“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнхийн “Том асуулт” нэртэй зургийн үзэсгэлэн “Cafe 4450”-д нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд “Монголын нууц товчоон”, “Алтан загасны үлгэр”, “Гуталт муур”, “Бэлтгэлжин бор шувуу”, “Гулливерийн аялал” зэрэг хүүхдэд зориулсан зурагт номын нийт 30 гаруй зураг дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр зураач Б.Төрмөнх “Мэдээж хүүхдэд номын агуулгыг нь хэрхэн ойлгуулах вэ, ямар үр өгөөж өгөх вэ, яаж төсөөлүүлэн бодуулахаар зурах вэ гээд олон асуулттай нүүр тулсан. Тэр бүх асуултдаа хариулт олохын тулд уншиж, судлах зүйлүүд их байлаа. Тиймдээ ч цаг хугацаа нэлээд зарцуулсан. Хүүхдийн номын зураг бол тухайн номынх нь хэл, бичиг шүү дээ. Хүүхэд өөрөө ч зурж, өөрийгөө илэрхийлж байгаа “хэл” нь зураг байдаг. Хангалттай сайн ярьж, бичиж чадахгүй бяцхан хүүхэд бол аз жаргал, хайр, гуниг гээд үзсэн харсан, танин мэдсэн бүхнээ зургаар л илэрхийлдэг. Даанч томчууд бид түүнийг нь авяастай холбож боддог нь надад бол аймшигтай дүгнэлт санагддаг. Мэдээж насны ангиллаас шалтгаалан тухайн ном бүр дээр өөр, өөрөөр ажиллах шаардлага гарна. Хүүхдийн ном бол зөвхөн үлгэр биш” хэмээсэн юм.
Тус үзэсгэлэнгийн 21 хоног үргэлжлэх бөгөөд хүүхдийн эргэн тойронд өрнөж буй олон асуудлын тухай лекц хэлэлцүүлэг, зурагт ном хэрхэн бүтээх талаар воркшоп зэрэг олон цогц арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )