнь-ийг тавив. Ху Жюнь өршөөлд шүтэн Ли Жюнь нарын хамт Юнь Аньий усан хаалтыг нээж, хотыг булаан аваад батлан сахих түшмэл Ши Жюнь нарыг алжээ. Сүн улсын цэрэг лүгээ үхэн байлдах хулгайн цэрэг дийлэгдвээс эрхгүй үүр элээ ирмүй хэмээн Ли Жюнь урьдаас совьж мэдээд Жан Хэн, Жан Шүнь хоёулыг хотод үлдээн сахиулаад өөрийн биеэр Тун Вэй, Тун Мэн-г авч усан цэргийг дагуулан загасчин мэт чимж энэ газар цагдан байцаахаар ирээд бас Руань овгийн ах дүү гурвуулыг бас загасчин мэт хувцаслуулж ФЭн Юй Дүй олом, Мянь Жян мөрөн, Юй Фү Пү голд бүгүүлж хулгайн чимээг туршуулав. Ван Чин тэргүүлэн ардаа олон хүмүүнийг дагуулж ирэхийг үзээд Ли Жюнь анхандаа энэ хүмүүн болбоос эрхгүй хулгайн их жанжин буй за хэмээн бараглаж мэдсэнээс бус, ирэх нь хулгайн түрүү мөн хэмээн огт санасангүй бөлгөө.
Төдийд Ли Жюнь бээр шадар ардыг шүүн асууваас морь унасан тэр хүмүүн түв хэмээн Ван Чин мөн тул алга ташин их л баярлаж, нэгэнтээгүүр хүмүүн зарж Руань овгийн ах дүү гурвуулыг дуудан Жан Хэн, Жан Шүнь-ий хамт хотыг сахиулж, нөгөөтээгүүр өөрийн бие дагасан жанжин Ху Жюнь-ий хамт Ван Чин зэргийн олон хулгайг авч Сүн Жян-ын цэргийн хүрээг чиглэн ирэв. Ли Жюнь нар замын гудастаа Сүн Жян хэдийн Нань Фэн хотыг байлдан эвдэв хэмээн сонсоод шууд Нань Фэн хотыг чиглэн ирж хотын хаалгыг шурган Ван Чин-г түлхлэн юаньшуай-н яамны доор хүрч ирэв. Тэр үед Сүн Жян бээр хулгайн түрүү Ван Чин-г олж барьсангүй хэмээн хараахан сэтгэл зовниж атал харуулын ард дотогш орж усан цэргийн түрүү Ли Жюнь, хулгайн түрүү Ван Чин-г барьж яамны өмнө хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян өвчүү дэлбэртэл баярлав.
Төдийд Ли Жюнь дотогш орж Сүн Жян-д мөргөн золгохуйяа Сүн Жян маш баярлаж: - Мэргэн дүүгийн гавъяа бага бус хэмээсэнд, Ли Жюнь бээр дагасан жанжин Ху Жюнь-ийг удирдан Сүн Жян-д золгуулаад: - Цөм энэ хүмүүний гавъяа болой хэмээхүйеэ Сүн Жян бээр түүний нэр овгийг асууснаа Ли Жюнь бас урагш давшин Юнь Ань жюнь-ийг олсон үйлийг зүй зүйгээр хэлэв. Төдийд Сүн Жян бээр олон цэргийг илбэн тохруулж барсан хойно олон жанжин лугаа Дүн Чуань, Ань Дэ хоёр жоу-г байлдах үйлийг зөвлөхүйеэ шинэ дагасан жанжин Ху Жюнь урагш давшиж: - Сянь фэн сэтгэл зовних хэрэггүй. Өчүүхэн хүмүүн нэгэн үг хэлбээс энэ хоёр газрыг гар тавиулан олж болмуй хэмээсэнд, Сүн Жян аласхийн баярлаж суудлаас босон алга хамтатган Ху Жюнь-ий дэргэд эчиж аргыг асуув. Ху Жюнь бие мэхийж Сүн Жян-ын чихэнд ийм тийм хэдэн үг шивнэв. Ингэснээр нэгэн зэв харвахгүйгээр хоёр газрыг олж, олон цэрэг амарлингуй суусан хулгай нарыг дагуулмуй. Эгнэгт Ху Жюнь ямар арга өргөснийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )