Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЛҮ ЖЮНЬ И ЦЭРЭГ ХУВААН СЮАНЬ ЖОУ-ЫН ЗАМД БҮГСЭН СҮН ГҮН МИН БАЙЛДААН ҮҮСГЭЖ
ПИ ЛИН ЖЮНЬ-ИЙГ ДАРСАН
Өгүүлэх нь юаньшуай Син Жэн төдийд Гуань Шэн лүгээ зөрөлдөн байлдаж арван хэдэн удаа болсон хойно Гуань Шэн илдийг өргөн Син Жэн-г мориноос цавчин унагасанд Хү Яньжуо цэрэг морийг даллан ив даран орохуйяа хулгайн зургаан түнхи түшмэл өмнөш буруулан эчив. Люй шүми харъяа цэрэг дарагдсаныг үзээд Дань Ту сянь-ийг гээж, дийлэгдсэн цэргээ авч Чан жоу фү-ийн зүг буруулав. Сүн улсын арван жанжин сяньий хотыг булаан аваад Сүн Сянь фэн-д сэтгүүл довтолгосонд Сүн Жяних цэргийг дайчлан Дань Ту сянь-д давшиж орж хүрээ буусан хойно олон цэрэгт шан тавьж, элч илгээн Жан Жао Тао-г цэрэг шилжин Рүнь жоу хотыг сахих болов уу хэмээн урьсанд, жич өдөр дундад цэргийн Цүн, Гэн овогт хоёр зөвлөлийн түшмэл шагналын бэлгийг авч Дань Ту сянь-д ирснээ Сүн Жян хүлээн аваад олон жанжинд түгээн өгөв.
Сүн Жян бээр Лү Жюнь И-г залж цэрэг тэгшлэн урагш орох үйлийг зөвлөх зуур ийн өгүүлрүүн: - Эдүгээ Сюань жоу, Ху жоу хотыг мөн хулгай Фан Ла эзэлж байх тул бид хоёул цэрэг хуваан жанжин салгаж хоёр замаар дайлахаар эчсүгэй. Ийнхүү хоёр шавга үйлдэн тэнгэрт залбиран тус тус нэжгээд шавгыг татаж оногдсон газраа цэрэг дайчлан байлдваас? хэмээгээд орхисон шавгыг татваас Сүн жян-д Чан жоу, Су жоу хоёр газар оногдож, Лү Жюнь И-д Сювнь жоу Ху жоу хоёр газар таарсан тул Сүн Жян даруй үнэнийг баригч Пэй Сюань-д захиж жанжин баатдыг тэгшлэн хуваалгав. Ян Жиөвчтэй тул Дань Ту сянь-д үлдээхээс гадна, үлсэн бус олон жанжныг хоёр зам хуваан салгав. Сүн Сянь фэн-д оногдсон жанжин бүгд дөчин хоёр хүмүүн, тэргүүлсэн жанжин арван гурван хүмүүн, дэд жанжин хорин есөн хүмүүн: Тэргүүлсэн жанжин хошууч Сянь фэн бат журамт Сүн Жян, цэргийн багш оюут одон Ү Юн, халих тас Ли Ин, дам илдэт Гуань Шэн, амьд Ли Гуань Хуа Рүн, цахилгаан тэнгэр Чинь Мин, нисэх жадат Сюй Нин, сайхан сахалт Жү Түн, тарлан хуушаан Лү Жишэнь, бадарчин тойн Ү Сүн, есөн луут Ши Жинь, хар хуй Ли Күй, хий хүлэгт Дай Зүн. Дэд жанжин гурван уулын дарлага Хуан Синь, Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли, хар хулан Хао Сывэнь, муухай жюнь ма Сюань Зан, ялгуусан баатар Хань Тао, сүрт баатар Пэн Чи, түйтгэр мангас Фань Руй, бишгүүрт сахиус Ма Линь, торгон үст барс Янь Шүнь, найман мутарт Нэжа Сян Чүн, нисэх сахиус Ли Гүнь, түйтгэрийн эзэн Бао Сюй, ягжгар барс Ван Ин, хас хатгуурт Ху Саньнян, торгон ирвэс Ян Линь, алтан нүдэт ирвэс Ши Энь, чөтгөрийн нүүрт До Син, долгин зант Күн Мин, догшин дүрт Күн Лян, тэнгэрийн аянга Лин Жэнь, төмөр гарт Цай Фү, гувай цэцэгт Цай Чин, алтан үст нохой Дуань Жинжү, уран сармагчин Хоу Жянь, хувилгаан зурхайч Жян Жин, амьд оточ Ань Даочуань, догшин онгод Юй Баосы, төмөр дэвүүрт Сүн Чин, үнэнийг баригч Пэй Сюань зэргийн их бага дөчин хоёр жанжин, шилдэг цэрэг гурван түмийг салгаж Сүн Жян нийгэмлэн захирав. Дэд хошууч жанжин Лү Жюнь И-д бас тэргүүлсэн ба дэд жанжин дөчин долоон хүмүүн.
Тэргүүлсэн жанжин арван дөрвөн хүмүүн, дэд жанжин гучин гурван хүмүүнийг салган өгч дэд жанжны түрүү Жү Ү-г цэргийн багшийн тушаалд тавив. Тэргүүлсэн жанжин дэд хошууч бодь цагаан гөрөөс Лү Жюнь И, цэргийн багш мэргэн жюньши Жү Ү, хуй салхи Чай Жинь, ирвэсийн тэргүүт Линь Чүн, хос жадат Дүн Пин, хос ташуурт Хү Яньжуо, гавшгай баатар Со Чао, эсрэг баатар Мү Хүн, Гуань Со-ын хувилгаан Ян Сюн, жигүүрт барс Лэй Хэн, хоёр толгойт могой Се Жэнь, хос сүүлт гүрвэл Се Бао, өдгүй сумт Жан Чин, улаан үст Лю Тан, ганган эр Янь Чин. Дэд жанжин усан сахис Шань Тингүй, галын сахиус Вэй Дингуо, Люй Бү-ийн хувилгаан Люй Фан, Сюай Рэнь Гүйийн бүрэлбаа Гуо Шэн, алтан жигүүрт Оу Пэн, улаан нүдэт эрслэн Дэн Фэй, барс алагч баатар Ли Жүн, амьд ба Ван Жоутун, дүүлэгч барс Чэнь Да, цагаан эрээн могой Ян Чүнь, архагт барс Сюэ Юнь, тэнгэр тулагч Дү Чянь, бяцхан эсрэг Мү Чүнь, хээрийн луу Зоу Юань, өрөөсөн эвэрт луу Зоу Рүнь, эрлэгийн элч Ли Ли, Хөх нүдэт барс Ли Юнь, хатан баатар Ши Юн, хуурайн матар Жу Гүй, номхон барс Жү Фү, бяцхан жин дэ Сүнь Синь, өлөгчин барс Гү Дасао, ногоо таригч Жан Чин, эм ягчис Сүнь Эл Нян, цагаан царайт Жэн Тяньшоу, цоохор ирвэс Тан Лун, алан тонилгогч Цао Жэн, өдрийн хулгана Бай Шэн, эрээн хүзүүт барс Гүн Ван, шархт барс Дин Дэсүнь, цахилгаан гүйдэлт Ван Дин Лю, нохой бөөс Ши Чянь зэргийн их бага жанжин дөчин долоон хүмүүн ба шилдэг цэрэг гурван түмэн хүмүүнийг салган авч Лү Жюнь И захирав. Лу Сянь фэн дөчин долоон жанжныг салган авч Сюань жоу, Фү жоу хоёр хотыг байлдахаар тогтсон, Сүн Гүн Мин дөчин хоёр жанжныг салган авч Чан жоу, Су жоу хоёр газрыг дайлахаар болсныг үзэх мэргэд сайтар тэмдэглэн авах болов уу.
Үүнээс гадна усан цэргийн олон жанжин өөр нэгэн анги баймуй. Анх Тун Вэй, Тун Мэн-г Жяо Шань уулнаа илгээсэнд дэд хоёул Ши Сю, Руань Сяочи-г эрж олоод хойш эгж мэдүүлрүүн: - Ши Сю, Руань Сяочи хоёул мөрний хөвөөнөө хүрсэн хойно нэгэн гэрийн хөгшин залууг алаад хөнгөн завийг нь булаан авч Жяо Шань Сэ хийдэд ирэхүйеэ хийдийн засаг тойн бээр тэд хоёулыг Лян Шань уулын сайн эр хэмээн сонсоод сүмдээ үлдээн суулгав. Хойно тэд хоёул Жан Шүнь гавъяа байгуулсныг сонсоод Жяо Шань-аас мордож Мао Ган олмыг дайран Жян Инь, Тай Сан зэрэг мөрөн дагасан жоу сянь-ийг байлдахаар зам цагдаж элч заран бичиг илгээж усан цэргийн жанжин нарыг онгоц сал авч ирэгтүн хэмээн гуйчлав хэмээсэнд Сүн Жян даруй таван мянган усан цэргийг салган Ли Жюнь зэргийн найман жанжинд захируулж, Ши Сю, Руань Сяочи-г туслан усан замаар урагш орогтун хэмээв.
Усан цэргийн түрүү арван жанжны дотор тэргүүлсэн жанжин долоон хүмүүн, дэд жанжин гурван хүмүүн байх аж: Чигч баатар Ши Сю, лусын эзэн Ли Жюнь, усан хувилгаан Жан Хэн, жигүүрт загас Жан Шүнь, догшин сахиус Руань Сяо Эр, Эл Лан тэнгэр Руань Сяо Ү, амьд эрлэг Руань Сяочи, гүмбира матар Тун Вэй, аварга мэлхий Тун Мэн, хас багана Мэн Кан зэргийн арван хүмүүнд усан замын шилдэг цэрэг таван мянга, байлдааны онгоц нэгэн зууг салган өгөв. Үзэх мэргэдэд толилуулах учир хэмээвээс, Сүн Жян бээр Дань Ту сяньаас цэрэг хуваахад бүгд ерэн есөн жанжин болох бөгөөд байлдааны онгоцыг цөм усан цэргийн олон жанжинд салган өгч Жян Инь, Тай Сан зэрэг газрыг дайлахаар илгээж бяцхан завийг Дань Ту сянь-ий оломд үлдээн Чан жоу-г дайлахаар болов. Жич өгүүлэх нь Люй шүми-ийн бие зургаан түнхи түшмэлээ авч Чан жоу-ын Пи Лин Жюнь-д буруулан ирэв. Чан жоу-г сахисан түнхи түшмэл Чянь Жэнь Пэн-ийн гар доор хоёр дэд жанжин байх аж. Нэгэн нь Жинь Лин сянь-ий Шань Хао-ын хүмүүн, овог Жинь нэр Же. Нэгэн нь Чянь Жэнь Пэнийн сэтгэл зүрх мэт хүмүүн, овог Сюй нэр Дин, Чянь Жэнь Пэн болбоос угтаа Чин Си сянь-ий дүтоу түшмэл асан бөлгөө.
Хожим Фан Ла-д тусалж үлэмж олон хот балгасыг эзэлсэн тул Чан жоу фү-ийн төвшитгөн амуулагч түшмэл болгов. Төдийд Чянь Жэнь Пэн бээр Люй шүми-ийн эндэш гарч, Рүнь жоу хотыг алдаж, Чан жоу хотноо буруулан ирэв хэмээснийг сонсоод даруй Жинь Же, Сюй Дин-г дагуулан хотын хаалгыг нээн жоу-ын яамнаа угтан оруулж ширээ засан дайлсан хойно дайсныг угтах бодлогыг зөвлөхүйеэ, Чянь Жэнь Пэн өгүүлрүүн: - Шүми ноён сэтгэлээ сул тавь. Жэнь Пэн би хэдий эрдэм үгүй боловч дуртайяа нохой морины хүчийг өргөж муу хулгай Сүн Жян-ын цэргийг их мөрнийг өнгөртөл алж, Рүнь жоу хотыг эгүүлэн авсан хойно миний санаа сая гүйцмүй хэмээвээс Люй шүми тохруулан өгүүлрүүн: - Төвшитгөн амуулагч түшмэл энэ мэт хичээнгүйлэн зүтгэвээс улс гэрийн эх амгаланд зовних учир юун, гавъяа бүтсэн хойно Ши Нэн би хүчлэн айлтгаж эрхин жанжныг хүндэд хэрэглүүлсүгэй хэмээгээд дарс уулцаж найралдсаныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Сүн Жян харъяа цэргийг авч Чан жоу, Су жоу хоёр хотыг байлдахаар нисэх мэт түргэнээр Пи Лин Жюнь-ийг чиглэн ирэв. Өмнө орсон тэргүүлэгч жанжин Гуань Шэн бээр Чинь Мин, Сюй Нин, Хуан Синь, Сүнь Ли, Хао Сывэнь, Сюань Зан, Хань Тао, Пэн Чи, Ма Линь, Янь Шүнь зэргийн арван жанжныг авч гурван мянган морьт цэргийг захиран Чан жоу хотын өмнө ирээд туг даллан хэнгэрэг дэлдэж байлдахаар өдөөхөд Люй шүми олж үзээд ийн өгүүлрүүн: - Хэн хүмүүн гарч дайсны цэргийг ухруулмуй? хэмээсэнд, Чянь Жэнь Пэн хүлэг моринд эмээл дарж өгүүлрүүн: - Жанжин би хүч гаргаж нэгэн зэрэг байлдсугай" хэмээмүй.
Люй шүми үгийг дагаж Ин Мин, Жан Жинь Рэнь, Жао И, Шэнь Бянь, Гао Кэ Ли, Фань Чоу зэргийн зургаан түнхи түшмэл, таван мянган цэрэг морийг салган өгч хотын хаалгыг нээн унуул гүүрийг буулгасанд Чянь Жэнь Пэн дам илдийг хөшиж хурган үст хүрэн зээрд морийг унаад цэрэг аван хотоос довтлон гарав. Гуань Шэн үзээд цэрэг морийг хойш ухруулж, Чянь Жэнь Пэн-г цэрэг жагсаасан хойно Гуань Шэн морь ташуурдан дам илдийг хөндлөн барьж өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Урвасан хулгай чих тавин чагнагтун! Танай зэргийн уульхай ард гань эрийг туслан урваж хүмүүн амьтныг хөнөөх тул хүмүүн сахиусны хилэнг төрүүлэв! Энэ өдөр тэнгэрийн цэрэг далайхаар ирсэн атал үхэхээ мэдэхгүй хариуцан байлдсугай хэмээх нь ямар их цөс аж! Танай зэргийн харгис хулгайг дуусган дарахгүй болбоос бид амалдаж цэрэг эгэхгүй! хэмээсэнд Чянь Жэнь Пэн ихэд хилэгнэж хараан өгүүлрүүн: - Санаваас Лян Шань уулын дээрмийн сүрэг тэнгэрийн цагийг танихгүй, вангийн үйлийг бодолхийлэхгүйгээр харин ёсгүй харанхуй эзэнд дагаж манай их улсад халдахаар ирэв. Эдүгээ миний бие танай зэргийн өчүүхэн ардыг дуустал алсугай! хэмээсэнд, Гуань Шэн хилэн төрж хөх луут дам илдийг бүжиглэн урагш довтлон орсонд Чянь Жэнь Пэн бас дам илдийг далайн шууд угтан авч хойш урагш зөрөлдөн гучин удаа болохуйяа Чянь Жэнь Пэн улам хүч мөхөстөж хүлээн чадахгүй болсонд өмнөх цэргийн жагсаалын хиурын доор асан хоёр түнхи түшмэл олж үзээд морь тавин хамтаар гарч жад сунган Гуань Шэн-г хавчин байлдав. Жао И баруун этгээдээс байлдаж, Фань Чоу зүүн этгээдээс зайлан ирэхэд Сүн улсын жагсаалын хиур доорх хоёр жанжин олж үзээд ихэд хилэн төрөн, нэгэн нь ган ирт сэлмийг далайн, нэгэн нь барсын нүдэт ташуурыг өргөж морь тавин гарч ирэв. Үзвээс гурван уулын дарлага Хуан Синь, Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли байсан ажгуу. Зургаан жанжин гурван хос болж жагсаалын өмнө зөрөлдөн байлдахуйяа Люй шүми яаран Сюй Дин, Жинь Же-г хотоос гарч туслан байлд хэмээсэнд хоёр жанжин захиаг хүлээн тус тусын зэвсгээ барьж жолоо хөнтрөн жагсаалаас довтлон гарваас Жао И бээр Хуан Синь лүгээ байлдаж, Фань Чоу бээр Сүнь Ли лүгээ байлдаж, чив хэмээн хүч тэнцсэн ажгуу. Үзэж атал Жао И, Фань Чоу хоёул улам улмаар хүч буурах тул Сюй Дин, Жинь Же тус тусын дам илдийг эргүүлэн жагсаалаас давхин гарсанд Сүн улын жагсаал дахь Хань Тао, Пэн Чи хоёр жанжин угтан гарав. Жинь Же илд өргөн Хань Тао-г угтан авч, Сюй Дин дөрөө өшиглөн Пэн Чи-ийн зүг тосон ороод таван хос баатар жанжин зэвсэг хангинуулан алалдаж үүсгэв. Өгүүлэх нь Жинь Же-ийн бие угаас Сүн улсад дагах сэтгэлийг өвөрлөх тул зоримгоор өөрийн жагсаалыг самууруулсугай хэмээн хэдэн удаа зөрөлдсөн хойно морь эгүүлэн жагсаалын зүг буруулахуйяа Хань Тао тэр дашрамд нэхэн орсонд өмнөх цэргийн жагсаал дахь Гао Кэ Ли бээр Хань Тао-ын Жинь Же-г тавихгүй нэхэн ирснийг үзээд сийлмэл нумыг гаргаж хатуу зэвийг онилон саран мэт дүгрэглэн татаад сүрхийтэл харваж илгээсэнд Хань Тао-ын түүш оногдож мориноос тонгорцоглон унав.
Цахилгаан тэнгэр Чинь Мин яаран морь ташуурдан араат шийдмээ дээр далайж тэнхрүүлэхээр иртэл тэртээ жагсаалын Жан Жинь Рэнь довтлон ирээд Хань Тао-ын хоолойг жадлан алав. Пэн Чи болбоос Хань Тао лугаа нэгэн тушаалын ах дүү болох тул Хань Тао-ын хохирсныг үзээд өшөөг хариулсугай хэмээн хорсоод Сюй Дин-г гээж дайсны жагсаалыг чиглэн Гао Кэ Ли-ийн зүг байлдан оров. Сюй Дин морь тавин нэхэн ирсэнд Чинь Мин тосон авч байлдав. Гао Кэ Ли бээр Пэн Чи-ийн дайран ирэхийг үзээд жад мушгин угтан автал Жан Жинь Рэнь сэмээр хажуугаас довтлон ирээд Пэн Чи-г жадлан мориноос унагав. Гуань Шэн хоёр жанжин хохирсныг үзээд араа шүдээ тачигнатал зууж Чан жоу хотыг шууд даран орсугай хэмээн хувилгаан сүрийг мандуулж дам илдийг өргөмөгц Чянь Жэнь Пэн-г цавчин унагаж түүний унасан хурган үст ти-т морийг булаан авсугай хэмээтэл санасангүй өөрийн унасан ти-т морь гэнэт бүдрээд эзнээ хөсөр унагасанд өмнөх жагсаалын Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь морь харайлган ирсэнд завшаанаар Сюй Нин бээр Сюань Зан, Хао Сывэньийг дагуулан жагсаалаас довтлон гараад Гуань Шэн-г тэнхрүүлэн авав. Люй шүми цэрэг морийг даллан хотоос алан гарсанд Гуань Шэн нар их л дарагдаж умарш буруулсанд өмнөх цэрэг хорин газрын алс гартал нэхэмжлэв. Мөн өдөр Гуань Шэн цэрэг дарагдаж хойш эгээд, хань Тао, Пэн Чи-ийн автагдсан учрыг зүй зүйгээр хэлсэнд Сүн Жян дуу тавин уйлж: - Санасангүй мөрөн гэтэлснээс нааш миний таван дүү хохиров. Санаваас дээд тэнгэр хилэн төрж Сүн Жян миний хулгай Фан Ла-г хураамжлахад таалахгүйн тул цэрэг хохирон жанжин гэнэдэхэд хүрүүлсэн буюу? хэмээвээс Ү Юн ятган өгүүлрүүн: - Эзэн юаньшуай ташаарсан болой.
Олох алдах ба дийлэн дийлэгдэх хэмээгч цэргийн хүмүүний энгийн хэрэг болох тул дэмий л гашуудах хэрэггүй. Хоёр жанжны пүнлүү тасрах хэмжээ болсон тул энэ мэт хохирсон ажгуу. Эрхин Сянь фэн үүний тул сэтгэл зовохыг байж их үйлийг таслан шийтгэвээс зохимуй хэмээхэд, цацрын өмнөөс Ли Күй орж ирээд: - Миний дүүг алсан хулгайг таних хэдэн хүмүүнээр зам удирдуулан эчигтүн. Би өөрийн биеэрээ хүрч хоёр дүүгийн өшөөг хариулж тэр хулгайг алсугай! хэмээсэнд Сүн Жян цааз зарлан жич маргаадар цагаан тугийг өндөр мандуулаад, "Би өөрийн биеэр олон жанжныг авч хотын захад хүрээд самуун хулгай лугаа байлдаж эрэгчин эмэгчнээ ялгаруулсугай хэмээгээд жич өдөр Сүн Жян бээр ус хуурайн их цэргийг авч мордон хөдлөхүйеэ хар хуй Ли Күй даруй Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь лүгээ шаламгай хурц таван зуун явган цэргийг дагуулж өмнө хошууч болж Чан жоу хотын зүг ирэв. Түүнээс Люй шүми-ийн бие Чянь Жэнь Пэн-ийн хохирсныг үзээд сэтгэл бухимдан дотор цухалдаж гурван зэрэг элч довтолгож Су жоу хотын гуравдугаар ван Фан Мао-оос туслах цэрэг гуйсны хамт, бодрол үйлдэн хаан төрд айлтгав. Тийн атал хүмүүн ирж мэдүүлрүүн: - Таван зуун явган цэрэг хотыг байлдахаар ирэв.
Тэмдэг тугийг үзвээс тэргүүлсэн жанжин хар хуй Ли Күй хэмээн бичжээ хэмээвээс Люй шүми өгүүлрүүн: - Энэ адгуус болбоос Лян Шань уулын тэргүүн зэргийн хэрцгий амьтан, хүмүүн алахад нүд улайсан сайн эр болох тул хэн аймшиггүй урьд гарч түүнийг баримуй? хэмээсэнд дайсныг алж гавъяа байгуулсан түнхи түшмэл Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь хоёул цацрын өмнө хүрч ирэв. Люй шүми өгүүлрүүн: - Та хоёул хэрвээ энэ хулгайг олж бариваас би хаанд хүчлэн айлтгаж зэрэг нэмэн хүндэд шагнасугай хэмээсэнд хоёр жанжин зэвсэг барин морь унаж явган морьт мянган цэрэг авч хотоос гарсанд хар хуй Ли Күй таван зуун явган цэргийг нэгэн мөрөөр жагсаасан хойно хос сүхийг барин жагсаалын өмнө гарч зогсов. Түйтгэрийн эзэн Бао Сюй дам илдийг өргөн нэгэн этгээдэд зогсов. Сян Чүн, Ли Гүнь зүүн гарт халхавч атган, баруун гарт нисэх жадыг барьж, дөрвөн жанжин зүрхэн тольт төмөр хуяг өмсөн жагсаалын өмнө гарч зогсов. Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь хоёул дийлсэндээ эрэмшиж барсыг ялгуусан мигуй мэт хэнхэлзэж нэг мянган цэрэг морийг авч хотын ойр жагсаал даган зогсов.
Сүн улсын цэргийн доторх хэдэн туршуулч ард Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь хоёр болбоос Хань Тао, Пэн Чи-г алсан хүмүүн болохыг мэдэх тул хуруугаар зааж Ли Күй-ийн зүг өгүүлрүүн: - Цэрэг морийг захирах энэ хоёр хүмүүн болбоос чив хэмээн манай Хань, Пэн хоёр жанжныг алсан хулгай мөн болой хэмээсэнд Ли Күй сонсоод огт дуу гарахгүйгээр хос сүхийг эргүүлэн дайсны жагсаалын зүг дайран эчихүйеэ Бао Сюй яаран Сян Чүн, Ли Гүнь-ийг дуудан бамбай өргөн туслахаар давхиж, дөрвүүл дуу гаран хашхирсаар жагсаалд шувтлан орохуйяа Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь их л цочиж хөдөлж завдсангүй, мэндэн сандан морь эгүүлсүгэй хэмээтэл хоёр бамбай хэдийн морины эрүүн доор дэвхрэн ирснээ Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь морин дээрээс жад сунган жадалбаас Сян Чүн, Ли Гүнь бамбай өргөн тосоход Ли Күй сүх далайн Гао Кэ Ли-ийн морины хөлийг цавчсанд морь булгин түүнийг хөсрөө хаяв. Сян Чүн: - Амьдаар баригтун! хэмээн дуу гартал Ли Күй хэмээгч хүмүүн алж улайрсан хүмүүн тул уурыг хүлцэж чадахгүй хэдийн тэргүүнийг нь тас цавчив.
Бао Сюй бас Жан Жинь Рэн-г мориноос татан унагаж тэргүүнийг нь тас цавчаад дөрвүүл жагсаалд нэвтрэн орж нүд нүүргүй алан үүсгэв. Хар хуй Ли Күй бээр Гао Кэ Ли-ийн тэргүүнийг сүүжиндээ дүүжилж саран сүхийг дээр далайн юуг ч хэрэгсэхгүй хөндлөн гулд дэвхрэн гүйж гарын аяар цавчихад морьт явган мянган цэрэг хотдоо ухран орохуйяа арын хойноос нэхэн алж унуул гүүрний хажууд хүрсэн хойно сая зогсов. Бүртгэн үзвээс гурав дөрвөн зуун хүмүүний тэргүүнийг цавчив. Ли Күй, Бао Сюй алсаар халамшаад хот дотор алан орсугай хэмээхэд Сян Чүн, Ли Гүнь хүлцэн хориглож хойш эгтэл хотын хайсан дээрээс мод чулуу зэргээр өнхрөн буув. Дөрвөн жанжин жагсаалын өмнө эгж ирээд таван зуун цэргийг хуучин хэвээр жагсаахад дайсны цэрэг хэдий дайран ирж зууралдан байлдсугай хэмээсэн боловч хар хуй Ли Күй-ийн хар цагааныг ялгахгүй хандсан зүгт нүдгүй цавчихыг үзээд айж хөнгөнөөр хөдөлсөнгүй. Гэнэт тоос мандан огторгуйг бүрхэхүйеэ Сүн Сянь фэн-ийн цэрэг морь хүрч ирсэнд, Ли Күй, Бао Сюй тус тусын цавчсан тэргүүнийг өргөв.
Олон жанжин үзвээс Гао Кэ Ли, Жан Жинь Рэнь-ий тэргүүн болох тул их л гайхаж асууруун: - Өшөөт хулгайн тэргүүнийг яахин олов? хэмээвээс хоёр жанжин өгүүлрүүн: - Олон хүмүүнийг алж энэ хоёрыг амьдаар барьсугай хэмээсэн боловч нэгэн цагт гар загатнаж хүлцэж чадсангүй цавчиж алав хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Өшөөт хулгайн тэргүүнийг олсон тул цагаан тугийн өмнө аваачиж тэнгэрт залбиран Хань, Пэн хоёр жанжны сүнсийг тахисугай хэмээгээд Сүн Жян бас нэгэн зэрэг гашуудан уйлж, цагаан тугийг хөсөр хэвтүүлж, Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн дөрвөн хүмүүнийг сайшаан шагнасан хойно их цэргийг авч Чан жоу-ын зүг давшив. Жич өгүүлэх нь Люй шүми бээр хот дотор сэтгэл цухалдаад, Жинь Же, Сюй Дин тэргүүлэн дөрвөн түнхи түшмэлийг дуудан Сүн Жян-ын цэргийг эгүүлэх бодлогыг зөвлөхүйеэ, олон жанжин бээр Ли Күй-ийн хөндлөн гулдгүй нэгэн зэрэг алсныг үзээд цөс хэмхрэн зүрх түгшиж дахин байлдах сэтгэлгүй болсон тул хэдэн зэрэг асуусан боловч яв хүмүүн мэт болж хэн ч хэмээн дуу гарсангүй таг дуугүй суухад Люй шүми нэнд цухалдан мэндүүрч хайсан дээр хүмүүн илгээн үзүүлбээс Сүн Жян-ын цэрэг морь Чан жоу хотын гурван зүгийг хааж хэнгэрэг дэлдэн туг сажилж их дуугаар өдөөн хашхирмуй. Люй шүми олон жанжинд цааз зарлан хотын хайсанд гарч сайтар бэхлэгтүн хэмээн олныг эгүүлсэн хойно ганцаар хойд танхимдаа сууж хэдий санавч гарах арга хэмээн огт үгүй тул зүүн баруун жигүүрийн сэтгэл зүрх мэт хүмүүнийг дуудаж хотыг гээж буруулсугай хэмээн сэмээр зөвлөснийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, Жинь Же хойш гэртээ эгж ирсэн хойно гэргий Чинь Юй Лань-ий зүг ийн өгүүлрүүн: - Эдүгээ Сүн Сянь фэн хотыг хааж гурван этгээдээс шахамдуулан байлдмуй. Хот дотор амуу цөөн хүнс ховор тул удаан өдөр тэсэж чадахгүй. Хэрвээ хотыг эвдвээс бид цөм илд жадны доорх чөтгөр болох болой хэмээхүйеэ Чинь Юй Лань өгүүлрүүн: - Чамд угаас шударга элбэрлийн сэтгэл асны дээр дагах санааг өвөрлөж удсан бөгөөд анхнаас Сүн улсын хуучин түшмэл болох тул хаан төр чамайг үтээрсэн газар ер үгүй.
Ийнхүү муугаа гээж сайныг даган, Люй Ши Нэн-г баривчилж Сүн Сянь фэн-д өргөх нь даруй бие дэвших сайн арга мөн болой хэмээхүл Жинь Же өгүүлрүүн: - Түүний гар доор харъяат цэрэг дайчилсан дөрвөн түнхи түшмэл байхын дээр Сюй Дин хэмээгч муу боол над лугаа нийс үгүй, Люй Ши Нэнийн сэтгэл зүрх мэт янаг хүмүүн болох тул хэрэг задран үл эвдэрвээс гэдрэгээ харин зовлон болмуй хэмээхүйеэ гэргий нь өгүүлрүүн: - Чи сэмээр нэгэн битүүмж бичиг үйлдэн зэвийн үзүүр уяад шөнө дүлээр хотын гадна харван илгээж Сүн Сянь фэн-д дохио өгөн дотор гаднаас угтан байлдаж хотыг авсугай хэмээн болзоод жич өдөр байлдахаар гарч хуурмагаар дийлэгдэн буруулж Сүн Жян-ын цэргийг хотод дагуулан оруулбаас чиний гавъяа даруй бүтмүй хэмээхэд Жинь Же өгүүлрүүн: - Мэргэн гэргийн энэ үг маш зүй болой. Энэ ёсоор явуулсугай хэмээв. Сударч түшмэлийн сийрүүлсэн нэгэн анги шүлэгт өгүүлсэн нь: Харанхуйг тэвчиж гэгээнд дагаваас гай зовлонгоос хэлтэрмүй.
Харь холхи Пи Лин газар Фү Жи Жинь гэргий илрэв. Буурай зөөлөн эхнэр бөгөөд журмаар явсан атал Баатар цөст их эрийн ухаан юутай дурган. Жич өдөр Сүн Жян цэрэг дайчлан хотыг шахамдуулан байлдахад Люй шүми олон хүмүүнийг хуруулж зөвлөхүйеэ Жинь Же өгүүлрүүн: - Чан жоу хотын хэрэм өндөр хүрээ уудам тул сахихаас бус байлдаж болохгүй. Олон жанжин бэхлэн сахиж Су жоу хотын туслах цэрэг ирсэн хойно хүчээ хамтатган байлдваас сая болмуй хэмээвээс Люй шүми өгүүлрүүн: - Энэ үг их л зүй болой хэмээгээд цааз зарлан жанжныг хувааж, Ин Мин, Жао И-г илгээн зүүн үүдийг сахиулав. Шэнь Бянь, Фань Чоу-г илгээн хойд хаалгыг сахиулав. Жинь Же-г илгээн баруун хаалгыг сахиулав. Сюй Дин-г илгээн өмнө хаалгыг сахиулав. Олон жанжин захиаг хүлээн тус тусын цэрэг морийг авч эчив. Мөн шөнө Жинь Же нэгэн битүүмж бичиг үйлдэж зэвийн үзүүр уяад, хүмүүн амьтны хөл хураагдсаны хойно баруун хаалганы асарт гарч зам турших хуяг цэргийн зүг харваж илгээсэнээ цэргийн ард бичигт зэвийг олж аваад яаран хүрээнээ аваачиж барьсанд баруун хүрээг сахисан жанжин Лү Жишэнь, Ү Сүн хоёр авч үзээд даруй дэд жанжин До Син-д тушааж хойд хаалганы их хүрээнээ довтолгов. Төдийд Сүн Жян, Ү Юн зул шатааж цацарт хэрэг зөвлөж атал До Син нисэх мэт довтлон ирж Жинь Же-ийн нууц бичгийг хүргэж ирсэнд Сүн Жян авч үзээд их л баярлан гурван хүрээнээ цааз зарлан хэргийг уламжлав.
Жич өдөр гурван хүрээний олон жанжин гурван зүгээс хотыг байлдав. Люй шүми өндөр давхарлагт гарч үзэж атал, Сүн Жян-ын жагсаал дахь тэнгэрийн аянга Лин Жэнь Пао-ын тулгуурыг босгож салхи галын бууг нэгэнт тавьсанд дайсны давхарлагийн нэгэн өнцөг суманд оногдож гэнэт хүргэтэл юүрэн унасанд Люй шүми яаран зайлж амь зулбан давхарлагаас бууж ирээд дөрвөн хаалгыг сахисан жанжныг шаардан хотоос гарч байлдагтун хэмээгээд гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлж хотын хаалгыг цайтал нээж унуул гүүрийг дорогш тавиулсанд хойно хаалганы Шэнь Бянь, Фань Чоу цэрэг дагуулан байлдахаар гарахуйяа Сүн улсын жагсаал дахь дам илдэт Гуань Шэн бээр Чянь Жэнь Пэн-ийн ти-т морийг унаж жагсаалаас довтлон гарч Фань Чоу-г угтан авч байлдаж атал баруун хаалгыг сахисан жанжин Жинь Же бас нэгэн багийн цэргийг аван байлдахаар гарсанд Сүн Жян-ын жагсаал дахь Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли морь тавин угтан ороод дэмий гурван удаа болсонгүй, Жинь Же хуурмагаар дийлэгдэж буруулахад Сүнь Ли тэргүүлэн, Янь Шүнь, Ма Линь дараа орж, Лү Жишэнь, Ү Сүн, Күн Мин, Күн Лян, Ши Шэнь, До Син хойноос дагалцан хамтаар даран орохуйяа Жинь Же цэрэг татан хотноо ухран орвоос Сүнь Ли шууд нэхэн эчиж баруун хаалгыг эзлэн авав. Хот дотор түрхрэн үймэлдэж Сүн улсын цэрэг морь баруун хаалгаар шувтлан орныг мэдэв. Зуун овогт иргэд Фан Ла-д хөнөөгдөж удсан тул хилэнгийн гал тэнгэр тулав.
Төдийд олон иргэн бээр Сүн улсын цэрэг хотноо орсныг мэдээд бүгдээр шаламгайлан тусалж байлдав. Хотын хайсан дээр Сүн Сянь фэн-ийн туг мандсанд Фань Чоу, Шэнь Бянь хот дотор хувьсгал гарав хэмээн мэдээд яаран хотноо эгж гэрийн хөгшин залуу юугаа хамгаалсугай хэмээн давхиж иртэл зүүн этгээдээс Ван Ин, Ху Саньнян дайран ирж Фань Чоу-г барив. Баруун этгээдээс Сюань Зан, Хао Сывэнь хоёул зэргээр гавшгайлан Шэнь Бянь-ийг мориноос жадлан унагасанд олон цэрэг барьж аваачив. Сүн Жян, Ү Юн их цэргийг даллан хотод даран ороод дөрвөн зүгээс хулгайн цэргийг нэгжин барьж бүрнээ алахуйяа Люй шүми хэдийн Сюй Дин-г дагуулан өмнө хаалгаар шургалан гарч зам булаан буруулан эчихүйеэ олон цэрэг хэдий нэхэмжилсэн боловч гүйцсэнгүй тул Чан жоу хотноо эгж захиаг хүлээн гавъяа шанг хүртэв. Жао И иргэний гэрт бие далдалж атал олон иргэн барьж хүлээд Сүн Жян-д өргөв. Ин Мин самуун цэрэгт алагдсан тул тэргүүнийг нь огтлон авав. Сүн Жян жоу-ын яаманд бууж зар гарган иргэнийг тохинуулсанд зуун овогт иргэн хөгшдөө түшиж хүүхдээ хөтлөж яамнаа ирж мөргөн талархсанаа Сүн Жян сайн үгсээр тохруулан сургаж шударга иргэн болгов.
Удсангүй олон жанжин зэрэг зэргээр ирж гавъяа тэмдэглүүлэв. Жинь Же жоу-ын яамнаа ирж Сүн Жян-д золгосугай хэмээхүйеэ Сүн Жяниндрээс буун угтаж танхимд урьж суулцсан хойно Жинь Же цаглашгүй харамж өгснөө түүнийг хуучин хэвээр Сүн улсын шударга түшмэл болгов. Энэ нь чив хэмээн түүний эхнэрийн хүчлэн бүтээсэн гавъяа болой, үүнийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, Сүн Жян бээр Фань Чоу, Шэнь Бянь, Жао И зэргийн гурван хүмүүнийг битүү тэрэгт хорьж нэгэн битүүмж бичиг сийрүүлсэн хойно Жинь Же-г дуудан энэ гурван хүмүүнийг Рүнь жоу хотын Жан Жао Тао-ын хүрээнээ хүргэж эчигтүн хэмээсэнд Жинь Же бичгийг авч гурван жанжныг хүргэн Рүнь жоу-ын зүг эчив. Түүнийг Рүнь жоу-д хүрэхээс урьд Сүн Жян хэдийн хий хүлэгт Дай Зүн-д тамгат бичиг өгч дундад цэрэгт Жинь Же-г өргөн баталсан ажгуу. Жан Жао Тао бээр Сүн Жян-ын илгээсэн бичгээс Жинь Же-ийн энэ мэт шударга журамтайг мэдсэн тул Жинь Же-г Рүнь жоу-д ирсэн хойно Жань Жао Тао их л баярлаж хэсэгт алт энт торго, эмээлт морь, амтат дарсаар шагнав. Дэд дүдү Лю Гуан Ши тухайд Жинь Же-г цацартаа үлдээж цэрэг морины дүтүн түшмэл болгов. Хожим Жинь Же бээр Лю Гуан Ши-г дагаж Жинь Ү Шү-ийн дөрөвдүгээр тайзыг ихэд дайлж, олон удаа гавъяа байгуулсан тул шадар цэргийн захирагчийн тушаалд дэвшээд Жүн Шань газрын байлдаанд бие өнгөрөв. Энэ болбоос Жинь Же-ийн төгсгөл нь болой. Шүлэгт өгүүлсэн нь: Зальхайд үйлчлэн хулгайг шүтвээс амьд авч жигшилтэй Журмыг гүйцэтгэж байлдаанд үхвээс хүүр яс анхилнам. Хойч өдөр чигчээр яваад Жүн Шань-ий чөтгөр болов хэмээвч Хорт дайсан Фан Ла-ын жагсаалд бие барснаас дээр буй за.
Түүнээс мөн өдөр Жан Жао Тао, Лю Дүдү хоёул Жинь Же-д шан хайрлаад хулгайн гурван жанжныг огтчин алж тэргүүнийг өлгөн олноо үзүүлсэн хойно Чан жоу хотноо элч илгээн Сүн Сянь фэн-ийн цэрэг морийг хөхүүлэн шагнасныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Сүн Жян цэрэг морийг авч Чан жоу хотноо буусан хойно Дай Зүн-г Сюань жоу, Ху жоу-д зарж цэрэг татах мэдээг Лү Жюнь И-д мэдүүлэхүйеэ гэнэт туршуулч ард довтлон ирж мэдүүлрүүн: Люй шүми буруулан Ү Си сянь-д хүрсэн хойно Су жоу хотын туслах цэрэг лүгээ хүч хамтатгаж байлдахаар ирсүгэй хэмээж баймуй хэмээсэнд Сүн Жян яаран Гуань Шэн, Чинь Мин, Жү Түн, Ли Ин, Лү Жишэнь, Ү Сүн, Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн тэргүүлсэн жанжин ба дэд жанжин арван хүмүүнд морьт явган нэгэн түмэн цэргийг өгч өмнөш мордон дайсныг угтагтун хэмээсэнд Гуань Шэн нар хошууч цэргийг авч олон жанжны хамт Сүн Жян-д алах ёсыг хийж хотоос мордон гарав. Түүнээс Дай Зүн бээр Сюань жоу, Ху жоу-д цэрэг орсон мэдээг сонсоод Чай Жинь лүгээ хойш эгж Сүн Сянь фэн-д ёслон золгож, Лу Сянь фэн нэгэнт Сюань жоу хотыг авч, тухайлан сэтгүүл довтолгохоор Чай Жиньийг илгээв хэмээсэнд Сүн Жяних л баярлаж тоос гөвөх дарс барьсан хойно хойд танхимд урьж суулцаад Лү Жюнь И-ийн Сюань жоу хотыг эвдсэн нягт үйлийг асууваас Чай Жинь битүүмжит бичгийг гарган Сүн Жян-д үзүүлж, Сюань жоу-г эвдсэн учрыг нарийвчлан тоочив. Фан Ла-ын харъяа жанжин, Сюань жоу хотыг дарангуйлан сахисан эвлэн захирагч түшмэл Жя Юй Чин-ийн гар доор Ли Шао, Хань Мин, Дү Жин Чинь, Лу Ань, Пань Жюнь, Чэн Шэн Зү зэргийн зургаан түнхи түшмэл байх бөгөөд цөм Шэ жоу, Му жоу газрын хүмүүн ажгуу.
Мөн өдөр Жя Юй Чин зургаан түнхи түшмэлийг хуваан гурван багийн цэрэг морийг тэгшлэн хотоос байлдахаар гарахуйяа Лү Жюнь И бас гурван замын цэрэг мориор дайсныг угтав. Дундад биед Хү Яньжуо морь тавин Ли Шао-г угтан авч, Дүн Пин дөрөө өшиглөн Хань Мин лүгээ зөрөлдөн байлдав. Дэмий арван удаа болсонгүй Дүн Пин хэдэнтээ жадалж Хань Мин-г алсанд, Ли Шао морь эгүүлэн буруулж дундад замын цэрэг ихэд дарагдав. Зүүн этгээдэд Линь Чүн зэвсэг далайн Дү Жин Чэнь лүгээ байлдаж, Суо Чаозэвсэг сунган Лу Ань лугаа цавчин алав. Баруун этгээдэд Жан Чин хүлэг довтолгон Пань Жюнь лүгээ зөрөлдөж Мү Хүн жолоо дугтран Чэн Шэн Зу лугаа байлдахуйяа Жан Чин нисэх чулуугаар Пань Жюнь-ийг занчин унагаснаа барсын жанжин Ли Жүн нисэх мэт довтлон эчиж Пань Жюнь-ийг жадалж алав. Чэн Шэн Зу морийг гээж хойш буруулан эгэв. Мөн өдөр нэгэн дараагаар дөрвөн жанжныг дийлсэнд хулгайн цэрэг хойш ухран хотноо орохуйяа Лү Жюнь И олон жанжныг дагуулан хотын хаалганы ойр даран ирэхүйеэ санасангүй хотын хайсангаас нэгэн их чулуун хавтас өнхрөн бууж Лу Сянь фэн-ийн гар доорх нэгэн дэд жанжныг дарж алав.
Өндөр хайсангаас мөндөр буух мэт хорт зэв цацлан харвахад бас хоёр дэд жанжин оногдож, цэргийн хүрээнээ хүргэх зам зуур хор нь гүйж амь егүүтгэв. Лу Сянь фэн бээр гурван жанжин хохирсныг үзээд шөнө дүлээр хотыг байлдсанаа зүүн хаалгыг сахисан жанжин эсэргүүцэл болсонгүй тул Сюань жоу хотыг эзлэв. Ли Шао самуун цэрэгт алагдаж, Жя Юй чин дарагдсан цэргээ авч Ху жоу хотын зүг буруулан эчив. Лү Жишэнь жагсаалд хаагдаж хааш одсоныг мэдэхгүй. Цагаан царайт Жэн Тяньшоу өнхрөл чулуунд дарагдаж үхэв. Алан тонилгогч Цао Жэн, цахилгаан гүйдэлт Ван Дин Лю хорт зэвд оногдож үхэв. Сүн Жян бас гурван дүү хохиров хэмээн сонсоод аяа хэмээн дуу алдмагц эрүүгээрээ саван унаснаа таван цул хэрхсэнийг нь мэдэхгүй, дөрвөн мөч нь хэдийн хөдлөхгүй болж хөшсөн аж. Энэ үнэхээр сэрчигнэх салхи дэлгэх цэцгийг агшнаа зулгаруулж, нэтэлзэх манан хийвэргүү сарыг гэнэт бүрхэв. Эгнэгт харангадан унасан Сүн Гүн Мин-ийн амь нас хааш болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )