Академич Т.Ган-Эрдэнийн "МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭМЭРЛЭХ ЦООХОР САНАЛ" нийтлэлийг цувралаар хүргэж байна.
/Хоёрдугаар хэсэг/
Судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалт
Шинжлэх ухааныг хөгжүүлдэг хамгийн гол хүчин зүйл бол санхүүжилт. Манай шинжлэх ухааны санхүүжилт 2018 онд 30 гаруй тэрбум төгрөг байжээ. Үүнээс 20 орчим тэрбум төгрөгийг тогтмол (цалин, ндш г.м) зардалд, үлдсэн 10 гаруй тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулжээ. Манай улс судалгааны ажилд 2018 онд 12 320 827 000 төгрөг төсөвлөсөн байна. Харин гүйцэтгэл нь 9 675 416 000 төгрөг болжээ. Энэ санхүүжилтыг дорхи хүснэгтэнд зарцуулсан салбар, голлон авдаг байгууллагуудыг бичив.
|
Шинжлэх ухааны салбар |
Санхүүжилт (мянган төгрөг) |
Санхүүжилт голлон авдаг газар |
Эзлэх хувь |
1 |
Анагаах |
1,963,037.5 |
АШУҮИС |
20.0 |
2 |
Байгаль |
2,456,065.0 |
ШУА, МУИС |
25.8 |
3 |
Нийгэм |
1,222,039.6 |
ШУА, МУИС |
12.8 |
4 |
Техник |
1,221,971.5 |
ШУТИС |
12.8 |
5 |
Хөдөө аж ахуй |
2,551,645.3 |
ХААИС |
26.8 |
6 |
Хүмүүнлэг |
97,020.0 |
ШУА, МУИС |
1.0 |
2019 болон 2020 оны санхүүгийн тоо баримтыг энд авч үзэж болохгүй байна. Учир нь коронавирусын цар тахал энэ тэрээс болоод санхүүжилт өөрчлөгдсөн болно. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12 орчим хувь байв. Харин 2020 онд эрдэм шинжилгээний зардал 9 тэрбум төгрөгөөр буурав. Энэ бол байж боломгүй зүйл. Шинжлэх ухааны суурь дэвсгэр нь боломжийн хэмжээнд тавигдсан, бэлтгэгдсэн судлаачдын бага боловч гайгүй чанартай нөөцтөй манай орны хувьд энэ нь хэтэрхий бага санхүүжилт. Бүр хэтэрхий бага. Шинжлэх ухаан судлаачид санхүүжилт нь ДНБ-ий 1%-д хүрэхэд тэр улсын шинжлэх ухаан нь улсын эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг юм байна. Тийм учраас ойрын үед санхүүжилтийг 1%-д хүргээд дараа нь үе шаттайгаар өсгөж ДНБ-ийн 3-4% дээш гаргах шаардлагатай гэж үзэж байна. Ингэж байж шинжлэх ухааны үр шимийг хүртэнэ. Өнгөрсөн 2019 онд зохион байгуулагдсан Шинжлэх ухааны анхдугаар их хуралд үг хэлсэн, илгээлт ирүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нар бүгд нэгэн дуугаар шинжлэх ухаандаа маш бага санхүүжилт өгч байгааг хүлээн зөвшөөрсөн нь олзуурхууштай зүйл. Үүнээс гадна сүүлийн үед намууд сонгуульд оролцохдоо шинжлэх ухааны санхүүжилтыг ихэсгэх тухай хөтөлбөртөө тусгах болов. Тухайлбал өнөөгийн засгийн газар шинжлэх ухааны санхүүжилтыг 4 дахин нэмэгдүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө орууллаа. Судлаачид санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт их итгэж, найдаж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаанаа хөгжүүлж байж л улс орноо хөгжүүлсэн байдаг юм байна. Ялангуяа жижиг орнууд ухаан зарж байж л хөгждөгийг Израйл улсын жишээнээс харж болно. Ердөө 8 гаруй сая хүнтэй Израйл улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.9 хувийг буюу 18.6 тэрбум долларыг шинжлэх ухаандаа зарцуулсаныхаа үр дүнд өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудын тоонд ороод байна. Эдийн засгийн хямралын үед АНУ, Израйл зэрэг орнууд шинжлэх ухаандаа хөрөнгө оруулж улсаа хямралаас гаргадаг юм байна. Ийм сайхан жишээг авч хэрэгжүүлмээр байгаа юм. Манай улс шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болоод удаж байна. Ихэнх хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний багаж тоног төхөөрөмж, барилга, байгууламж муудаж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл гарах боллоо. Манай эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй учир одоо улс шинжлэх ухаандаа нэн тэргүүнд 25 орчим сая америк долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болоод байна. Ийм хөрөнгө оруулалтыг Дээд боловсролын шинэчлэлийн төсөл шиг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийхэд болмоор санагддаг. Дээд боловсролын шинэчлэлийн 20 сая доллар зарцуулсан төслийн хүрээнд ганцхан гайгүй лаборатори байгуулсан. Ингэж хөрөнгө мөнгийг үр ашиггүй үрээд байвал судалгааны их сургууль яаж байгуулах юм бол доо. Ер нь төслийнхөө үр дүнг юү гэж дүгнэсэн бол? Ер нь шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт боловсролд оруулсанаас хурдан үр ашгаа өгдөг юм билээ. Үүний зэрэгцээ нэгэнт хөрөнгө оруулалт хийж авсан үнэтэй цэнтэй багаж, тоног төхөөрөмж, лабораторийг бүрэн дүүрэн ашигламаар байна. Байр савнаасаа болоод ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв Мах комбинатад, ЭМШУИС-ийн Цөм лаборатори Нэгдсэн 3-р эмнэлэгийн дэргэдэх Сувилахуйн сургууль дээр байгуулсан тэр үед лабораториуд хэрэглэгчээсээ холдож сайн ашиглагдахгүй байдалтай байсан түүх бий. Харин Монгол, Хятадын хэрэглээний молекул биологийн лаборатори Хан уул дүүрэгт Армоногийн байранд байгуулсаны цаад учрыг бодоод бодоод олоогүй. Тэрнээс гадна тооцоо судалгаагүй, хэрэгцээ шаардлагагүй газар лаборатори байгуулсанаас болж 5.5 тэрбум төгрөгөөр авсан тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байсаар байгаад 4 жилийн дараа 1.9 тэрбумын үнэтэй багажаа актлахаар санал оруулсан тухай сонсогдох юм. Гэтэл нөгөө талд нь ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд багаж, тоног төхөөрөмжөөр “цангаж” байх жишээтэй. Гадаадад эрдэм шинжилгээний байгууллагыг хамгийн сайхан газар байгуулдаг. Жишээлбэл АНУ-д Нью Йорк хотын хамгийн сайхан газар Cold Spring Harbor Laboratory байгуулагдсан байдаг. Гэтэл манайд засгийн газар нь шийдвэр гаргаад эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлсэн тохиолдол ч бий. Мөн 2015 онд ханиад томууны улирлын үед Сангийн яамны харьяа байгууллагын хүмүүс хүрээлэнгийн байруудыг хүүхдийн эмнэлэг болгоно гээд явж байж билээ. Ийм хандлагыг өөрчилмөөр байна. Харин одоо хандлага өөрчлөгдмөөр болоод явчих шиг байна. Яагаад ингэж байна гэвэл Засгийн газар шийд гаргаж 2020 оны 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Ботаникийн цэцэрлэгт 94 тэрбум төгрөгийн төсөвтэй Шинжлэх ухааны инновацийн төвийн кластерийн цогцолборын шавийг тавиад барьж эхэллээ. Цогцолбор 2023 онд ашиглалтанд орно. Нийт 74300 хавтгай дөрвөлжин метр талбайтай манай шинжлэх ухааны салбарт урьд хожид байгаагүй аварга барилга байгууламж. Ач холбогдолоороо бүүр ч том. Монголчууд бид “сааль хураахаар саваа бэлд” гэдэг дээ. Сайхан савтай болж байгаа болохоор “сааль сүү” нь ч бас нэмэгдээд ирнэ гэж итгэж, найдаж байна. Ингээд судлаачдынхаа тоог нэмээд багаж, тоног төхөөрөмжтэй болчихвол ч шинжлэх ухаан хөгжиж үр өгөөж нь нэмэгдээд ирнэ. Гэхдээ нэг юмыг зориуд хэлмээр байгаа юм. Өнгөрсөн 30 жилд манай дарга нар нэг ч төгрөг гарахгүйгээр “бүтцийн өөрчлөлт” гэдэг юм хийчихээд л шинжлэх ухаанаа хөгжүүлэх гэж олон дахин оролдож үзээд ердөө бүтээгүй шүү гэдгийг ахин дахин сануулж хэлмээр байна. Энэ хэсгийн төгсгөлд мөнхийн хөдөлгүүрийг одоо болтол хийгээгүйг нэмээд хэлчихье дээ.
Судалгааны ажлын үнэлгээ
Судалгааны ажлыг дүгнэх асуудал маргаантай асуудал. Өнөөдөр манай зарим судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж л байвал сайн гэж үзэж байхад нөгөө хэсэг нь бид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох технологи боловсруулах судалгаа хийж байвал хэвлэж нийтлүүлэх асуудал бараг хэрэггүй шахуу гэх нь бий. Ингэж туйлшрах нь буруу. Уг нь онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж өндөртэй судалгааны ажил хиймээр байгаа юм. Гэтэл амьдрал адармаатай болохоор ийм судалгааны объект олдох нь ховор. Салбартаа сайн эрдэмтэн байхын зэрэгцээ орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг “гадарладаг” өөрийн орны шинжлэх ухааны хөгжил дэвшлийг мэдэхээс гадна нийгэм эдийн засгийн байдлаа ойлгодог хүн иймэрхүү төсөл олж сонгож чадна. Манай эрдэмтэн судлаачид гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааныхаа ажлын үр дүнг хэвлэх явдал улам бүр өргөжин тэлж байгаа нь тун сайшаалтай. Энэ нь нэг талаас манай судлаачид дэлхийн түвшний судалгааны ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болсоныг нөгөө талаас дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэгээр баяжуулж байгааг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн эх орноо гадаад ертөнцөд сурталчилж байгаа нэг хэлбэр. Эрдэм шинжилгээний олон өгүүлэл гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх нь шинжлэх ухааныг сайн хөгжүүлж байгаа орон гэж үнэлэгдэх нь ч бий. Ингээд гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийн сайн талыг тоочоод байж болно л доо. Гэвч ертөнцөд оршин буй бүх юм харьцангуй байдаг учир энэ бидний хөндөж буй асуудал ч сайнтай муутай. Энэ асуудал ялангуяа манайх шиг жижиг, шинжлэх ухаандаа маш бага мөнгө зарцуулдаг улсын хувьд шинжлэх ухааныхаа хөгжилд саад болж мэдэх шинж тэмдэг сүүлийн үед ажиглагдах болов. Зарим судлаач жилд хэд хэдэн өгүүлэл бичиж хэвлүүлж байхад зарим нь хэдэн жил болж байж нэг өгүүлэл эсвэл бүүр нэг ч өгүүлэл хэвлүүлж чадахгүй байх тохиолдол байна. Гэхдээ судлаачдыг нь хараад байхад олон өгүүлэл хэвлүүлж байгаа судлаач цөөн өгүүлэл хэвлүүлж байгаа эсвэл хэвлүүлж чадахгүй байгаа судлаачдаас аль ч талаараа дутахааргүй судлаачид байх юм. Бас хийсэн ажил нь ч сайн, улс оронд тустай ажил байх юм. Нөгөө талаас цөөн өгүүлэл хэвлүүлдэг судлаачдын дотор хэвлүүлж нийтлүүлэхээс гадна технологи боловсруулах судалгааны ажлыг гол зорилго болгосон судлаачид бас бий. Энэ нь юун түрүүнд тухайн судлаачийн ажиллаж байгаа шинжлэх ухааны салбараас ихээхэн хамаарч байна. Мэдлэг чадвар, нарийн багаж төхөөрөмж, үнэтэй урвалж бодис ихээхэн хэмжээгээр шаардсан, өрсөлдөөн ихтэй шинжлэх ухааны салбарт муу тоноглогдсон, хангамж муутай лабораторид ажиллаж байгаа манай судлаачид онолын судалгааны ажил хийж чадахгүй байна. Ингэхээр ийм салбарт ажилладаг эрдэмтэдийг бичсэн өгүүллийн тоогоор нь ажлыг нь дүгнэвэл учир дутагдалтай. Гэхдээ харамсалтай нь иймэрхүү нарийн шинжлэх ухааны салбар л улс орныг хөгжүүлдэг шинэ технологи бий болгодог. Энэ салбарын эрдэмтэд технологи боловсруулж, технологийн заавар, стандарт батлуулж, патентын эрх хамгаалж, улмаар гарааны компани байгуулж, шинэ бүтээгдэхүүн бий болгох, өндөр технологи нутагшуулж эх орныхоо эдийн засгийг олон тулгууртай болгохын төлөө чармайн ажиллаж байна. Байдал ийм байхад ийм судлаачид муу гэж үнэлүүлэхэд хүрээд байна. Сая 2021 оны эхээр болж өнгөрсөн ШУА-ийн академичийн сонгуулиар 5 хүн сонгогдож академич болов. Эдгээр шинэ академичид бүгдээрээ хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрдэмтэд байлаа. Бүгдийн нь ажлыг биш харин захаас нь нэг хүний нь ажлыг энд дурьдахад ШУТИС-иас академич болсон профессор бол уул уурхайн том том машин механизмуудийг буулгахгүйгээр метал хийцийн нь эвдрэл гарч болох ан цавыг оношлодог судалгааны ажил хийдэг хүн байлаа. Энэ нь зарчимын цоо шинэ нээлт биш байх л даа. Гэхдээ улс орны хөрөнгө мөнгийг хэмнэхэд чиглэсэн, шавь сургууль бий болгосон, оносон зохьсон эрдэм шинжилгээний ажил хийдэг хүн байв. Би л хувьдаа сонголт оновчтой боллоо гэж үзсэн. Гарах хэл амыг үл хайхран иймэрхүү шинэ технологи, техник бий болгох, нутагшуулах шинжлэх ухааны салбаруудыг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй. Өнөөдөр дэлхий дахинд зарим судлаачид 5 хоногт 1 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байна. Манай орны эрдэмтэд ч үүнээс нэг их дутахгүй 23 эрдэм шинжилгээний өгүүлэл жилд буюу 14 хоногт нэгийг бичиж байна. Судлаачийг олон өгүүлэл хэвлүүлсэнээр нь үнэлдэггүйг бас дурьдмаар байна. Жишээлбэл 2004 онд химийн ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн А. Hershko гуай нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд үүнээс 100 гаруй өгүүллийг Нобелийн шагнал авах хүртэлх хугацаанд бичсэн байх юм. Гэтэл өнөөдөр манай зарим эрдэмтэд 100 гаруй өгүүлэл бичсэн байх нь элбэг. Мөн дэлхийд уураг тодорхойлох аргын тухай өгүүллээрээ 300 000 гаруй удаа ишлэгдсэн Oliver H. Lowry гуай Нобелийн шагнал хүртээгүй байх жишээтэй. Сүүлийн үед гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийг л төрөл бүрээр урамшуулах болов. Энэ байдал удаан үргэлжилбэл шинжлэх ухааныг системтэйгээр хөгжүүлэхэд саад болж мэдэхээр байна. Үүнийгээ урт хугацааны шинжлэх ухааны бодлоготойгоо зөв уялдуулан уян хатан хэрэглэх нь зүйтэй мэт санагдах юм. Мөн улсаас төслийг нь санхүүжүүлсэн хэдэн төгрөгөөрөө бэл хийгээд унаган ургамал, амьтнаа гадаадын лабораторид авч очиж “ажиллаад” эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд л яваад байх хандлага гарах болов. Энэ нь эх орондоо эрдэм шинжилгээний ажлыг хийх чадавхи бий болгохоосоо илүү өгүүлэл болох “судалгаа”- г эрхэмлэх болгоод байна. Мөн түүнчлэн хялбардуухан салбарт ажиллаж, олон өгүүлэл бичиж шилдэг эрдэмтэн болох, өгүүлэл бичсэний шан харамж авах зэрэг нь судлаачдыг бүтээлч, асуудал шийдсэн судалгаа хийхээс хөндийрүүлэх нь. Иймэрхүү популист явдал зөвхөн манай улсад ч тохиолдож байгаа асуудал биш юм билээ. Ер нь судлаачид бид Монгол улсдаа нарийн шинжлэх ухааны салбарт хийсэн судалгааны ажлаараа гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өөрсдөө бие даан өгүүлэл хэвлүүлэх чадавхийг бий болгомоор байна. Сүүлийн жилүүдийн анагаах, физик, химийн салбарт Нобелийн шагнал авч байгаа ажлыг харахад ерөнхий дүр зураг нь харагдана даа. Хэрэглээний судалгааны ажил хийж шинэ технологи боловсруулж шинэ бүтээгдэхүүн бий болгосон ажлыг бас л сайн шилж сонгож, үр дүнг нь сайтар шүүн хэлэлцэж дүгнэж үздэг баймаар байна. Хэрэглээний судалгааны ажил нэрээр шинжлэх ухааны багтаамж муутай, туршилтын ажил хийх хэрэггүй шахуу “эрдэм шинжилгээний ажил” хийж улсын хөрөнгө мөнгө үрж, хүмүүсийн цаг завыг барсан асуудал бидний ажилд оршсоор байна. Бидний хийж байгаа хэрэглээний судалгааны зорилго бол жирийн компани, байгууллага, ард иргэд хийж чадахгүй, шинжлэх ухаан шингэсэн, экспортонд чиглэсэн, импорт орлох бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох судалгааны ажил хийх ёстой юм. Ийм ажлын үр дүн л манай улс орны эдийн засгийг солонгорон хөгжүүлэх учиртай. Бидний аль ч судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх асуудал бас л учир дутагдалтай байгаа учраас энэ асуудлыг шинэ шатанд гаргамаар байна. Ийм учраас өнөөдөр бид гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдэд болон боловсруулан гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааны ажилд дүн шинжилгээ хийж судалгааны ажлын дүр төрхөө эргэн нэг хармаар байна. Эцэст нь хэлэхэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгосон судалгааны ажлыг адилхан үнэлэх шаардлагатай юм. Хүн төрөлхтөн эрдэм шинжилгээний бүтээл хэвлэдэг тусгай сэтгүүл гаргаад даруй 300 гаруй жил болжээ. Анхны сэтгүүл 1665 онд Франц хэлээр Journal des Sçavans, англи хэлээр Philosophical Transactions of the Royal Society гэдэг нэртэй гарсан байна. Хорьдугаар зууны дунд үе хүртэл хянан магадлагаа хийх асуудал тийм ч чухал зүйл биш байсан бол харин өнөөдөр хянан магадлагаа хийх нь сэтгүүлийн чухал асуудал болоод байна. Мөн олон мянган сэтгүүлүүд гарч ирсэн учраас тэдгээрийг чанар чансаагаар нь эрэмбэлж эхэлсэн байна. Сэтгүүлүүдийг цаасан дээр хэвлэдэг хуучин хэлбэрээс гадна online хэлбэрээр буюу электрон хэлбэрээр гаргах болов. Бид өнөөдөр эх орныхоо эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлүүдийн чанар чансааг сайжруулах ажлыг улам эрчимжүүлмээр байна. Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээ Impact factor-тай болгомоор байна. Энэ талаар Mongolian Journal of Chemistry, Central Asian Journal of Medical Sciences зэрэг сэтгүүлүүд тодорхой үр дүнд хүрээд байгааг бас энд дурьдмаар байна. Ийм үүсгэл санаачлагыг дэмжмээр байна.
Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж унших боломжтой.
Үргэлжлэл бий..........
Сэтгэгдэл ( 0 )