Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖАН ШҮНЬ ШӨНӨ МОРДОН ЖИНЬ ШАНЬ ХИЙДЭД БҮГСЭН СҮН ЖЯН АРГА ХЭРЭГЛЭН РҮНЬ ЖОУ ХОТЫГ АВСАН
Өгүүлэх нь есөн мянган гурван зуун газар орд Ян Зи Жян мөрөн алсын хязгаар дахь Хань Ян Жян, Сюнь Ян Жян, Ян Зи Жян зэргийн гурван мөрөн лүгээ залгалдаж, Сэ Чуань-аас эх авч тоолшгүй олон газраар өнгөрөн их далайд цутгалах тул түүнийг бас түмэн газрын урт мөрөн хэмээн дуудмуй. У Чу-ын газрыг товчилж мөрний дунд Жинь Шань, Жяо Шань хэмээх хоёр уул байх бөгөөд Жинь Шань уулнаа хяр ороон байгуулсан нэгэн хийд байх тул бас Шэ Ли Шань уул хэмээмүй. Жяо Шань уулнаа энгэр түшүүлэн цогцолсон ил үзэгдэхгүй нэгэн сүм байх тул тэр сүмийг Шань Ли Сэ хэмээмүй. Урт мөрний дундах энэ хоёр уул чив хэмээн Чу газрын зах У газрын хязгаарт байх бөгөөд нэгэн этгээдэд Хуай Дүн-ийн Ян жоу хот лугаа нийлж, нэгэн этгээдэд Жэ Си-ийн Рүнь жоу хот лугаа залгалдмуй.
Рүнь жоу хэмээгч эдүгээгийн Жэнь Жян балгас мөн буюу. Жич өгүүлэх нь Рүнь жоу хотын мөрний хөвөөг Фан Ла-ын гар доорх зүүн ордны шүмиши түшмэл Люй Ши Нан сахидаг бөлгөө. Энэ хүмүүн угт Шэ жоу-ын баян өрх болох бөгөөд Фан Ла-д амуу зоос өргөсөн тул зүүн ордны шүмиши түшмэл өргөмжлөгдөв. Хараахан багаас цэргийн бичиг байлдааны бодлогыг уншиж боловсроод жан ба мао жадыг хэрэглэх бөгөөд зэвсгийн эрдэмд нэвтэрсэн ажгуу. "Мөрний өмнөх арван хоёр сахиус" хэмээгдсэн арван хоёр түнхи түшмэлийг захиран Рүнь жоу-ын мөрний хөвөөг дарангуйлан сахижээ. Ямар зэргийн арван хоёр сахиус болов хэмээвээс: Чин Тянь Шэнь-ий хувилгаан Фү жоу-ын Шэнь Ган Юй И Шэнь-ий хувилгаан Шэ жоу-ын Пань Вэнь Дэ Дүнь Жя Шэнь-ий хувилгаан Му жоу-ын Ин Мин Лю Дин Шэнь-ий хувилгаан Мин жоу-ын Сюй Түн Пи Ли Шэнь-ий хувилгаан Юай жоу-ын Жан Жинь Рэнь Жюй Лин Шэнь-ий хувилгаан Хан жоу-ын Шэнь Зэ Тай Бай Шэнь-ий хувилгаан Ху жоу-ын Жао И Тай Сүй Шэнь-ий хувилгаан Сюань жоу-ын Гао Ки Ли Дяо Кэ Шэнь-ий хувилгаан Чан жоу-ын Фань Чоу Хуан Фань Шэнь-ий хувилгаан Рүнь жоу-ын Жо Вань Ли Бао Вэй Шэнь-ий хувилгаан Жян жоу-ын Хэ Түн Сан Мэнь Шэнь-ий хувилгаан Су жоу-ын Шэнь Бянь Өгүүлэх нь шүмиши түшмэл Люй Ши Нэн таван түмэн цэрэг морийг авч мөрний хөвөөг сахиад Гань Лу Тин-ийн доор гурван мянга илүү онгоц салыг жагсаажээ. Мөрний хойд эрэг нь Гуа жоу-ын олом болох тул аюул бартаа хэмээн огт үгүй.
Тэр үед хошууч жанжин Сүн Жян усан хуурайн хоёр замаар мордоод Хуай Ань хэмээх газарт хүрсэн хойно Ян жоу-д хүрч цэрэг цугласугай хэмээн болзов. Мөн өдөр Сүн Жян цацарт сууж цэргийн багш Ү Юн нар лугаа ийн зөвлөрүүн: - Их мөрөн эндээс холгүй болов. Мөрний өмнөд хвөөг хулгайн цэрэг сахиж байх тул хэн хүмүүн урьд эчиж цэрэг орох замыг тагнаж мөрний цаадах чимээг сураглан хариу мэдүүлмүй? хэмээсэнд цацрын өмнөс хуй салхи Чай Жинь, жигүүрт загас Жан Шүнь, чигч баатар Ши Сю, амьд эрлэг Руань Сяочи зэргийн дөрвөн жанжин зэргээр давшиж дуртайяа эчсүгэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Танай зэргийн дөрвөн хүмүүн хоёр замаар мордож, Жан Шүнь, Чай Жинь нэг болж, Руань Сяочи, Ши Сю нэг болж Жинь Шань, Жяо Шань уулнаа бие хоргодон Рүнь жоу-ын хулгайн үүрийн үнэн ташааг сураглан тагнаж Ян жоу-д ирж мэдүүлэгтүн хэмээсэнд, дөрвөн хүмүүн аян зочмодоор хувцаслан засаад Сүн Жян-аас аяарлан салж тус бүр хоёр дагалт авч зам өлгөн ян жоу-г чиглэн мордоод хүмүүнээс сонсохул замыг дагасан хот балгасны зуун овогт иргэн их цэрэг Фан Ла-г дайлан хураамжлахаар ирэв хэмээн сонсоод гэр хотлоороо авч хөдөө гацаанд зайлан далдалжээ. Дөрвүүл Ян жоу хотноо зам салж бага сага хуурай хүнс бэлтгэсэн хойно, Ши Сю, Руань Сяочи хоёр дагалтаа дагуулж Жяо Шань уулнаа эчив. Түүнээс Чай Жинь, Жан Шүнь бас хоёр хүмүүнийг дагуулан хуурай хүнсээ багцлан авч биедээ хурц илдийг нууж, дам илдээ бариад Гуа жоу хотын зүг мордов. Төдийд түв хэмээн хаврын эх болсон тул тэнгэр дулааран цэцэг дэлгэрчээ. Дөрвүүл явсаар Ян Зи Жян мөрний хөвөөнөө ирээд өндөр довцогт гарч нүд өргөн үзвээс их давалгаа цас мэт цайлзаж униар хүдэн утаа мэт бүрхээд мөрний үзэмж хувиас хэтэрхий сүрлэг харагдмуй. Шүлэгт өгүүлсэн нь: Уудам тэнэгэр мөрний урсгалыг униар хүдэн бүрхээд, Алс тэртээх зүүн хөвөөнөө улаан туяа гиймүй. Ан хийх бяцхан онгоц хөл хураан амраад Архинд согтсон загасчин эрс нөмрөг хаян нойрсмуй. Түүнээс Чай Жинь, Жан Шүнь хоёул алсыг бараалбаас Бэй Гү Шань уулын энгэрт хар цагаан хоёр өнгийн туг хиур мандаж, мөрний хөвөөгөөр тоолшгүй олон онгоц салыг нэгэн мөрөөр жагсаажээ. Мөрний хойд хөвөөнөө нэгэн хавтас мод ч хэмээн үгүй ажгуу. Чай Жинь үүнийг үзээд ийн өгүүлрүүн: - Гуа жоу-ын замд хэдий гэр байшин байх боловч хүмүүн хар огт үгүй. Мөрний наад хөвөөнөө бас онгоц сал хэмээн үгүй тул мөрний цаадах чимээг хэрхэн олж мэдмүй? хэмээвээс Жан Шүнь өгүүлрүүн: - Урьд нэгэн гэрт орж хөл амарсан хойно дүү би мөрнийг гэтлэн цаад хөвөөний Жинь Шань уулын хормойд хүрээд үнэн ташааг сураглан мэдсүгэй хэмээхэд, Чай Жинь: - Чиний үг зүй болой хэмээгээд дөрвүүл мөрний хөвөөнөө ирвээс хэдий хэд хэдэн өвсөн гэр байх боловч үүд цонх юугаа чанга түгжсэн тул түлхэвч орж чадахгүй.
Жан Шүнь бие эргэн гэрийн хажууд эчиж шавар хэрмийг цоолон дотогш мөлхөн орвоос зуухны хажуугаас үс цайсан нэгэн буурал эмгэн босож ирэхүйеэ Жан Шүнь асууруун: - Настай эх, юуны учир үүдээ нээн өгөхгүй аж? хэмээвээс тэр настай эх хариу өчрүүн: - Гийчин танаас нуухгүй, эдүгээ хаан төр цэрэг байгуулан Фан Ла лугаа байлдахаар ирэв хэмээн сонсов. Манай энэ газар болбоос чив хэмээн салхины ам усны олом болох тул айл аймгийн улсууд цөм өөр газар бие далдлахаар зайлж одов. Эмгэн би ганцаар хоцорч гэр өрх юүгээ сахимуй хэмээхүл Жан Шүнь өгүүлрүүн: - Чиний гэрийн эзэн хаана эчив? хэмээхэд настай эх өгүүлрүүн: - Гэрийн улсаа үзэхээр гацаанаа эчив хэмээхүйеэ Жан Шүнь өгүүлрүүн: - Бид дөрвүүл мөрний цаад хөвөөнөө хүрэх учир тохиолдсон тул хаанаас онгоц олбоос зохимуй хэмээснээ настай эх өгүүлрүүн: - Онгоц сал хаанаас олдох аж! Орчмын өдөр Люй шүми их цэрэг байлдахаар ирэв хэмээгээд хамаг онгоцыг дуусган хураамжлаад Рүнь жоу-д аваачив хэмээв. Жан Шүнь өгүүлрүүн: - Бид дөрвүүл идэх хүнсээ авч ирэв. Ганц гэрийг чинь зээл хэдэн өдөр хөл амарсугай. Настан чамайг огт зовоох газар үгүй, гэрийн зоосыг тоо ёсоор бодон өгсүгэй хэмээхүл настай эх өгүүлрүүн: - Хоноход харъяа үгүй, ганц хучиж нөмрөх юм үгүй болой. Жан Шүнь өгүүлрүүн: - Үүнийг бид өөртөө аргалсугай хэмээвээс настай эх өгүүлрүүн: - Эрт орой нэгэн өдөр их цэрэг мордож ирвээс хэрхмүй! хэмээхүл Жан Шүнь өгүүлрүүн: - Бид өөртөө арга үзэж нэгэн тийш зайлсугай хэмээмүй. Настай эх үүдээ нээж өгснөө Чай Жинь дагасан хүмүүн лүгээ дотогш ороод барьсан илдээ хэрэм түшүүлэн, юм хүмээ ханзнаа тавьсан хойно хагарсан боовоо гаргаж идэв. Жан Шүнь дахин мөрний хөвөөнөө эчиж нүд орхин алсыг бараалбаас Жинь Шань Сэ хийд чив хэмээн мөрний дундад сэхийн харагдмуй. Үзвээс: Хавтаст мэлхий уснаа хөвж, хайрст луу мөрнөө цагаригламуй. Мойл хар дун хясааг мөнгөн тавагт зэрэглэж, цас цагаан лавир цэцгийг оюу тэвшинд хийсгэжээ. Найман зовхисын найрт салхи номын харшийг илбэж, наян жангийн хадан элгэнд зөнгийн асар сэхиймүй. Цэнхэр далайн туяат нарнаа аршийн суварга сүндэрлэж, цэлгэр усны цэцэгт үүлнээ тойдын танхим сүүдэрлэмүй. Дэгдэх харшаас бараалбаас, аяны дарвуул алсыг зорин, дүүлэх саравчаас ширтвээс, сэрүүн салхи сэрчигнэн үлээмүй. Арш Го Пүийн ариун оршилд гүмбира матар хүрхрэхээр бөөлжиж, алтан ганжиртын шань хийдэд албин чөтгөр зул асаамуй.
Түүнээс Жан Шүнь мөрний хөвөөнөө зогсон нэгэн зэрэг бараалсан хойно дотроо ийн сэтгэрүүн: Санаваас Рүнь жоу хотын Люй шүми энэ ууланд эрхгүй үргэлж эчих буй за. Миний бие энэ шөнө нэгэн удаа эчвээс сураг чимээг лавтай олж сонсмуй хэмээгээд хойш эгж Чай Жинь лүгээ зөвлөн өгүүлрүүн: - Ойр хавиас онгоц сал хэмээн нэг ч олдохгүй тул мөрний цаадах чимээг хэрхэн олж мэдмүй. Ийнхүү миний бие энэ шөнө өмссөн хувцсыг баглаж хэдэн хэсэг мөнгийг авч усыг огтлон Жинь Шань Сэ хийдэд хүрээд тойн хуушаан нарт хээл түлхэж үнэн ташааг сураглан лавлаад Сянь фэн ахад мэдүүлсүгэй. Чи энд намайг түр хүлээгтүн хэмээвээс Чай Жинь өгүүлрүүн: - Эчсэн үйлийг эрхтэн бүтээгээд хурдан эгж ирэгтүн хэмээв. Түүнээс шөнө болохуйяа саран гийж одод жирвэлзэж салхи намдаж давалгаа зогсоод ус тэнгэр нэгэн өнгө болсноо Жан Шүнь дээл малгайгаа тайлж цагаан торгон охор өмдийг өмсөөд хоёр хэсэг мөнгө гарган хувцаснаа баглан тэргүүн дээрээ ороосон хойно хурц илдийг бэлхүүснээ суйраад Гуа жоу-оос уснаа харайн орж мөрний дунддад умбан эчихүйеэ цалгилах ус түүний цээжнээс давахгүй, уснаа явах нь чив чих хуурай газар явах мэт. Удсангүй Жинь Шань уулын хормойд ирж үзвээс асга хадны доор нэгэн бяцхан завь аргамжиж байхуй тул, Жан Шүнь онгоцны хажууд шумбан хүрээд тэргүүнээ ороосон дээл хувцсыг алдраан авч нойтон дээлээ тайлан бие юүгээ арчаад хувцас хунараа сольсон хойно бяцхан завинд мөлхөн гараад Рүнь жоу хотын мөчийн хэнгэргийг чагнаваас чив хэмээн гуравдугаар жин болсон тул Жан Шүнь бяцхан завинд хэвтэж тэргүүн өргөн шинжвээс их мөрний дээд урсгалаас нэгэн завь харвасан сум мэт бууж ирмүй.
Жан Шүнь ийн санаруун: - Энэ завийг үзвээс ог сэжиглэлтэй тул эрхгүй тагнуулч ард байх буй за! хэмээгээд онгоцыг сэлбүүрдэн эчсүгэй хэмээвээс үзвээс сэлбүүр үгүй бөгөөд бүдүүн дээсээр аргамжсан тул арга буюу дээл хувцсаа тайлж хурц илдийг гартаа бариад мөрөнд харайн ороод сумдан эчих бяцхан завины зүг шумбан одохуйяа завь бэлбүүрдэх тэр хоёр хүмүүн умард хөвөөг чиглэн яаралтай явах учир өмнөд эргийн зүг харахгүй сэлбүүр сажлан хойш явж атал Жан Шүнь гүн цээлээс урагш шумбан завины хажууд ирээд онгоцны ирмэгээс бариад илд өргөн нэгэнт цавчсанд тэр хоёр хүмүүн сэлбүүрээ алдан ар голоороо уснаа савж унахуйяа Жан Шүнь хэдийн онгоц дээр үсрэн гарав. Гэнэт онгоцон өрөөнөөс хоёр хүмүүн бөхөлзөн гарч ирснээ Жан Шүнь гар өргөмөгц нэгийг нь усанд цавчин унагаж, үлдсэн нэг нь чичрэн дагжсаар өрөөндөө ухран орвоос Жан Шүнь зандан асууруун: - Чи юуны хүмүүн, энэ онгоц хаанаас ирэв? Үнэнээр өчвөөс үхлээс хэлтрүүлсүгэй хэмээвээс тэр хүмүүн өгүүлрүүн: - Сайн эр нь айлтгахыг сонсох болов уу? Өчүүхэн хүмүүн болбоос эндэх Ян жоу хотын гаднах Дин Пү Сүнь тосгоны Чэнь жанжны гэрийн ард болой. Өчүүхэн хүмүүн эзний захиагаар Рүнь жоу хотноо эчиж Люй шүми-д амуу өргөхөөр гуйчилсанд айлтгасныг зөвшөөж яамны юй хоу түшмэлийг өчүүхэн хүмүүний хамт илгээн, цайлгасан амуу таван түмэн дан, онгоц сал гурван зуу аваачиж зэрэг олох бэлэг болгосугай хэмээмүй хэмээвээс Жан Шүнь асууруун: - Тэр юй хоу-ын овог юун нэр хэн? Эдүгээ хаана баймуй? хэмээхэд гэрийн ард өчрүүн: - Юй хоу-ын овог Е нэр Гүй. Өнөөхөн сайн эрийн илдэнд цавчигдан мөрөнд унасан тэр хүмүүн мөн болой хэмээхүл Жан Шүнь: - Чиний овог юун нэр хэн хэмээгч болов? Хэзээ Рүнь жоу-д эчив, онгоцноо тээсэн нь юу болов? хэмээвээс гэрийн ард өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний овог Ү, нэр Чэн. Энэ жилийн цагаан сарын шинийн долоонд мөрөн гэтлэв. Өчүүхэн хүмүүн миний бие Люй шүми-ийн захиаг хүлээн Су жоу хотноо хүрч эзний дүү гуравдугаар ван Фан Мао-д бараадаж гурван зуун өнгөт туг ба гэрийн эзэн Чэнь жанжны зэрэг цол, Ян жоу фү-ийн эрхэлсэн түшмэл, Жүн мин дайвангийн өргөмжлөл, тэмдэгт дээл мянган зах, Люй шүми-ийн хариу бичиг нэгэн битүүмжийг авч ирэв хэмээхүл Жан Шүнь бас асууруун: - Чиний эзний овог юун нэр хэн, хэдий олон цэрэг морь байх аж? хэмээхэд Ү Чэн өгүүлрүүн: - Хүмүүн хэмээвээс хэдэн мянга, морь хэмээвээс зуу илүү баймуй. Түүнд хоёр хөвүүн байх бөгөөд ууган хөвүүний нэр Чэнь И, дэд хөвүүний нэр нь Чэнь Тай.
Баатар хүчээр зэргээс хэтэрхий, гэрийн эзний нэрийг хэлбээс Чэнь Гуань хэмээмү хэмээсэнд Жан Шүнь нягт үйлийг нарийвчлан мэдээд түүнийг нэгэн илдэнд цавчин унагаж онгоцны хэргийг эргүүлэн Гуа жоу-ын зүг сэлбүүрдэн ирэв. Түүнээс Чай Жинь сэлбүүрийн дуу гарахыг сонсмогц яаран гадагш гарч үзвээс Жан Шүнь завь сэлбүүрдэн ирсэн тул учрыг асуухул Жан Шүнь урьдын үйлийг нэг зэрэг тоочин хэлсэнд Чай Жинь их л баярлаж, онгоцны өрөөнөөс нэгэн баглаа албан бичиг жич гурван зуун өнгөт хиур, мянган зах тэмдэгт дээлийг гаргаж хоёр дамжуур болгон багцалсан хойно Жан Шүнь өгүүлрүүн: - Би хойш эчиж хувцас хунараа ацарсугай хэмээгээд бяцхан завийг сэлбүүрдэн Жинь Шань уулын доор хүрээд дээл малгай хэсэгт мөнгөө аваад Гуа жоу-ын хөвөөнөө эгж ирэхүйеэ наран гийж гэгээ ороод харанхуй манан огторгуйг бүрхэв. Жан Шүнь илдээр завийг цоолж дотогш түлхэн уснаа живүүлсэн хойно буусан гэртээ орж настай эмгэнд хэдэн лан мөнгө гарган өгөөд дагасан ардаар дамнуураа дамнуулж Ян жоу хотыг чиглэн мордов. Төдийд Сүн Сянь фэн цэрэг морийг авч Ян жоу хотын гадна хүрээ байгуулан бууснаа жоу-ын яамны олон түшмэл Сүн Жян-г урьж гийчний буудалд буулгаж өдөр дараалан хурим тавин жанжин цэргийг дайлмуй. Жич өгүүлэх нь Чай Жинь, Жан Шүнь хуримын ширээ тарсан хойно гийчний буудалд эчиж Сүн Жян-д уулзаад Чэнь Гуань эцэг хөвүүн хоёул далдуур Фан Ла лугаа сүлбээлж эрт орой нэгэн өдөр хулгайн цэргийг дагуулан их мөрнийг гэтэлж Ян жоу хотыг байлдсугай хэмээмүй.
Завшаанаар мөрний дунд олж учирсан тул эзэн юаньшуай-н зорьсон үйл сэтгэлчлэн бүтмүй хэмээсэнд, Сүн Жянихэд баярлаж цэргийн багш Ү Юн-г залж ямар аргаар дайлбаас зохихыг зөвлөхөд Ү Юн өгүүлрүүн: - Ийм нэгэн тохиол байх тул Рүнь жоу хотыг авах нь гарын алга урвуулах мэт хялбар болов! Урьд Чэнь Гуань-ийг бариваас их үйл эрхгүй бүтэх тул ийм тийм ёсоор үйлдэхгүй болбоос болохгүй хэмээгээд даруй Янь Чин-г дуудан юй хоу-ын ёсоор засуулж Се Жэнь, Се Бао-г дуудан өмнө улсын цэрэг мэт хувцаслуулав. Дин Пү Сүнь тосгоны замыг лавлан асуусан хойно Се Жэнь, Се Бао бээр дамнуурыг дамнуулж Янь Чин тэргүүлэн гурван хүмүүн аргыг хүлээн Ян жоу хотоос гарч Дин Пү Сүнь тосгоныг чиглэн явсаар дөчин газрын үзүүр гарч асууваас Чэнь жанжны гацаанд ирсэн ажгуу. Үзвээс үүдэн өмнө тэгшхэн зассан хорь гучин хүмүүн зогсож байв. Хулсан бүрхийг тэргүүнд дарж хар залааг түүний дээр хийсгэжээ. Биед мяндсан дээл хэдэрч, бэлхүүсний дундуур улаан ёнхор бүсэлжээ. Өндрийг авирахад хөнгөн хэмээн үхрийн арьсан шаахай өшиглөжээ. Борви дулаалахад сайн хэмээн бугын арьсан оймс өмсжээ.
Галуун өдөт ган илдийг гартаа барьж хэрээн хоншоорт хурц жадыг хөндлөн атгажээ. Янь Чин урагш давшин Жэ Жян газрын аялгуугаар гацааны ардын зүг амар асуусан хойно: - Эрхин жанжин өрх гэртээ амуй уу? хэмээвээс гацааны ард асууруун: - Гийчин чи хаанаас ирэв? хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Рүнь жоу-оос ирэв. Мөрөн гэтэлсэн хойно зам төөрч энд тэндээс сураглан асуусаар хүрч ирэв хэмээсэнд гацааны ард зам удирдан гийчний өрөөнд оруулж юм хүмийг нь тавиулсан хойно Янь Чин-г хойд танхимд дагуулан аваачиж Чэнь жанжинд учруулав. Янь Чин өлмий даран сөгдөөд: - Е Гүй ёслон золгохоор ирэв! хэмээн мөргөн золгосонд Чэнь жанжин асууруун: - Эрхэм авгай хаанаас ирэв? хэмээвээс Янь Чин бээр Жэ Жян газрын аялгуугаар өгүүлрүүн: - Сул хүмүүнийг зайлуулсан хойно сянгүн ноёнд ирсэн учрыг айлтгасугай хэмээхэд Чэнь жанжин өгүүлрүүн: - Энэ гэтэлхүүн болбоос миний сэтгэл зүрх мэт хүмүүн болох тул хэлэхэд харъяа үгүй" хэмээмүй. Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний овог Е нэр Гүй, Люй шүми-ийн цацрын өмнөх Юй хоу мөн болой. Цагаан сарын шинийн долооноо Ү Чэн-ийн илгээсэн нууц бичгийг олоод Люй шүми их л баярлаж тухайлан Е Гүй намайг Ү Чэн лүгээ Су жоу хотноо илгээж эзний дүү гуравдугаар ванд бараадуулан эрхин сянгүний санааг айлтган мэдүүлсэнд гуравдугаар ван хүмүүн зарж дээш айлтгаваас хаан эзэн жуу бичиг буулгаж сянгүн таныг Ян жоу-ын эрхэлсэн түшмэлээр өргөмжлөв. Дээд ордны хоёр агийн зэрэг хэргэмийг Люй шүми-д учирсан хойно жич тогтоосугай хэмээмүү. Эдүгээ Ү Чэн-г хойш эгүүлсүгэй хэмээвээс санамсаргүй халуун томууд баригдаад хэвтсэн орноос хөдөлж чадахгүй болов. Ийнхүү Лю шүми их үйлийг саатаах болуузай хэмээн Е Гүй намайг тухайлан илгээсэн тул өчүүхэн хүмүүн сянгүнийг томилсон албан бичиг, Люй шүми-ийн тамгат бичиг, үет цацаг, гурван зуун тэмдэг туг, мянган зах тэмдэгт дээлийг хүргэн ирэв. Эрхин сянгүниыг хугацсан цагт амуу хүнсий онгоцыг авч Рүнь жоуын мөрний хөвөөнд хүрч тоо ёсоор тушаасугай хэмээмүй хэмээгээд албан бичгийг гаргаж өгсөнд Чэнь Гуань үзээд их л баярлаж яаран хүжсийн ширээг засаж өмнөш хандан хишигт мөргөсөн хойно Чэнь И, Чэнь Тай-г дуудан Е Гүй-д учруулав. Янь Чин бээр Се Жэнь, Се Бао-д захиж тэмдэгт дээл ба туг хиурыг ацруулан тушаасан хойно Чэнь Гуань бээр Янь Чин-г урьж суусугай хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос зарц ард болох тул сянгүнийн хажууд ямар аймшиггүй ууж болмуй? хэмээвээс Чэнь Гуань өгүүлрүүн: - Авгайн бие болбоос өршөөлт сянгүнийн илгээсэн хүмүүн болох бөгөөд доорд надад өргөмжилсөн бичиг хүргэж ирсэн тул ямар аймшиггүй хөнгөнөөр аваачмуй? Эрээлэхгүй дээш суугтун хэмээсэнд Янь Чин нэгэн зэрэг маргасан хойно нэгэн этгээдэд зайлж суув.
Чэнь Гуань гэрийн ардаар дарс ацруулж Янь Чин-д бариулахад Янь Чин маргаж өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн угаас дарсыг цээрлэмүй хэмээгээд дугараа эргэж хэдэн зэрэг болоод хоёр хөвүүн нь урагш давшин эцэгтээ баярын дарс барихуйяа Янь Чин сэмээр Се Жэнь, Се Бао-ын зүг нүд ирмэн дохио өгсөнд Се Бао эмт архийг гарган олныг увайнд үгүй байх завсраа дарсан хувинд цутгаж холив. Янь Чин суусан орноосоо босож: - Өчүүхэн хүмүүн хэдий мөрний цаад хөвөөнөөс дарс авчирсангүй боловч эрхин сянгүнийн дарсыг зээлж баярын ёсоор нэгэн хундага өргөсүгэй хэмээгээд хундага дүүрэн дарс хэмнээд Чэнь Гуань-д уулгасан хойно Чэнь И, Чэнь Тай хоёулд бас тус тус нэжгээд хундага уулгав. Чэнь Гуань-ий сэтгэл зүрх мэт хэдэн хүмүүнд Янь Чин дарс хэмнэн нэжгээд хундага уулгасан хойно уруул хөдөлгөн дохио өгсөнд Се Жэнь хэт цахиурыг авч гэрээс гараад тэмдэг тугийг сажлан дохионы бууг тавьсанд зүүн баруун этгээдэд бүгж асан олон жанжин буун дууг сонсмогц урагш давхин өмөглөхөөр ирэв. Янь Чин танхимд хоцорч үзэж атал нэгд нэгээр өнхрөн унасан тул хормойн доороос охор илдийг гаргаж Се Бао лугаа гар хөдлөн тэргүүнийг нь цавчин унагав. Гацааны гадна арван сайн эр зэргээр үймэлдэн өмнө үүдээр дарайн орж ирэв.
Тэр арван хүмүүн хэн болов хэмээвээс: Тарлан хуушаан Лү Жишэнь, бадарчин тойн Ү Сүн, есөн луут Ши Жинь, Гуань Со-ын хувилгаан Ян Сюн, хар хуй Ли Күй, найман мутарт нэжэ Сян Чүн, нисэх сахиус Ли Гүнь, түйтгэрийн эзэн Бао Сюй, торгон ирвэс Ян Линь, архагт барс Сюэ Юнь байсан ажгуу. Үүдэн өмнөх гэрийн ард хэрхэн халхалж чадах аж? Янь Чин, Се Жэнь, Се Бао гурвуул хэдийн Чэнь Гуань эцэг хөвүүний тэргүүнийг барьж хүрээнээс гарч ирэхүйеэ гацааны гаднаас бас нэгэн багийн албан цэрэг хүрч ирэв. Жү Түн, Со Чао, Жан Чин, Фань Руй, Ли Жүн, Жоутун зэргийн зургаан жанжин нэгэн мянган цэргийг авч ирээд гацааг бүсэлж Чнь Гуань-ий гэр хотлоорын хөгшин залууг хүйс тэмтрээд гэрийн ардыг барьж нуурын уснаа хүрч үзвээс гацааны хажуудах мөрний олмод амуу хүнс дүүртэл тээсэн гурав дөрвөн зуун онгоц зогсож асан тул олон жанжин тоог бүртгэн авч эзэн юаньшуай Сүн Жян-д нисэх мэт довтлон мэдүүлэв.
Түүнээс Сүн Жян бээр Чэнь Гуань-ий алагдсан чимээг сонсмогц цэргийн багш Ү Юн лүгээ цэрэг орохоор зөвлөн тогтоод юм хүмээ багцлан авч, зүндү ноён Жан Жао Тао-д салах ёсыг хийж, их цэргийг дайчлан Чэнь Гуань-ий гацаанаа мордож ирээд нэгэнтээгүүр өмнө ангийн олон жанжныг салгаж онгоц завинд илгээж, нэгэнтээгүүр хүмүүн зарж байлдах онгоцыг даруй морд хэмээн шаардуулав. Ү Юн өгүүлрүүн: - Гурван зуун хурдан онгоцыг сонгож түүний дээр Фан Ла-ын шагнасан тугийг нэжгээд хатгасан хойно мянган цэрэгт тэмдэгт дээлээ өмсүүл. Үлсэн гурав дөрвөн мянган хүмүүнд янз бүрийн хувцсыг өгч өмсүүлэгтүн хэмээгээд гурван зуун онгоцонд хоёр түм илүү хүмүүнийг бүгүүлж Мү Хүн-г Чэнь И-ийн ёсоор засаж, Ли Жюнь-ийг Чнь Тай-н ёсоор хувцаслуулан нэжгээд их онгоцноо суулгаж бус жанжныг олон онгоцноо хуваан суулгав. Тэргүүн онгоцыг Мү Хүн, Ли Жюнь-ээр захируулав. Мү Хүн-ийн биеийн шадар Сян Чүн, Ли Гүнь, Бао Сюй, Сюэ Юнь, Ян Линь, Дү Чянь, Сүн Вэнь, Зоу Юань, Зоу Рүнь, Ши Юн зэргийн арван дэд жанжин багларан дагалцжээ.
Ли Жюнь-ий биеийн шадар бас Тун Вэй, Тун Мэн, Күн Мин, Күн Лян, Жэн Тяньшоу, Ли Ли, Ли Юнь, Ши Энь, Бай Шэн, Тао Зүнван зэргийн арван дэд жанжин багларан дагалцжээ. Дэд багийн онгоцыг Жан Хэн, Жан Шүнь-ээр захируулав. Жан Хэнийн онгоцод Цао Жэн, До Син, Гүн Ван, Дин Дэсүнь зэргийн дөрвөн дэд жанжин багларан суужээ. Жан Шүнь-ий онгоцонд Мэн Кан, Хоу Жянь, Тан Лун, Жяо Тин зэргийн дөрвөн дэд жанжин багларан суужээ. Гуравдугаар багийн онгоцыг арван нэр дээд жанжнаар захируулж, Ши Жинь, Лэй Хэн, Ян Сюн, Лю Тан, Цай Чин, Жан Чин, Ли Күй, Се Жэнь, Се Бао, Чай Жинь зэргийн арван хүмүүнээр захируулж хоёр онгоцноо хуваан суулгаж мордуулав. Түүнээс их бага жанжин дөчин хоёр хүмүүнийг гурван зуун онгоцод салган суулгасан хойно Сүн Жян нар хүлэг морьдыг онгоцноо гаргаж, магших луу нисэх загас мэтийн мянга илүү онгоцыг авч Сүн улсын Сянь фэн жанжин Сүн Жян жанжин хэмээх тугийг мандуулж явган морьт жанжин цэргийг дайчлан мөрнийг гэтлэн мордон хөдлөхүйеэ усан цэргийн түрүү Руань Сяо Эр, Руань Сяо Ү хоёул өмнө орж ерөнхийлөн дайчлав.
Сүн Жянын дундад цэргийн мөрөн гэтлэхийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Рүнь жоу-ын Бэй Гү Шань уулан дахь туршуулч ард тэртээ олмоос гурав дөрвөн зуун байлдааны онгоц амуу хувцас хүргэх Сянь фэн жанжны улаан тугийг хийсгэн мордон хөдөлснийг олж үзээд яаран явдлын журганд мэдүүлэхүйеэ, Люй шүми бээр арван хоёр түнхи түшмэлийг дуудан дуулга даран хуяг өмсөж саадаг нум агсан, илд жадыг барьж шилдэг цэргийг дагуулан мөрний хөвөөнөө ирвээс тэргүүлэн явах зуун онгоц мөрний хөвөөнөө ойртож ирэв. Үзвээс алтан үсэгт тэмдэг дээл өмссөн чоно барс мэт их эрс тэргүүлсэн хоёр жанжныг багларан хүрээлмүй. Люй шүми мориноос бууж мөнгөн түшлэгт суудалд залран суугаад арван хоёр түнхи түшмэлийг зүүн баруун этгээдэд жагсааж мөрний хөвөөг сахисанд Мү Хүн, Ли Жюнь онгоц дээрээс бие мэхийн ёсолсонд зүүн баруун жигүүрийн Юй Хоу нар цааз зарлан онгоцыг зогсоогтун хэмээсэнд, зуун онгоц захиаг хүлээн зангуу аяж нэгэн мөрөөр жагсаж зогстол хойно орсон хоёр зуун онгоц салхи уруудаж удсангүй хүрч ирээд хоёр тийш хөвөө шахан зуу зуугаар хоёр гарлан жагссан хойно цацрын түшмэл онгоцноо гарч: - Ямар газраас ирсэн онгоц болов?хэмээвээс Мү Хүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний овог Чэнь нэр И, дүү Чэнь Тай лугаа эцэг Чэнь Гуань-ий захиагаар цайлгасан амуу таван түмэн дан, гурван зуун онгоц ба шилдэг цэрэг таван мянган хүмүүнийг авч өршөөлт шүми ноёны айлтган баталсан хишигт хариулахаар ирэв хэмээхэд цацрын түшмэл асууруун: - Урьд өдөр шүми сянгүнийн илгээсэн элч Е юй хоу эдүгээ хаана баймуй? хэмээхүл Мү Хүн өгүүлрүүн: - Е юй хоу жич Ү Чэн хоёул халуун томууд баригдаад гацаанаа бие сувилан эм ууж байх тул энэ удаа ирж чадсангүй. Тушаалд өргөмжилсөн албан бичгийг эрхин ноёнд өргөн барьсугай хэмээсэнд цацрын түшмэл бичгийг аваад мөрний хөвөөнөө эгж Люй шүми-д айлтгаруун: - Янжоу фү-ийн Ди Фү Сүнь гацааны Чэнь Гуаньий хөвүүн Чэнь И, Чэнь Тай онгоцоор амуу хүнс цэрэг морийг хүргэж ирээд элчээр илгээсэн өргөмжлөх бичгийг өргөн барив хэмээсэнд Люй шүми үзвээс үнэхээр анхны илгээсэн албан бичиг мөн болох тул ах дүү хоёулыг түргэн дуудан ацар хэмээн захиа буулгасанд цацрын түшмэл их дуугаар Чэнь И, Чэнь Тай-г онгоцноос бууж ирэгтүн хэмээв. Мү Хүн, Ли Жюнь хоёул дэд жанжин хорин хүмүүнийг дагуулан мөрний хөвөөнөө гарахуйяа жигүүрийн цэрэг зандан өгүүлрүүн: - Дээд сянгүн энд залрах тул сул ард ойртон ирж болохгүй! хэмээсэнд хорин хүмүүн арга буюу орондоо зогхийж зогсов.
Мү Хүн, Ли Жюнь гараа тавин бие мэхийж нэгэн этгээдэд зайлан зогссоноо цацрын түшмэл нэлээд удсан хойно нэгийг нь удирдан шүми-ийн өмнө сөгтгөсөн хойно Люй шүми асууруун: - Чиний эцэг Чэнь Гуань юуны учир өөрийн биеэр ирэхгүй аж? хэмээвээс Мү Хүн айлтгаруун: - Лян Шань уулын Сүн Жян нар цэрэг дагуулан ирэв хэмээн сонсоод самуун хулгай гацааг түйвээх болуузай хэмээн миний эцэг гэрээс салж түвдсэнгүй болой хэмээвээс Люй шүми асууруун: - Та хоёулын хэн нь ах болмуй? хэмээхүл Мү Хүн өгүүлрүүн: - Чэнь И миний бие ах болмуй хэмээхэд Люй шүми асууруун: - Танай ах дүү хоёул цэргийн эрдэм боловсорсон буюу? хэмээхүйеэ Мү Хүн өгүүлрүүн: - Өршөөлт сянгүнийн үлэмж буянд шүтэж зэвсгийн эрдмийг нэлээд боловсорсон болой хэмээхэд Люй шүми бас асууруун: - Хүргэж ирсэн хүнс амууг онгоц салд хэрхэн тээв? хэмээвээс Мү Хүн өгүүлрүүн: - Их онгоцод гурван зуун дан ачиж бага онгоцонд хоёр зуун дан агуулав" хэмээмүй. Люй шүми өгүүлрүүн: - Та хоёулын энэ ирсэн нь өөр санаа байх магадгүй хэмээхүл Мү Хүн өгүүлрүүн: - Эцэг хөвүүн бид гурвуул элбэрэх сэтгэлийг өвөрлөж удсан тул ямар аймшиггүй өөр санааг барих аж?" Люй шүми өгүүлрүүн: - Чи хэдий сайн санааг өвөрлөмүй хэмээвч чиний онгоцны цэргийн эрсийг үзвээс байдал дүр этгээд тул эс сэжиглэвээс болохгүй. Та хоёул түр энд байгтун. Миний бие дөрвөн түнхи түшмэлд зуугаад цэрэг өгч онгоц салыг нэгжүүлсүгэй. Хэрвээ хувийн гаднах юм байваас хэрхэвч уучлахгүй хэмээхэд Мү Хүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний эдүгээ ирсэн нь өршөөлт сянгүнд хүндэд хэрэглэгдсүгэй хэмээсэн тул ийн сэжиглэх нь юун! хэмээсэнд Люй Ши нэн чив хэмээн дөрвөн түнхи түшмэлийг дуудадн онгоцыг нэгжүүлсүгэй хэмээтэл гэнэт туршуулч ард довтлон ирээд: -Эзний зарлиг өмнөд хаалганаа ирсэн тул дээд сянгүн даруй мориндоо мордон угтан авахаар эчигтүн хэмээсэнд Люй шүми яаран морио унаж жигүүрийн жанжны зүг ийн захируун: - Миний төлөөнөө мөрний хөвөөг сайтар сахигтун. Чэнь И, Чэнь Тай хоёул намайг дагж эчтүгэй хэмээхэд Мү Хүн сэмээр Ли Жюнь-ий зүг нүд зарав. Люй шүми урьд эчсэнд Мү Хүн, Ли Жюнь хоёул хорин жанжныг дуудан түүний хойноос мордож хотод орсугай хэмээвээс хаалга сахисан харуулын жанжин зандан өгүүлрүүн: - Шүми ноён ганц энэ хоёр хүмүүнийг оруул хэмээсэн тул бус хүмүүн орж болохгүй хэмээсэнд Мү Хүн, Ли Жюнь-ийг дотогш оруулаад бус хүмүүнийг хотын гадна хориж зогсоов.
Түүнээс Люй шүми бээр өмнөд хаалганаа хүрч тэнгэрийн элчийг угтан авсан хойно ийн асууруун: - Юуны учир энэ мэт яаралтай ирэв? хэмээвээс Фан Ла-ын удирдан золгуулагч түшмэл, тэнгэрийн элч Фэн Си сэмээр Люй шүми-ийн зүг өгүүлрүүн: - Орчмын өдөр тэнгэрийг шинжлэгч тайган Пү Вэнь Ин хаанд: “Урьд шөнө тэнгэрийн байдлыг шинжвээс тоолшгүй олон Тянь Ган, Ди Ша од Ү-ийн газар бууж тархсан бөгөөд түүний их хагас нь гэрэл үгүй тул гай зовлон бага бус хэмээсэнд тэнгэрийн хөвүүн тухайлан зарлиг буулгаж шүми таныг мөрний хөвөөг чандлан сахигтун. Хойно зүгээс ирэх хүмүүнийг нарийн нягт байцаан асууж үнэн байдлыг нь тодлох хэрэгтэй. Хэрвээ хөдөлбөр сэжигтэй этгээд харгаваас цаазаар аваачиж тэргүүнийг цавчигтун. Хэрхэвч үлдээн суулгаж болохгүй хэмээв". Люй шүми үүнийг сонсоод хиртхийн цочиж: - Өнөөхөн ирсэн эдгээр хүмүүнийг хараахан сэжиглэж атал эдүгээ харин ийм зарлиг бууж ирэв. Түр хотноо орж зарлигийг дуудсугай хэмээсэнд Фэн Си түүний хамт явдлын журганд морилон бууж богдын зарлигийг гарган дуудаж бартал гэнэт бас хүмүүн ирж: - Су жоу хотын элч бээр эзний дүү гуравдугаар вангийн зарлигийн бичгийг хүргэж ирэв хэмээсэнд элч хэдийн ирж Люй шүми-д ийн өгүүлрүүн: - Гуравдугаар вангийн зарлиг, чиний урьд өдрийн айлтгасан Ян жоу-ын Чэнь Гуань-ий орж өгөх үйлийг итгэвээс болохгүй, хуурмагаар дагасугай хэмээх болуузай. Орчмын өдөр богд эзэн зарлиг буулгаж сануулсан нь, тэнгэрийн шинжих яам Тянь Ган, Ди Ша од Ү-ийн газар буув хэмээн айлтгасан тул мөрний хөвөөг батад сахигтун.
Миний бие эрт орой нэгэн өдөр хүмүүн илгээн байцаан шаардуулсугай хэмээсэнд Люй шүми өгүүлрүүн: - Их ван бас энэхүү үйлд ийн санаа өлгөгдөх аж. Өчүүхэн түшмэл өнөөхөн богдын зарлигийг хүлээж авав хэмээгээд цааз зарлан мөрний хөвөөг чандлан сахиулж онгоцны хүмүүнийг мөрний хөвөөнөө нэг ч хэмээн гаргаж болохгүй хэмээсэн хойно хуримын ширээ засаж хоёр элчийг дайлав. Түүнээс гурван зуун онгоцны хүмүүн удтал хүлээсэн болов огт чимээ сураг сонстохгүй тул зүүн этгээдийн зуун онгоцны түрүү Жан Хэн, Жан Шүнь хоёул найман дэд жанжин лугаа зэвсэг барин мөрний хөвөөнөө гарав. Баруун этгээдийн зуун онгоцны түрүү арван жанжин тус тусын зэвсгээ авч мөрний хөвөөнөө гарав. Мөрнийг сахих Фан Ла-ын цэрэг хэдий хориглосугай хэмээсэн боловч хориглож чадсангүй. Хар хуй Ли Күй бээр Се Жэнь, Се Бао лугаа хаалгыг дайран орсугай хэмээтэл харуулын цэрэг мэндэн сандан халхлан зогсоохуйяа Ли Күй хос саран сүхийг далайн хоёр гурван цэргийн ардыг цавчин унагасанд хотын гадна хашхирах дуу мандаж, Се Жэнь, Се Бао ган сэрээг сунган дотогш давхин орсонд хотын хаалгыг хэрхэн дарж завдах аж? Ли Күй хаалганы доор хөндөлсөн зогсоод нүд нүүргүй цавчин үүсгэтэл хотын ойр урьд хүрсэн хорин дэд жанжин тус тусын зэвсгээ эргүүлэн урагш давшиж алан оров. Люй шүми яаран хүмүүн зарж мөрний хөвөөг сайтар сахигтун хэмээн зарлиг уламжлахуйяа хотын хаалгаар хүмүүн дайран орж ирэв. Арван хоёр түнхи түшмэл хотын гадна хашхирах дуу гарахыг сонсоод цэрэг морийг авч ирвээс Ши Жинь, Чай Жинь хоёул гурван зуун онгоцны цэргийг дайчлан хулгайн тэмдэгт хувцсыг тайлан хаяад мөрний хөвөөнөө гарч ирэхүйеэ онгоцон өрөөнөө бүгсэн цэрэг ч зэргээр алан гарч ирэв. Тэргүүлсэн түнхи түшмэл Шэнь Ган, Пань Вэнь Дэ хоёр замын цэрэг морийг авч хотын хаалгыг сахихаар ирсэнд Ши Жинь нэгэн илдэнд Шэнь Ган-ыг цавчин унагаж, Жан Хэн хажуугаас гарч ирээд Пань Вэнь Дэ-г жадлан унагав. Олон цэрэг зууралдан алалдахуйяа бус арван түнхи түшмэл гэр өрх юүгээ хамгаалахаар хот дотор ухран оров. Хотноо орсон Мү Хүн, Ли Жюнь түрхрэх чимээг сонсмогц дарсан пүүсээс гал аваад түймэр тавьж үүсгэв. Люй шүми мэндэн сандан мориндоо мордвоос гурван түнхи түшмэл өмөглөхөөр ирэв. Хот дотор тэнгэр тулам их түймэр дүрэлзэн мандахуйяа Гуа жоу-г сахисан жанжин олж үзээд урьд нэгэн багийн цэрэг морийг илгээж туслуулав. Олон цэрэг дөрвөн хаалганаа нэгэн зэрэг хутгалдан байлдсан хойно хотын хайсан дээр хэдийн Сүн Сянь фэн-ийн туг хиур дарвалзан мандав.
Дөрвөн зүг найман зовхист цэрэг морь зууралдан алалдаж хэн алин нь танигдахуйяа бэрх болсныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, их мөрний умард хөвөөнөөс зуу тавин онгоц сумдан ирж өмнөд хөвөөнөө зогсохуйяа Гуань Шэн, Хү Яньжуо, Хуа Рүн, Чинь Мин, Хао Сывэнь, Сюань Зан, Шань Тингүй, Хань Тао, Пэн Чи, Вэй Дингуо зэргийн их дэд арван жанжин хоёр мянган цэрэг морийг авч онгоцноос буугаад хот дотор дайран оров. Төдийд Люй шүми их л дарагдаж, дийлэгдсэн цэрэг морио дагуулж Дань Ту сянь-ий зүг буруулан эчсэн тул их цэрэг Рүнь жоу-г булаан эзэлж түймрийн галыг унтрааж цэрэг салган дөрвөн хаалгыг сахисан хойно Сүн Сянь фэн-ийн онгоцыг угтахаар мөрний хөвөөнөө ирвээс магших луу нисэх загасны олон онгоц салхи уруудаж өмнөд хөвөөнөө хүрч ирсэнд их бага олон жанжин бээр Сүн Жян-г угтан хотноо оруулсан хойно зар тунхаг гарган зуун овогтныг тохинуулаад, тус тусын цэрэг морийг авч дундад цацарт гавъяа тэмдэглэхээр ирэв. Ши Жинь бээр Шэнь Ган-ын тэргүүнийг өргөж, Жан Хэн бээр Пань Вэнь Дэ-ийн тэргүүнийг өргөж, Лю Тан бээр Шэнь Зэ-ийн тэргүүнийг өргөж, Күн Мин, Күн Лян бээр Жо Вань Ли-г амьдаар баривчилж, Сян Чүн, Ли Гүнь бээр Хэ Түн-г амьдаар баривчилж, Хао Сывэнь бээр Сюй Түн-г харваж алав. Рүнь жоу хотыг эзэлж дөрвөн түнхи түшмэлийг алж, хоёр түнхи түшмэлийг амьдаар баривчлан, алагдсан хулгайн цэргийг тооловч барахгүй. Сүн Жян өөрийн харъяа цэрэг жанжныг бүртгэн байцааваас Сүн Вэнь, Жяо Тин, Тао Зүнван зэргийн гурван дэд жанжин самуун цэргийн суманд оногдож моринд гишгэлэгдэн үхэв. Сүн Жян гурван жанжин хохирсныг үзээд сэтгэл эвхрэн тэсгэлгүй цухалдан зовниход Ү Юн ятган өгүүлрүүн: - Үхэж амьдрах нь хүмүүний тогтсон ёс болой.
Эдүгээ хэдийгээр гурван дүү хохирсон боловч завшаанаар мөрний өмнөх тэргүүн зэргийн бартаат жюньийг олжээ. Хэтэрхий уяран гуниваас хасын цогцод харш болох бус уу? Улс гэрийн төлөө гавъяа байгуулахыг бодож их үйлийг шийтгэн тасалбаас зохимуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Манай зэргийн зуун найман хүмүүн тэнгэрийн бичигт тэмдэглэгдэн, одон эзний тоонд оржээ. Анх Лян Шань уулнаа андгай өргөж, Утайн уулнаа тангараг хийж, үхвээс амьдрав нэгэн хамт байсугай хэмээсэн болой. Жин балгаснаа эгсэн хойно, санасангүй Гүн Сүньшэнь урьд харьж, Жинь Да Жянь, Хуан Пү Дуань ордноо хоцорч, Цай тайш бас Сяо Ран-г үлдээж, Ван Дү Юй бас Юэ Хэ-г аваачив. Эдүгээ мөрнийг сая гэтэлсэнд бас гурван дүү хохиров. Санаваас Сүн Вань хэмээгч энэ хүмүүн хэдий гайхамшигт гавъяа байгуулсангүй боловч Лян Шань уулын тулгуурыг анх байгуулах үед үлэмж их тус хийсэн болой. Санамсаргүй нэгэнт шар булгийн гийчин болжээ! хэмээгээд цааз зарлан цэргийн ардаар Сүн Ваньий үхсэн газарт тахилын ширээ засуулж алт мөнгөний зүйлийг өрүүлж, хар гахай цагаан хонь алуулж, өөрийн биеэр тахил өргөн дарс сүрчсэн хойно амьдаар барьсан хуурмаг түнхи түшмэл Жо Вань Ли, Хэн Түн-г ацруулан тэргүүнийг цавчин гурван баатрын сүнсийг нь тахив.
Сүн Жян яамдаа эгж гавъяа тэмдэглэн шан түгээж, элч заран сэтгүүл довтолгож Жан Жао Тао-г урьсныг түр өгүүлэхгүй. Зээл гудамжийн үхдэл хүүрийг цэргийн ардаар цэвэрлүүлэн шатаалгаж, гурван жанжны ясыг шатааж Рүнь жоу хотын зүүн хаалганы гадна бумбалан оршуулав. Түүнээс Люй шүми цэрэг морины их хагасыг автаад зургаан түнхи түшмэлийг дагуулан Дань Ту сянь-д буруулан эчиж аймшиггүй дахин байлдахаар гарсангүй. Яаралт бичиг үйлдэн Су жоу-ын гуравдугаар ван Фан Мао-оос цэрэг туслахыг гуйв. Удсангүй хүмүүн ирж мэдүүлрүүн: Су жоу фү-ээс юаньшуай Син Жэн-д цэрэг өгч туслахаар илгээв хэмээсэнд Люй шүми хотоос гарч Син юаньшуай-г угтан оруулж ёслон золгосон хойно Чэнь Гуань-ий хуурмагаар дагасан ба Сүн Жян чимээг сонсон цэрэг авч мөрөн гэтэлэн зэргийн үйлийг нарийвчлан тоочсон хойно ийн өгүүлрүүн: - Эдүгээ эрхин юаньшуай өөрийн биеэр цэрэг авч ирсэн тул Рүнь жоу хотыг эгүүлэн авбаас болмуй хэмээвээс Син Жэн өгүүлрүүн: - Гуравдугаар ван бээр Тянь Ган, Ди Ша од Ү-ийн газарт халдсаныг шинжиж мэдээд тухайлан өчүүхэн жанжинд цэрэг өгч мөрний хөвөөг сахиулахаар илгээв. Санасангүй эрхин шүми цэрэг дарагдаж эндэш гарсан тул доорд хүмүүн чиний төлөө өшөө хариулсугай. Эрхи шүми тухайг үзэн туслан байлдах болов уу хэмээгээд жич өдөр цэрэг морио авч Рүнь жоу-г эгүүлэн авахаар ирэв. Жич өгүүлэх нь Сүн Жян бээр Рүнь жоу хотын яамнаа залран Ү Юн лүгээ зөвлөж Тун Вэй, Тун Мэн-д зуун илүү хүмүүн өгч Жяо Шань уулнаа илгээн Ши Сю, Руань Сяочи-г эрүүлэв. Нэгэнтээгүүр цэрэг засан хотоос гарч Дань Ту сянь-ийг авахаар мордов. Гуань Шэн, Линь Чүн, Чинь Мин, Хү Яньжуо, Дүн Пин, Хуа Рүн, Сюй Нин, Жү Түн, Со Чао, Ян Жизэргийн арван жанжин, шилдэг цэрэг таван зуун хүмүүнийг авч Дань Ту сянь-ий зүг мордов. Гуань Шэн нар зам зуур Сян Жэн-ийн цэрэг морь лугаа харгаж хоёр этгээд жагсан зогсоод нум сумаар жагсаалын хөлийг хамгаалав.
Өмнө цэргийн жагсаалаас Син Жэн жад сунган морь довтолгож гараад зургаан түнхи түшмэлийг зүүн баруун этгээдэд жагсаахуйяа, Сүн улсын жагсаал дахь Гуань Шэн морь хийсгэн хөх луут дам илдийг эргүүлэн Син Жэн-г угтан авч арван хэдэн удаа зөрөлдсөн хойно хоёр жанжны нэг нь мориноос тонгорцоглон унав. Энэ үнэхээр ус авах ваар сав худгийн ирмэгт хэмхэрч, илд мөчөөрхөх баатар жанжин жагсаалын өмнө үхмүй. Эгнэгт зөрөлдөн байлдсан хоёр жанжны дийлэгдсэн нь хэн болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )