Сальвадор Дали: Төгс төгөлдрөөс бүү ай. Та нар түүнд хүрэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Суут зураач “Зөвхөн тэнэгүүд үнэнийг хэлдэг. Би маш ухаантай учир хэзээ ч үнэнийг ярьдаггүй” гэж нэгэн цагт хэлсэн байдаг. Тиймээс түүний бүтээл ч тэр, амьдрал нь ч тэр оньсого мэт. Тэрбээр ярилцлага өгөхдөө нэгийг, найз нар нь түүний талаар өөрийг ярина. Олон нийтэд ярьсан бодол санаа нь “Сальвадор Далигийн нууц амьдрал” нэртэй түүний номд тэс ондоогоор гарна.

Тэрээр зурсан зургаа тайлбарлах дургүй байжээ. Дали урлаг судлаачид, хүмүүс, мэргэжил нэгт нөхөд нь түүний талаар юу гэж ярих нь хамаагүй гэж хэлдэг байв. Сюрреализмыг үндэслэгчдийн нэг Андре Бретон Далиг сюрреалистуудын клубээс гаргахыг шаардахад нь тэрээр эмзэглэсэнгүй. Клубын цуглаанд суут зураач хэдэн “мянган” давхар хувцастай ирж, Гитлерт таатай ханддаг хэмээн түүнийг шүүмжлэхэд нь сөгдөн суугаад зүгээр л ядуу загасчдыг дэмжсэн хэмээн хашхирч байжээ. Энэ бүх үйлдэл нь Бретоны инээдэм, гайхшралыг бардаг байсан ч Дали сюрреалист зураачдын клубт хэвээр үлдсэн.

Дали даруу бус зангаас болж хэзээ ч шаналж байгаагүй. Түүний нэр /бүтээгч гэсэн утгатай/ урлагийг сүйрлээс аврах ёстой гэх үүргийг бэлгэдсэн хэмээн үздэг байж. Өөрийгөө цорын ганц сонгогдсон хүн хэмээн “Нэгэн суутны өдрийн тэмдэглэл”-дээ тунхаглаж, “Төгс төгөлдрөөс бүү ай. Та нар түүнд хүрэхгүй” гэж бичсэн байдаг.

Түүний ухаангүй хайртай цорын ганц эмэгтэй бол эхнэр Гала. Тэрээр түүний хайртай эмэгтэйгээс гадна онгод нь байв. Гала суут зураачийн  цорын ганц дотнын хүн байсан төдийгүй жинхэнэ Далиг мэддэг байсан цорын ганц хүн. Далигийн амьдрал, уран бүтээл 1920-иод оны сүүл, 1930-ахад оны эхээр ид цэцэглэсэн. Сальвадорын эцэг Галад дургүй байсан ч  1934 онд хосууд гэрлэлтээ бүртгүүлжээ. Далигийн гэр бүл Галад хүйтэн хандаж байсныг илтгэх мэт зураач нэгэн бүтээлийнхээ доор талийгаач ээжийнхээ талаар таагүй зүйл бичсэнээр түүний эцэг хүүгээсээ бүр мөсөн харьцаагаа тасалж байв.

“Санах ойн тогтвортой байдал” (1931)

Энэ бол суут зураачийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд өдгөө Нью Йорк хотын Орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж байна. Далигийн ихэнх бүтээлүүд янз бүрийн домгоор хүрээлэгдсэн байдаг бол энэ зураг “Цаг хугацааны төрх”, “Одож буй цаг хугацаа”, “Зөөлөн цаг”, “Хатуу ой санамж” зэрэг олон янзын нэр авчээ.

Харин зураач өөрөө энэ бүтээлээрээ насан эцэслэтлээ бахархдаг байсан аж. Гала нь талхан дээр цөцгийн тос түрхэж өгч байхад энэ зургийн санаа орж ирсэн гэж Дали ярьдаг байв. Түүний “Нууц амьдрал” нэртэй номд “Механизм анхнаасаа миний мөнхийн дайсан байсан, харин цаг хугацаа хайлан урсах эсвэл ердөөс орших хувь тавилангүй” гэж бичсэн байдаг. Дали мөнх байдлыг нэгэн шингэн зүйл хэмээн үздэг тул гараг ертөнц, бидний амьдралын өнцөг булан бүрд нэвтрэх чадвартай. Энэ бол Далигийн алдартай зургийг ойлгох гол түлхүүрийн нэг.

Зураг дээр үдшийн бүрийг дүрсэлжээ. Жаргаж буй наран ус руу зүсэн орох хошууг эргийн хамтаар гэрэлтүүлнэ. Бараан, хүрэн өнгөнүүд уйтгар гунигийг төрүүлнэ. Унтаж буй толгой зураачийн толгойн өвчний тусгал юм.
 
"Сарнайн толгойтой эмэгтэй " (1935)


 
Швейцарын Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй энэ зураг Далигийн бусад бүтээлийн нэгэн адил нууц утга, бэлгэдлээр дүүрэн. Шинэ гоёл өмсөж үзэж буй эмэгтэйн толгойг сарнайгаар дүрсэлсэн нь түүний гоо үзэсгэлэн, дур булаам, эмэгтэйлэг төрхийг тодотгодог. Хойд талд дүрсэлсэн өндөг эмэгтэйн эмзэг, хэврэг байдлыг илтгэнэ. Сюрреалист дүрснүүдийн төвд алсад орших ганцаардмал эрэгтэй айдаст автсан нохойн толгойг анхааралтай, бодолд автан ажиглана.

Харин зургийн дэвсгэр болгон  хаяарч буй үүрийн гэгээг дүрсэлжээ. Заримдаа саад тотгор /нохойн толгой, хад асга/ болж хувирдаг хэтэрсэн халамж, үнэнч байдал эрэгтэйг айдаст автуулна. Гэвч нар гарч, чихүүдэс хүргэм мангас болон сүүдэр үгүй болж, аймшигт амьтад шөнийн харанхуйд гажсан энгийн л эд зүйлс болж хувирна.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Дали, Гала хоёр Европыг орхин, АНУ-д найман жил амьдарсан. Тэнд байхдаа зураач “Сальвадор Далигийн нууц амьдрал” нэртэй номоо бичжээ.

"Гэгээн Энтонийн хорлол" (1946)

Умард сэргэн мандалтын үеийн төлөөлөгч Иероним Босх Сальвадор Далигийн хамгийн дуртай зураачдын нэг. Түүнтэй ижил аргаар зурсан дүрснүүд Испани зураачийн зурагт байнга гарна. Жишээ нь анар жимснээс үсрэн гарч ирж буй загасны амнаас гарч ирж буй амьтны амнаас гарч ирж буй амьтад.

Гэгээн Энтони нь цөлд амьдардаг Христийн даяанч. Ад чөтгөр түүнийг нүгэл хийж, хорлохын тулд элдэв зүйлсийг явуулна. Ад чөтгөр өөрөө үзэсгэлэнт эмэгтэйн дүрээр ирсэн нь зааны нуруун дээрх өндөр тавцан дээр зогсож буй нь тэр. Энэ зураг дээр дүрсэлсэн заанууд нь библийн түүхийн нэгээхэн хэсэг юм. Хүн төрөлхтний бүх нүглийг тэд аалзных шиг нарийн хөл дээрээ тээж явна. Амсхийх төдийд аймшигт нүгэл газар дэлхий дээр унах болно.

Испанид эргэн ирсний дараа Далигийн гэр бүл Каталонд суурьшиж, арван жилийн дараа сүмд гэрлэжээ. Эдгээр жилүүдэд Сальвадор Дали уран зураг төдийгүй кино урлагт өөрийгөө сорив. Тэрээр хэд хэдэн богино кино бүтээж, сурталчилгаанд өөрөө тогложээ.

Харин Сальвадор, Гала хоёрын амьдрал эцэстээ сүйрлийн ирмэгт тулж иржээ. Түүний хайр урьдын хэвээр дүрэлзэх ч Гала суут зураачтай гэрлэсэн гэдгээ хэзээд ухамсарлаж байжээ. Тэрээр зураач нөхрийнхөө бүх хэрэгт нь тусалдаг байсан ч байнга гэр бүлээс гадуур харилцаатай байсан аж. Эцэст нь Дали эхнэртээ тусад нь харш худалдан авч өгсөн бөгөөд эхнэр нь зөвшөөрсөн цагт л очдог байв.

“Сүүлчийн оройн зоогийн нууц” (1955)

Испанийн алдарт зураачийн энэ бүтээл Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг санагдуулдаг. Зураг дээрх баатруудыг ширээ тойруулан суулгаж, 3D гэмээр нөлөөллөөр тодотгосноороо ялгаатай. Библид гардаг үйл явдлыг орчин цагт шилжүүлж, шилэн орой дүрсэлж, Христ болон түүний дагалдагчид ХХ зууны хүмүүстэй ижил харагдана. Христийн шавь нар толгой гудайлгажээ. Зөвхөн Эцэгтээ мөргөж буй Христийн нүүрийг тодоор дүрсэлсэн байна. Гэхдээ зургийг нарийн ажваас зураас бүрийг нарийн тооцоолж зурсан нь харагдана.

Бусад бүтээлийн нэгэн адил Дали энэ зургаараа юу хэлэхийг хүссэн нь оньсого хэвээр. Зарим судлаачид суут зураач шашны сэдвээр “тоглохыг” хүссэн бөгөөд Христийн шавь нар залбирч бус, унтаж буйгаар дүрслэгдсэн гэж үздэг байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.251) 2019 оны 12 сарын 11

Togs onohiig onol gene

0  |  0
Top