Эдвард Мунк: Зураачид руу бүү бууд, тэд хашхирдаг

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

Алдарт “Хашхираан” уран зургийг бүтээсэн Норвегийн агуу зураач Эдвард Мунк мэндэлсний 160 жилийн ой тохиож байна.

“Хашхираан”-ыг манай үеийн “Мона Лиза” гэдэг. Эл бүтээл ХХ зууны босгон дээр өрнийн соёлд гарсан асар том дэвшлийг тусгажээ.

Мунк бүх насаа уран бүтээлд зориулсан. Тэрбээр 80 наслахдаа хүн төрөлхтөнд 1000 гаруй уран зураг, 4500 орчим зураг, 15 мянган сийлбэр үлдээжээ. Зөвхөн “Хашхираан” гэхэд л дөрвөн хувилбартай. 1885 оны хувилбар нь “Sotheby’s” ордны дуудлага худалдаагаар 120 сая ам.доллароор зарагдаж байлаа. Тухайн үед хамгийн үнэтэйд тооцогдож байсан энэхүү бүтээлийн төлөө 12 минутын турш үнэ хаялцаж байлаа.

Гэвч агуу зураачийн хувийн амьдрал жаргалтай байсангүй. Тэрээр хайртай бүсгүй Тулла Ларсентай цэнэглэсэн буу булаалдахад хүртэл тулж байв. Тулла зураачийн нүдэн дээр өөрийгөө буудна хэмээн сүрдүүлсэн гэдэг. Мунк энэ хэргээс болж зүүн гарынхаа чигчий хуруугаа алджээ. Түүнээс хойш Мунк төгөлдөр хуурчид, ер нь гоё гартай хүн бүрийг үзэн яддаг болов. Хожим нь хайр дурлалын сэдэв хаагдаж, зөвхөн урлаг л үлдэнэ.

Номлол, урлаг хоёрын дунд

160 жилийн өмнө бие султай Эдвард бяцхан хүүг гэрт нь загалмайлжээ. Эцэг, эх нь түүнийг сүм рүү явах замдаа нас барна хэмээн эмээсэн. Хүү өвөл болгон өвддөг тул зөвхөн гэртээ сурдаг байв. Хожим нь тэрээр эмнэлэг, гэрийнхээ орноос салж, энгийн амьдралаар амьдрах боломжтой болов. Эдвард харсан бүхнээ зурж эхэллээ. Хараагүйчүүдийн цуглаан долоон настай Эдвардад нүүрсээр анхныхаа зургийг зурах сэдэл өгчээ. Тухайн үед Мунк эхээ алдаад хоёр жил болсон байв. Таван настай байхад нь түүний ээж өөд болсон. Эцэг нь хүнд цохилтод орж, арайхийн даван тулжээ. Номлол түүний эцгийн хувьд амьдралынх нь үндэс болов. Олон жилийн дараа залуу Эдвардад эцгийнх нь номлолуудын нөлөө илэрч, өөрийгөө буруу хүн гэж итгэсээр. Залуу насандаа нөхөртэй эмэгтэйтэй холбогдсон нь түүний хувьд тамд унасан мэт санагдаж байжээ. Хүү нь уран бүтээлч болсон нь эцэгт нь таалагдаагүй. Орлого багатайн дээр уран зураг, шашин хоёр нийцэхгүй гэж үздэг байв.

Өөрийгөө олох хүч

Мунк анх Парист очихдоо 22 настай байв. Норвегийн хилийг анх удаа давсан нь энэ. Царайлаг, өндөр, ичимхий Мунк эргэн тойронд болж буй бүхнийг тусган, өөрийгөө хайна.

Гурван долоо хоногийг Парист өнгөрүүлэхдээ Мунк орчин үеийн уран зургийн ертөнцтэй танилцдаг. Гэртээ буцаж ирээд олон жилийн өмнө нас барсан эгчийгээ бүтээлдээ мөнхөлжээ. Мунк 14 настай байхдаа эгчийнхээ үхэлтэй нүүр туулсан ч зовлон шаналаа зүрхэндээ олон жил тээсний эцэст “Өвчтэй охин” зургаараа олны өмнө ил гаргажээ.

Мунк дахин Парис явж, сайн зураачдын шавь болж, хэрэгтэй харилцаа, холбоо тогтоолоо. Удалгүй дахин шинэ цохилтод орсон нь түүний эцэг цус харваж, нас барав. Эцгийнхээ үхлийн талаар хэтэрхий орой мэдсэн хүүгийн хувьд энэ бол жинхэнэ цочирдол байлаа.

“Намайг тайван орхи”

Норвег фашист Германд эзлэгдсэний дараа ч Эдвард Мункийг зорих зочдын хөл тасарсангүй. Өндөр насыг зооглосон Мунк нэр алдарт хүрч, өөрийн бүтээлээ заран хангалуун амьдрах боломжтой болсон байв. Эдвардын хаалгыг цохисон анхны зочин нь Кнут Хамсуны хүү байжээ. Өөрийнхөө Нобелийн медалийг Геббельсд өгч байсан хүний хүү. Гитлер амиа хорлосны дараа Хамсун фюрерийг ард түмний эцэг байсан гэж бичиж байв. Гэхдээ энэ бол дараагийн үйл явдал. Харин өмнө нь Мункийн уран зурагт дуртай эцгийнхээ талаар ярих Хамсуны хүүгээс Мунк зөвхөн ямар уран зургийг нь эцэг нь авсан тухай лавласан гэдэг.

Үүнээс хойш олон ч хүн агуу зураач дээр ирж, юу хэрэгтэй байгаа тухай асуусан байна. Харин түүний хариулт туйлын энгийн байжээ. “Намайг тайван орхи”.

Тайван байхдаа Мунк зургуудаа “агаарт гаргадаг” байж. Тэрбээр Осло орчим байрлах эдлэндээ бүхий л сэдвээр зурна. Морьд, ой мод, жимсний модод. Хэрэв  ээлжит бүтээл нь хүссэнээр нь болохгүй бол хүүхэд шиг шийтгэдэг байв. Бүтэлгүйтсэн бүтээлээ гадаа үлдээнэ. Бороо, цасанд норсон будаг урсаж, дүрс, зураас ер бусын зөөлөн хэлбэрт ордог байна. Тэр цагт Мунк гологдсон бүтээлээ дууссан гэж үздэг байжээ.

Эдвард Мунк 1944 онд мөнх бусыг үзүүлэв. Бие султай хүү эцэг, эхэд нь заяагаагүй удаан амьдралыг туулах тавилантай байжээ. Тэр 80 насны босгон дээр хорвоог орхисон. Эхэндээ зургаа зарах хүсэлтэй байсан ч авах хүн олддоггүй байв. Харин хүн бүр зургийг нь авахыг хүсэхэд Мункийн зургаа зарах сонирхол үгүй болсон гэж агуу зураач амьдралынхаа сүүлийн жилүүдэд байнга ярьдаг байв.

Норвегийн урлагийн бэлэг тэмдэг

Багш нар нь Мункийг сайн зураач хэмээдэг байсан ч түүний өнгөний илэрхийлэл асуудалтай гэлцдэг байжээ. Харин орчин үеийн хүнд Мункийн юу нь илүү сонирхолтой вэ? Хэлбэр, дүрс үү эсвэл өнгө үү?

Интернэт хайлтад Мункийн нэр экспрессионизм гэх үгтэй хоршин гарч ирдэг нь бичигдээгүй хууль мэт. Хүн өөрийгөө хайдаг. Харин зарим нь хайснаа нэрлэх үгийг хайна. Энэ бол өөр өөр хүмүүс. Харин Эдвард Мункийн хувьд урлаг судлалын шошгууд тохирох нь ховор.

Эцсийн эцэст тэр Норвегийн урлагийн бэлэг тэмдэг болсон. Яг л уран зохиолд Хенрик Ибсен, хөгжимд Эдвард Григ шиг.

Осло хотноо Мункийн музей бий. Тэнд энэ сард агуу зураачийнхаа мэндэлсний 160 жилийн ойг тэмдэглэж байгаа. 13 давхар, булан тохой ихтэй, шил толь болсон музейн шинэ барилга 2021 онд ашиглалтад оржээ. Музейн архитектурын өвөрмөц шийдэл болох хугарсан шугамууд “Хашхираан” зургийн дүрсийг санагдуулдаг хэмээдэг. Гэвч музей хашхирч буй хүнтэй төсгүй. Харин “Эм ба халбага” нэртэй жижигхэн усан будгийн зураг харагдана. Есөн настай Мунк. Урдаа эм, халбага тавьж, гартаа бийр барьсан бяцхан Мунк.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top