Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
БҮЛЭГ ЖАН ШҮНЬ САХИУС БОЛЖ ФАН ТЯНЬ ДИН-Г БАРИВЧИЛСАН СҮН ЖЯН АРГА ТОГТООЖ НИН ХАЙ ЖЮНЬ-ИЙГ АВСАН
Өгүүлэх нь Сүн Жян, Дай Зүн хоёул түв хэмээн Си Лин Чяо гүүрнээ тахил тавьж Жан Шүнь-ий сүнсийг тахиж атал туршуулч ард хэдийн Фан Тянь Дин-д мэдүүлсэн тул Фан Тянь Дин цааз зарлан дээд жанжин арван хүмүүнийг хоёр багийн цэрэг авч хотоос мордон Сүн Жян-г баривчлагтун хэмээсэнд өмнө уулын Ү Хи, Жао И, Чао Жүн, Юань Син, Су Жин зэргийн таван жанжин, хойд уулын Вэнь Кэ Ран, Цүй Юй, Лянь Мин, Мао Ди, Тан Фэн Ши зэргийн таван жанжин хоёр анги хуваан тус тус гурван мянган цэрэг авч шөнө дүлээр өмнө хойно хоёр хаалгыг нээж алан гарсанд архи дусаан тахил өргөж асан Сүн Жян, Дай Зүн хоёул гэнэт гүүрний доор хашхирах дуу мандсаныг сонсов.
Төдийд зүүн этгээдээс Фань Руй, Ма Линь, баруун этгээдээс Ши Сю тус бүр таван мянган бүгсэн цэргийг авч гол бамбар өргөлцөн хоёр замаар давшиж өмнө хойно хоёр уулын цэрэг морийг угтан авсанд хулгайн цэрэг урьдаас бэлтгэснийг үзээд ирсэн замаар хойш ухран буруулсанд Сүн улсын цэрэг хоёр этгээдээс нэхэн оров. Вэнь Кэ Ран дөрвөн жанжнаа авч мэндэн сандан мөрөн гэтэлтэл гэнэт Бао Шу Та уулын араас Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Мэн Кан нар таван мянган цэрэг авч довтлон ирээд эгэх замыг хашиж Мао Ди-г амьдаар баривчилж Тан Фэн Ши-г самуун жадаар адалж алав. Өмнө уулын Ү Хи бас дөрвөн жанжнаа дагуулж Сүн улсын нэхэх цэрэгт харгаж яаран цэрэг хураан хойш буруулан эчтэл санамсаргүй Дин Сян Чяо гүүрээс Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь нар таван зуун явган цэргийг авч алан гарч ирэв. Бамбай барьсан хоёр жанжин ас өмнөөс гүйн ирээд хурц илдийг нисгэн бүжиглэж, Юань Син-г цавчин унагав. Бао Сюй илд өргөн Су Жин-г цавчин алж, Ли Күй сүхийг эргүүлэн Жао И-г цавчиж алаад хулгайн цэрэг морины их хагасыг нуурын усанд хөөн оруулж гүн цээлд живүүлэн алав. Хотоос туслах цэрэг гаргаснаа Сүн Жянын цэрэг морь хэдийн уулан далд орж, Лин Ен сүмд хуран цуглаж тус тус гавъяа тэмдэглэн хишиг хүртмүй. Хоёр багийн цэрэг морь таван зуу илүү сайн агтыг олзлов. Сүн Жян бээр Ши Сю, Фань Руй, Ма Лин-г Ли Жюнь нарын хамт Си Ху нуурын уулан цайзыг бэхлэн сахиж хотыг байлдахаар бэлтгэгтүн хэмээн үлдээсэн хойно Дай Зүн, Ли Күй нарыг авч Гао Тин Шань уулын цэргийн цайздаа эгэхүйеэ Ү Юн нар дундад цацарт угтан оруулав.
Сүн Жян бээр цэргийн багш Ү Юн-ийн зүг өгүүлрүүн: - Миний бие ийм тийм ёсоор үйлдэж, дөрвөн жанжны тэргүүнийг цавчиж, хулгай Мао Ди-г амьдаар барив. Түүнийг Жан Жао Тао-ын хүрээнээ илгээж тэргүүнийг нь цавчин цаазаар аваачсугай хэмээв. Түүнээс Сүн Жян цацартаа аж, Дү Сүн Гуань, Дэ Чин сянь энэ хоёр газрын мэдээг хараахан сонсоогүй тул Дай Зүн-г сураг чимээ авч хойш ирж мэдүүл хэмээн илгээсэнд, Дай Зүн хэдэн өдрийн хойно цайзнаа эгж Сүн Жян-д золгож, Лу Сянь фэн нэгэнт Дү Сүн Гуань боомтыг өнгөрөөд удахгүй энд ирмүй хэмээсэнд Сүн Жян-ын дотор зовох баясах давхцаж цэргийн үйл хааш болсныг асууваас Дай Зүн өчрүүн: - Тэндэх байлдааны үйлийг нарийвчлан сонссоны дээр нэгэн битүүмж албан бичиг авч ирсэн тул эрхин сян фэн эргэлзэн зовних хэрэггүй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Санаваас бас хэд хэдэн дүү гэнэдсэн бус уу? Чи огт нуухгүйгээр үнэн байдлыг нь надад хэлж өгөгтүн хэмээхэд Дай Зүн өгүүлрүүн: - Лу Сянь фэн цэрэг дайчлан Дү Сүн Гуань боомтыг дайлахаар эчвээс тэр боомтын хоёр этгээдэд өндөр уул хөндөлсөн босоод түүний хооронд орж гарах нэгэлхэн зам байх аж. Уулан дээрх цайзын хажууд хэдэн арван жан өндөр нэгэн их нарс мод байх тул модны оройгоос эргэн тойрны уул усыг тов тодорхой олж үзмүй. Уулан энгэрт ягч зузаан нарс мод багларан ургамуй. Тэр боомтыг гурван жанжин сахих бөгөөд тэргүүлсэн жанжны нэр Ү Шэн, дэд жанжны нэр Жян Инь, гуравдугаар жанжны нэр Вэй Хүн хэмээмүй. Анхандаа өдөр дараалан боомтоос бууж Линь Чүн лүгээ мөчөөрхөн байлдмуй. Линь Чүн жад сунган Жян Инь-ийг жадлан шархдуулсанд Ү Шэн айж байлдахаар гарахгүй, ганц цайзаа сахимуй.
Удсангүй Ли Тянь Рүнь бас Ли Тянь Ю, Жан Жянь, Жан Тао, Яо И зэргийн дөрвөн жанжныг авч өмөглөхөөр ирсэн тул, жич өдөр боомтоос бууж байлдахаар ирэв. Хулгайн жагсаалаас Ли Тянь Ю хүлэг хийсгэн гарч ирээд Люй Фан лугаа зөрөлдөн байлдаж тавь жаран удаа болсон хойно Люй Фан нэгэн жаданд Ли Тянь Ю-г мориноос жадлан унагаснаа хулгайн цэрэг цайздаа буруулан гарч дахин байлдахаар ирсэнгүй. Нэгэн дараагаар боомтын доор хэдэн өдөр хүлээсэн хойно Лү Жюнь И уул хадны бартаатайг үзээд Оу Пэн, Дэн Фэй, Ли Жүн, Жоутун нарыг уулнаа зам цагдахаар илгээхүйеэ Ли Тянь Рүнь дүүгийн өшөөг хариулсугай хэмээн тухайг хүлээж асан тул энэ дашрамд сэмээр цэрэг аван уулнаас бууж ирээд илд өргөмөгц Жоутун-г цавчин унагав. Ли Жүн бие шархдан буруулсанд олон хүмүүн арай хэмээн тэнхрүүлэн авч, гурван жанжин амь мултран хүрээндээ эгэв. Жич өдөр хос жадат Дүн Пин өшөө авсугай хэмээн морь тавин боомтын доор ирж хулгайн жанжныг хорсгон хараасанд уулан цайзаас буу тавьж галт сумаар харваснаа Дүн Пин-ийн зүүн тохой оногдож зэвсэг хэрэглэж чадахгүй болсон тул яаран хүрээндээ эгж модон хавтсаар хавчиж уяад, жич маргаадар бас өшөө авахаар гарсугай хэмээсэнд Лү Жюнь И хориглож гаргасангүй. Нэгэн шөнийг өнгөрсөн хойно тохойн шарх баахан илаарь болоход Лү Жюнь И-д хэлсэнгүйгээр Жан Чин лүгээ сэмээр зөвлөж морьгүй явганаар боомтын зүг авиран гарахуйяа уулан цайзнаас Ли Тянь Рүнь, Жан Тао угтан авч байлдав.
Дүн Пин бээр Ли Тянь Рүнь-ийг барьсугай хэмээн явганаар жад сунган ороход Ли Тянь Рүнь бас жад мушгин угтан авч арваад удаа зөрөлдөхүйеэ Дүн Пин хэдий байлдсугай хэмээвч зүүн гар минчүүрэн санаагаар зарагдахгүй тул арга буюу хойш ухарсанаа Ли Тянь Рүнь дорогш нэхэн ирэв. Жан Чин жад мушгин нэгэнт жадалсанд Ли Тянь Рүнь хэлэвхийн зайлж нарсан модны далд орохуйяа Жан Чин-ийн жад түв хэмээн нарс модыг жадлав. Жан Чин жадыг сугалсугай хэмээвээс жадны үзүүр гүн шигдсэн тул авч чадахгүй цухалдаж атал Ли Тянь Рүнь урагш давшин хариу жадалсанд Жан Чин-ийн хэвлий оногдож хөсөрт савж унав. Дүн Пин бээр Жан Чин-ийн жадлагдан унасныг үзээд хос жадаа сунган Ли Тянь Рүнь-ий зүг магшин орсонд Жан Тао гэнэт арын хойноос илд өргөн цавчиж Дүн Пин-г хоёр анги болгов. Лу Сянь фэн үүнийг сонсоод яаран цэрэг авч туслахаар ирвээс хулгайн цэрэг хэдийн уулан боомтноо эгсэн тул арга мохож цэрэг хураав. Хойно Сүнь Синь, Гу Да Сао эр эм хоёул оргон дутаах иргэний ёсоор хувцаслаж гүн уулнаа сэмээр авиран нэгэн бяцхан зөрөг замыг эрэн олоод Ли Ли, Тан Лун, Ши Чянь, Бай Шэн нарыг дагуулан нарийн замаар уулнаа гарч шөнө дүлээр боомтноо ороод гал тавив. Хулгайн цэрэг гал мандсаныг үзээд Сүн улсын цэрэг боомтод шувтлан оров хэмээн боомтыг гээж буруулан эчжээ. Лу Сянь фэн уулан боомтыг эзэлж жанжин цэргийг байцаан үзвээс Сүнь Синь, Гу Да Сао хоёул боомтыг сахисан анжин Ү Шэн-г амьдаар барьж ацрав. Ли Ли, Тан Лун хоёул боомтыг сахисан жанжин Жян Инь-ийг амьдаар барьж ацрав.
Ши Чянь, Бай Шэн хоёул Вэй Хэн-г хүлж авчрав. Энэ гурван хүмүүнийг барьж Жан Жао Тао-ын хүрээнээ хүргүүлсэн хойно Дүн Пин, Жан Чин, Жоутун зэрэг гурван хүмүүний ясыг хураан аваад уулан боомтод авслан оршуулав. Лу Сянь фэн цэрэг дайчлан хулгайн цэргийг дөч тавин газрын үзүүр нэхэн гүйцэж Ли Тянь Рүнь лүгээ зөрөлдөн байлдаж дэмий гучин удаа болсонгүй Ли Тянь Рүнь-ийг мориноос жадлан унагасанд Жан Жянь, Жан Тао, Яо И нар сарнисан цэргээ цуглуулан нэгэн зэрэг хариуцан байлдаад халхалж чадахгүй болж тухайг үзэж хойш дутаав. Лу Сянь фэн-ийн цэрэг морь удахгүй хүрч ирмүй. Эзэн юаньшуай итгэхгүй болбоос илгээсэн бичгийг нь задалж үзэх болов уу? хэмээсэнд Сүн Жян бичгийг нээж үзээд тэсгэлгүй сэтгэл уяран бороо мэт нулимсыг унагав. Ү Юн өгүүлрүүн: - Лу Сянь фэн нэгэнт дийлсэн тул жанжин цэрэг илгээн хавчин байлдваас хулгайн цэргийг эрхгүй дийлж болох бөгөөд энэ дашрамд бас Ху жоу-г дайлахаар эчсэн Хү Яньжуо-ын нэгэн салаа цэрэг моринд тусалж болмуй хэмээвээс Сүн Жян: - Энэ үг маш зүй болой! хэмээгээд Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь-д гурван мянган явган цэрэг өгч уулан замаар туслахаар эчигтүн хэмээсэнд Ли Күй цэрэг морийг авч өвчүү дүүрэн баярласаар мордов. Жич өгүүлэх нь, Сүн Жян-ын цэрэг зүүн хаалгыг байлдахуйяа тэргүүлсэн жанжин Жү Түн нар харъяат цэрэг таван мянган хүмүүнийг авч Тан Жэнь балгасны замын хажуу дахь гацааг дайран Зай Ши Мэнь хаалганы гадна давхин ирээд зүүн хаалгыг байлдав. Зүүн этгээдийн мөрний хөвөөнөө айл гацаа буудал дянь залгалдаж хот балгас мэт хөл хөгжөөнтэй бөгөөд эргэн тойрон хөх тариалан хөхрөн ургажээ.
Төдийд хотын ойр хүрч ирээд цэрэг морийг эсэргүүлэн жагсаасан хойно Лү Жишэнь төмөр шийдмээ барьж явганаар жагсаалын өмнө гарч хотын зүг хараан өгүүлрүүн: - Эргүү балмад илжгэн шээсүүд үхэхээс эмээхгүй болбоос гарч ир! хэмээсэнд сахиул цэрэг яаран тайзийн ордноо орж нэгэн хуушаан байлдахаар ирэв хэмээн мэдүүлэв. Эрдэнийн гэрэлт шагжамуни Дэн Юань Чуай төдийд тойн хуушаан байлдахаар ирэв хэмээн сонсмогц суусан орноос босож тайз-ийн зүг айлтгаруун: - Өчүүхэн тойн сонсохул Лян Шань ууланд төмөр шийдэм хэрэглэж цагаарсан Лү Жишэнь хэмээх нэгэн хуушаан баймуй хэмээдэг бөлгөө. Эрхин тайз зүүн хаалганы давхарлагт морилон хүрч өчүүхэн тойны түүн лүгээ явганаар байлдахыг үзмү хэмээсэнд Фан Тянь Дин их л баярлаж цааз зарлан зарлиг буулгаж найман баатраа авч юаньшуай Ши Бао-ын хамт Зай Ши Мэнь хаалганы давхарлагт гарч суухуйяа найман жанжин зүүн баруун этгээдэд багларан зогсож эрдэнийн гэрэлт шагжамунийн байлдахыг үзмүй. Түүний хуягласан байдлыг үзвээс: Бор улаан магнагийг биедээ хэдэрч, барсын шөрмөсөн бүсийг бэлхүүсээрээ бүсэлжээ. Болор эрдэнийн эрихийг хүзүүндээ зүүж, бугын арьсан шаахайг хөлдөө өшиглөжээ. Ирвэсийн тэргүүт элгэвчийг биеийн шадар өмсөж, ир хурц чин ган илдийг хоёр гартаа барьжээ.
Түүнээс хотын хаалгыг цайтал нээж, унуул гүүрийг дорогш буулгасанд Дэн Юань Чуай илд барьсан таван зуун явган цэргийг авч нисэх мэт дайран гарсанд Лү Жишэнь үзээд ийн өгүүлрүүн: - Үзвээс хулгайн сүрэгт бас ийм дамшиг байх аж. Энэ муу гайхалд зуун шийдмийн адис хүртээсүгэй хэмээгээд үг асуухгүйгээр сахилын шийдмээ далайн занчин орохуйяа эрдэнийн гэрэлт шагжамуни бас санваарын шийдэм эргүүлэн угтаж аваад урагш хойш зөрөлдөн их л байлдан үүсгэв. Үзвээс: Араагаа зуусан Лү Жишэнь, аврах сэтгэл огт үгүй. Уур төрсөн Дэн Юань Чуай өршөөх санаа нэг ч үгүй. Нэг нь винайн ёсыг шүтэхгүй, нүгэл хийж амь хороох лаа төдий буй за. Нөгөө нь номын ухааныг төсөөлөхгүй, нөл хийсгэн гал тавих лаа төдий буй за. Нэг нь хувилгаадын хуралд эчээд, наманчлан залбирах бурхан багшийг буруушаамуй. Нөгөө нь даяанчийн ордонд шургаад, цааз уламжлах тэнгэрийн жанжин лугаа мөчөөрхмүй. Нэг нь сахиусны сахилыг дагахгүй, нөгөө нь тойны санваарыг бишрэхгүй. Түүнээс хоёр хуушаан зөрөлдөн байлдаж тавь жаран удаа болтол дийлэн дийлэгдэх нь ялгарсангүй. Өндөр давхарлагаас үзэж асан Фан Тянь Дин их л гайхаж Ши Бао-ын зүг өгүүлрүүн: - Лян Шань ууланд тарлан хуушаан хэмээх цолтой Лү Жишэнь хэмээгч хүмүүн баймуй хэмээн сонссоноос бус, энэ мэт баатар хүчтэй хэмээн санасангүй болой. Үнэхээр нэр гарч сүр мандсан нь хоосон бус! Өдөр удаан зөрөлдөн байлдтал эрдэнийн гэрэлт шагжамуни-д өчүүхэн ч зав олгохгүй хэмээвээс Ши Бао өгүүлрүүн: - Бага жанжин би бас үзсээр мэлрэв. Энэ мэт хүч тэнцсэн хүчирхэг баатрыг ер үзсэнгүй! хэмээн хараахан хэлэлцэж атал туршуулч ард довтлон ирээд: - Хойд хаалганы гадна бас нэгэн багийн цэрэг морь хүрч ирэв хэмээсэнд Ши Бао мэндэн сандан давхарлагаас бууж эчив. Үүнийг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Сүн улсын жагсаал дахь Ү Сүн бээр Лү Жишэнь удтал байлдавч Дэн Юань Чуай-г ялгуухгүйг үзээд эндэш гарах болуузай хэмээн цухалдах хос илдийг далайн жагсаалаас гүйн гараад Лү Жишэнь-ийг өмөглөн байлдав. Дэн Юань Чуай хоёр хүмүүн хавчин байлдахыг үзээд санваарын шийдмээ чирэн хотын зүг буруулан эчихүйеэ Ү Сүн шаламгайлан нэхэж ойртон хүртэл гэнэт хотын хаалганаас нэгэн жанжин угтан ирэв. Үзвээс Фан Тянь Дин-ийн харъяат жанжин бээр Ин Күй жад мушгин хүлэг довтолгож Ү Сүн-г тосож аваад унуул гүүрний хажууд байлдахад Ү Сүн гэнэт бие урван барьсан илдээ бялуудаж түүний жад эшээс шүүрэн аваад нэгэнт татаж зэвсгийн хамт мориноос унаган тэргүүнийг нь тас цавчив. Лү Жишэнь арын хойноос өмөглөн авч хойш эгсэнд Фан Тянь Дин яаран унуул гүүрийг дээш өлгөн цэрэг хурааж хотноо оров. Жү Түн бас цэрэг татан арван газрын алсад хүрээ байгуулсан хойно хүмүүн зарж Сүн Сянь фэн-д сэтгүүл довтолгов.
Мөн өдөр Сүн Жян цэрэг авч хойд хаалгыг байлдахаар илэрхүйеэ Ши Бао солир алхыг атгаж, дам илдийг хөндлөн хөшиж хотын хаалгыг нээн дайсныг угтаж гарсанд Сүн улсын жагсаал дахь дам илдэт Гуань Шэн морь гүйлгэн угтан авч хориод удаа болсонд Ши Бао жолоо эргүүлэн хойш буруулахуйяа Гунь Шэн яаран хүлгийн жолоог татаж өөрийн жагсаалдаа эгэв. Сүн Жян асууруун: - Юуны учир нэхэхгүй буй за? хэмээвээс Гуань Шэн өгүүлрүүн: - Ши Бао-ын илд хэрэглэх эрдэм нь Гуань Шэн надаас тольдохгүй атал морь эгүүлэн буруулсан нь эрхгүй зусар арга байх буй за хэмээхэд, Ү Юн өгүүлрүүн: - Энэ хүмүүн солир алхыг сайн хэрэглэмүй хэмээн Дуань Кай өгүүлсэн тул дийлэгдсэнээр овлон буруулан дутаасан нь хүмүүнийг өдөөн хорлосугай хэмээсэн арга болой хэмээсэнд, Сүн Жян өгүүлрүүн: - Хэрвээ нэхвээс хөнөөл амсах тул түр цэрэг хураан хүрээнээ эгсүгэй хэмээгээд хүмүүн зарж Ү Сүн-д шан хайрлав.
Жич өгүүлэх нь Ли Күй нар явган цэргийг авч Лу Сянь фэн-г туслахаар мордоод уулан замаар явж атал Жан Жянь нар дарагдсан цэргээ дагуулан буруулахад тохиолдож хүч хамтатган шувталж ороод самуун цэргийн дунд Яо И-г алав. Жан Жянь, Жан Тао хоёул уулан боомтын замыг барьж хойш буруулан эчтэл Лу Сянь фэн нэхэж ирээд нэгэн зэрэг даран алсанд өндөр уулын нарийн зөргийг дагаж буруулав. Нэхэх цэрэг ойртон шахамдуулахад Жан Жянь, Жан Тао морийг гээж амь хэлтэрсүгэй хэмээн уулан шугуйд шурган орохуйяа, санасангүй зэл оронгын дотроос сэрээ барьсан хоёр хүмүүн гарч ирээд Жан Жянь, Жан Тао-г гар хөдлөх зав өгсөнгүйгээр дэгээлэн унагаж барьж аваачив. Хоёр хулгайг барьсан нь өөр хүмүүн бус, чив хэмээн Се Жэнь, Се Бао ах дүү хоёр байсан аж. Лу Сянь фэн хоёр хулгайг барьж авчирсанаа их л баярлаж Ли Күй нар лугаа цэрэг морийг нийлүүлэн олон жанжны хамт Гао Тин Шань уулын их хүрээнээ ирж Сүн Сянь фэн нарт ёслон золгож, Дүн Пин, Жан Чин, Жоутун-ийн автсан учрыг гаргаж хэлсэнд олон хүмүүн тэсгэлгүй уяран гашуудав. Түүнээс олон жанжин зэрэг зэргээр мордон ирж Сүн Жян-д ёслон золгож цэрэг нийлүүлэн хүрээ буусан хойно жич өдөр Жан Жянь-ийг Су жоу хотын Жан Жао Тао-ын хүрээнээ хүргүүлж тэргүүнийг цавчин олноо цээр үзүүлэв. Жан Тао-г цацрын өмнө алж зүрхийг нь сугалан авч тэнгэрийн зүг наманчлан залбирч Дүн Пин, Жан Чин, Жоутун нарын сүнсийг тахив. Сүн Жян бээр Ү Юн-ийн зүг зөвлөн өгүүлрүүн: - Лу Сянь фэн-ийн нэгэн салаа цэрэг морийг Дэ Чин сянь-д илгээж Хү Яньжуо нарын нэгэн анги цэрэг морийг угтуулан ацруулж хамтаар хотыг байлдваас ямар? хэмээсэнд Лү Жюнь И захиаг хүлээн харъяат цэргээ авч Фэн Коу Жэнь балгасын зүг мордоод удсангүй Фэн Коу Жэнь балгаснаа хүрвээс Сэ Син Фан дарагдсан цэргээ авч буруулан ирэхэд тохиолдсон тул Лү Жюнь И хашин авч нэгэн зэрэг даран алсанд Сэ Син Фан усанд харайн үхэж, бус цэрэг нь зүг зүгтээ сарнин эчив. Хү Яньжуо цацарт орж Лу Сянь фэн-д ёслон золгож цэрэг морийг нийлүүлж, Гао Тин Шань уулын их хүрээнээ ирж Сүн Сянь фэн нарт золгож цэрэг давших аргыг шүүмжлэв.
Төдийд Сүн Жян үзвээс хоёр замын цэрэг морь цөм Ханжоу хотод ирсэн ажгуу. Сюань жоу, Ху жоу, Дү Сүн Гуань зэргийн эл газарт Жан Жао Тао, Зүн Цань Мү зарлигаар түнхи түшмэл нарыг татаж хязгаарыг хамгаалан иргэнийг амуулав. Үүнийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Сүн Жян бээр Хү Яньжуо-ын харъяа жанжин нарыг үзвээс Лэй Хэн, Гүн Ван хоёул харагдахгүй тул учрыг асууваас Хү Яньжуо хариу өчрүүн: - Лэй Хэн-ийн бие Дэ Чин сянь-ий өмнө хаалганы гадна Сэ Син Фан лугаа зөрөлдөн байлдаж хорь гучин удаа болсон хойно Сэ Син Фан-д цавчигдаж мориноос унав. Гүн Ван-ын бие хулгай Хуан Ай лугаа зөрөлдөн байлдаж түүнийг нэхэмжлэх зуур горхины усыг огтолсугай хэмээн хүмүүн морь шалбаагт шавардахуйяа хулгайн цэрэг самуун жадаар жадалж алав. Хулгай Ми Цюань-ийг Суо Чаосаран сүхээр цавчиж алав. Хуан Ай, Сюй бээр хоёр хулгайг олон жанжин шаламгайлан амьдаар барьж ацрав. Сэ Син Фан хөөгдөж усанд харайн үхэв. Сюай Доу энэ самуун цэрэгт хутгалдан буруулж хааш эчсэнийг мэдэхгүй хэмээсэнд Сүн Жян сонсоод Лэй Хэн, Гүн Ван хоёр дүүгийн гэнэдсэнд сэтгэл учран тэсгэлгүй халуун нулимс унаган олон жанжны зүг өгүүлрүүн: - Урьд өдөр дүү Жан Шүнь надад зүүд өгөхөд түүний баруун этгээдэд энгэр дүүрэн цус цувируулсан гурав дөрвөн хүмүүн зогсож бүрэг бараг харагдсан бөлгөө. Эдүгээ санаваас чив хэмээн Дүн Пин, Жан Чин, Жоутун, Лэй Хэн, Гүн Ван зэргийн хүмүүний сүнс болох аж. Миний бие Ханжоу-ын Нин Хай Жюнь-ийг олсон хойно тойн хуушаан наарыг залан буян ном үйлдүүлж олон дүү нарын сүнс мөрийг заасугай хэмээгээд Хуан Ай, Сюй бээр хоёр хулгайг цаазаар шийтгүүлэхээр Жан Жао Тао-ын яаманд хүргүүлснийг түр өгүүлэхгүй. Мөн өдөр Сүн Жян үхэр хонь алуулан хуримын ширээ засаж олон цэргийг дайлсан хойно жич маргаадрын өдөр Ү Юн лүгээ зөвлөж Ханжоу хотыг байлдах жанжин баатрыг тэгшлэн салгасан нь: Дэд Сянь фэн жанжин Лү Жюнь И тэргүүлсэн жанжин дэд жанжин арван хоёр хүмүүнийг авч Хоу Чао Мэнь хаалгыг байлдмуй. Арван хоёр жанжныг тоочвоос: Линь Чүн, Хү Яньжуо, Лю Тан, Се Жэнь, Се Бао, Шань Тингүй, Вэй Дингуо, Чэнь Да, Ян Чүнь, Дү Чянь, Ли Юнь, Си Юн Хуа Рүн зэргийн арван дөрвөн жанжин Гэнь Шань Мэнь хаалгыг байлдмуй: Хуа Рүн, Чинь Мин, Жү Ү, Хуан Синь, Сүнь Ли, Ли Жүн, Зоу Юань, Зоу Рүнь, Ли Ли, Бай Шэн, Тан Лун, Мү Чүнь, Жу Гүй, Жү Фү Мү Хүн зэргийн арван нэгэн жанжин баруун уулын хүрээнээ эчиж Ли Жюнь нарыг туслан Као Хао Мэнь хаалгыг байлдмуй.
Арван нэгэн жанжныг сийрүүлбээс: Ли Жюнь, Руан Сяо Эл, Руань Сяо Ү, Мэн Кан, Ши Сю, Фань Руй, Ма Линь, Мү Хүн, Ян Сюн, Сюэ Юнь, Дин Дэсүнь Сүнь Синь зэргийн найман жанжин зүүн хаалганы гаднах хүрээнээ эчиж Жү Түн нарыг туслан Зай Ши, Жянь Чяо зэрэг хаалгыг байлдмуй. Найман жанжны нэрийг жагсааваас: Жү Түн, Ши Жинь, Лү Жишэнь, Ү Сүн, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чин, Сүнь Эл Нян Зүүн хаалганы гаднах хүрээнээс найман дэд жанжныг татаж Ли Ин нарын хамт эл хүрээний байцаан цагдах үйлийг захируулан харилцан тусалж байлдмуй. Найман жанжны нэрийг тэмдэглэвээс: Ли Ин, Күн Мин, Ян Линь, До Син, Тун Вэй, Тун Мэн, Ван Ин, Ху Саньнян, Сянь фэн жанжин, Сүн Жян хорин нэгэн жанжныг авч Бэй Гуань Мэнь хаалганы гаднах их замыг байлдмуй. Ямар хорин нэгэн жанжин болов хэмээвээс: Ү Юн, Гуань Шэн, Со Чао, Дай Зүн, Ли Күй, Люй Фан, Гуо Шэн, Оу Пэн, Дин Фэй, Янь Шүнь, Лин Жэнь, Бао Сюй, Сян Чүн, Ли Күнь, Сүн Чин, Пэй Сюань, Жян Жин, Зай Фү, Зай Чин, Ши Чянь, Юй Баосы. Мөн өдөр Сүн Жян анин цэргийг тэгшлэн салгаж Ханжоу хотын дөрвөн хаалгыг байлдахаар болов. Сүн Жян нар их цэргийг авч Бэй Гуань Мэнь хаалганы өмнө ирж байлдахаар өдөөхөд хотын хайсангаас хэнгэрэг дэлдмэгц их хаалгыг нээж унуул гүүрийг тавьж, Ши Бао морь довтолгон гарахуйяа Сүн улсын жагсаал дахь гавшгай баатар Суо Чаосаран сүхийг дээр далайж огт дуу гарахгүйгээр хүлэг хийсгэн угтан ороод хойш урагш зөрөлдөн хориод удаа болсонгүй Ши Бао хоосныг цавчин хойш буруулан эчсэнээ Суо Чаожолоо даран нэхэж одов. Гуань Шэн үзээд битгий нэхэгтүн хэмээн хашхиртал Со Чао-ын нүүр солир алханд оногдож мориноос тонгорцоглон унахуйяа Дэн Фэй морь тавин тэнхрүүлэхээр эчтэл Ши Бао хүлэг хийсгэн ойртож ирээд Дэн Фэй-г гар хөдөлж завдахаас өмнө илд өргөн цавчиж хоёр анги болгов.
Эрдэнийн гэрэлт шагжамуни хотоос хэдэн шаламгай жанжныг авч дайран гарсанд Сүн улсын цэрэг их л дарагдаж умар зүгт буруулав. Хуа Рүн, Чинь Мин нар хажуугаас цэрэг аван довтлон ирээд хулгайн цэргийг байлдан ухруулж Сүн Жян нарыг авран хүрээнээ эгэв. Ши Бао их л дийлж өвчүү дүүрэн баярласаар хотдоо эгэв. Сүн Жян нар Гао Тин Шань уулын их хүрээнээ эгсэн хойно цацартаа залран суугаад Со Чао, Дэн Фэй хоёр жанжны хохирсныг санаад хөмсөг зангидан дотор цухалдахад Ү Юн ятган өгүүлрүүн: - Хотын дотор энэ мэт баатар жанжин байх тул хүчээр байлдаж болохгүй. Ганц аргаар авбаас сая болмуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Цэрэг дарагдан жанжин хохирсон тул ямар аргаар авбаас зохимуй? Ү Юн өгүүлрүүн: - Эрхин Сянь фэн олон хаалгыг байлдах жанжин цэргийг тэгшлэн зассан хойно дахин цэрэг авч Бэй Гуань Мэнь хаалгыг байлдваас хот доторх хулгайн цэрэг эрхгүй угтан байлдахаар гарч ирэх тул бид хуурмагаар дийлэгдэж дайсны цэргийг өдөөн хотоос холдуулсан хойно буу тавихаар дохио болгож олон үүдийг зэргээр байлдаад нэгэн хаалгыг эзэлсэн цагт гал тавин дохио өгвөөс хулгайн цэрэг харилцан харгалзаж чадахгүй болох тул их үйл эрхгүй бүтэх буй за хэмээсэнд Сүн Жян даруй Дай Зүн-г дуудан цэргийн цаазыг уламжлуулав. Жич өдөр Гуань Шэн-д нэгэн багийн цөөн цэрэг өгч Бэй Гуань Мэнь хаалганы ойр очиж байлдахаар өдөөсөнд хотын хайсангаас хэнгэрэг дуугармагц Ши Бао цэрэг аван хотоос гарч Гуань Шэн лүгээ зөрөлдөн байлдахуйяа арван удаа болсонгүй Гуань Шэн яаран хойш ухарсанд Ши Бао цэрэг даллан нэхэв. Лин Жэнь буу тавин дохио өгсөнд дөрвөн хаалганы цэрэг морь газар түрхэртэл хашхиралдан хотыг байлдан үүсгэв. Жич өгүүлэх нь, дэд Сянь фэн жанжин Лү Жюнь И бээр Линь Чүн нарын хамт цэрэг татан Хоу Чао Мэнь хаалгыг байлдахаар ирвээс их хаалгыг цайтал нээж унуул гүүрийг дорогш буулгажээ. Лю Тан тэргүүн гавъяа байгуулсугай хэмээн ганц мориор илд эргүүлэн хотноо довтлон ороход хайсан дээрх сахиул цэрэг дээсийг цавчин мянган жингийн хавтсан хаалгыг буулгасанд баатар чадалт Лю Тан хүмүүн морь нэгэн хамтаар дарагдаж үхэв. Угт Ханжоу хотод Чянь Ван нийсэлж гурван давхар хаалга үйлдэж гадаад хүрээнээ мянган жингийн хавтсан үүд бэлдэж дундад хүрээнээ төмөр хаалга тааруулан, дотоод хүрээнээ шивээн хаалга зохиосон ажгуу. Лю Тан-ыг дотогш довтлон орохуйяа хавтсан хаалгыг тавьсны дээр хоёр этгээдэд бас цэрэг бүгүүлсэн тул Лю Тан яахин амь мултарч чадах аж! Линь Чүн, Хү Яньжуо хоёул Лю Тан-ын гэнэдсэнийг үзээд цэрэг татан хойш эгж Лү Жюнь И-д мэдүүлэв. Дөрвөн этгээдийн цэрэг морины алин нь ч дотогш орж чадсангүй, арга буюу хойш ухраад хүмүүн зарж Сүн Сянь фэн-ийн хүрээнд мэдүүлэв.
Сүн Жян бээр Лю Тан-ын үүднээ дарагдсаныг сонсоод дуу тавин уйлж: - Дүү Лю Тан хилсээр үхэв! Анх Юнь Чэн сянь-д журмаар ах дүү барилдсанаас нааш Чао Тянь Ван-г дагаж Лян Шань уулнаа гараад удаан жил үйл зовлон амсаж нэгэн цаг ч хэмээн олж жаргасангүй, их бага зуугаад удаагийн байлдаанд орж амийг цөлж атаатан лугаа байлдахад хурц сүрийг бууруулсан удаа огт үгүй, санасангүй энэ газар хилсээр үхэв! хэмээвээс цэргийн багш Ү Юн өгүүлрүүн: - Энэ арга сайн бус, нэгэн дүүг хилсээр үхүүлэв. Түр олон хаалганы цэргийг татаж өөр нэгэн сайн арга бодсугай хэмээв. Сүн Жян цухалдан бачимдаж өшөө авсугай хэмээн шүд хавиран урт сүүрс алдахад харъяа жанжин Ли Күй өгүүлрүүн: - Эрхин ах ийн зовох хэрэггүй. Эргэх өдөр дүү би Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь-ий хамт гарч хулгай Ши Бао-г барьсугай! хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Тэр хүмүүн их л баатар тул чи хэрхэн ойртож чадмуй? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Үүнийг би итгэхгүй. Жич маргаадар түүнийг олж барихгүй болбоос ахын нүүрт учрахгүй хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Чи сайтар хичээ, хөнгөнөөр орж огт болохгүй хэмээсэнд хар хуй Ли Күй өөрийн цацартаа эгж архи мах бэлтгэсэн хойно Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь гурвуулыг залж дарс уулцах зуур ийн өгүүлрүүн: - Бид дөрвүүл угаас цуг байлдсаар ирэв.
Энэ өдөр Сянь фэн ахад их үг гаргаж жич маргаадар Ши Бао хулгайг эрхгүй баримуй хэмээсэн тул та хэдүүл хэрхэвч осолдож болохгүй хэмээвээс Бао Сюй өгүүлрүүн: - Эрхин ах өдөр бүр цэрэг морийг шаламгайлан байлд хэмээн шаардахыг л мэдмүй. Энэ шөнө ийн болзсон хойно эргэх өдөр нэгэн сэтгэлээр гавшгайлан зүтгэж хулгай Ши Бао-г амьдаар бариад хэлсэн үгэндээ хүрвээс барав хэмээгээд, жич өглөө Ли Күй зэргийн дөрвөн баатар согттол уулцаад тус тусын зэвсгээ авч Сүн Сянь фэн-г урьж манай хэдүүлийн байлдахыг үзтүгэй хэмээсэнд Сүн Жян тэд дөрвүүлийн согттол уусныг үзээд ийн өгүүлрүүн: - Танай зэргийн ах дүү дөрвүүл битгий өөрийн амиар наадам хийгтүн! хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Сянь фэн ах битгий хүмүүнийг хөнгөнөөр үзэгтүн! хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Танай зэргийн дөрвөн хүмүүн хэлсэн үгэндээ сууваас барав! хэмээгээд агт мориндоо алавхийн мордож, Гуань Шэн, Оу Пин, Люй Фан, Гуо Шэн зэргийн морьт цэргийн дөрвөн жанжныг дагуулан Бэй Гуань Мэнь хаалганы гадна ирээд хэнгэрэг дэлдэн туг сажилж байлдахаар өдөөв. Ли Күй хурц ирт хос сүхийг барьж морины өмнө зогсохуйяа, Бао Сюй дам илдийг барин алаг нүдийг цайвайлгаж, Сян Чүн, Ли Гүнь тус тус дүгрэг бамбайг үүрэн хорин дөрвөн нисэх илдийг ардаа хатган зүүн баруун этгээдэд жад барин бүгэв. Гэнэт хотын хайсан дээр харанга хэнгэргийн дуу мандмагц Ши Бао хонгор морийг унаж хурц илдийг далайн зүүн баруун этгээдэд Ү Хи, Лянь Мин-г дагуулж хотоос гарч ирэхүйеэ тэнгэр газраас эмээхгүй хар хуй Ли Күй аянга мэт их дуугаар хашхиран Бао Сюй зэргийн гурван хүмүүн лүгээ Ши Бао-ын зүг дэвхрэн ирсэнд Ши Бао илд өргөн угтан автал хэдийн морин өмнө давхиж ирээд, Ли Күй сүх далайн морины хөлийг тас цавчсанд Ши Бао хөсөрт үсрэн буугаад морь цэргийн жагсаалд гүйн оров. Бао Сюй нэгэн илдэнд Лянь Мин-г мориноос цавчин унагахуйяа бамбай барьсан хоёр жанжин илд нисгэж хасын загас цолгилж мөнгөн навчис будрах мэт харагдмуй.
Сүн Жян цэрэг морийг дохиж хотын доор дайран ирвээс мод чулууг хайсан руу өнхрүүлж нүд нүүргүй занчих тул Сүн Жян эндэш гарах болуузай хэмээн цааз зарлан цэрэг татсугай хэмээтэл Бао Сюй хэдийн завдаж хотод орсноо Сүн Жян дуу алдан гашуудав. Хаалганы дотор бүгж асан Ши Бао бээр Бао Сюй-н давхин орж ирснийг үзмэгц хажуу талаас ухасхийн давшиж нэгэнт цавчин хоёр анги болгов. Сян Чүн, Ли Гүнь хоёул мэндэн андан Ли Күй-г хамгаалж хойш эгэв. Сүн Жян цэрэг морийг захиран хүрээндээ харьсан хойно Бао Сюй-н гэнэдсэнийг санаж уяран зовниж атал Ли Күй бас дуу тавин уйлсаар хүрээнээ эгэв. Ү Юн өгүүлрүүн: - Энэ ч бас сайн арга бус, хэдий хулгайн нэгэн жанжныг алав хэмээвч дүү Ли Күй-ийн нэгэн мөрний хавсрагчийг алдав хэмээмүй. Түүнээс олон хүмүүн сэтгэл эвхрэн зовниж атал Се Жэнь, Се Бао хэрэг мэдүүлэхээр хүрч ирсэнд Сүн Жян нягт учрыг асууваас Се Жэнь өгүүлрүүн: - Се Бао бид хоёул зам цагдсаар өмнө хаалганаас хорин газрын алс байх Фань Цүнь хэмээх гацаанаа хүрвээс мөрний хөвөөнөө хэдэн арван онгоц зогсож байсан тул урагш эчиж сураглан асууваас Фү Ян сянь-ий Юань овогт Пин Ши түшмэлийн амуу хүнс хүргэх онгоц байсан тул дүү би илд гарган алсугай хэмээхэд тэр хүмүүн уйлан өгүүлрүүн: “Бид болбоос угаас Сүн улсын шударга иргэн мөн болой. Хулгай Фан Ла гааль гувчуур тулгаж зарлигаас зөрчвөөс бүх гэрийн хөгшин залууг хүйс тэмтэрдэг бөлгөө. Эдүгээ тэнгэрийн цэрэг хулгайг хураамжлахаар ирэв хэмээн сонсоод амар төвшнөөр аж төрөх сайн цаг ирэв хэмээн баярласан боловч энэ мэт гай зовлонд учирмуй хэмээн огт санасангүй” хэмээн үнэн зүрхний үгээ тоочсонд дүү би алж түвдсэнгүй, түүнээс ийн асууруун: “Чи юуны учир энд ирэв? хэмээвээс тэр хүмүүн өгүүлрүүн: “Ойрын өдөр Фан Тянь Дин эл сянь-д зарлиг буулгаж айл гацаанаас цайлгасан амуу таван түмэн дан хураасугай хэмээсэн тул өвгөн би тэргүүлэн таван мянган дан амуу цуглуулж энд хүргэж ирсэнд их цэрэг хотыг хааж байлдах тул айж давшсангүй, мөрний хөвөөнөө түр хүлээлзмүй” хэмээсэн учир, дүү би тухайлан эзэн юаньшуай-д мэдүүлэхээр ирэв хэмээхүл Ү Юн их л баярлаж: - Энэ хэмээгч дээд тэнгэрийн ивээсэн тус болой. Амуу хүргэх эдгээр онгоцонд найдаж их гавъяаг бүтээвээс болмуй.
Эрхин Сянь фэн цааз зарлан Се Жэнь, Се Бао ах дүү хоёулыг түрүү болгож буучин Лин Жэнь жич Дү Чянь, Ли Юнь, Ши Юн, Зоу Юань, Зоу Рүнь, Ли Ли, Бай Шэн, Мү Чүнь, Тан Лун, Ван Ин, Ху Саньнян, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чин, Сүнь Эл Нян нарыг авч онгоцны ард мэт засаад сэмээр онгоцны ард хутгалдан хот дотор шурган ороод буу тавин дохио өгвөөс бид хотын гаднаас цэрэг салган туслан байлдсугай хэмээсэнд Се Жэнь, Се Бао хоёул Юань Пин Ши-г мөрний хөвөөнөө дуудаж Сүн Сянь фэн-ийн захиаг уламжилж өгүүлрүүн: - Танай зэргийн олон хүмүүн Сүн улсын шударга иргэн болох тул захиаг дагаж үйлдэгтүн. Үйл бүтсэн хойно эрхгүй хүндэд шагнасугай хэмээв. Түүнээс олон хүмүүн Юань Пин Ши-ийн дагах эсэхийг хэрэгсэхгүй зэрэг зэргээр онгоцонд гараад сэлбүүрчин ардыг сул зардас болгож хувцсыг нь тайлан аваад Ван Ин, Сүнь Синь, Жан Чин-д өмсгөн онгоцны сэлбүүрчин мэт засаад Ху Саньнян, Гү Дасао, Сүнь Эл Нян зэргийн гурван эхнэр жанжныг сэлбүүрчний гэргий мэт засаад, цэргийн ардыг цөм усчны ёсоор хувцаслаж, барьдал зэвсгийг онгоцны өрөөнд нуусан хойно, олон онгоцыг мөрний хөвөөнд шахуулан аргамжив. Эл хаалганы цагдан байцаах албан цэрэг ч дэмий холгүй, Юань Пин Ши хөвөөнөө гарч Се Жэнь, Се Бао тэргүүлэн хэд хэдэн сэлбүүрчин ард хотын өмнө ирж хаалга нээ хэмээн хашхирсанд харуулын цэрэг сонсоод ирсэн учрыг нарийвчлан асууж тайзиийн оронд мэдүүлснээ Фан Тянь Дин бээр сахиул жанжин Ү Хи-г мөрний хөвөөнөө илгээж онгоц салыг байцаан бүртгүүлж, хариу мэдээг сонссон хойно, Фан Тянь Дин зургаан жанжинд нэгэн түмэн цэрэг өгч хотоос гаргаж зүүн хойд зовхисыг сахиулж Юань Пин Ши нарт захиж онгоцны амуу хүнсийг хот дотор зөөлгөхөд олон жанжин бас сэлбүүрчин усчин нарын хамт амуу хүнсийг зөөн хотод оров. Гурван эхнэр жанжин бас олныг дагаж дотогш оров. Удсангүй таван мянган дан амуу хүнсийг зөөж барсанд зургаан жанжин цэрэг морийг авч хотноо эгэв.
Төдийд Сүн улсын цэрэг зам хуваан ирж хотыг дахин бүслээд хоёр гурван газрын алсад жагсаал засан зогсов. Мөн шөнийн дэд жингийн үед буучин Лин Жэнь бээр есөн авдар салхин галт үхэр бууг гаргаж Ү Шань уулын орой дээрээс харван үүсгэхүйеэ олон жанжин зүг бүхэнд бамбар асаасанд хот даяар түрхрэн үймэлдэж хот дотор Сүн улсын цэрэг хэдий олон нэвтрэн орсныг мэдэхгүй хэмээн хөл үймэн болов. Ордноо асан Фан Тянь Дин үүнийг сонсоод их л цочиж бие хуяглан морь унаж гарваас эл хаалганы сахиул цэрэг зүг бүр сарнин дутаав. Сүн улсын цэргийн сүр ихэд мандаж, олон жанжин гавъяа байгуулсугай хэмээн хотыг шаламгайлан байлдав. Жич өгүүлэх нь, хотын баруун уулан дахь Ли Жюнь нар цэргийн цаазыг олсон хойно цэрэг морийг авч Жин Сэ Ган оломд алан ирээд онгоц салыг булаан авч нуурын усаар орон Юн Жинь Мэнь хаалганы хавиар хөвөөнөө гарахуйяа олон жанжин тус тус эчиж усан хаалгыг эзлэв. Ли Юнь, Ши Сю эн тэргүүнээ хотын хайсанд авиран гарав. Мөн шөнө хот дотор хутгалдан байлдаж, өмнө хаалгыг сул тавьсанд дарагдсан хулгайн цэрэг сарнин бутарч өмнө хаалгаар буруулан эчив. Төдийд Фан Тянь Дин агт мориндоо мордоод дөрвөн зүгийг бараалбаас шадар жанжин хэмээн нэг ч үгүй, ганц дөрөв тавхан явган цэрэг хойноос дагах тул өмнө хаалганд шурган гараад эзнээс салсан нохой мэт сандран тороос мултарсан загас адил яаран буруулсаар Ү Юнь Шань уулын энгэрт ирвээс амандаа илд зуусан нэгэн чарман нүцгэн их эр мөрний уснаас дэвхрэн гарч ирэв. Фан Тянь Дин мөрөн дээрээс үзвээс түүний байдал их л аймшигтай тул буруулсугай хэмээн морио хэдийн ташуурдавч унасан морь нь ад оршсон мэт болж ташааг нь гуядавч зогссон орноос огт хөдлөхгүй болсонд нүцгэн эр нисэх мэт гүйж ирээд Фан Тянь Дин-г мориноос татан унагаж тэргүүнийг нь тас цавчиж авмагц Фан Тянь Дин-ийн морийг унаад, нэгэн гартаа хүмүүний тэргүүнийг дүүжилж, нэгэн гартаа хурц илдээ барьж Ханжоу хотноо довтлон ирвээс Линь Чүн, Хү Яньжуо хоёул түв хэмээн цэрэг авч Лю Хэ Та суварганаа нэхэн ирээд түүн лүгээ нүүрдэн учирч үзсэн даруй усан хувилгаан Жан Хэн хэмээн таньж их л гайхаш тасрахад Хү Яньжуо асууруун: - Мэргэн дүү хаанаас ирэв? хэмээхэд Жан Хэн огт дуу гарсангүйгээр морь ташуурдан хотын зүг давхин эчив. Төдийд Сүн Сянь фэн их цэргийг авч хотноо ороод Фан Тянь Динийн ордноор юаньшуай-н яам болгож олон жанжин цэргээр сахиулав.
Олон хүмүүн гэнэт үзвээс усан хувилгаан Жан Хэн морь довтолгон хүрч ирсэнд тэсгэлгүй цочин гайхалдав. Жан Хэн шууд давхисаар Сүн Жян-ын өмнө ирж мориноос үсрэн бууж хүмүүний тэргүүн ба хурц илдийг хөсөрт бялуудаад газар сөгдөн тэргүүн дарж хэдэн зэрэг мөргөсөн хойно дуу тавин уйлахад Сүн Жян яаран түшин босгоод: - Эрхин дүү хаанаас ирэв. Руань Сяочи эдүгээ хаана баймуй? хэмээхэд Жан Хэн өгүүлрүүн: - Миний бие Жан Хэн бус хэмээхүл Сүн Жян цочиж асууруун: - Чи Жан Хэн бус болбоос өөр хэн болов? хэмээхүл Жан Хэн өгүүлрүүн: - Дүү би болбоос Жан Шүнь мөн болой. Миний бие Юн Жинь Мэнь хаалганы гадна жад суманд үхсэнээс хойш зуурмаг сүнс минь мөрний уснаа тэнэж атал Си Ху нуурын лусын эзэн Жэнь Зэ хураамжлан лусын харшнаа үлдээн Жинь Хуа тайбао сахиус өргөмжлөв. Энэ өдөр эрхин ах хот эвдсэнийг үзээд сүнсээр Фан Тянь Дин-г дагаж шөнө дүлээр хотоос гарч ирвээс ах Жан Хэн их мөрөнд байсан тул түүний биеийг зээлэн усны хөвөөнөө дэвхрэн гараад Ү Юнь Шань уулын энгэрт нэхэж ирээд энэ хулгайн тэргүүнийг цавчин авч эрхин ахад золгохоор ирэв хэмээгээд даруй хөсөрт саван унасанд Сүн Жян яаран түшин босговоос Жан Хэн аньсан нүдээ алгуураар нээж үзвээс Сүн Жян тэргүүлэн олон жанжин багларан зогсож илд жад шугуй мэт архайж хуяг цэрэг хулс мэт ярайн харагдах тул Жэн Хэн асууруун: - Миний бие шар булгийн доор ах лугаа золгосон бус буй за? хэмээвээс Сүн Жян уйлан өгүүлрүүн: - Чи өнөөхөн дүү Жан Шүнь-д бие юүгээ зээлэн өгч хулгай Фан Тянь Дин-г алуулав.
Дүү чи үхсэн бус, бид цөм амьд сэрүүн улс болох тул дүү чи сайтар нягтлан үзэгтүн хэмээснээ Жан Хэн өгүүлрүүн: - Ийн бөгөөс миний дүү нэгэнт өөд болов уу! хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Дүү Жан Шүнь Си Ху нуурын ёроолоор усан хаалгыг нээж хотноо шурган гал тавихаар эчээд, санасангүй Юн Жинь Мэнь хаалгыг давсугай хэмээтэл хулгайн цэрэг сэрж мэдээд самуун зэв нисэх жадаар харваж алав хэмээсэнд Жан Хэн: - Барав, дүү минь! хэмээн нэгэнт бархирмагц мэдээ алдан савж унахуйяа олон хүмүүн үзвээс дөрвөн мөч нь хөшиж хоёр нүд нь бүдэгрээд, гурван сүнс нь завхарч, долоон сүлд нь зайлжээ. Энэ үнэхээр таван зүгийн догшид дуудсан бус бөгөөс тамын орны элч далласан буй за. Эгнэгт Жан Хэн харангадан унасан хойно амь нас нь хааш болсныг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )