Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЧЯО ЛЕ МАНАН ҮҮСГЭН СИ ЖИН ХОТЫГ АВСАН ЧАЙ ЖИНЬ ПАО ДАЛДЛАН САМУУН ХУЛГАЙГ ХАРВАСАН
Өгүүлэх нь Ян Хи, Сүнь Ань, Бянь Сян чив хэмээн Си Шэн-г нэхэмжилж И Цюай Шань уулын хажууд ирснээ, санасангүй уулан ард бүгсэн хулгайн жанжин нэгэн түмэн морьт цэргийг авч гэнэт дайран ирээд Ян Жинарын зүг нэгэн зэрэг их л байлдсанд Си Шэн бие мултарч дарагдсан цэргээ авч хотод буруулан оров. Сүнь Ань хэдий шаламгайлан байлдаж хулгайн цэргийн хоёр жанжныг алсан боловч цөөнөөр олныг дийлэхүйеэ бэрх тул дайсанд хөөгдөж мянга илүү морьт цэргийн хамт гүн завд хаагдав.Тэр завын дөрвөн этгээдэд цавчим хад сэхийж, завын амсрыг хулгайн цэрэг мод чулуу овоолон хашсан тул гарах зам хэмээн огт үгүй.
Төдийд хулгайн цэрэг хотноо орж Гүн Дуань-д мэдүүлснээ Гүн Дуань бээр хоёр мянган цэрэг морийг авч завын амсрыг хаасан тул Ян Хи, Сүнь Ань нар жигүүр ургавч гарч чадахгүй болов. Үүнийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Лү Жюнь И нар Си Шэн-ийн Люн Хуа Вэнь жагсаалыг эвдэж, Ма Лин-ийн алтан тоосго орхих увдист шүтэж хулгайн цэргийг арвин сөнөөж олон жанжны гавшгайлан байлдсанаар бүрнээ дийлж хулгайн эрэмгий жанжин гурван хүмүүнийг алж, дийлсэн хүчдээ урагш давшиж Лүн Мэнь Гуань боомтыг булаан авч, түмэн илүү тэргүүнийг цавчиж морь унаа, хуяг дуулга, харанга хэнгэрэг зэргийн зүйлийг тоолшгүй олон олзолсноо хулгайн цэрэг хотдоо ухарч оров. Лү Жюнь И цэрэг морийг бүртгэн үзвээс түрүүлэн дайрсан Ян Хи, Сүнь Ань, Бянь Сян нарын нэгэн мянган цэрэг морь ирсэнгүй тул даруй Се Жэнь, Се Бао, Зоу Юань, Зоу Рүнь нарт тус бүр мянган цэрэг өгч дөрвөн зүгт гарган наран унатал эрүүлсэн боловч огт бараа сураггүй. Жич өдөр Лү Жюнь И цэрэг морийг хөдөлгөсөнгүй. Мөн Се Жэнь нарыг илгээн сураглан эрүүлэв.
Се Жэнь нэгэн салаа цэрэг морийг дагуулан зэл ороонгыг шүүрэн уул хадыг давж, И Цюай Шань уулын зүүн этгээдийн нэгэн өндөр оргилд авиран гарч үзвээс баруун биеийн уулан завд нэгэн багийн цэрэг морь зузаан шугуйн далд халхлагдаж хараахан тодорхой үзэгдэхгүй, эгц хад алсалж хэдий дуу гаравч олж сонсохгүй тул Се Бао цэргийн ардыг дагуулан нутгийн ардыг эрж асуусугай хэмээвээс ойр хавийн ард иргэн цөм цэргийн хөлөөс зайлан дутаасан ажгуу. Тийнхүү урагш явж нэгэн бэрх хавцлын тэгш газар хүрсэн хойно ядуу зүдүү хэдэн тариачин эрсийг олж үзээд ойртож эчвээс нэгэн багийн цэрэг морь ирснийг үзээд айн эмээж зугтсугай хэмээтэл Се Бао өгүүлрүүн: - Бид болбоос хулгайг дарахаар ирсэн улсын цэрэг мөн болой хэмээсэнд тэдгээр ард улсын цэрэг хэмээх үгийг сонсоод нэнд эмээн сандрахад Се Бао сайн үгсээр тохруулж ийн өгүүлрүүн: - Бид болбоос Сүн Сянь фэн-ийн гар доорх жанжин цэрэг болой хэмээвээс олон хүмүүн өгүүлрүүн: - Харь аймгийг төвшитгөж, Тянь Ху-г амьдаар баривчлан, орон нутгийг үл түйвээх тэр Сүн Сянь фэн-мөн буюу? хэмээхэд Се Бао: - Яг мөн болой хэмээхүл тариачин эрс хөсөрт сөгдөн мөргөж өгүүлрүүн: - Жанжин нарын айл гацааг түйвээхээр ирсэн бусыг эдүгээ мэдэв.
Урьд жил бас цэрэг ирж хулгай дээрмийг хураамжилмуй хэмээх боловч яг дээрэм лүгээ адил дээрэмдэн тонох тул бид бүгдээр энд зайлан ирсэн бөлгөө. Эдүгээ эрхин жанжны морилж ирсэн нь бидэнд тэнгэрийн нарыг дахин үзүүлсэн мэт болов хэмээсэнд Се Бао бээр Ян Жинарын нэгэн мянган цэрэг морины байлдаж төөрсөн ба баруун уулын бэрх хавцлын гарч орох замыг сураглан асууваас тэдгээр хүмүүн зэргээр өчрүүн: - Энэхүү завыг Ляо Хүн Гү хэмээх бөгөөд ганцхан замаар орж гармуй хэмээгээд Се Бао нарыг хавцлын аманд дагуулан эчвээс чив хэмээн Зоу Юань, Зоу Рүнь бас хоёр салааны цэргийг авч эрэн ирсэн тул цэрэг морийг нэгнээ нийлүүлж хулгайн цэргийг алан сарниулж урагш цэрэглэн давшиж мод чулууг зайлуулж бэрх хавцалд орж эчив. Тэр үе түв хэмээн намрын дундад сар асан тул өндөр хад гүн завын өнгө үзэмж адбиш сайхан ажгуу. Үзвээс: Хяруу шүүдэр тэнгэрээс бууж бат цагааныг хайраад, Харанхуй жалга бэрх хавцлын уур амьсгалыг жихүүцүүлмүй.
Хадат уулсын үүл манан тэнгэрийн хязгаарыг бүрхээд, Халил асгын нарс майлс алсын үзүүр сиймүй. Жич өгүүлэх нь Ян Хи, Сүнь Ань, Бянь Сян тэргүүлэн нэгэн мянган хуяг цэргээр хүмүүн нь зүдрэн хүлэг нь зудад үхэх цагийг хүлээн модон түнд сууж атал Се Бао нарын цэрэг морийг олж үзээд цаглашгүй баясалцан дэвхцэхүйеэ Се Бао хуурай хүнсээ Ян Жинарт түгээн өгч өл хоол залгуулсан хойно олныг авч хавцлаас гарч ирэв. Се Бао бээр тосгоны ардыг дагуулан цэргийн хүрээнээ ирж Лү Жюнь И-д учруулсанд Лу Сянь фэн их л баярлаж алт мөнгө амуу хүнс зэргийн зүйлийг гаргаж гачигдсан тариачдыг тусалсанд тэдгээр ард тэргүүн даран мөргөж дахих дахин харамж өгч эгэв. Удсангүй Се Жэнь-ий цэрэг морь ч хүрээнээ эгэв. Мөн өдөр тэнгэр орой болж нэгэн шөнө цэрэг морийг амруулав. Жич өглөө Лү Жюнь И цацартаа сууж Жү Ү лугаа цэрэг салган хотыг байлдахаар зөвлөж атал гэнэт туршуулч ард ирж мэдүүлрүүн: - Ван Чинийн зарлигаар хуурмаг дүдү түшмэл Дү Жюай хоёр түмэн цэрэг дайчилж өмөглөхөөр ирээд гучин газрын алс хүрээ буув хэмээсэнд Лү Жюнь И сонсоод яаран Жү Ү, Ян Хи, Сүнь Ли, Шань Тингүй, Вэй Дингуо-г Чяо Дао Чин, Ма лин-ийн хамт хоёр түмэн цэрэг авч их хүрээний өмнө жагсаж хотоос гэнэдүүлэн гарч ирэх хулгайн цэргийг халхлагтун.
Се Бао, Се Бао, Мү Чүнь, Сюэ Юнь нарыг таван мянган цэрэг салган авч уулан цайзыг сахигтун хэмээгээд өөрийн биеэр бус олон жанжны хамт гурван түм таван мянган цэрэг морийг авч Дү Жюай-г угтан байлдахаар тогтсонд ганган эр Янь Чин ийн айлтгаруун: - Өршөөлт эзэн энэ өдөр өөрийн биеэр байлдахад тохирохгүй болой хэмээвээс Лү Жюнь И асууруун: - Юуны учир ийн өгүүлмүй? хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн өчигдөр шөнө муу зүүдийг зүүдлэв хэмээсэнд, Лү Жюнь И өгүүлрүүн: - Зүүдний учрыг хэрхэн итгэмжилж болмуй. Амь насыг улс гэрт өргөхөөр шийдсэн тул үхэж төрөхийг хамаарах ёс баймуй уу? хэмээснээ Янь Чин өгүүлрүүн: - Эзэн хэрвээ сэтгэл шуудсан болбоос өчүүхэн хүмүүнд таван зуун явган цэрэг салган өгч миний санаагаар болгогтун хэмээхэд Лу Жюньй И инээн асууруун: - Чи хэрхсүгэй хэмээмүй?” Янь Чин өгүүлрүүн: - Үүнийг эзэн та асуух хэрэггүй. Ганц цэрэг салган өгвөөс барав хэмээсэнд, Лү Жюнь И өгүүлрүүн: - Чамд цэрэг морийг салган өгч ямар үйл бүтээхийг чинь үзсүгэй! хэмээгээд Янь Чин-д таван зуун явган цэрэг салгаж өгснөө Янь Чин дагуулан эчихүйеэ Лү Жюнь И жихүүнээр инээж зогсохгүй.
Мөн даруй жанжин цэргийг авч их хүрээнээс гараад Пин Чуань Чяо хэмээх гүүрээр өнгөрөн гарав. Энэ Пин Чуань хэмээх газарт сонин чулуу гайхалтай хад үлэмж байх бөгөөд Тан улсын үеийн Ли Дэ Юй энд нутаглаж асан бөлгөө. Лү Жюнь И нүд орхин үзвээс Янь Чин цэргийн ард лугаа энд ирж мод огтлох тул дотроо хэдий инээд хүрэв хэмээвч байлдааны үйл бачим тул лавлан асуух завгүй. Түүнээс цэрэг морийг захиран Лүн Мэнь Гуань-ий баруунаа арван газрын алсад жагсаал засан хүлээж атал хулгайн цэрэг удсангүй хүрч ирэв. Түүнээс хоёр этгээд эсэргүүлэн жагсаж хэнгэрэг дэлдэн хашхиран бархиралдахуйяа баруун жагсаалын жигүүрийн жанжин Вэй Хэ дам илдийг далайн морь ташуурдаж довтлон гарч ирснээ Сүн улсын жагсаал дахь Шань Ши Чи хүлэг хийсгэн жад сунгаж огт дуу гарахгүйгээр угтан авч зөрөлдөн байлдаад гучин удаа болсон хойно Шань Ши Чи жад өргөн Вэй Хэ-ийн унасан морины гуяыг жадалсанд тэр морь үргэн булгиж Вэй Хэ-г хөсөр хаяахуйяа Шань Ши Чи нэгэн жаданд жадалж алав. Баруун жагсаалын Фэн Тай их л хилэгнэж хос төмөр ташуурыг эргүүлэн морь тавин Шань Ши Чиийн зүг байлдан орж арваад удаа болохуйяа Бянь Сян үзвээс Шань Ши Чи хүч дарагдах тул жад эргүүлэн морь харайлган өмөглөхөөр ирсэнд Фэн Тай их дуугаар хашхирмагц Шань Ши Чи-г мориноос гуядан унагаж дахин нэгэнт ташуурдаж амийг нь хороогоод морь ташуурдан Бянь Сян-г угтан оров.
Бянь Сян хэмээгч нэгэн үеийн тасархай баатар эр тул Фэн Тай-г довтлон иртэл аянгын дуугаар хашхирмагц аюулхайн сүвийг нь жадлан унагасанд хоёр этгээдийн хуяг цэрэг үймэлдэн хашхиралдав. Баруун жагсаалын эзэн юаньшуай Дү Жюай хоёр жанжин хохирсныг үзээд зүрхний үзүүрээс хилэн дэгдэж хөмсөгний сэжүүрээс гал мандаж жан ба мао жадыг мушгин жагсаалаас морь тавин гарсанд Сүн улсын жагсаал дахь эзэн юаньшуай Лү Жюнь И бас өөрийн биеэр угтан гарч тавин удаа болтол зөрөлдөн байлдсан боловч дийлэн дийлэгдэх нь ялгарсангүй. Дү Жюай-н жад салхи бороо нэвтрэхгүйд Сүнь Ань бээр Лү Жюнь И-г дийлэгдэх болуузай хэмээн сэлэм бүжиглэн морь гүйлгэж өмөглөхөөр ирэхүйеэ хулгайн жанжин Жо Мао араат шийдэм далайн хүлэг давхиулан угтан ороод дөрөв таван удаа болохуйяа Сүнь Ань сахиус сүрээ үзүүлж Жо Мао-г мориноос цавчин унагаж жолоо эргүүлэн урагш давхиж Дү Жюай-г цавчихаар ирэв. Дү Жюай түүний Жо мао-г алсныг үзээд цөс хэмхрэн эмээж зайлж завдсангүй Сүнь Ань-ий сэлэмд баруун мөрөө цавчуулж мориноос тонгорцоглон унасанд Лү Жюнь И давхин ирж жадлан алаад цэрэг морийг даллан даран орсонд хулгайн цэрэг их л дарагдав.
Гэнэт баруун өмнө зүгийн нарийн замаар нэгэн багийн морьт цэрэг довтлон гарч ирэв. Үзвээс охор гэзгийг сул тавьж, бомбын титмийг тэргүүндээ дарж, хүрэн дээлийг биед хэдэрч, улаан морийг алд хавчсан хөө мэт муухай зүст нэгэн жанжин сэлэм эргүүлэн цэргийг захирч нисэх мэт дайран ирсэнд, Лү Жюнь И нар тэмдэг дээлнээс хулгайн цэрэг хэмээн таниад цэрэг морийг шаардан дайруулахуйяа тэр хүмүүн зууралдан байлдсангүй, уруулаа товор товор хөдөлгөн хэдэн зэрэг тарни уншиж ас өмнөх хэрлэлийн орныг заан нэгэнт цавчваас нүд ирмэх зуур түүний амнаас гал бадраад хоосон газраас түймэр босож Сүн улсын цэргийн зүг дүрэлзэн ирэхүйеэ Лү Жюнь И зайлах газар үгүй болж цэрэг морь их л дарагдаж зэвсэг унаган хэнгэрэг юүгээ гээж дөрвөн зүгт түйвэн сарниад дутааж завдсангүй нь түймэрт шатагдаж нүүрс болоод таван мянга илүү хүмүүн хохиров. Олон жанжин нар Лү Жюнь И-г хамгаалан авч Пин Чуань Чяо гүүрт буруулан ирснээ цэргийн ард зэрэг зэргээр шахалдан гарсанд модон гүүр дайвалзаж дорогш юүрэн унав. Завшаанд Янь Чин мод огтлон нарийн гүүрний хоёр хажуугаар хөвмөл гүүр зассан тул цэрэг морь ус гэтэлж хоёр түмэн хүмүүн амь гарсан ажгуу.
Лү Жюнь И, Бянь Сян хоёул морь унаж хойно хайгалж гүүрний хажууд иртэл хулгайн жанжин араас нэхэн ирээд Бянь Сян-ийн зүг нэгэн ам гал сүрчсэнд Бянь Сянь-ийн биед гал авалцаж мориноос тонгорцоглон унахуйяа хулгайн цэрэг цавчиж алав. Лү Жюнь И хөвмөл гүүрнээ гарч голыг гэтлэн морь давхиулан буруулав. Түүнээс хулгайн жанжин бээр цэрэг морио захиран нэхэмжилж иртэл өмнөх цэрэг хэдийн Чяо Дао Чин-д мэдүүлсэн тул Чяо Дао Чин ганц мориор сэлэм эргүүлэн хулгайн жанжныг угтан авахад тэр хулгайн жанжин бас сэлэм өргөн өмнөш цавчсанд түймрийн гал нэн илүү дүрэлзэн мандав. Чяо Дао Чин хумс няслан тарни уншиж сэлэм юүгээ өргөн шавардлын орон зүг нэгэнт зааж гурван самадийн хувилгаан усыг урьсанд агшин зуур мянга түмэн зурвас хар уур бүрхэн тунараад нисэх хүрхрээ оргилох булаг болж хувилаад хасын өрөвтөс мөнгөний хэмхдэгийг бороо хур мэт цацахад шимнусын гал хоромхон зуур дарагдан унтрав. Хулгайн жанжин шимнусын увдис эвдэрснийг үзээд яаран морь эгүүлж буруулан эчихүйеэ унасан хүлэг усны чулуунд халтирч бүдрээд хулгайн жанжныг саван унагахуйяа Чяо Дао Чин морь харайлган урагш ирж сэлэм өргөн нэгэнт цавчиж хоёр анги болгов. Таван мянган морьт цэргээс таван зуу илүү нь мориндоо хаягдан гэмтэв.
Чяо Дао Чин сэлэм эргүүлэн их дуугаар зандан өгүүлрүүн: - Зэвсгээ өргөн дагаваас нохойн амийг чинь үлдээсүгэй хэмээсэнд, хулгайн цэрэг түүний увдис хэцүүг үзээд мориноос буун зэвсгээ хаяад хөсөрт сөгдөн орж өгсөнд Чяо Дао Чин сайн үгсээр тохруулан сургаж, хулгайн жанжны тэргүүнийг огтлон олноо цээрлэл болгосон хойно дагасан хулгайн цэргийг авч Лү Жюнь И-д сэтгүүл мэдүүлэхээр ирсэнд Лү Жюнь И харамж өгөн талархаж, Янь Чин-ийн гавъяаг нэгэн зэрэг магтав. Олон жанжин нар хулгайн жанжин хэн болохыг сураглан асуугаад шимнугийн галаар хүмүүнийг шатаах Коу Ме хэмээгч гажуу увдистан болохыг мэдэв. Түүний төрсөн байдал этгээд муухай тул хүмүүн түүнийг “галт мангас хэмээн дуудах бөлгөө. Анх ван чинг туслан урваад гэнэт хааш одсоныг мэдэхгүй хоёр гурван жил болжээ. Нэгэн өдөр Нань Фэн хотноо хүрч ирээд: - Сүн улсын цэргийн сүр ихэд мандах тул би эчиж хураан дарангуйлсугай хэмээсэнд ван чин түүнийг шөнө дүлээр энд илгээсэн ажгуу. Гүн Дуань, Си Шэн бээр өмөглөх цэргийн дарагдсаныг үзээд айж байлдахаар гарахгүй, ганц цэрэг нэмэн хотыг бэхэлмүй. Тийнхүү Чяо Дао Чин өгүүлрүүн: - Эндэх хот цайз бат бэх тул Төдийд эвдрэхүйеэ бэрх. Ийнхүү энэ шөнө ядуу бумба өчүүхэн увдис хэрэглэж эрхин сян фэн-г туслан их үйлийг бүтээн хоёр жанжны зузаан хэсгийг хариулсугай хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Хувилгаан увдисыг сонсохыг хүсмүй хэмээхэд Чяо Дао Чин түүний чихэнд: - Ийм тийм ёсоор үйлдвээс болмуй хэмээн шивнэсэнд Лү Жюнь И их л баярлаж цэрэг жанжныг салган тус тус бэлтгэл хийлгэн хотыг байлдахаар болов. Бас цэргийн ардад захиж Шань Ши Чи, Бянь Сян-ийн хүүрийг хүндэд оршуулж Лү Жюнь И өөрийн биеэр тахил өргөн наманчлан залбирав. Түүнээс мөн шөнийн дэд жингийн үед Чяо Дао Чин цацраас гарч сэлэм эргүүлэн увдисаа үүсгэснээ гэнэт хар манан дэгдэж Си Жин хотыг бүрхэхүйеэ хотыг сахих цэргийн ард бие биеэ олж үзэхгүй болсонд Сүн улсын цэрэг харанхуйг завдан нисэх гүүрээр урагш давшин үүлэн шатнаа авиран хотын хайсанд гарч буу тавимагц гэнэт манан арилж дөрвөн зовхист цөм Сүн улсын цэрэг дүүрээд хэтийг гарган бамбарыг асааж барьсанд өдөр мэт тунгалаг болов. Хотыг сахисан хуяг цэрэг хэдийн сүнс зайлтал эмээж зогссон орноос хөдөлж завдсангүй.
Сүн улсын цэрэгт цавчигдан үхсэн нь тооловч барахгүй. Гүн Дуань, Си Шэн гэнэт хувьсгал гарсныг үзээд яаран цэрэг авч өмөглөхөөр ирснээ дөрвөн хаалга хэдийн дайсны гарт орсон ажгуу. Төдийд Лү Жюнь И цэргийг даллан хотод дайран орсоноо Гүн Дуань, Си Шэн самуун цэрэгт алагдаж, бус олон жанжин зэвсэг хаян дагав. Дагасан цэрэг гурван түмнийг хэтэрчээ. Зуун овогт иргэнд үсэн төдий ч халдсангүй. Тэнгэр гэгээрсэн хойно Лү Жюнь И зар гарган иргэнийг амуулж Чяо Дао Чин-ийн их гавъяаг тэмдэглэн сайшааж жанжин цэргийг хүндэд шагнаад Ма Лин-г зарж Сүн Сянь фэн-д сэтгүүл довтолгоход Малин захиаг хүлээн эчээд наран унах үеэр харьж ирээд ийн мэдүүлрүүн: - Сүн Сянь фэн нар Жяннань хотыг байлдаж өдөр дараалан хулгайн цэрэг лүгээ мөчөөрхөж Наньфэн хотыг өмөглөх цэргийг ихэд дийлж эзэн юаньшуай Се Нин-г нь амьдаар баривчлав. Сүн сян фэн дайн байлдааны үйлд алжаан зүдсэний харгаагаар цэргийн хүрээнээ өвчилж аливаа үйлийг цөм цэргийн багш Ү Юн-ээр шийтгүүлж баймуй хэмээсэнд Лү Жюнь И сэтгэлийн дотор баяр үгүй болж, цэргийн үйлийг мэндэн сандан шийтгэж Си Жин хотыг Чяо Дао Чин, Ма Лин хоёрт тушаагаад жич маргаадар Чяо Дао Чин, Ма Лин-д салах ёсыг гүйцэтгэж, Жү Ү зэргийн хорин жанжныг авч Си Жин хотоос мордож Жяннань хот зүг яаран явав. Хэдэн өдөр болсонгүй Жяннань хотын хойнох их хүрээнээ хүрч цацарт орж тохинуулан болгоов. Амьд оточ Ань Даочуань-ий сэтгэл тавин эмнэсний ачаар Сүн Жян-ын өвчин зургаа долоо хувь эдгэрсэн тул Лү Жюнь И нар аласхийн баярлаж, тус тусын цэргийн үйлийг тоочин зоог хэлэлцэж атал гэнэт буруулан ирсэн цэргийн ард өгүүлрүүн: - Тан Бинь түв хэмээн Сяо Ран нарыг хамгаалан хүрээнээс гучин газрын үзүүр гартал гэнэт Жяннань хотын хулгайн жанжин Ми Шэн, Ма Жян шилдэг цэрэг түмэн хүмүүнийг авч хажуугийн нарийн замаар даран ирж Сянь фэн-ийн өвчилснийг завшиж их хүрээг сундлахаар ирээд чив хэмээн манай цэрэг морь лугаа харгалдав. Тан Бинь хүч чинээгээр хоёр жанжин лугаа байлдсан боловч цөөнөөр олныг ялгуухгүйн дээр Ми Шэн хэмээгч бас эрэмгий баатар тул Тан Бинь-ийг алаад, Сяо Ран, Пэй Сюань, Жинь Да Жянь нарыг амьдаар барьж, манай хүрээг дарсугай хэмээтэл Лу Сянь фэн нарыг их цэрэг авч ирэв хэмээн сонсоод Сяо Ран нарыг олзлон хойш буруулан эчив хэмээхэд Сүн Жян дуу алдан уйлж өгүүлрүүн: - Сяо Ран нарын амь нь батлахуйяа бэрх болов хэмээгээд өвчин нь дахин хүндэрсэнд Лү Жюнь И тэргүүлэн олон жанжин сайн үгсээр ятган тохруулав.
Лү Жюнь И асууруун: - Сяо Ран нар ямар газар эчсүгэй хэмээв?” Сүн Жян бүгшин уйлж өгүүлрүүн: - Сяо Ран бээр намайг өвчлөв хэмээн сонсоод тухайлан Чэнь Ань Фү-ээс аярлан салж намайг болгоохоор ирсэн дашрамд бас Чэнь Ань Фү-ийн зарлигаар Жинь Да Жянь, Пэй Сюань-ийг Ваньжоу хотноо аваачин чулуун хөшөөнөө үсэг сийлүүлэн бичиг эвхмэлийг байцаан үзүүлсүгэй хэмээсэн тул миний бие Тан Бинь-д нэг мянган цэрэг морийг өгч хүргүүлэхээр зарсан болой. Харин санасангүй хулгайн жанжинд баригдав, эрхгүй алагдмуй! хэмээгээд Лү Жюнь И-д захиа буулган цэргийн багш Ү Юн-д тусалж мөн даруй хотыг байлдаж Ми Шэн, Ма Жян-г барьж өшөөг хариулагтун хэмээсэнд, Лү Жюнь И нар зарлигийг хүлээн хотын хойнох цэргийн хүрээнээ ирээд Ү Юн-д ёслон золгосон хойно Сяо Ран нарын баригдсан учрыг гаргаж хэлсэнд Ү Юн хиртхийн цочиж: - Барав, энэ гурван хүмүүнийг алдав! хэмээгээд цааз зарлан олон жанжныг хотыг бүсэлж хүч хамтатган байлд хэмээсэнд олон жанжин захиаг хүлээн дөрвөн зүгээс хотыг байлдав. Ү Юн цэргийн ардаар үүлэн шат ацруулж хотын зүг өндөр дуугаар өгүүлрүүн: - Сяо Ран, Жинь Да Жянь, Пэй Сюань нарыг хурдан хүргэж ир. Баахан алгуурлан осолдвоос хотыг эвдсэн хойно цэрэг иргэн хэмээн ялгахгүй цөм хүйс тэмтрэн алмуй! хэмээв. Жич өгүүлэх нь хуурмаг дарангуйлан сахигч түшмэл Лян Юн бээр жигүүрийн олон жанжин лугаа хотыг сахиж атал Ми Шэн, Ма Жян цэрэг дарагдан хойш буруулан ирэв. Мөн өдөр Сүн улсын цэрэг хотыг хараахан бүсэлсэнгүй тул Ми Шэн нар Сяо Ран зэргийн гурван хүмүүнийг барьж хаалга нээлгэн хотноо ороод олзолсон хүмүүнийг юаньшуай-н ордноо хүргэж гавъяа тэмдэглүүлсэнд Лян Юн бээр Сяо Ран-ын алдрыг сонсож удсан тул цэргийн ардыг зандан хүлснийг нь тайлуулж элсэн дагуулсугай хэмээсэнд Сяо Ран, Пэй Сюань, Жинь Да Жянь зэргийн гурван хүмүүн нүдээ дүгрэглэж хараан өгүүлрүүн: - Эргүү мунхаг урвасан хулгай, биднийг ямар зэргийн хүмүүн хэмээн дагуулсугай хэмээмүй? Албаас түргэн алагтун! Өвдөг нугалан сөгтгөсүгэй хэмээвээс горио татаж санаагаа хураагтун! Удахгүй Сүн Сянь фэн хотыг эвдэж танай зэргийн хулгаа мэт өчүүхэн амьтныг амьдаар бариад хүүрийг тасдан түмэн анги болгох нь магад болой! хэмээсэнд Лян Юн хилэн төрж цэргийн ардыг зандан: - Энэ гурван боолыг занчиж сөгтгө! хэмээхэд цэргийн ард шийдмийг шүүрэн авч нүдгүй занчихуйяа гурван хүмүүн хэдий хөсөрт саван унавч огт хэмээн сөгдөхгүй их дуугаар ичээн хараахад Лян Юн өгүүлрүүн: - Та гурвуул хэдий тэргүүнээ цавчуулж түргэн үхсүгэй хэмээвч миний бие зоримогоор удаашруулж элдэв хоёроор зовоор гачмуй” хэмээгээд цэргийн ардыг зандан: - Энэ гурван адгуусыг хүрээн гадна дөнгөлөн зогсоож тахимыг нь хугартал занчваас аяндаа сөгдөх буй за хэмээсэнд цэргийн ард захиаг хүлээн гурван хүмүүнийг чирэн гаргаж дөнгө зүүлгэн шийтгэл үзүүлэв.
Түүнээс юаньшуай-н ордны ойр хавийн цэрэг иргэн урагш шахалдан Сүн улсын жанжныг гайхалдан үзэхүйеэ олны доторх эрийн цөсийг барьж заяасан нэгэн хүмүүний хилэнг төрүүлэв. Тэр хүмүүний овог Сяо, давхар нэр Жяа Сүй хэмээх бөгөөд юаньшуай-н ордны өмнөд зээлийн цаас худалдах пүүсийн хажууд суумуй. Түүний хуланц өвөг Сяо Дань, өргөсөн цол Зэн Да, өмнө умард төрийн хүмүүн бөгөөд Жяннань газрын Ци Ши түшмэл асан бөлгөө. Мөрөн үерлэж хашлагыг эвдсэнд Сяо Дань өөрийн биеэр жанжин түшмэлийг дагуулж борооны дунд хашлагыг засахуйяа бороо ихдэж мөрөн тэлснээ жанжин түшмэл түүнийг түр зайлмуй хэмээсэнд Сяо Дань маргаж өгүүлрүүн: - Ван хаад болов хэмээвч өөрийн биеэр усыг хашсугай хэмээсэн атал миний бие тийн зайлж хэрхэн болмуй хэмээсэнд удсангүй ус татарч хашлага бүтэв. Мөн онд тариа төмс дэлбэ төрж нэгэн эшид зургаан түрүү суусан тул түүнд Сяо Жя Сүй хэмээх нэр өгсөн бөлгөө. Нэгэн удаа Сяо Жя Сүй хэсэн тойрсоор Жяннань газарт хүрвээс тэндэх хүмүүн ард түүний өвөг дээдийн эрхэм өршөөлд уярч Сяо Жя Сүй-г ихэд хүндэлсэн ажгуу. Тэр Сяо Жя Сүй хэмээгч бодлого гүн зориг их, санаа уудам сэтгэл талбиу, баатар хүч зэргээс хэтэрхий, зэвсгийн эрдэм үеэс тасархай, цөс зориг төгс бүрдсэн сайн эр мөн болой. Цөс их зориг бүдүүн хүмүүн харгаваас ихэс доордос хэмээн ялгахгүй нэгэн адил тэтгэн тусалмуй. Ван чин самууныг үүсгэж хотыг булаан балгасыг тэвчлэхэд Сяо Жя Сүй дайсныг сэргийлэх арга өргөснөө засаг явуулах албан түшмэл түүний аргыг хэрэглэсэнгүй тул хотыг дайсанд алдав. Самуун хулгай цааз зарлаж зуун овогт иргэнийг хотноо орж болохоос бус хотоос гарч болохгүй хэмээсэн тул Сяо Жя Сүй хотноо хоцорч, хэдий өдөр шөнийн хувьд хулгайг арилгахаар бодолхийлэвч ганц мод гал болж чадахгүй асан бөлгөө.
Энэ өдөр самуун хулгайгаар Сяо Ран зэргийн гурван хүмүүнийг дөнгөлөн шийтгэхийг үзсэний дээр Сүн улсын цэрэг морь Сяо Ран нарыг аврахаар хотыг шамдан байлдахуйяа хот доторх цэрэг ард тэсгэлгүй эмээхийг үзээд Сяо Жя Сүй ийн санаруун: - Сайн завшаан үүнд байх аж. Ганц энэ нэгэн зүйлд бүх хотын хүмүүн амьтны амийг хамгаалж болмуй хэмээгээд мэндэн сандан гэртээ хариваас хэдийн бич цаг болсон тул яаран зарц хөвүүнийг дуудан бэх зууруулж, хажуу талын цаасан пүүсээс зузаан цаас авч ирээд дэнгийн гэрэлд сууж бийр юүгээ идүүлэн сийрүүлсэн нь: Хотын доторх хүмүүн нь цөм Сүн улсын шударга иргэн болох тул санаваас хэрхэвч самуун хулгайд туслах дургүй буй за. Сүн Сянь фэн болбоос хаан төрийн баатар жанжин болох өгөөд харь аймгийг дарж, Тянь Ху-г амьдаар барьсан тул хүрсэн газар хариуцах этгээд огт үгүй. Түүний гар доор элэг зүрх мэт зузаан найртай баатар эрс зуу бөгөөд найман хүмүүн баймуй. Хүрээн өмнө эрүү хүлээх гурван хүмүүний журмыг барьж дагахгүйгээс үзвээс Сүн сян фэн нарын идэрхэг баатар шударга журмыг мэдвээс болмуй. Энэ өдөр самуун хэрвээ энэ гурван хүмүүнийг хөнөөвөөс хот доторх цэрэг цөөн жанжин ховор тэл эрт орой нэгэн өдөр хотыг эвдсэн хойно хас чулуу хоёрыг ялгахгүй хэмхчмүй. Хот доторх амь гарах дуртай цэрэг иргэн намайг дагаж самуун хулгайг дуусган алагтун! хэмээжээ. Сяо Жя Сүй зар бичгээ бичиж дуусаад сэмээр гарч чимээ чагнаваас зуун овогт иргэн гэр гэртээ гашуудан уйлах тул ийн санаруун: - Иргэний сэтгэл ийм болсон тул миний арга эрхгүй бүтмүй хэмээгээд наран унаж бүрий тасарсан хойно гэрээс сэмээр гараад юаньшуай-н ордны өмнөх зүүн баруун этгээдийн хөл үймээнтэй зээлд зар бичгээ хаяж илгээв. Түүнээс удсангүй гэгээ орсноо хот доторх цэрэг иргэн энд тэндээс зар бичгийг олж хоромхон зуур бөөм бөөмөөр хуран цуглаж үзэхээр туршуул цэрэг хэдийн нэгэн хуудас зар бичгийг булаан авч нисэх мэт довтлон Лян Юн-д мэдүүлэв.
Лян Юн их л цочиж цааз уламжлах түшмэлийг дуудан цэргийн ардаар үүд хаалга хүрээ цайзыг чанга бэхлүүлж, хүмүүн гарган туршуулч ардыг нэгжин баригтун хэмээв. Төдийд Сяо Жя Сүй биедээ эрдэнийн сэлмийг нууж олон хүмүүний дунд шахалдан ороод өндөр дуугаар зар бичгийг хоёр зэрэг дуудсанд хуран цугларсан цэрэг иргэн эмээн цочиж нүүр нүүрээ ширтэж атал цааз уламжлах түшмэл бээр эзэн юаньшуай-н захиаг хүлээн тав зургаан морьтныг дагуулан эл хүрээгээр зарлиг уламжлахаар ирсэн тул Сяо Жя Сүй урагш дэвхрэн их дуугаар хашхирч сэлэм өргөн морины хөлийг тас цавчсанд тэр ноёд хөсөрт ойчихуйяа Сяо Жя Сүй тэргүүнийг нь цавчин зүүн гартаа барьж, баруун гартаа сэлэм бүжиглэн өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Хэн хүмүүн амь гарсугай хэмээвээс Сяо Жя Сүй намайг дагаж хулгайг алахаар эчигтүн! хэмээсэнд, юаньшуай-н ордны хуяг цэргүүд угаас Сяо Жя Сүй-г танихын дээр цөс их сайн эр хэмээн мэдэх тул хоромхон зуур тав зургаан зуун хүмүүн бөөмнөрөн цугласанд, Сяо Жя Сүй бас их дуугаар өгүүлрүүн: - Зуун овогтны цөс их нь намайг туслахаар ирэгтүн!” хэмээх дуу тасрахын урьд бялуу шийдэм барьж хүрз шилээвэр атгасан зуун овогт иргэн дөрвөн зүг найман зовхисоос түлхлэн ирж хуруу инчдэх зуур тав зургаан мянган хүмүүн цуглав. Сяо Жя Сүй өмнө орж их дуугаар хашхиралдсаар олныг удирдан юаньшуай-н ордноо давалгаа мэт түлхлэн оров.
Лян Юн бээр энгийн цагт цэрэг иргэнийг дарлаж, гочиг хиа нарыг занчих тул шадар хамгаалах жанжин цэрэг түүнийг шүд хавиран занадаг ажгуу. Ийнхүү хувьсгал гарсныг сонсмогц олон хүмүүн өмөглөхөөр ирж юаньшуай-н ордноо дайран ороод Лян Юн-г гэр хотлоорын хөгшин залуугийн хамт цавчин алав. Сяо Жя Сүй бээр цэрэг ардыг дагуулан ордноос гарахуйяа хэдийн хоёр гурван түмэн хүмүүн цугласан бөлгөө. Сяо Жя Сүй бээр Сяо Ран, Пэй Сюань, Жинь Да Жянь нарын дөнгийг балбачаад бяр чадалтай гурван хүмүүнээр тэд гурвуулыг үүрүүлсэн хойно олон хүмүүнийг дайчлан Лян Юн-ийн тэргүүнийг гартаа бариад хойд хаалганаа давхин хүрээд сахисан жанжин Ма Жян-г цавчин алж цэргийн ардыг хөөн сарниулж, их хаалгыг цайтал нээж, өлгөмөл гүүрийг дорогш буулгав. Төдийд хойд хаалганаа жанжин цэргийг шаардан хотыг байлдуулж асан Ү Юн хот дотор гэнэт хашхирах дуу мандаж хаалга нээгдсэнээ хулгайн цэрэг хаасныг шувтлахаар гарч ирэв хэмээн санаад цэрэг морийг хойш татаж хэдэн газрын үзүүр ухраад дайсныг угтахаар жагсан зогстол Сяо Жя Сүй гартаа хүмүүний тэргүүнийг барьж, Сяо Ран нарыг үүрсэн гурван хуягийг дагуулж унуул гүүрээр өнгөрөн нисэх мэт давхин ирэхүйеэ Ү Юн их л гайхав. Тийн атал Сяо Ран нар өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Цэргийн багш минь, энэ журамт баатар олон иргэнийг хөгжөөн дайчилж хулгайн жанжныг цавчин алснаар бид хэдүүл олж амьдрав хэмээсэнд Ү Юн гайхах бөгөөд баярлаж атал Сячо Жя Сүй түүний зүг өгүүлрүүн: - Хэрэг шахам үйл бачим тул ёслон хэлэлцэж завдахгүй, цэргийн багш хурдан хүмүүн морийг авч хотод орвоос зохимуй! хэмээсэнд, Ү Юн нүд хаян үзвээс янз бүрийн хүмүүн ард хуран цугласан тул цэрэг жанжинд цааз зарлан хэн хэрвээ хотноо орсон хойно санаа таваар хүмүүнийг албаас хоршооны хамт тэргүүнийг нь цавчмуй хэмээсэнд, хойд хаалгыг сахисан хуяг цэрэг зэвсгээ унаган хайсангаас бууж дагав. Үлсэн бус зүүн баруун өмнө гурван хаалгыг сахисан цэрэг энэхүү мэдээг олж сонсмогц хаалга сахисан хулгайн жанжныг барьж хүлээд хотын хаалгыг цайтал нээж хүж асаан зул барьж Сүн улсын цэргийг угтан оруулав. Ганц Ми Шэн хэмээгч баатар чадал их тул ойр халирч болохгүй, баруун хаалгаар шургалан хүнд хаасныг шувталж бие мултран буруулав.
Ү Юн элч довтолгон Сүн Жян-д мэдүүлснээ улсын төлөө зовниж дүүгийн төлөө уярах сэтгэлийн өвчин нь агшин зуур хоггүй арилж хэвтсэн орноос ховх үсрэн босоод олон жанжныг авч Жяннань хотноо ороод юаньшуай-н оронд залран буусан хойно цэрэг иргэнийг тохруулж, жанжин түшмэлийг болгоов. Сүн Жян бээр Сяо Жя Сүй-г ордноо залж овог нэрийг нь асуугаад олбог дэвсэн дээр суулгасан хойно тэргүүн бөхийн ёслоод: - Журамт баатар их үйлийг сэдэж, урвасан хулгайг хураамжлан дараад хамаг амьтныг зовлонгоос ангижруулж, хутга илдийг бялдсангүйгээр хот цайзыг эвдсэний дээр миний гурван дүүг тэнхрүүлсэн тул Сүн Жян миний бие мэхийн ёсолбоос зүй болой хэмээхэд Сяо Жя Сүй мэндэн сандан хариу ёсыг хийж өгүүлрүүн: - Энэ хэмээгч Жя Сүй миний чадал бус, цөм цэрэг иргэний зүтгэл болой! хэмээсэнд Сүн Жян нэнд бишрэв. Сүн Жян-ын гар доорх жанжин баатад ч бие мэхийн ёсолж золгов. Удсангүй хот доторх хуяг цэрэг нар хулгайн жанжныг түлхлэн авчирсанаа Сүн Жян бээр дагах дуртай хүмүүнийг ялаас хэлтрүүлэн бүрнээ тавиулсанд хот даяар баясалдан хашхиралдаж дагасан хүмүүн хэд хэдэн түм байсан ажгуу. Төдийд усан цэргийн түрүү Ли Жюнь нар онгоц салыг захиран Хань Жян мөрнөө ирсэн тул яамнаа орж ёслон золгов. Сүн Жян ширээ засан Сяо Жя Сүй-г дайлах зуур хундагат дарсыг өргөн бариад: - Сүн Жян миний бие эзэн төрд эгсэн хойно эрхин баатрын эрдэм чадлыг тэнгэрийн хөвүүнд айлтгаваас эрхгүй хүндэд хэрэглэх буй за хэмээвээс Сяо Жя Сүй өгүүлрүүн: - Тийн үйлдэх хэрэггүй, Жя Сүй миний энэ өдрийн үйлийг үүсгэсэн нь гавъяа нэр баян эрхмийг санасан хэрэг бус болой.
Миний бие багаас жолоогүй явж, өөлэйболсон хойно нуусан эрдэмтний алдрыг бас олсонгүй, гүдэг болхи үтэл ард мөн буюу. Эдүгээ ховч ард зэргийг олж сайд мэргэд нэр үгүй болж, хэдий Сүй Хэ мэт эрдэмтэй, Ю И-д адил чадалтай хэмээвч эцэстээ хүндэд хэрэглэгдэхгүй. Жя Сүй би үзвээс их бодлогот аруухан баатад үхэж унахыг тэвчиж улс гэрийн төлөө хүч өргөн зүтгэв хэмээвч нэгэн үйлд ташимгай явбаас эм үр юүгээ хамгаалах өчүүхэн ард хоншоор билүүдэн ховлон муучлах тул түүний амь нас үүр зальхай түшмэлийн гарт баймуй. Энэ өдөр Жя Сүй надад зэрэг хэргэм үгүй хэмээвээс хөвх үүлний тогоруу мэт өөрийн дураар өндөр огторгуйд нисмүй хэмээсэнд, Сүн Жян-аас дорогших олон хүмүн эс сүүрс алдан гуньсан нь үгүй болой. Нэнд Гүн Сүньшэн, Лү Жишэнь, Ү Сүн, Янь Чин, Ли Жюнь, Тун Вэй, Тун Мэн, Дай Зүн, Чай Жинь, Фань Руй, Жү Ү, Жян Жин зэргийн арван хэдэн хүмүүн Сяо Жя Сүй харамж өгөн талархаж ордноос гарч эчив. Жич өглөө Сүн Жян бээр Дай Зүн-г заран Чэнь Ань Фү-д сэтгүүл довтолгосон хойно өөрийн биеэр журамт баатар Сяо Жя Сүй-д бараадахаар ирвээс эзэн үгүй хоосон гэр байсан ажгуу. Хажуу дахь цаасан пүүсний хүмүүн ийн өгүүлрүүн: - Сяо Жя Сүй энэ өглөө гэгээ орохоос урьд ятга сэлэм бичгийн богц юугаа багцлан авч өчүүхэн хмүүнээс аярлан салаад хааш одсоныг мэдэхгүй хэмээв. Хожмын хүмүүн нэгэн анги шүлэг зохиож Сяо Дань өвөг ачийг магтсан нь: Цутгалах борооноо хашлага зассан Сяо Зэн Да бишрэлтэй, Цалгилах давалгаа хүрхрэх үерт санаа эс халирав. Цалгайрал үгүй усыг хашиж гавъяа үйл бүтэхүйеэ Чих соёо идлэг ургаж тариа төмс төрөв. Аруухан ач мэргэн үр өвөг юүгээ өтгөрсөн үгүй, Ард иргэдийг нэгнээ дайчлан хулгайн тэргүүнийг цавчив. Арга ухаанаар бие мултарч хүмүүн амьтныг тусалруун Агаараар халих тогоруу мэт хорвоогийн тоосноос ангижрав.
Түүнээс Сүн Жян ордондоо буцаад Сяо Жя Сүй-ийн хэсэхээр явсныг олон хүмүүнд хэлснээ бүгдээр цөм сэтгэл уяран сүүрс алдав. Наран жаргаж бүрий тасрахуйяа Дай Зүн харьж ирээд хэлрүүн, Вэньжоу, Шань Нань хоёр газрын хураамжлаагүй Жоу сянь-ийг Чэнь Ань Фү, Хоу Цаньмо хоёул Ло Жянь, Линь Чүн, Хуа Рүн нарт арга сурган нэгэнт төвшитгөсөн тул хаан төрөөс томилсон шинэ түшмэлд албан үйлийг тус тус тушаасан хойно Чэнь Ань Фү олон жанжныг авч мордоод хэдэн өдрөөс хүрч ирмүй хэмээсэнд Сүн Жян бээр Ү Юн-ийн зүг зөвлөн өгүүлрүүн: - Чэнь Ань Фү-г ирсэн хойно хотыг сахиулж, бид их цэргийг авч Чюй Күй-г дайлахаар мордсугай хэмээгээд Жяннань хотноо өвчнийг сувилан зургаа долоон өдөр болсонгүй илаарь болов. Нэгэн өдөр гэнэт Чэнь Ань Фү нарын цэрэг морь хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян нар угтан оруулж ёсло н золгосон хойно Чэнь Ань Фү олон жанжин цэргийг хөхүүлэн шагнав. Удсангүй Шаньнань хотыг сахисан жанжин Ши Жинь нар Жоу-ын яамны үйлийг шинэ түшмэлд тушаагаад цэрэг морийг авч ирэв. Төдийд Сүн Жян бээр жоу-ын хэргийг Чэнь Ань Фү-д тушаан захируулж, салах ёсыг гүйцэтгэсэн хойно их цэргийг захиран ус хуурайн хоёр замаар мордож Нань фэн хотын хулгайн үүрийг эвдэхээр эчив.
Тэр үед зуу найман баатар бүрдсэний дээр Хэбэй газрын дагасан жанжин Сүныь Ань зэргийн арван нэгэн хүмүүн нэмэгдэж, хориод илүү түмэн цэрэг морийг дайчлан байлдах бүр дийлж цэргийн сүр их л мандсан тул хүрсэн газрын хулгай дээрэм сураг чимээнээ эмээн дагамуй. Сүн Жян бээр жоу сянь-ийг эвдэх бүр элч илгээн Чэнь Ань Фү-д сэтгүүл довтолгосон тул Чэнь Хуань бээр Ло Жян-д цэрэг морь салган өгч сахиулахаар илгээв. Түүнээс Сүн Жян нар ус хуурай хоёр замын их цэргийг авч морин довтолгооноор Нань фэн жоу-ын хязгаарт хүрч ирснээ туршуулч ард ирж мэдүүлрүүн: - хулгайн түрүү ван чин бээр Ли Жу-г цэрэг дайчлах их юаньшуай болгож тус орноос ус хуурайн цэрэг морь таван түмэн хүмүүнийг татаж, бас Юнь Ань, Дүн Чуань, Ань Дэ зэрэг гурван газраас хоёр түмэн цэрэг татаж тус газрын цэрэг морийг захирах хуурмаг дүжянь түшмэл Лю И Жин, Шан Гуань И нараар захируулж хэдэн арван баатар жанжин, арван нэгэн түмэн хүчирхэг цэргийг байгуулан, ван чин өөрийн биеэр шаардан байлдахаар ирэв хэмээсэнд Сүн Жян яаран Ү Юн-ийн зүг зөвлөн өгүүлрүүн: - Хулгайн цэрэг үүрээрээ мордсон нь эрэгчин эмэгчнийг ялгасугай хэмээх санаа буй за.
Бид ямар аргаар дийлбээс зохимуй? хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Цэргийн бичигт “зам хуваан түүнийг гэнэдүүл” хэмээсэн бус уу. Эдүгээ бид жанжин цэргийг хуваан илүү хэдэн замаар угтан байлдваас тэр магад тэргүүн сүүлээ хамгаалж чадахгүй болох буй за хэмээсэнд Сүн Жян үгийг дагаж цааз зарлан цэрэг морийг салган тэгшлэв. Тэндээс Ли Ин, Чай Жинь хоёул Сүн Жян-ын зарлигаар морьт явган цэргийн түрАо ШаньТин Гүй, Вэй Дингуо, Ши Энь, Сюэ Юнь, Мү Чүнь, Ли Жүн-ийн хамт таван мянган цэрэг морийг авч амуу хүнс, хив торго, галт буу, тэрэг хөсөг зэргийг хамгаалан нэгэн өдөр урьдчилан мордов. Их цэргийн хойнох Лүн Мэнь Шань уулын өвөрт нэгэн тосгон байх бөгөөд эргэн тойрон өндөр довцог хүрээлж шороон хот мэт харагдахаас гадна гурван этгээдэд цөм орж гарах зам байх аж. Тэндэх иргэд цэргийн хөлөөс зайлж хэдэн зуун өвс вааран гэрээ орхиж эчив. Мөн шөнө зүүн хойноос их жавар хөдөлж хар үүл нэтийн бүрхсэнээ, Ли Ин, Чай Жинь гэгээ тасарсныг үзээд борооноо баригдан амуу өвсийг норгох болуузай хэмээн цэргийн ардаар хавтас үүдийг авуулж хөсөг тэргийг гэрт түлхэн оруулаад цай хоол базаан идээд бие амарч атал Сюэ Юнь цэрэг дагуулан цагдахаар эчээд нэгэн тагнуулын цэргийг барьж ацраад Чай Жинь-д мэдүүлрүүн: - Тагнуулын цэргээс шүүн асууваас хулгайн жанжин Ми Шэн нэгэн түмэн шилдэг цэргийг салгаж мөн шөнийн дэд жинд хүрээг даран амуу өвсийг галдсугай хэмээмүй. Эдүгээ Лүн Мэнь Шань ууланд цэрэг бүгж баймуй”. Угт Лүн Мэнь Шань уулын хоёр асга хад нь үүд мэт эсрэглэн сэхийх бөгөөд түүний дундуур онгоц сал явж болмуй. Бас ой зузаан мод ягч аж. Ли Ин энэ үгийг сонсоод Чай Жинь-ий зүг өгүүлрүүн: - Дүү би тосгоны өмнө эчиж, дийлэгдсэн хулгайг нэг үлдээлгүй алсугай хэмээсэнд, Чай Жинь өгүүлрүүн: - Хулгай Ми Шэнь зэргээс баатар тул хүчээр мөчөөрхөж болохгүй.
Тэр ч байтугай манай цэрэг морь бас цөөн тул дүү би нэгэн арга үүсгэж, тав зургаан тэрэг үнс дарь, зургаан тэрэг хуурай өвс бэлтгээд тэр тагнуулын цэргийг алж Тан Бинь нарын өшөөг хариулсан хойно Ли Ин-д холховч нум галт зэв барьсан гурван мянган цэрэг өгч амуу өвс, галт буу, хөсөг тэрэг зэргийг хамгаалуулж, бүрий тасрах үеэр шороон довцог дээр гарч өмнөш мордоод, өвс тээсэн зургаан тэргийг үлдээж баруун өмнө зүгийн салхины ам болох өвсөн гэрийн эргэн тойронд бутруулан тавьсан хойно бага сага амуу хүнс тээсэн зуу илүү хоосон тэргийг тав зургаан тийш жагсаан тавиад үүгээр түүгээр галт бууг нуун далдалж үнс дарь асгасан хуурай өвсийг дэлгэн хаяад, Ши Энь, Сюэ Юнь, Мү Чүнь, Ли Жүн-д хоёр мянган цэрэг өгч зүүн биеийн довцгийн амд бүгүүлж Шань Тингүй-д нэгэн мянган морьт цэрэг өгч гацааны өмнөх замын уулзарт бүгүүлж хулгайн цэрэг ирсэн хойно ийм тийм ёсоор үйлдэж, миний захиагаар явагтун хэмээгээд галын сахиус Вэй Дингуо лугаа хэт цахиур галт зэвсэг барьсан гурван зуун явган цэргийг авч өндөр уулын ягч шугайд орж бүгэв.
Түүнээс хүлээсээр хоёрдугаар жин болохуйяа, хулгайн жанжин Ми Шэн үнэхээр хоёр жигүүрийн жанжин лугаа хөнгөн хуяг өмсөж хүлгийн хонхыг авсан нэгэн түм илүү цэрэг морийг захиран цуу чимээ гаргахгүйгээр өмнө довцгийн амд нисэх мэт довтлон ирсэнд, Шань Тингүй цэргийн ардад цааз зарлан барьсан бамбарыг нь асаалгаж дайсны цэргийг угтан байлдуулав. Шань Тингүй бээр Ми Шэн лүгээ зэвсэг далайн зөрөлдөж дөрөв таван удаа болмогц морь эгүүлэн цэргээ авч буруулан эчсэнд Ми Шэн хэмээгч баатар боловч бодлогогүй хүмүүн болох тул цэрэг морийг даллан шууд нэхэмжлэн ирснээ Сюэ Юнь, Ши Энь өмнөд замын гал бамбарыг олж үзмэгц Ли Жүн, Мү Чүнь-д нэгэн мянган цэрэг өгч гацааны өмнөх замын уулзварыг сахиулав. Төдийд хулгайн цэрэг их дуугаар хашхиралдан зүүн хойнох салхины амыг чиглэн алж ирвээс хоосон гэрээс бус, амуу өвс хэмээн харагдахгүй тул Ми Шэн цэргээ дагуулан дөрвөн зовхисоор нэгжвээс зүүн хойнох салхины аманд зуу илүү амуу өвсний тэрэг байсан ажгуу.
Түүнийг сахиж байсан тав зургаан зуун цэргийн ард хулгайн цэргийг үзмэгц дуу гаран хашхиралдаж зүг бүр сарнин эчихүйеэ Ми Шэн өгүүлрүүн: - Харин өдийхөн амуу өвс аж! хэмээгээд цэргийн ардаар бамбар бариулан шинжвээс чиг дундах тэргийн ангид анги бүр хоёр тэрэг хив торго байсанд хулгайн цэрэг үзмэгц зэрэг зэргээр булаалдаж үүсгэв. Ми Шэнь Яаран хориглосугай хэмээтэл уулан дээрээс галт зэв нисэн ирээд өвсөн гэр түлээний тэрэгт гал золгуулсанд хулгайн цэрэг эмээн үймэлдэж зайлсугай хэмээтэл галт буу хүнгэнэн дуугарч тэнгэрийн аянга мэт буусанаа хулгайн цэргээс дутааж завдсангүй нь цөм суманд оногдож үхэв. Нүд ирмэх зуур дөл мандаж түймэр босов. Үзвээс: Галын хүчинд салхи тусалж, салхины сүрийг гал зээлрүүн, гал могой агаар сумдаж мянган зэв нисэхүйеэ, газар дэлхий сууриараа хөдөлж түмэн аянга буумуй. Өндөр хайрхан И Шань уулнаа, хүүхэн жанжин Бао Зи хэмээгч баатар чадлаа илтгэж, өргөн мөрөн Ян Зи Жян-д нэрт жанжин Жоу Юй хэмээгч уран арга хэрэглэмүй. Сав ертөнцөд улаан манан тунарч, сансар тэнгэрт бор туяа цацармуй. Харанхуй шөнийн хүнгэрсэн дуу
Сэтгэгдэл ( 1 )
108-р бүлэг дутуу оржээ. Гүйцээж оруулах боломж байна уу?