Өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд "Аавыгаа зарна" гэх зарын зураг цацагдсантай холбогдуулан албаныхан шалгалтын ажиллагаа эхлүүлжээ.
Тодруулбал, нэр бүхий иргэн цахим хуудаснаа "Аавыгаа асарч чадахгүй болсон тул гурван сая төгрөгөөр зарна" гэх утгатай мэдээлэл нийтэлсэн байдаг. Дээрх мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараах зөрчил эрс нэмэгдэх хандлагатай болсон учир цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгжийг өнгөрөгч 2020 оны есдүгээр сард байгуулсан юм. Энэхүү нэгж нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, хууль бус цахим мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, зэвсгийн наймаа, төлөвшил хараахан суугаагүй насанд хүрээгүй хүүхдүүдийг амиа хорлох, бэлгийн буруу зан үйл, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг уриалах, түүнийг сурталчлах гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, цахим орчинд гарч буй мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэй ажилладаг.
Энэ хүрээнд өнгөрсөн онд 500 гаруй хуурамч хаяг, цахим хуудсын үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцсон байна.
Дашрамд дурдахад, хуурамч мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
Хуучин Зөрчлийн тухай хуульд байсан 6.21-дэх заалтад өөрчлөлт орсноор Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах гэсэн зүйл буюу эрүүгийн гэмт хэрэг болгож хуульчилсан.
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )