Сүүлийн үед автомашины зөөлөн яндан буюу хүмүүсийн хэлдгээр нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон. Нийслэл хотын хэмжээнд л гэхэд сүүлийн гурван жилийн байдлаар "Тоёота приус" маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах 700 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан уг хэргийн талаар тодруулахад "Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 29-ний хооронд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгуудтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээ зохиож приус автомашин гол төлөв “Приус-20” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг этгээдүүд болон нүүрсэн яндан худалдан авдаг 4 бүлэг 28 этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" юм байна.
Нийслэл хотод өдөрт дунджаар 100 орчим приус маркийн автомашины нүүрсэн яндан худалдан борлуулдаг тооцоо судалгаа гаргажээ.
Үүний 80 орчим хувийг иргэд өөрсдөө зарж борлуулдаг бол 10 орчим хувийг авто машин борлуулдаг иргэд, 5 орчим хувийг засварын газрын ажилтнууд, үлдсэн 5 орчим хувийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр зарж борлуулдаг гэсэн судалгаа гаргасан байна.
Мөн түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгаа юм.
Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд өөрийн автомашиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хуулийн хариуцлагатай ажээ.
Сэтгэгдэл ( 0 )