Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮН МИН ХУВИЛГААНААР ЛЯО ЭЛ ВА-Д ХУРСАН ХҮЙ ЗҮН ХААН ЗҮҮДЭЭР ЛЯН ШАНЬ ФҮ-Д ЗОРЧСОН
(II боть - Төгсгөлийн 120 дугаар бүлэг)
Жич өгүүлэх нь Сүн Жян бээр хаан төрийн тушаалыг хүлээн хуучин нутагтаа хариад хэдэн сар болсон хойно Жин балгаснаа эгэн ирж олон ах дүү нарт золгоод юм хүмээ багцлан өөр өөрийн тушаалд эчигтүн хэмээн зарлиг уламжлав. Төдийд хий хүлэгт Дай Зүн бээр Сүн Жян-г үзэхээр ирээд сул хэлэлцэх зуур Дай Зүн гэнэт сууснаас босож ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн бээр эзэн хааны өршөөлд хүртэн Янь жоу фү-ийн түнхи түшмэл болсон боловч эдүгээ дуртайяа тушаалаас чөлөөлөн Тай Ань жоуын эздийн сүмд эчиж амьсгал мөрийг засан амар сэлүүнээр амьдарч насан хутгийг төгсгөвөөс үнэхээр олдохуйяа бэрх завшаан бөлгөө хэмээхүйеэ Сүн Жян асууруун: - Мэргэн дүү юу хэмээн ийм бодлого оров? хэмээвээс Дай Зүн өчрүүн: - Урагш шөнө дүү би эзэд сахиус даллан дуудмуй хэмээн зүүдэлсэн тул энэ зэргийн нигүүлсэхүй сэтгэл үүссэн бөлгөө хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү бээр орчлон дэлхийд амьд сэрүүндээ хий хүлэгт тайбао болсон бөлгөө. Тийнхүү хожмын өдөр хэдий нүд анивч бас сүм хийдийг эзэлсэн эзэд сахиус болох буй за хэмээв.
Түүнээс Дай Зүн бээр Сүн Жян-аас аяарлан салсан хойно албан яаманд эчиж тушаалын бичиг тамгыг тушааж Тай Ань жоу-ын эздийн сүмд хүрч мөрийг засан номын дууг сонсон, өдөр бүр бурхан сахиусанд хүж зул өргөн тахил тавилга барьж огт цалгайрахгүй хэдэн сар болсон хойно нэгэн өдөр эв эрүүл асаар олон хуушааныг дуудан салах ёсыг гүйцэтгэж алга ташин инээсээр амьсгал хураав. Хожим удаа дараагаар хувилгаан дүр илэрсэн тул тэр газар суусан зуун овогтон бээр Дай Зүн-ийн хөрөг зургийг шууж сүм хийдийг засан дөрвөн улиралд хүж зул тасруулахгүй тахижээ. Түүнээс Руань Сяочи бээр урагш ирж Сүн Жян-д салах ёсыг гүйцэтгэн Гай Тянь Жюнь-ий түнхи түшмэлийн тушаалд эчээд дэмий хэдэн сар болсонгүй эзэн төрийн их жанжин Ван Бин, Жао Тань нар Бан Юань Дүн агуйн газраа түүнд гутаагдан хараагдсан хуучин өсийг санаж Руань Сяочи бээр урагш өдөр Фан Ла-ын шар магнаг луун дээлийг өмссөн нь хэдийн нэгэн цагийн наадам хэмээх боловч удаандаа эрхгүй өөр сэтгэл үүсгэхийн дээр Гай Тянь Жюнь хэмээгч газар нь буйд хүмүүн нь зэрлэг тул хожмын өдөр магад самууныг үүсгэх бөлгөө хэмээн эзэн төрийн их сайд Түн Гуаньий өмнө удаа дараагаар ховлон айлтгах тул Түн Гуань бээр энэхүү хэргийг Цай тайшид мэдүүлснээ Цай тайш эзэн хаанд айлтгасанд эзэн хаан зарлиг буулгаж Руань Сяочи-ийн тушаалыг хасаж үтэл иргэн болгов. Төдийд Руань Сяочи бас дотроо маш баясан өтлөг эхийг авч уг нутаг Ши Же Цүнь тосгоноо ирээд мөн урагш өдрийн мэт загас агнан амьдарч өтөлсөн эхийг асран тэжээж жаран нас хүрсэн хойно сая бие баржээ.
Түүнээс хуй салхи Чай Жинь-ий бие Жин балгаснаа ирээд Дай Зүн бээр тушаалыг чөлөөлж сэлүүн амьдрахыг гуйж эчив хэмээн сонсоод сүүлээр бас зальхай түшмэл бээр Руань Сяочи-г урагш өдөр хулгайн түрүү Фан Ла-ын пин Тянь Гү ань титмийг дарж луут магнаг хасын бүсийг хэрэглэж урвах санаа үүсгэв хэмээн айлтгаснаар эзэн төрөөс түүний тушаалыг хасаж сул иргэн болгов хэмээн сонсоод дотроо: - Урагш өдөр миний бие бас Фан Лаын ордонд фүма болсон бөлгөө. Хожмын өдөр зальхай сайд сэрж мэдээд эзэн хааны өмнө бачлан айлтгаж тушаалыг хасваас гутамшиг болох бус уу? Тийнхүү эртнээс цагийн өнгийг таньж үйлдвээс сая ичгүүрийг хүлээхгүй бөлгөө хэмээн бодоод албан яамнаа эчиж өчүүхэн хүмүүн урагш өдөр салхи авч бие өвчтэй болсон тул өргөмжлөн хэрэглэхийг хүлээж чадахгүй, дуртайяа тушаалыг чөлөөлж тариалан үйлдэн сэлүүнээр амьдрахыг хүсмүй хэмээн айлтгаж олон түшмэдээс аяарлан салж өөрийн нутаг Зан жоу фү-ийн Хэн Хай Жюнь-дээ буцан ирж тариалан үйлдэн санаан таваар амьдарсаар гэнэт нэгэн өдөр эв эрүүл суусаар нүд аньж таалал төгсөв. Ли Ин бээр Жүн Шань фү-ийн түнхи түшмэлийн тушаалд эчээд дэмий хагас он болсонгүй Чай Жинь бээр хуучин нутагтаа харьж тариалан үйлдэв хэмээн сонсоод дотроо би бас өвчтэй хэмээн шалтаглаж тушаалаа чөлөөлөхөд хүрэхгүй хэмээн бодоод албан яаманд айлтган албан тамгыг тушааж уг нутаг Дү Лүн Ган тосгондоо харьж амьдраад хожим До Син-ийн хамт баян эрхмийг эдлэн жаргасаар насан хутгийг төгсгөсжээ.
Гуань Шэн бээр Бээжин хотын Да Мин фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирч олонд хүрээлэгдэн цэргийн сэтгэлийг ихэд олсон боловч нэгэн өдөр цэрэг морийг боловсруулж хойш ирэхдээ дарсанд согтож мориноос хаягдаад өвчин олж бие барав. Хү Яньжуо бээр хааны шадар цэргийг захирах хи хүй ши түшмэл болж өдөр бүр эзэн хааныг даган шадар үйлчилмүй. Хожим цэрэг морийг захиран Алтан улсын дөрөвдүгээр тайзи Ү Шү-г эвдэж Хуай Си газар зууралдан байлдсаар жагсаалд энджээ. Жү Түн Бао Дин фү-ийн цэрэг морийг захирч гавъяа байгуулан хожим их жанжин Лю Ши Гуан-ын хамт Алтан улсыг эвдэж Тай Пин жюнь газрын жедү ши түшмэлд давшжээ. Хуа Рүн өөрийн хатан ба охин дүүг авч Ин Тянь фү-ийн албан яамны тушаалд эчив. Ү Юн угаас ганц бие хүмүүн тул зарц хөвүүнийг дагуулан Ү Шэн жюнь-ий албан тушаалд эчив. Ли Күй болбоос өрх гэргүй хүмүүн тул хоёр зардсыг дагуулан Рүнь жоу фү-ийн албан тушаалд эчив. Юунд Хуа Рүн, Ү Юн, Ли Күй зэрэг гурван хүмүүний тушаалд эчихийг өгүүлж Дай Зүн, Руань Сяочи, Чай Жинь зэргийн долон жанжны хожмын төгсгөлийг хэлэв хэмээвээс энэ долоон жанжны үлгэр төгсөж дахин салаа гарахгүй тул урьдаар хожмын төгсгөлийг нь тоочин хэлсэн бөлгөө. Сүн Жян, Лү Жюнь И, Хуа Рүн, Ү Юн, Ли Күй зэргийн таван жанжнаас бас үлгэр үүсэж салаа гарах учраа хожмын төгсгөлийг хэлсэнгүй бөлгөө.
Үзэх мэргэд бээр сударч түшмэл миний залган цолбохыг сонсном болов уу. Өгүүлэх нь Сүн Жян, Лү Жюнь И нар Жин балгаснаа сууж олон жанжинд хишиг шан түгээн хувь хувийн албан тушаалд эчигтүн хэмээн зарлиг буулгасан хойно эзэн төрийн өмнө зүтгэж жагсаалд эндсэн жанжин цэргийн өрх гэрийн хүмүүнд алт мөнгө эд эрдэнэсийн зүйлийг шагнаад хуучин нутагт нь илгээж хожмын өдөр хэрэглэхийг хүлээгтүн хэмээн захив. Жин балгасанд үлдсэн арван таван жигүүрийн жанжнаас ганц Сүн Чин нутаг усандаа харьж тариалан үйлдсэнээс гадна До Син бээр Ли Инийн хамт төрсөн нутаг Дү Лүн Ган-даа эгэв. Хуан Синь бээр Чин жоу фүийн албан тушаалд эчиж, Сүнь Ли бас дүү Сүнь Синь, дүү бэр Гу Да Сао нарын өтөлсөн залууг дагуулан Дэн жоу фү-ийн хуучин тушаалд эчив. Зоу Рүнь бээр түшмэл суух дургүй тул мөн хуучин нутаг Дэн Юнь Шань уулдаа эгэхүйеэ Цай Чин бас Гуань Шэн-г дагаж Бээжиндээ хариад иргэн болов. Пэй Сюань, Ян Линь хоёул зөвлөж тогтоод тушаалыг гээж хуучин газар Ень Ма Чуань-даа харьж амар сэлүүнээр амьдрав. Жян Жин бээр уусан ус унасан шороо юугаа мөрөөдөн санах тул Таньжоу фү-дээ харьж иргэн болов. Жү Ү бээр Фань Руй-ээс увдис сурч хоёулаа Цюань Жэнь сяньшэн болж мөрөн тэнгисээр хэсэн хожим Гүн Сүньшэн-г түшихээр эчиж увдис бясалган мөрийг засаж насан хутгийг төгсгөв.
Мү Чүнь төрсөн нутаг Же Ян Жэнь балгаснаа харьж шударга иргэн болов. Лин Жэнь-ий буун эрдэм адбиш гайхалтай учраа эзэн төрийн оньст дарь галт буу үйлдэх яаманд эчиж албан тушаалд суув. Урагш өдөр эзэн хотноо үлдсэн таван жанжны доторх амьд оточ Ань Даочуань бээр хааны Тай И Юань-ий жинь сэ түшмэл болж, Хуан Фү Дань бээр хааны хүлэг морийг засах түшмэл болж, Жинь Да Жян бээр дотоод ордонд үйлчлэх бао жянь түшмэл болов. Сяо Ран бээр Цай тайшийн ордны тушаалыг хүлээж бичгийн гэрийн эрдэмт багш болов. Юэ Хэ бээр Ван Дү Юй-н ордонд зарагдаж насан эцэслэтэл жарган цэнгэснийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, Сүн Жян, Лү Жюнь И хоёул эзний зарлигийг хүлээж өөр өөрийн тушаалдаа эчив. Лү Жюнь И угаас эм үргүй тул хэд хэдэн шадар ардыг дагуулан Лу жоу фү-ийн албан тушаалд эчихүйеэ, Сүн Жян бас эзэн төрийн өршөөлд сүсэглэж албан журганы олон түшмэлд салах ёсыг гүйцэтгэж хэд хэдэн гэрийн ардыг авч Чү жоу фү-ийн албан тушаалд эчиж, олон жанжин нар нулимс унаган үдэн мордуулж хувь хувийн тушаалд эчив. Үзвээс, угт их Сүн улсын тулгар төрийг байгуулсан тайзү хаан бээр сууринаа тайзүн хаанд уламжлах үед тангараг хийснээс эзэн төрийн зальхай түшмэл үл арилмуй. Эдүгээ Хүй Зүн хаан хэдий сэцэн мэргэн хэмээвч санамсаргүй зальхай түшмэд эрхийг атган харгис ноёд замыг халхалж шударга журамтныг хөнөөн зовлонгийн үндсийг тарьж явах болов. Тэр тухай түв хэмээн Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн дөрвөн зальхай сайд бээр эрхийг олж дэлхий дахиныг самууруулан, улс гүрнийг түйвээж, цэрэг иргэнийг дарлан явах цаг асан ажгуу.
Төдийд юаньшуай-н яамны Тайюй түшмэл Гао Чю, Ян Жянь нар эзэн хаан бээр Сүн Жян зэргийн олон жанжинд хишиг шан хүртээж хүндэд хэрэглэхийг үзээд аюулхай цээжнээ атаархан хорсож ийн зөвлөрүүн: - Сүн Жян, Лү Жюнь И болбоос угаас бидний өшөөт хүмүүн бөлгөө. Эдүгээ эзэн төрийн хишиг шанг хүртэн гэдрэг гавъяат сайд болоод цэрэг ардыг нийгэмлэн захирах түшмэл болсон тул дэлхий дахины хүмүүн бээр маныг эс элэглэх нь үгүй болов. Эртний үгэнд: “хорслыг умартваас эрдэмтэн хүмүүн бус, хорыг тэвчвээс их эр бус” хэмээсэнчлэн эдүгээ хэрхвээс сайн? хэмээхүйеэ Ян Жянь өгүүлрүүн: - Миний бие нэгэн арга гаргаж урьдаар Лү Жюнь И-г хөнөөсүгэй. Ингэвээс Сүн Жян-ын нэгэн мөр автагдсан мэт болох бөлгөө. Сүн Жян-г урьдаар гэнэдүүлсүгэй хэмээхүл Лү Жюнь И хэмээгч угаас хүч чадал мохошгүй сайн эр тул хэрвээ хэрэг сэрэгдэж хувьсгал гаргаваас тэр зовлон гүехэн бус хэмээсэнд Гао Чю асууруун: - Гэгээн гүн ямар сайн арга үүсгэсүгэй хэмээмү? хэмээснээ Ян Жянь өчрүүн: - Лү Жюнь И цэрэг морь элсэн амуу хүнс цуглуулж урвах санаа баймуй хэмээн Лу жоу фү-ийн хуягийн ардад нууцаар сурган Цай тайшийн албан яаманд ховлон заалдуулбаас, Цай тайш эрхгүй эзэн хаанд айлтгаж таслан шийтгэхийг гуйх бөлгөө. Энэ дашрамд бид хүмүүн илгээж Лү Жюнь И-г Жин балгаснаа хууран авчирч хааны шагнах дарсанд сэмээр мөнгөн ус хольж уулгаваас эрхгүй түүний таван цул гэмтэж бие зэмдэг болоод их үйлийг үүсгэж чадахгүй болох бөлгөө. Ингэсэн хойно бид бас эзний элчийг илгээн Сүн Жян-д удаан чанартай хор хольсон дарс бариваас хагас сар болохгүйгээр өвчин олж үхэх бөлгөө хэмээхүйеэ Гао Чю алга ташин баярлаж: - Дээд арга болой хэмээв.
Нэгэн анги шүлэгт эд хоёулыг элэглэн өгүүлсэн нь: Язгуураас зальхай хүмүүн бээр аруухан мэргэдийг хорлож Итгэл журамтны өрхийг бусниулж улс гүрнийг түйдмүй. Эзэн хурмаст ертөнцийн үйлийг эс тольдон айлдваас Эхнэр хүмүүнд сахал ургаж илжгэнд эвэр цухуймуй за. Түүнээс Гао Чю, Ян Жян нарын хоёр зальхай түшмэл зөвлөж тогтоосон хойно сэтгэл зүрх мэт хүмүүнийг зарж Лу жоу фү-ийн хуягийн ардыг дуудан авчирч Лү Жюнь И бээр өдөр бүр цэрэг морь элсэн амуу өвс цуглуулж, урвах санаа үүсгэн үргэлж Чү жоу фү-д хүмүүн илгээн Сүн Жян лугаа нэгдэж хувьсгал гаргахаар бэлтгэж баймуй хэмээн Лү Жюнь И-г заалдах бичиг үйлдэж өгөөд нууцаар сургаж шүми юань яаманд заалдуулав. Тэр шүми юань-ий эрхэлсэн түшмэл Түн Гуань болбоос түв хэмээн Сүн Жян лугаа өстэй тул заалдаж бичгийг хураамжилж Цай тайшийн ордноо орж мэдүүлсэнд Цай Жин бээр олон түшмэдийг дуудаж зөвлөсөн хойно Гао Чю, Ян Жянь зэргийн зальхай түшмэл лүгээ нийлж аргыг тогтоогоод заалдсан хүмүүнийг удирдан дотоод ордноо орж эзэн хаанд айлтгасанд эзэн хаан өгүүлрүүн: - Сүн Жян Лү Жюнь И нар урагш өдөр дөрвөн зүгийн хулгайг арилгаж арван түмэн их цэргийн эрхийг барьсан атал урвах сэтгэл үүсгэсэнгүй бөлгөө. Эдүгээ гажууг гээн төвийг дагасан тул эзэн төрөөс урвах ёс баймуй уу? Нэнд мөхөс хүмүүн бээр тэдэнд огт осолдсон газар үгүй тул ямар аймшиггүй сөргүү санаа үүсэж Сүнийн төрөөс урваж болмуй. Мөхөс хүмүүний санахад үүний дотор эрхгүй зальт арга баймуй. Үнэн ташааг олоогүй тул үгийг итгэмжилж болохгүй хэмээсэнд, Гао Чю, Ян Жянь нар урагш давшиж: - Богд эзний бодлого хэдий түмэн зөв хэмээвч хүмүүний сэтгэлийн совьж мэдэхэд бэрх болой.
Санаваас Лү Жюнь И бээр эрхгүй тушаалыг чамлаж хаан төрд гомдон урвах санаа үүсгээд өөр хүмүүнд сэрэгдсэн буй за хэмээсэнд хаан өгүүлрүүн: - Жин балгаснаа дуудан авчраад мөхөс би биеэр асууваас сая үнэн ташааг олж болмуй хэмээв. Цай Жин, Түн Гуань хоёр бас айлтгаруун: - Лү Жюнь И хэмээгч барс ирвэс мэт хүмүүн тул түүний санааг туршин мэдэхүйеэ бэрх. Хэрвээ хэрэг бүтэхийн урьд живдрээ чимээ гаргаж түүний хилэнг дэгдээвээс зовлонгийн үндсийг тарих бөгөөд хожим нэхэмжлэн баривчлахуйяа бас бэрх болох тул ганц арга хэрэглэн Жин хотноо хууран авчраад богд эзэн өөрийн мутраар дарс шагнан сайн үгсээр тохинуулж дашрамд нийлүүлэн үнэн ташааг олбоос сая болох бөлгөө. Хэрвээ ийм явдал үгүй бөгөөс угчлан асуух хэрэггүй. Ингэвээс сая эзэн хаан бээр гавъяат сайдыг гомдоохгүй болж чадмуй хэмээсэнд эзэн хаан айлтгалыг зөвшөөж нэгэн элчийг томилон Лу жоу фү-д илгээж Лү Жюнь И-г үтэр түргэн эзэн хотноо ирж хэрэглэхийг хүлээ хэмээн захиа уламжлав. Төдийд эзний элч бээр жуу бичгийг авч Лу жоу фү-ийн зүг ирэхүйеэ Лү Жюнь И бээр олон түшмэлийг дагуулан хотын гадна гарч элчийг угтан аваад албан яаманд залж оруулсанд эзний элч бээр хааны жуу бичгийг нээж ухуулан сонсгов.
Лү Жюнь И эзний зарлигийг хүлээж эзний элчийн хамт Лу жоу фү-ээс салаад хүлгийн жолоо хөнтрөн Жин балгасыг чиглэн явсаар нэгэн өдөр Дунжин-ийн ойр хүрч ирээд Хуан Чэн Сэ яамны өмнө хүрч хөл амрав. Жич өдрийн өглөө, Дүн Хуа Мэнь хаалгаар шургаж эзэн хааны өглөөний бараалалд залрахыг хүлээхүйеэ тайш түшмэл Цай Жин, шүми түшмэл Түн Гуань, Тайюй түшмэл Гао Чю, Ян Жянь нар Лү Жюнь И-г удирдаж жигүүрийн харшнаа гарч өвдөг нугалан сөгдөж түмэн наст хэмээн дуудсанд эзэн хаан: - Мөхөс хүмүүн бээр чин чиний нүүрийн өнгийг үзсүгэй хэмээн зарлиг буулгаж Лү Жюнь И-г дуудан ойр аваачаад: - Чин чи Лу жоу фү-ийн газар бие оршвоос болмуй уу? хэмээн асуусанд Лү Жюнь И тэргүүн дарж мөргөөд: - Богд эзний тэнгэр газар мэт их өршөөлд сүсэглэн тус жоуын цэрэг иргэн маш амарлингуй баймуй хэмээн айлтгасанд тэнгэрийн хөвүүн энэ тэрийг асуусаар удсангүй үдийн зоог барих цаг болсонд хааны зоогийг өргөх харшийн түшмэл урагш ирж: - Богд эзний зоогийг базааж төгсөв. Олдохул эзэн хаан зарлиг буулгаж зоогийг дотогш оруулах болов уу хэмээн айлтгав. Тэр үед Гао Чю, Ян Жянь нар хэдийн мөнгөн усыг хольсон дарсыг гаргаж луун ширээнээ тавьсанд хаан эзэн бээр өөрийн мутраар дарс хэмнэж Лү Жюнь И-д өгснөө Лү Жюнь И тосон авч хишигт мөргөж ам руугаа хөнтрөв. Тэнгэрийн хөвүүн тохинуулан өгүүлрүүн: - Сайд чи Лу 834 СҮН УЛСЫН ХҮЙТЭН УУЛЫН БИЧИГ жоу фү-дээ эгсэн хойно эрхбиш хүчлэн зүтгэж цэрэг иргэнийг амаржуулж өөр санаа битгий үүсгэ хэмээхүйеэ Лү Жюнь И бээр дөрвөн зальхай сайдын аргад гэнэдэгдсэнээ огт мэдэхгүй тэргүүн дарж хишигт мөргөөд дотоод ордноос гарч Лу жоу фү-ийн зүг эчихүйеэ Гао Чю, Ян Жянь нар: - Эрхгүй их үйл бүтэв хэмээн сэмээр баярлав.
Түүнээс Лү Жюнь И бээр шөнө дүлээр Лу жоу фү-ийн зүг ирэхүйеэ замын зуур гэнэт гэдэс мушгиран өвдөж хөл нуруу хөдөлгөж болохгүй болсонд морийг хаяж онгоцонд сууж Сэ жоу фү-ийн хязгаар дахь Хуай Хэ голын доор хүрч ирэв. Тэр үе түв хэмээн Лү Жюнь И-ийн урьд төрөлд тавьсан тоо хэмжээ төгсөх цаг болсон тул мөн үдэш дарснаа согтож онгоцон толгой дээр сэлгүүцэн зогссоор санамсаргүй мөнгөн усны хор хэвлийд гүйж гэдэс мушгиран нуруу хөшиж, судал шөрмөс таталдаж их л өвдсөнд гэнэт хөл алдан Хуай Хэ голын гүн усанд унаад бие егүүтгэв. Хайран Хэбэй газрын бодь цагаан гөрөөс нэгэнт усанд унаж хилс чөтгөр болов. Дагасан ард бээр түүний усанд эндсэнийг үзээд их л гэлмэж хүүрийг нь шүүн гаргаад авс бэлтгэн Сэ жоу фү-ийн хязгаар дахь өндөр уул ягч шугуйн дунд оршуулж яамны түшмэлийн хамт албан бичиг үйлдэн эзэн хотноо довтолгов. Төдийд Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн зальхай түшмэл бээр Сэ жоу фү-ийн албан бичгийг хураамжлан олоод дотоод ордноо орж эзэн хаанд ийн айлтгаруун: - Илбэн тохруулагч түшмэл Лү Жюнь И бээр дарснаа согтож хөл алдан Хуай Хэ голд унаж зуурмаг болов хэмээн Сэ жоу фү-ийн албан яамнаас тамгат бичиг довтолгосон тул чин бид аймшиггүй нуун дарж үл болмуй. Эдүгээ Лү Жюнь И нэгэнт үхсэн тул ганц Сүн Жян бээр сэжиг авч өөр сэтгэл үүсэх болуузай хэмээмүй. Ийнхүү эзэн хаан элч илгээн амтат дарс шагнаж түүний сэтгэлийг амуулж сэжгийг нь алдрааваас зохином бөлгөө хэмээв.
Тэнгэрийн хөвүүн үүнийг сонсоод айлтгалыг эс зөвшөөрсүгэй хэмээхүл Сүн Жян ямар сэтгэлтэй болсныг мэдэхгүй, зөвшөөсүгэй хэмээхүл Цай Жин нар гэм хийж зальт арга үүсгэх болуузай хэмээн удтал тогтоож чадахгүй урт сүүрс алдсанд Цай Жин зэргийн дөрвөн хүмүүн зүүн баруун этгээдээс уран үг үүсгэн дахин дахин ятгасанд тэнгэрийн хөвүүн удаандаа арга буюу үгийг дагаж нэгэн элчийг дуудан амтат дарс хоёр бодон өгч өдөр хоногийг болзон Чү жоу фү-ийн зүг эчигтүн хэмээн зарлиг буулгав. Үзвээс эзний илгээсэн энэ элч болбоос Гао Чю, Ян Жянь нарын сэтгэл зүрх мэт хүмүүн болохын дээр Сүн Жян-ын тэнгэрээс тогтоосон тоо хэмжээ төгсөх цаг болсон тул зальхай түшмэд бээр хэдийн эзний шагнасан амтат дарсанд удаан чанартай хорыг хольж элчид тушаан Чү жоу фү-ийн зүг илгээсэн ажгуу. Түүнээс Сүн Жян бээр Чү жоу фү-ийн амуулан төвшитгөгч түшмэл бөгөөд цэрэг морийг ерөнхийлөн захирах зүн гуань болсноос нааш цэрэг иргэнийг илбэн өршөөж цааз ёсыг чандлан хэрэг заргыг төв голчоор шийтгэж таслах тул зуун овогтон бээр түүнийг эцэг эх мэт сүсэглэн цэрэг жанжин бээр хувилгаан сахиус мэт шүтэж хүмүүний сэтгэлийг их л олж хууль ёс маш тодорхой болжээ.
Төдийд Сүн Жян бээр албан хэргийг шийтгэж төгсгөсөн хойно сул цагтаа үргэлж хотын гадна гарч сэтгэлийг сэргээн зугаацан наадах бөлгөө. Тэр үед Чү жоу фү-ийн өмнө хаалган доор дөрвөн талаар ус хүрээлж дунддад нэгэн уул сүндэрлэсэн Ляо Эл Ва хэмээх нэгэн газар байх ажгуу. Энэ газар хэдий нэгэн бага газар хэмээвч хад чулуу сүглийж луу барс ичээлэн нарс майлс хөхөрч, ороонго зэл хэлхээлдэн этгээд гайхалтай өнгө үзэмжтэйн дээр эргэн тойрон хөх ус нэлийж нарийн давалгаа босоод Лян Шань уулын уст цайз лугаа эгээ адилхан тул Сүн Жянихэд баярлаж дотроо ийн санаруун: - Энгийн өдөртөө энд ирж сэтгэлийг сэргээн зугаацан наадаж хожмын өдөр нүд аниваас хүүр ясаа энэ газар тавьсугай хэмээн боддог бөлгөө. Сул үгийг нуршихуун ч үгүй. Түүнээс Сүн Жян бээр албан тушаалд дэвшиж удсангүй хагас оныг өнгөрч их Сүн улсын Сюань Хэ-ийн зургадугаар оны зуны тэргүүн сар болов. Нэгэн өдөр Сүн Жян бээр эзэн төрийн их элч бээр хааны шагнасан амтат дарсыг авч урагш ирмүй хэмээн сонсоод олныг дагуулан хотоос гарч угтан оруулснаа эзний элч бээр хаан эзний жуу бичгийг ухуулан сонсгож амтат дарсыг гаргаж Сүн Жян-д барьсанд Сүн Жян бээр дарсыг тогтоон авч хоолой руугаа хөнтрөөд хариу дарс хэмнэж эзний элчид бариваас эзний элч би дарс ууж чадахгүй хэмээн шалтаглаж тогтоон авсангүй.
Сүн Жян бээр хуримын ширээ засаж эзний элчийг хүндлэн дайлаад ёсны бэлгийг өргөн бариваас элч бээр бэлгийн юмыг хүлээн авсангүй Жин хотноо эгэв. Сүн Жян бээр амтат дарсыг балгаснаас удсангүй аюулхай хэвлий мушгиран өвдсөнөө хорт дарс болов уу хэмээн их л сэжиглэж хүмүүн илгээж ирсэн элчийг туршуулан байцаалгаваас замын гудас өртөө буудлаар бууж архи дарс тасрахгүй уумуй хэмээн мэдүүлсэнд Сүн Жян бээр зальхай түшмэдийн зусар аргад гэнэдэгдэж хорт дарс ууснаа совьж мэдээд урт сүүрс алдан: - Миний бие хараахан багаас богд эрдэмтний ёсыг төсөөлж өөлэй өндөр болсон хойно албан яамны тушаалд дэвшиж хэдий завшаан бусаар ялд унасан боловч хуруун төдий гажуу үйлийг үйлдсэнгүй бөлгөө. Эдүгээ эзэн хаан бээр зальхай сайдын уран хоншоорт бачлагдан хорт дарс илгээж Сүн Жян надад шагнасан нь илэрхийеэ ял тулгахаас өөр ямар газар баймуй? Сүн Жян би үхэхэд хэдий харъяагүй хэмээвч Рүнь жоу фү-ийн тушаалд эчсэн Ли Күй бээр эзэн төрийн зальт аргыг сонсвоос эрхгүй уулан шугуйд хүмүүн цуглаан улс гэрийг үймүүлж Сүн Жян миний нэгэн насны ариун нэр шударга журмыг булхдуулах тул ганц ийм тиймээр үйлдвээс зохимуй хэмээгээд Ли Күй лүгээ өөр зөвлөх хэрэг баймуй хэмээн шөнө дүлээр Рүнь жоу фү-д хүмүүн илгээж дуудуулав.
Түүнээс Ли Күй бээр Рүнь жоу фү-ийн албан тушаалд эчсэнээс нааш эгнэгт өвчүү цээжнээ бухимдаж өдөр дуустал хундага дарс лугаа нөхөрлөж жарган суутал нэгэн өдөр Сүн Жян бээр элч илгээн дуудуулав хэмээн мэдүүлсэнд Ли Күй өгүүлрүүн: - Миний ах намайг дуудуулсан нь эрхгүй зөвлөх хэрэг байх буй за хэмээгээд ирсэн хүмүүний хамт онгоцонд суун Чү жоу фү-ийн зүг ирж албан яаманд ороод Сүн Жян-д ёслон золгосноо Сүн Жян өгүүлрүүн: - Олон ах дүү нар лугаа салалцсанаас нааш өдөр бүр өвчүү цээжнээс гарахгүй. Цэргийн багш Ү Юн-ийн эчсэн Ү Шэн жюнь-ий газар эндээс маш хол бөгөөд дүү Хуа Рүн-ийн байх Ин Тянь фү-ээс өдий болтол чимээ сураггүй баймуй. Ганц дүү чиний суух Рүнь жоу фү болбоос эндээс их л ойр тул нэгэн их үйлийг зөвдсүгэй хэмээн тухайлан чамайг дуудуулсан бөлгөө хэмээхүйеэ Ли Күй их л цочиж: - Ямар их үйл болов? хэмээсэнд Сүн Жян бээр: - Урьдаар дүү чамд дарс баахан уулгая хэмээгээд хойд өрөөнөө дагуулан орж архи хэмнэн Ли Күй-г шаардсанд Ли Күй тэр дарсыг халамштал уужээ. Архи уулцах зуур Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү мэдэхгүй бөлгөө. Эдүгээ эзэн төрөөс хүмүүн илгээж хорт дарсыг хүргэжээ. Хэрвээ би үхэхүл хожмын өдөр хэрхвээс сайн? хэмээснээ Ли Күй өндөр дуугаар: - Ах минь, урвахад хүрэхгүй хэмээв.
Сүн Жян өчрүүн: - Цэрэг морь цөм сарнисан дээр олон ах дүү нар бас зүг зүгтээ салж эчсэн тул эзэн төрөөс урваж чадмуй уу? хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Миний харъяат газар Жэнь Жян-д байх гурван мянгаад цэрэг морь ба ахын харъяа Чү жоу фү-ийн цэрэг жанжныг бүртгэн дагуулж энэ газар суусан зуун овогтныг дайчлан цэрэг морио элсэн өргөтгөж дахин Лян Шань уулнаа алан гараад санаан таваар явах нь харгис түшмэлийн эрхэн доор үйлчилж ичгүүрийг хүлээхээс түмэн хувь дээр бус уу? хэмээсэнд Сүн Жян: - Дүү чи алгуурлан үйлдэж дахин арга бодсугай хэмээв. Үзвээс Сүн Жян бээр Ли Күй-д барьсан чилээ тайлах дарсанд хэдийн хорт архийг хольсон ажгуу. Мөн үдэш Ли Күй хорт дарсыг балгаж жич өдөр онгоцноо сууж мордохуйяа Сүн Жян-ын зүг ийн өгүүлрүүн: - Ах чи хэзээ цэрэг үүсгэсүгэй хэмээмүй? Тэр үед би харъяат цэргийг авч өмөглөн байлдсугай хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү бээр Сүн Жян надад гомдож болохгүй. Урагш өдөр эзэн төрөөс элч илгээж хорт дарсыг шагнасан тул Сүн Жян миний үхэх нь өглөө үдшийн хооронд болов. Миний бие нэг насандаа “шударга журам”-ыг хичээн өчүүхэн төдий осолдсонгүй боловч эзэн төрөөс ялгүй надад үхэхийг шагнасан бөлгөө. Хэдий тийн хэмээвч эзэн төр Сүн Жян намайг үтээрч болохоос бус Сүн Жян би шударга сэтгэлийг барьж хэрхэвч эзэн төрийг үтээрэхүүн ч үгүй.
Намайг үхсэн хойно мэргэн дүү чамайг урвалга гаргаж тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй хэмээн Лян Шань уулын шударга журамт нэрийг гутаах болуузай хэмээн тухайлан энд дуудан авчирч өчигдөр шөнө удаан чанартай хор хольсон дарсыг уулгасан тул санаваас Рүнь жоу фү-дээ харимагц бие барах буй за. Тийнхүү энэ Чү жоу фү-ийн өмнө хаалган доор Лян Шань уулын өнгө үзэмж лүгээ эгээ адилхан Ляо Эл Ва хэмээх нэгэн газар байхуй тул дүү чи бие барсан хойно хүүр ясаа энэ газар тавьж шударга сүнсийг нэгэн доор нийлүүлсүгэй хэмээмүү. Сүн Жян би урагш өдөр хэдийн энэ газрыг үзэж тоосон тул бас үхсэн хойно хүүр онгоныг эрхгүй энд тавьсугай хэмээгээд сувдын мөхлөг бөмбөрөх мэт нүдэн нулимсыг асгаруулсанд Ли Күй бас: - Амьд сэрүүн ахудаа ах чамайг асран хүндэлж үхсэн хойно бас мэргэн ахын шадар үйлчлэх нэгэн бас чөтгөр болох буй за хэмээн нулимс бөмбөрүүлэхийн сацуу гар хөл нь хэдийн хөшүүн болов. Төдийд Ли Күй бээр халуун нулимсаа бөмбөрүүлсээр Сүн Жянаас аяарлан салаад онгоцонд суун Рүнь жоу фү-дээ ирээд дэмий удсангүй архины хор нь биед гүйж дээш бадарсанд амьсгал хураахаас өмнө шадар ардыг дуудан: - Намайг үхсэн хойно хүүр ясыг эрхбиш Чү жоу фү-ийн өмнө хаалган доорх Ляо Эл Ва хэмээх газар тавьж ах Сүн Жян лугаа нэгэн доор оршуултугай хэмээн гэрээсэлж бараад нүд анив.
Шадар ард бээр түүний гэрээсэлсэн ёсоор хүүр ясыг нь авсалж өмнөш ирэхийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Сүн Жян бээр нулимс унаган Ли Күй-г үдэн мордуулсан хойно Ү Юн, Хуа Рүн нарт учирч чадахгүй болов хэмээн өвчүү цээжнээ гомдон зовнисоор мөн үдэш архин хор дээш сахгаж амьсгал хураах болсноо шадар ардыг дуудан: - Намайг үхсэн хойно хүүр ясыг өмнө хаалган доорх Ляо Эл Ва-ын өндөр газар тавиваас Сүн Жян би үнэн газар хүрсэн хойно эрхгүй таны олуулын ачийг хариулсугай. Тийнхүү миний үгээс битгий зөрчигтүн хэмээн захиж бараад нүд аньж амьсгал хураав. Шадар ард бээр түүний хүүр ясыг авслан буян ном үйлдэх бөгөөд Чү жоу фү-ийн албан түшмэл бээр Сүн Жян-ын гэрээсийг журамлан шадар ардыг нь дагуулан авсыг дамнан өмнө хаалганы зүг эчихүйеэ тус жоу-ын зуун овогтон хөгшдийг түшиж хүүхдээ дагуулан авсыг нь хүргэж Ляо Эл Ва-д оршуулав. Дэмий хэд хоносонгүй Ли Күй-ийн хүүр ясыг бас Рүнь жоу фү-ээс авчирч Сүн Жян-ын хүүрийн хажууд оршуулжээ.
Түүнээс Сүн Чин өрх гэртээ сууж өвчнөө сувилж адал гэрийн ард дотогш орж Сүн Жян хэдийн Чү жоу газар бие барав хэмээн мэдүүлсэнд өөрийн бие өвчинд баригдсан учраа урагш ирж чадсангүй. Хожим бас хүүрийг нь Чү жоу фү-ийн өмнө хаалган доорх Ляо Эл Ва-д оршуулав хэмээн сонсоод гэрийн ардыг илгээн тахил тавилга өргүүлж хүж зул асаалган буян ном үйлдүүлснийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ү Шэн жюнь-ий чэн сюань ши түшмэл Ү Юн бээр тушаалд дэвшсэнээс нааш өдөр бүр Сүн Гүн Мин-г мөрөөдөн санагалзаж өвчүү цээжнээс үүр гарахгүй ажгуу. Гэнэт нэгэн өдөр элэг зүрх дэлдэж идэж ууж орохгүй болсноо их л гайхаж нүд даран дугжирсанд Сүн Жян, Ли Күй хоёул урагш ирж түүний ханцуйгаас татаад: - Цэргийн багш минь! Урагш өдөр бид итгэл журмыг хичээн, тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж тэнгэрийн хөвүүнийг огт үтээрсэнгүй бөгөөтөл эдүгээ хорт дарс шагнаж ялгүй манд үхэхийг хүртээв. Бид бие барсан хойно хүүр ясыг Чү жоу фү-ийн өмнө хаалган доорх Ляо Эл Ва хэмээх газар тавьжээ. Цэргийн багш бээр урагш өдрийн найр сэтгэлийг бодвоос өөрийн биеэр урагш ирж маны хүүр онгоныг эргэж үзэх болов уу хэмээсэнд Ү Юн их л гэлмэж лавлан асуусугай хэмээтэл цочин сэржээ. Үзвээс зүүд зүүдэлсэн ажгуу.
Төдийд Ү Юн бээр энэ зүүдийг зүүдэлснээс сэтгэл амаргүй болж идэж ууж чадахгүй зовнин нулимс унаган нэгэн шөнийг өнгөрүүлэв. Жич өдөр ор дэвсгэрийг багцалж зарц ардыг дагуулахгүй ганц биеэр гиюүрэн алхсаар Чү жоу фү-ийн доор ирж үзвээс Сүн Жян нар үнэхээр бие барж ойр хавийн ард иргэд бээр эс гашуудан зовних хүмүүн үгүй тул Ү Юн бээр хүүр онгоны өмнө хүж зул асаан хөшөө чулууг нь тэвэрч уйлан өгүүлрүүн: - Өршөөлт ахын шударга сүнс өчүүхэн хүмүүний нимгэн санааг тольдном болов уу. Ү Юн би угт хөдөө гацааны нэгэн гүдэг оюутан бөлгөө. Анх Чао Гай-г дагаж үйлчилж сүүлээр мэргэн ахын гэгээн нүүрт олж бараадан амь насыг даатгаад амар суусаар эрхэм баяныг эдэлж арван он болсон нь цөм мэргэн ахын өршөөл бөлгөө. Эдүгээ эрхин ах бээр улс гүрний төлөө биеийг өргөн, өчүүхэн хүмүүнд зүүд өгч мэргэн сургаалыг хүртээсэн тул Ү Юн би дуртайяа мэргэн ахын хамт есөн булгийн доор хэвтэж их ачийг чинь хариулсугай хэмээн гашуудан уйлж хүзүүгээ боомилсугай хэмээтэл Хуа Рүн бас суман онгоцонд сууж хөшөөний хажууд хүрч ирснээ хоёр хүмүүн их л цочжээ. Ү Юн асууруун: - Мэргэн дүү Ин Тянь фү-ийн тушаалд агаад ах Сүн Гүн Мин-ийн таалал төгссөнийг хэрхэн олж мэдэв? хэмээхүйеэ Хуа Рүн өгүүлрүүн: - Миний бие олон ах дүү нараас салж тушаалд эчсэнээ нааш өвчүү цээжнээ үүр мөрөөдөн санагалзаж өдөр бүр сэтгэл амаргүй болсон бөлгөө.
Урагш шөнө Сүн Гүн Мин, Ли Күй хоёул урагш ирж миний ханцуйгаас татаад эзэн хаанаас хорт дарсыг шагнаж хорлон алав хэмээн уйлан хэлээд хүүр ясыг Чү жоу фү-ийн өмнө хаалган доорх Ляо Эл Ва хэмээх газар оршуулав. Дүү хэрвээ урагш өдрийн найр санааг умартахгүй бөгөөс урагш ирж онгон хүүрийг минь эргэн үзэгтүн хэмээхүйеэ Хуа Рүн би цочин сэрвээс зүүд асан ажгуу. Тийнхүү дүү би нэгэн шөнийг нүд аньсангүй өнгөрөөж өрх гэрийг хойноо хаяж, шөнө дүлээр суман онгоцыг сэлсээр хүрч ирсэн бөлгөө хэмээснээ Ү Юн өгүүлрүүн: - Миний бие бас урагш шөнө дүү чиний мэт гайхалтай зүүд зүүдэлсэн тул энд хүрч ирэв. Сая Ү Юн миний бие Сүн Гүн Мин-ийн өршөөл эрдмийг санагалзан ачийг хариулан чадахгүй хэмээн гомдож хүзүүгээ боомилж үхээд шударга сүнсийг ах Сүн Гүн Минийн хамт нэгэн доор нийлүүлсүгэй хэмээмү. Хожмын үйлийг мэргэн дүү чамд найдсугай хэмээсэнд Хуа Рүн өгүүлрүүн: - Цэргийн багш ийм санаа буй бөгөөс би бас дуртайяа чамайг дагаж өршөөлт ахын хамт үхэж төрөхийг хамтатгасугай хэмээв. Үзвээс, тэнгэрийн доорх сайн эрийн үхэж төрөхөө хамтатгах нь үнэхээр ийм асан ажгуу.
Шүлэгт өгүүлсэн нь: Хулс зэгст Ляо Эл Ва-аас гайхалтай зүүд өгснөө Хуа Рүн Ү Юн хоёр хүмүүн гашуудан гомдож зогсохгүй. Өвчүү цээжний итгэл журмыг угт хамтатгасны учраа Эзгүй хээр өнчин хүүрийг хэрхэн түвдэж оршуулмуй? Төдийд Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн нүд аньсан хойно хүүр ясаа дүү чамд найдаж энэ газар оршуулсугай хэмээж атал чамд бас ийм бодлого орох нь юун? хэмээхүйеэ Хуа Рүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн бас Сүн Гүн Мин-ийн урагш өдрийн өршөөл журмыг умартан чадахгүй бөгөөд их ачийг өвчүү цээжнээ үүр мөрөөдөх бөлгөө. Бид Лян Шань уулнаа байх цагт хэдий их ял үйлдсэн хүмүүн боловч завшаанаар зуурмаг болсонгүй. Хожим эзэн хаан бээр өршөөлийг хүртээн ялыг уучилж эзэн төрдөө илбэн дагуулснаар манай олон жанжин зүүнш баруун дайлж цэргийн гавъяа байгуулаад алдар нэр алтан дэлхийд мандав. Хэдий тийн хэмээвч эзэн хаан эдүгээ сэжиглэх санаа үүссэн тул хожмын өдөр эрхгүй өө сэв эрэн ял асуух бус уу? Тэр үед бид зальхай түшмэлд хөнөөгдөн хилс хэрэгт мушгигдаж эрүү цаазыг амсахуйяа хэдий гомдовч оройтох тул эдүгээ өршөөлт ахын хамт есөн булгийн доор хэвтэж ариун нэрийг алтан дэлхийд үлдээвээс сая хүүр бунхныг тавих газартай болох бус уу? хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Мэргэн дүү бээр миний хэлэхийг сонсогтун.
Ү Юн надад өрх гэр үгүй, бие ганцаар тул үхэхэд ямар харъяа байх аж? Ганц дүү чамд амраг гэргий нялх хөвүүн байх учраа тэд чамаас салбаас чухам хэнийг түших буй за хэмээснээ Хуа Рүн өгүүлрүүн: - Энэ хэрэг гайгүй бөлгөө. Энгийн цагт миний нөөж хадгалсан эд ашиг тэднийг тэжээж гүйцэх бөгөөд гэр өрхийг бас харгалзах хүмүүн баймуй хэмээгээд хоёул хүзүү хүзүүгээ тэврэн нэгэн зэрэг уйлж нарс модноос боомилж үхэв. Тэр үед Хуа Рүн-г дагаж эчсэн ард онгоцон өрөөнөө удтал хүлээвч эзэн нь харьж ирэхгүйд их л гайхан хүүрийн хажууд ирээд үзвээс Хуа Рүн хэдийн боомилж үхсэн тул их л гэлмэж жоу-ын эрхэлсэн түшмэлд мэдүүлснээ эрхэлсэн түшмэл хүүрийг нь хураалган авс бэлтгэж оршуулаад Ляо Эл Ва дахь Сүн Жян-ын хөшөөний зүүн баруун талд тавив. Чү жоу фү-ийн зуун овогтон бээр Сүн Жян-ын өршөөл журмыг санаж сүм хийд байгуулан тахил тавилга өргөж хүж зул шатаан наманчлан мөргөхүйеэ Сүн Жян-ын шударга сүнс бас удаа дараагаар ёр бэлгэ үзүүлж, даатган гуйсан зүйлийг эс бүтээхүүн ч үгүй болсныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь их Сүн улсын Дао Жюнь хааны бие эзэн хотноо сууж Сүн Жян нарт амтат дарс шагнаснаас нааш олон жанжны чимээ сургийг олж сонсохгүй тул өвчүү цээжнээ эргэлзэн сэжиглэж үүр мөрөөдөн дурсах боловч Гао Чю, Ян Жянь зэргийн зальхай сайд уран хоншоороор бачлан айлтгаж, шударга журамтны ирэх замыг хаагаад, аруухан мэргэдийг хөнөөн хорлох учраа аргагүй алмайрч асан бөлгөө.
Нэгэн өдөр эзэн хаан бээр дотоод ордноо сул алхсаар гэнэт Ли Ши Ши-г санаж олоод хоёр тайганыг дагуулан нүхэн замд шурган Ли Ши Ши-ийн ар хүрээлэнгийн доор ирж хаалгыг түлхэн хонхыг дуугаргаж дохио өгсөнд Ли Ши Ши их л сандран угтан гарч ирээд эзэн хааныг залж дотоод өрөөнөө оруулсанд хаан эзэн бээр хаалга үүдийг дарж бэхлэгтүн хэмээн зарлиг буулгав. Ли Ши Ши үс гэзгийг даруулан оо энгэсгийг түрхэж бие нахилзуулан урагш сөгдөөд лагшин тунгалгийг айлтгасанд тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Мөхөс хүмүүн бээр энэ хэдэн өдөр хижиг томууд дайрагдан амьд оточ Ань Даочуань-аар эмнэн засуулсаар санасангүй арваад өдөр болж амраг чин лүгээ уулзсангүй тул маш мөрөөдөн санах бөлгөө! Энэ өдөр завшаанаар амраг чинд олж золгосон тул мөхөс хүмүүн маш баярланам бөлгөө хэмээвээс Ли Ши Ши айлтгаруун: - Богд эзний тэнгэр мэт их өршөөлийг өчүүхэн шивэгчин үнэхээр хариулахуйяа бэрх болой хэмээгээд хуримын ширээ засаж хундаганд дарсыг хэмнэж хаан эзэнд бариад хэдэн хундага уутал хаан эзний бие баахан чилж ширээг түшин үүрэглэхүйеэ бадамлан гэрэлтэх зулын гэрэл доороос нэгэн зэрэг живүүн жавар үлээв.
Богд эзэн нүд өргөн үзвээс шар магнаг хэдэрсэн нэгэн хүмүүн өмнө зогсох тул их л хиртхийж: - Чи ямар хүмүүн? Юуны учир энд зогсмуй? хэмээн асууваас шар магнаг хэдэрсэн тэр хүмүүн айлтгаруун: - Чин би болбоос Лян Шань уулын Сүн Гүн Мин-ийн цацрын доорх хий хүлэгт тайбао Дай Зүн бөлгөө хэмээхүйеэ хаан асууруун: - Чи юуны учраа энд ирэв? хэмээсэнд Дай Зүн өчрүүн: - Ах Сүн Жян бээр хойно хүлээх тул богд эзэн биеийг зүдээн хөсөг тэрэгт сууж хамт мордох болов уу хэмээв. Хаан асууруун: - Намайг хөсөг сүйхэнд суулгаж хааш аваачсугай хэмээмүй? хэмээвээс Дай Зүн өчрүүн: - Өнгө үзэмж төгссөн нэгэн газар аваачиж эзэн хааны сэтгэлийг сэргээсүгэй хэмээмүй хэмээхүйеэ хаан эзэн бээр Дай Зүн-г дагаж хойд хүрээлэнд ирвээс сүйхийг нэгэнт бэлтгэсэн тул Дай Зүн-ийн хамт тэрэгт гарснаа тэр тэрэг үүл хөлөглөн униар дэгдэх мэт довтолж чихэн сонорт ганц аянга салхины дуу сонстож удсангүй нэгэн газар хүрч ирэв. Хаан эзэн бээр луун нүдийг сөхөж үзвээс: - Униар хүдэн хөвхөс хөвхөс уул ус бүрэг бараг, ногоон ус номин тэнгэр өнгө нэг, нарны туяа сарны гэрэл үл үзэгдмүй. Цоморлон дэлгэрэх шимэлдгийн цэцэг нүд дүүрэн улаан, цухуйн сажлах лянхуан навч хараа нэвт ногоон. Хос галуу хулс зэгснээ нисэхүйеэ ганганалдах дуу уяралтай. Зуйрай тагтаа жигүүр хумин оломд хоноглохуйяа донгодох эгшиг гашуун. Унах шүүдэрт улиас навч сэлбэлзэж, үеийн нөхөр нулимс бөмбөрүүлж хагацан салалцах мэт, үлээх салхинаа удан намаа сэрчигнэж, үзэсгэлэн хүүхэн хөмсөг атиран зовних адил. Гийврэх сар гэрэлтэх од дуусашгүй шөнө, гялтганах шүүдэр сэрүүн салхи цаглашгүй намар.
Түүнээс эзэн хаан бээр хүлгийн дээрээс тэр газрын өнгө үзэмжийг магтан зогсохгүй Дай Зүн-ээс асууруун: - Энэ ямар газар болов. Мөхөс хүмүүнийг энд авчирсан нь яасугай хэмээмүй? хэмээхүйеэ Дай Зүн бээр уулан доорх хавцал боомтыг хуруугаар зааж өгүүлрүүн: - Эзэн хаан бээр урагш эчвээс учрыг мэдэж болмуй хэмээгээд хүлэг хийсгэн уулнаас буугаад гурван боомтыг өнгөрөн гурван цайзыг давж эзэн хаан нүд өргөн үзвээс алтан дуулга мөнгөн хуяг хэдэрч хэмэрлэг дээл хоргой бүс хийсгэсэн зуугаад хүмүүн өмнөд газар тэврэн сөгдөх тул эзэн хаан их л цочиж: - Тэр олон хүмүүн болбоос ямар хүмүүн буй за? хэмээн асуусанд гардийн жигүүрт алтан дуулга дарж хэмэрлэг цацагт мөнгөн хуяг хэдэрсэн тэргүүнд сөгдөх тэр хүмүүн урагш ирж өвдөг нугалан сөгдөөд: - Чин миний бие түв хэмээн Лян Шань уулын Сүн Жян бөлгөө хэмээв. Хаан асууруун: - Мөхөс хүмүүн бээр чин чамайг Чү жоу фү-ийн амуулан төвшитгөгч түшмэлээр томилсон атал энд ирсэн нь юун? хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Урьдаар эзэн хааныг шударга журмын танхимд залсан хойно сая чин би өвчүү цээжний хилс гүжрийг тоочин айлтгасугай хэмээв. Төдийд эзэн хаан бээр шударга журмын танхимын үүдэнд хүрч хүлгээс буугаад танхимд гарч үзэхүл индрийн доорх униар хүдэнгийн дунд зуу илүү хүмүүн гар тавин зогсох тул хараахан сэжиглэж атал тэргүүнд зогссон Сүн Жян бээр индэр өөд мацалхийлэн гарч өвдөг нугалан сөгдөөд нулимс унаган гашуудан уйлсанд тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Чин чи юуны учир нулимс унагах аж? хэмээхүйеэ Сүн Жян айлтган өгүүлрүүн: - Чин зэргийн олон жанжин урагш өдөр хэдий тэнгэрийн цэргийг сөрсөн боловч үүр шударга журмыг хичээн огт өөр сэтгэл үүсгэсэнгүй бөлгөө.
Эзэн хаан жуу бичиг буулган илбэн дагуулснаас нааш урьдаад Ляо улсыг ухруулж, сүүлээр гурван газар дэгдсэн самуун хулгайг төвшитгөж эгэхүйеэ элэг зүрх мэт холболдсон ах дүү нараас арван хүмүүний найм нь хохирчээ. Хожим эзэн хааны зарлигаар Сүн Жян би Чү жоу фү-ийн албан тушаалд томилогдож унтаж хэвтэхийг ард иргэд лүгээ нэгтгэн жаргал зовлонг хамтатган явтал эзэн хаан бээр хорт дарсыг чин надад хүртээжээ. Хэдий тийн хэмээвч чин би үхэвч гомдохгүй. Ганц дүү Ли Күй бээр хорсол өвөрлөж өөр санаа үүсгэх болуузай хэмээн тухайлан Рүнь жоу фү-ээс дуудан авчраад Сүн Жян би өөрийн гараар хорт дарсыг барьж алсанд Ү Юн, Хуа Рүн нар урагш өдрийн шударга журмыг санаж Сүн Жян миний онгоны өмнө ирж өөрийн хүзүү юүгээ боомилж үхэв. Бид дөрвүүлийн хүүрийг бүрнээ Чү жоу фү-ийн өмнө хаалган доорх Ляо Эл Ва хэмээх газар оршуулсанд ойр хавийн ард иргэд бээр өр өвдөн энэрч сүм хийд цогцлон өгчээ. Тийнхүү манай зэргийн шударга сүнс сарнихгүй нэгэн газар нийлэн цуглаад эзэн хаанд учирч өвчүү цээжний хилс гүжрийг тоочин айлтгаж шударга санааг цагаатгасугай хэмээх тул эзэн хаан бээр өршөөн аваачих болов уу хэмээсэнд эзэн хаан их л цочиж: - Мөхөс хүмүүн өөрийн гараар амтат дарсыг шагнаж элчид тушаан илгээсэн бөлгөө. Ямар хүмүүн дундаас амтат дарсанд хор хольсон аж? хэмээхүйеэ Сүн Жян айлтгаруун: - Богд эзэн бээр зарсан элчийг дуудан асууваас түүний доторх заль мэхийг олж болмуй хэмээв.
Богд эзэн бээр боомт цайзын сүрлэг бэхийг үзээд гайхаш алдан өгүүлрүүн: - Чин таны цугларсан энэ газар ямар газар хэмээмүй? хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Энэ газар болбоос олон жанжин амьд сэрүүн байх цагтаа хурж цугларсан Лян Шань уул болой хэмээсэнд хаан бас асууруун: - Чин та нар нэгэнт нүд аньсан тул чухам төрөл олбоос зохих атал энд цугларсан нь юун? Сүн Жян бас айлтгаруун: - Хурмаст тэнгэр бээр олон жанжны урагш өдрийн шударга журмыг санаж фү бичиг буулган Лян Шань уулыг эзлэх эзэд сахиус болгов. Тийнхүү олон жанжин бээр энэ газар цугларч уярал гомдлыг айлтгасугай хэмээн Дай Зүн-г илгээж түмэн наст богдыг уст нуурт залуулж өвчүү цээжний хилсийг тоочсугай хэмээв хэмээхүйеэ хаан асууруун: - Олон сайд юунд есөн давхар ордноо орж мөхөс хүмүүнд мэдүүлэхгүй аж? хэмээвээс Сүн Жян өчрүүн: - Чин бидний зуурмаг сүнс хилс амьсгал хэрхэн гардийн асар луун харшид орж болмуй. Тийнхүү эзэн хааныг дотоод ордноос салсан хойно сая энд залан авчирсан бөлгөө хэмээв. Хаан бас асууруун: - Мөхөс хүмүүн бээр энэ газар сэлгүүцэн зугаацаж болмуй уу? хэмээхүйеэ Сүн Жян зэргийн олон хүмүүн хишигт мөргөв. Төдийд тэнгэрийн хөвүүн бээр тэргүүн өргөж танхимд өлгөсөн бянь-ийг үзвээс төв дундад "шударга журамт танхим" хэмээх гурван үсэг харагдах тул тэргүүн дохиж сайшаагаад индрээс буусугай хэмээтэл гэнэт Сүн Жян-ын араас хар хуй Ли Күй бээр саран сүхийг эргүүлэн урагш магшин ирж өндөр дуугаар: - Хаан чи хүлээж байгтун.
Чи дөрвөн зальхай түшмэлийн хов үгийг итгэмжлэн бидний амийг хөнөөсөн тул энэ өдөр өшөөгөө авсугай хэмээгээд саран сүхийг бүжиглэн цавчин орохуйяа хаан эзэн их л хиртхийж цочин сэрэхүйеэ үзвээс хамаг биеэс хөлс чийглэж зүүд зүүдэлсэн ажгуу. Төдийд Дао Жюнь хаан бээр луун нүдийг сөхөж үзвээс зулын гэрэл бадамлан гэрэлтэж Ли Ши Ши бас хараахан унтаагүй асан тул: - Мөхөс хүмүүн сая хаана эчив? хэмээн асуусанд Ли Ши Ши өгүүлрүүн: - Хаан эзэн сая орыг түшиж үүрэглэсэн бөлгөө хэмээв. Хаан эзэн бээр зүүдээр хувилгаан сахиусанд учирсан гайхалтай үйлийг зүй зүйгээр тоочин хэлэхүйеэ Ли Ши Ши өгүүлрүүн: - Өчүүхэн шивэгчин сонсвоос аливаа төв чигч хүмүүн үхсэн хойно цөм бурхан сахиус болмуй хэмээмү. Санахул Сүн Жян хэдийн бие барж хувилгаан илрэн хаан эзэнд зүүд өгсөн буй за хэмээсэнд тэнгэрийн хөвүүн бээр: - Мөхөс хүмүүн маргаадрын цууд энэхүү үйлийг лавлан асуусугай. Хэрвээ үнэн бие барсан бөгөөс түүнд сүм хийд цогцлон өгч хэргэм зэрэг өргөмжилж хишиг пүнлүү хүртээсүгэй хэмээснээ Ли Ши Ши айлтгаруун: - Эзэн хаан бээр үнэхээр өргөмжлөн дэвшүүлбээс гавъяат сайдын сэтгэлийг эс гомдоосон өршөөл журам дэлхий дахинаа мандмуй хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн урт сүүрс алдаж гашуудсаар нүд аньсангүй нэг шөнийг өнгөрүүлэв. Жич өдрийн өглөө бараалалд эзэн хаан бээр зарлиг буулган олон түшмэлийг жигүүрийн харшнаа дуудсанд Цай Жин, Түн Гуань, Гао Чю, Ян Жянь зэргийн дөрвөн хүмүүн Сүн Жян-ын үйлийг угчлан асуух болуузай хэмээн өглөөний бараалалд ирсэнгүй.
Хаан эзэн нүд өргөн үзвээс биеийн шадар Су Тайюй зэргийн хэдэн түшмэл зогсох тул Су Юань Жинь-ээс асууруун: - Чин чи Чү жоу фү-ийн амуулан төвшитгөгч түшмэл Сүн Жян-ын чимээг сонсов уу? хэмээвээс Су Юань Жин айлтгаруун: - Чин би өдий болтол Сүн Жян нарын чимээг сонссонгүй. Ганц урагш шөнө нэгэн гайхалтай зүүд зүүдэлсэн бөлгөө хэмээхүйеэ хаан асууруун: - Ямар гайхалтай зүүд болов? Мөхөс хүмүүн сонсохыг хүсмү хэмээсэнд Су Юань Жинь айлтгаруун: - Сүн Жян бээр алтан дуулга өнгөт магнаг хэдрэн миний ордноо ирээд эзэн хаан бээр хорт дарс шагнаж Сүн Жян намайг үхүүлэв. Чү жоу фү-ийн зуун овогтон Сүн Жян миний шударга журамтайг санагалзан өмнө хаалган доорх Ляо Эл Ва хэмээх газар оршуулж сүм хийд цогцлон өгч тахил тавилга өргөн үүр хүж зул тасруулахгүй баймуй хэмээн хэлэхүйеэ цочин сэрвээс зүүд ажгуу хэмээхүйеэ богд эзэн бас тэргүүн дарж: - Ямар гайхалтай аж, чин чиний зүүдэлсэн миний зүүд лүгээ эгээ адилхан хэмээгээд бас: - Чин чи сэтгэл зүрх мэт хүмүүнийг зарж энэ хэргийг байцаалгаад үнэн ташааг олсон хойно үтэр түргэн мөхөс хүмүүнд мэдүүл хэмээн зарлиг буулгасанд Су Тайюй бээр за хэмээн зарлигийг хүлээж дотоод ордноос гараад ордондоо харьж сэтгэл зүрх мэт хүмүүнийг илгээн Сүн Жян нарын чимээг авуулахыг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь, дэд маргаадрын өдөр эзэн хаан бээр Вэнь Дэ Дянь харшнаа гарч Гао Чю, Ян Жянь нарын зүг өгүүлрүүн: - Сайд таны албан яам бээр Чү жоу фү-ийн албан түшмэл Сүн Жян-ын чимээ сургийг мэдмүй үү? хэмээхүйеэ хоёр хүмүүн үнэнээр айлтгахаас эмээн эс мэдэв хэмээн өчсөнд хаан эзэн эргэлзэн сэжиглэж урамгүй болж хойш эгэв. Түүнээс Су Тайюй-н зарсан ард бээр Чү жоу фү-д ирж үнэн ташааг олоод хойш буцаж Сүн Жян бээр хааны шагнасан хорт дарсыг ууж бие барсанд тэр газрын зуун овогтон бээр Сүн Жян-ын урагш өдрийн шударга журмыг санаж Ляо Эл Ва-ын өндөр газар оршуулав. Хожим Ү Юн, Хуа Рүн, Ли Күй зэргийн гурван хүмүүний хүүрийг бас энэ газар оршуулж ойр орчмын зуун овогтон бээр хөшөө чулууны өмнө сүм хийд цогцлон хавар намрын дөрвөн улиралд хүж зул өргөн тахил тавилга барьж даатгахуйяа хувилгаан сүнс удаа дараагаар илэрч ёр бэлгэ үзүүлж байх бөлгөө хэмээн мэдүүлэв. Төдийд Су Тайюй бээр их л цочин зарсан ардыг авч дотоод ордноо ороод тэнгэрийн хөвүүнд зүй зүйгээр айлтгаснаа хаан эзэн маш уяран зовнив. Жич өдрийн өглөөний бараалалд хаан эзний луун уур мандаж зуун түшмэлийн өмнө Гао Чю, Ян Жянь-ийг хараан донгодож ийн өгүүлрүүн: - Улс гүрнийг түйдсэн зальхай түшмэлийг үз! Дэлхий дахиныг цөм таны зэргийн зальхай хүмүүн самууруулав! хэмээхүйеэ хоёр хүмүүн бээр тэргүүн авахгүй мөргөлхийлэн ял хүлээхүйеэ Цай Жин, Түн Гуань нар урагш давшиж ийн айлтгаруун: - Хүмүүний үхэж төрөх нь угаас тоо хэмжээ байх бөлгөө. Албан яаманд айлтгал бичиг ирсэнгүй тул бид аймшиггүй эзэн хаанд дураараа үл айлтгав.
Өчигдөр шөнө сая Чү жоу фү-ээс илгээсэн албан бичгийг олоод энэ эрт эзэн хаанд айлтгасугай хэмээж асан бөлгөө хэмээв. Түүнээс дөрвөн зальхай түшмэл бээр уран хоншоор хөдөлгөн үнэн ташааг халхалсан тул эцэстээ тэнгэрийн хөвүүн бас арга буюу Гао Чю, Ян Жянь нарын ялыг хэлтрүүлж зандан эгүүлээд амтат дарс хүргэсэн элчийг байцаан асуу хэмээсэнд санамсаргүй зарсан элч бас замын зуур үхжээ. Түүнээс жич өглөө Су Тайюй бээр дотоод ордноо орж Сүн Жян зэргийн шударга журамт сайд удаа дараагаар ёр бэлгэ илэрсэн үйлийг эзэн хаанд бас айлтган мэдүүлснээ тэнгэрийн хөвүүн бээр Сүн Чин-д түүний ах Сүн Жян-ын зэрэг хэргэмийг залгамжлуулан хүртээ хэмээн зарлиг буулгав. Санамсаргүй Сүн Чин бас хижиг томууд дайрагдаж тушаалыг хүлээж болохгүй тул дуртайяа уг нутаг Юнь Чэн сянь-ий газраа тариалан үйлдэхийг хүсмү хэмээн айлтгасанд тэнгэрийн хөвүүн бээр түүний энэ мэт элбэрэл журамтайг үзээд их л өршөөн арван түмэн хэлхээ зоос, гурван мянга мо газар тариа шагнаж, үр хүүхдийг нь эзэн төрийн түшмэл болгогтун хэмээн зарлиг буулгав. Хожим Сүн Чин-ээс Сүнь Ань Пин хэмээх нэгэн хөвүүнтэй болж шалгахад ороод бичгийн явдлын утгач түшмэл болжээ. Энэ болбоос хожмын хэрэг бөлгөө. Түүнээс тэнгэрийн хөвүүн бээр Су Тайюй-н айлтгалыг зөвшөөж өөрийн мутраар зарлигийн бичгийг сийрүүлэн бичиж Сүн Жян-г бат журам шударга өршөөлт Ин Лин Хоу хэмээн өргөмжилж хаан сангаас зоос мөнгө гаргалган Лян Шань уулнаа сүм хийд цогцлуулан дуган харш байгуулж эзэн төрийн өмнөөс бие барсан олон жанжны хөргийг шууж сүмд тахиад их дуганы өмнө өлгөх илэрхийлэл дээр өөрийн гараар "Чигч журамтны сүм" хэмээх үсгийг бичиж өгөөд Жижоу фү-д зарлиг буулган Лян Шань ууланд сүм хийд байгуулуулав. Тэр их сүмийн байдлыг үзвээс: Шаргал дээвэр улаан хаалга сийлбэрт нуруу зурагт унь. Мөнгөн багана хас тулгуур манах саравч биндэрьяан ваар.
Ногоон хэрсэг муралзаж сиймхий цонхыг ороон, нолмон орхиул дарвалзаж эрдэнийн босгыг халхлав. Таван жан их дуганд тэнгэрлэг хөвүүний бичсэн алтан илэрхийллийг өлгөж, хоёр жигүүрийн урталжин танхимд, хаан эзэнд бараадсан түшмэдийн зургийг сийлэв. Нарс модны ногоон униарт, нисэх үүд хаалга өндөр тэнгэрийн хөх үүлнээ өргөмжилмүй. Ногоон удын цэнхэр хүдэнд, чин зоригтны өндөр хийд номин огторгуйг шувтлав. Шижир алтан харшнаа Сүн Жян зэрэг гучин зургаан Тянь Ган одыг шууж, хоёр жигүүрийн танхимд Жү Ү-ээр тэргүүлсэн далан хоёр Ди Ша одыг жагсаажээ. Хаалган махаранз адбиш догшин, хажууд дагалцах хувилгаан цэрэг их л сүртэй. Өндөр тагт гантиг индрийг уран дархан цогцолж, үнэрт хүж ариун зул дөрвөн улирал тасрахгүй, алтан ганжир өндөр чиганд унжлага зэлэм хийсэж, арван зүгийн өглөгийн эзэд өргөц барьц дутуулахгүй. Үтэл иргэн хуран цугларч эзэд сахиусанд даатгахуйяа, эзэндээ шударга чин журамтныг гүрэн төрд магталцмуй. Түмэн оны ариун хүж цаглашгүй буян, мянган галавын цусан гавъяа дуусашгүй судар. Бас нэгэн анги тасархай бадагт өгүүлсэн нь: Тянь Ган одны тоо төгсөж дээд тэнгэрт эгэхүйеэ Ди Ша гарагийн амьсгал дуусаж доорд ертөнцөд буцлаа. Хувилгаан сахиус мянган он тахил тавилгыг хүртэн Хөх сударт түмэн галав алдар нэрийг үлдээв.
Хожим Сүн Гүн Мин-ийн шударга сүнс дараа дараагаар хувилгаан илэрч, Лян Шань уулнаа суусан зуун овогтон бээр бороо гуйваас бороо оруулж, салхи хүсвээс салхи дэгдээмүй. Чү жоу-ын өмнө хаалган доорх Ляо Эл Ва ба ёр бэлгэ үзүүлэх тул эндэх ард иргэд тахиж, орд харш цогцлон байгуулж, бас хоёр жигүүрийн танхим барьж, эзэн хаанд айлтган бянь бичүүлсэн бөгөөд гучин зургаан хувилгаадын хөргийг гол дуганд шууж, хоёр жигүүрийн танхимд далан хоёр журамт жанжны зургийг сийлж, жил жилийн дөрвөн улирал тахил тавилга өргөн, он он өргөц барьц тасруулахгүй мөргөн даатгамуй. Энэ их сүмийн үлдэгдэл эдүгээ болтол байх бөлгөө. Сударч түшмэл миний бие эртний Тан улсын дуулал хоёр анги бичиж, тайх сэтгэлийг илрүүлсүгэй: Үйлийн үр доргон хэмээн тэнгэрт гомдох нь юун? Эрт цагийн Хань Фэн хоёул хүйс тэмтрэгдсэн нь гуниалтай. Нэгэн сэтгэлээр улсад зүтгэн хулгайн сүрийг мохоогоод Зуунтаа байлдаж Ляо-г эвдэн Фан Ла-г бас төвшитгөв. Тянь Ган Ди Ша одон гарагийн тоо хэмжээ төгсөхүйеэ Төрийг түйдсэн зальхай түшмэл мөн хэвээр оршсоор! Уух дарснаа хор холихыг эрт мэдсэн бөгөөс Онгоц сэлсэн Пань Хуань-аар дүрэмлэсэн бөгөөс зохином за. Бас нэгэн анги шүлэгт өгүүлсэн нь: Амьд сэрүүнээ дарсанд согтуурч үхсэнээ хоу өргөмжлөгдөөд Алтан дэлхийн сайн эрийн ахуй үйл бүтээлээ. Харшийн саравчны хүлгийн туурай гийврэх сарыг үдээд Хар бичний архирах дуу намрын үүлийг угтав. Уг үүсгэлийн үнэн худлыг эрэн сурах хэрэггүй. Үгэн сэжүүр үнэн журамтныг уламжлан хэлэлцвээс зохимуй за. Зуун оны зэгст оломд ариун хасыг булшлаад Зулгарах цэцэг жиргэх шувууны зовнилыг айлтгаваас зохимуй.
Сэтгэгдэл ( 1 )
Хүйтэн уул гэж юу юм бэ? Дэмий чалчих юун.