Академич Т.Ган-Эрдэнийн "МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭМЭРЛЭХ ЦООХОР САНАЛ" нийтлэлийг цувралаар хүргэж байна.
/Гуравдугаар хэсэг/
Эрдэм шинжилгээний байгууллага
Манай ганц нэг эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн их сургууль дээр хийж гүйцэтгэдэг гэж хааяа ташаарах нь бий. Юм ойлгодог, учрыг нь мэддэг, суурь шинжлэх ухааны салбарт цаг завгүй ажилладаг хүмүүс нь ийм юм огт ярьдаггүй юм билээ. Энд хамгийн гол зүйл бол эрдэм шинжилгээний ажлыг хаана хийх нь ердөө хамаагүй харин онол, практикийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн улс эх орныхоо хөгжил дэвшилтэнд тус нэмэр болох асуудал юм. ШУА-ын хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажлаа хийж гүйцэтгэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Энэ нь арга ч үгүй юм. Энд долоо хоногт 5 өдөр, өдөрт 8 цаг судалгаа, туршилтын ажил хийж байна шүү дээ. Өнөөдөр дэлхий дээр 110 орчим Шинжлэх ухааны академи ажиллаж байна. Эдгээр академиудын 30 гаруй нь манай Монгол улсын ШУА-тай адилхан хүрээлэн бүхий бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үүнээс гадна дэлхийн улс орнуудад шинжлэх ухааны академитай төстэй бүтэцтэй нийгэмлэг, үндэсний хүрээлэнгүүд олон бий. Эдгээр нь их сургууль биш шүү. Энэ нийгэмлэг, хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Жишээлбэл: Герман улсад 18 судалгааны төвтэй, 4.56 тэрбум еврогийн төсөвтэй Helmholtz Association of German Research Centres, 72 хүрээлэнтэй, 28000 ажилтантай, 2.8 тэрбум еврогийн төсөвтэй Fraunhofer Society, 96 их сургуулийн бус хүрээлэнтэй, 20000 ажилтантай, 1.9 тэрбум еврогийн төсөвтэй Leibniz Association, 86 хүрээлэнтэй, 17000 ажилтантай, 1.8 тэрбум еврогийн төсөвтэй Max Planck Society зэрэг нийгэмлэг, төв ажиллаж байна. Рикен (RIKEN) бол Япон даяар долоон кампустай 3000 орчим судлаачтай том хүрээлэн. Суурь болон хэрэглээний судалгааг хийж дэлхийн 485 түншүүдтэй хамтран ажилладаг. Энэ хүрээлэн Японы засгийн газраас санхүүжигддэг, жилийн төсөв нь 790 сая доллар. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) нь АНУ болон дэлхийн хамгийн том био анагаахын судалгааны байгууллага. Жил бүр 41.7 тэрбум орчим доллар төрөөс авч зарцуулдаг. Санхүүжилтийнхээ 80 гаруй хувийг улсынхаа 2500 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 300000 гаруй судлаачдад 50000 грантаар олгодог. Мөн энэ төсвийнхөө 10 орчим хувийг 6000 орчим эрдэмтэд ажилладаг өөрсдийн 27 хүрээлэнгийн судалгааны ажилд зарцуулдаг. Израйл улсын анханы ерөнхийлөгч Хайм Вейзман Израйл улс байгуулагдахаас 14 жилийн өмнө 1934 онд байгуулсан Вейзманы шинжлэх ухааны хүрээлэн (Weizman Institute of Science), 3500 эрдэмтэн судлаачидтай, Nature сэтгүүлийн чанарын индексээр 2019 онд дэлхийд 2, дэлхийн шилдэг 25 эрдэм шинжилгээний хүрээлэн/их дээд сургуулиудын U-Multirank-ийн ангиллаар судалгааны чансаагаар дэлхийд 2-рт эрэмбэлэгдэж байна. Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIST) Солонгосын эдийн засаг хүнд үед АНУ-ын тусламжаар 1966 онд байгуулагдсан. Одоо энэ хүрээлэн дотоод, гадаадад хэд хэдэн салбартай, 1800 эрдэмтэн судлаачтай, өөрийн их сургуультай судалгааны том төв болсон байна. Шинжлэх ухааны академиудын тоо өсөн нэмэгдэхийн хирээр бүс нутгийн болон олон улсын эвсэл, холбоод бий болж байна. Жишээлбэл, Интеракадемийн түншлэл (The Interacademy Partnership) нь 111 үндэсний шинжлэх ухааны академиас бүрдсэн том сүлжээ юм. Европ дахь ALLEA, Африкийн Шинжлэх ухааны академийн сүлжээ NASAC, Латин Америк дахь IANAS, Ази дахь AASSA зэрэг 8 дэлхийн болон бүс нутгийн академиуд, 6 шинжлэх ухааны салбарын ажиглагч байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Шинжлэх ухааны парк
Манай эрдэмтэн судлаачид дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгохын зэрэгцээ эх орондоо шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ бий болгох чиглэлийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Монгол улсын шинжлэх ухаан хэдийгээр санхүүжилт тааруухан авч байгаа боловч эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж байгаа үр өгөөж их байгааг хэлэх нь зүйтэй. Бидний бас нэг чухал зорилго бол судалгааны ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал юм. Судалгааны ажлын ололт амжилтыг амьдралд хэрэгжүүлдэг газар бол Шинжлэх ухааны парк. Шинжлэх ухааны паркын гол бүрэлдэхүүн хэсгүүд нь гарааны компани, лаборатори, инкубатори болон бусад дэд бүтцийн байгууллагууд. Засгийн газар эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам баталж, Шинжлэх ухааны паркын захиргааг БШУЯамны дэргэд байгуулан ажлыг нь эхлүүлсэн. Шинжлэх ухааны паркын нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь нэг талаас эх орны шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх нөгөө талаас гадаадын шинэ, өндөр технологийг нутагшуулан эх орондоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ үйлчилгээ бий болгож эдийн засгаа олон тулгууртай болгон хөгжүүлэх явдал юм. Шинжлэх ухааны паркыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шинэ нисэх онгоц буудлын ойролцоо байгуулах санал гаргаад явж байгаа билээ. Энэ саналыг Төв аймгийн удирдлага ихээхэн дэмжиж байгаа. Манай улс Шинжлэх ухааны парк байгуулах талаар БНХАУ-аас техникийн тусламж, зөвлөлгөө авч байсан. Харин манай яамны санаачлагаар Монгол улсын засгийн газар 2016 оны сонгуулийн өмнөхөн МУИС, ШУТИС дээр Шинжлэх ухааны парк – Мэдээллийн технологи, ШУТИС, ХААИС дээр Шинжлэх ухааны парк – Биотехнологи гэсэн паркуудыг “цаасан дээр” байгуулсан тааруухан туршлага бий. Одоо иймэрхүү хэт популист, улс төр, сонгуулиас хамаатай шийдвэр гаргаж, гайгүй эхэлж байсан ажлаа үрэн таран хиймээргүй байна. ШУТИС дээр ч Хятад улсын Цинхуагийн их сургуультай хамтарсан парк байгуулах ажлыг эхлүүлсэн ч олигтой үр дүн гараагүй. Энэ талаар хийсэн ажлаа дүгнэж цэгнээд хийх ажлаа сайн бодож төлөвлөмөөр байна. Чингэвэл бид шинжлэх ухааны ололт амжилтыг хүртэх болно.
Гадаад харилцаа
Манай орон өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Солонгос, Беларус, Въетнам, Тайван зэрэг орнуудтай шинжлэх ухаан, технологийн талаар хамтран ажиллаж байна. Бид гадаад хамтын ажиллагааг хөгжүүлснээр судалгааны ажлын түвшингээ дээшлүүлж, боловсон хүчнээ мэргэшүүлж авдаг. Түүнээс гадна олон улсын болон гадаадын шинжлэх ухааны сангуудаас судалгааны төсөл авдаг чадавхийг дээшлүүлэх чухал асуудлыг орхигдуулж болохгүй. Манайх шиг жижиг, хөгжиж байгаа орны хувьд идэвхтэй гадаад хамтын ажиллагаа маш чухал учраас гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, идэвхжүүлмээр байгаа юм. Олон улсын болон гадаадын тусламжийг аваад шинжлэх ухааны чадавхи бий болгосныхоо дараа улс нь үйл ажиллаггааг нь хэвийн явуулах санхүүжилт өгөх шаардлагатайг Эстонийн сүүлийн үеийн гашуувтар туршлагыг бид бас л санаж явах хэрэгтэй юм байнаа.
Төгсгөл
Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ухаан, боловсрол, мэдлэг, хөтлөн явуулах ур чадвар дээр нь тэвчээр, тууштай байдал зайлшгүй шаардлагатай юм байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт тогтвортой байдал их чухал юм байна. Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад шинжлэх ухааныг сайтар тайлбарлах, ойлгуулах шаардлагатай юм байна. Өргөн олон нийтэд шинжлэх ухааны сурталчилгааг сайн хийх хэрэгтэй юм байна. Нийгмийг соён гэгээрүүлэх ажил их хийх хэрэгтэй юм байна. Хамгийн сүүлд хэлэхэд улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныг л хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг дахин дахин хэлмээр, захимаар, сануулмаар байна. Энэ бүхэнд сайн санхүүжилт, санхүүжилт бас дахин санхүүжилт хэрэгтэй гэдгийг онцлон захиж хэлмээр байна.
Манай нутгийн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Боржигоны бор тал” шүлгэндээ
... Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон ... Боржигоны бор тал минь гэсэн байдаг.
Тийн учир би эрхэм хүндэт бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судлаачдыгаа хэрсүү болгохыг зорин үүнийг тэрлэв. Авах гээхийн ухаанаар хандана бизээ. Улсаас өгч байгаа жаахан хэдэн төгрөгийг сайн нэмэгдүүлээд бас зөв зүйтэй зарчихвал зүгээр юм даа гэж бодоод “амьтаны” дургүй хүргэсэн ийм юм биччихлээ. Гэхдээ шинжлэх ухааны салбарт идэвхтэй бөгөөд тасралтгүй ажилласан дөч гаруй жилийн туршлага дээрээ тулгуурлан бичсэн энэ өгүүлэл маань нүдийг нь оноогүй ч нүүрийг нь оносон болов уу гэж бодож байна. Болгоогтун.
Сэтгэгдэл ( 0 )