Академич Т.Ган-Эрдэнийн "МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭМЭРЛЭХ ЦООХОР САНАЛ" нийтлэлийг цувралаар хүргэж байна.
/Нэгдүгээр хэсэг/
ОРШИЛ
Бид улс орноороо зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжиж эхэлсэнээс хойш хэдийнээ 30 гаруй жил болжээ. Одоо бид байгуулсан нийгмийнхээ алдсан оносоноо дэнслэн үзээд цаашид алдаа оноо багатай, амжилт бүтээл ихтэй амьдрах арга зам эрэлхийлж байгаа энэ цаг дор манай шинжлэх ухааны салбарынхан ч бас явсан замаа эргэн харж хэлэлцэн дүгнэх нь зүйтэй мэт санагдана. Өнөөдөр юутай ч атугай бид барууны маягаар шинжлэх ухааныг хөгжүүлэх арга хэлбэрийг аваад ажиллаж байгаа улс. Тэгэх тэгэхдээ бүүр том гүрнүүдийн жишгээр хөгжүүлэх гэж оролдож иржээ. Эрдэм шинжилгээний ажлыг төсөл хэлбэрээр хийж гүйцэтгэх, судалгааны ажлын гүйцэтгэлийг хэвлүүлсэн өгүүллийн тоо, ишлэгдсэн байдлаар үнэлэх зэрэг арга хэлбэрийг авч хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагаанд алдсан зүйл ч бий, оносон зүйл ч бас бий. Нийгмийн шинэ үеийн шинжлэх ухааныг хөгжүүлсэн энэ байдлаа улам боловсронгуй болгож, цаашид чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажилламаар байна.
Үүнд:
Хууль эрх зүй
Манай шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн баримт бичгүүдийг ерөнхийд нь гайгүй сайн батлагдсан гэж үзэж болно. Гэхдээ шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжиж байгаа өнөө үед засаж залруулмаар зүйл байгаа тул Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлыг тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн хуулийг улам боловсронгуй болгохоор Улсын их хурлаар хэлэлцэж эхлээд байна. Мөн түүнчлэн Технологи дамжуулах тухай хуулийг ч гэсэн удахгүй эргэн харах байх. Үүний зэрэгцээ Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007 – 2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө нь дууссан учир шинэчлэх сурагтай. Харин 2015 онд Монгол улсын Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт (2015-2021 он), 2017 онд Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, 2020 онд Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2020-2024 он) зэргийг шинэчлэн Засгийн газар батласан. Өнгөрсөн хугацаанд дээр дурьдсан хуулиудыг хууль дүрмийн дагуу хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийж хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцүүлэхэд бараг бэлэн болгосон. Эдгээр хууль эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгосоноор манай салбарынханд үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн таатай орчин бүрднэ гэдэгт судлаачид бид итгэж байгаа. Харин төр, засаг гаргасан хууль, тогтоолоо хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилламаар байгаа юм.
Бүтэц
Салбарын бүтцийн өөрчлөлтийн “түүх”- ийг харахад их сонин. Улс орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэхийг шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх гэж өнгөц ойлгодог хүмүүс их хурал, засгийн газар, яаманд байсан. Ирээдүйд бас гарч ирэхийг үгүйсгэж болмооргүй юм шиг байна. Энэ нь тэдэндээ бол хамгийн амархан, шинжлэх ухаандаа бол гол төлөв хор болдог, бас хийсэн хүмүүстээ “ашигтай” ч байдаг ажил бололтой юм билээ. Ийм бүтцийн өөрчлөлт хийхийг оролдож байсан, хийсэн хүмүүсийг ажиглаад байхад ерөнхийдөө шинжлэх ухаанаас нилээд хол хөндий, орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн зүй тогтолын тухай ямар ч ойлголтгүй нь илт мэдрэгддэг. Тийм хүмүүс бүтцийн өөрчлөлтийг хүрээлэн, төвүүдийг механикаар нийлүүлэн төсөв хэмнэнэ гэсэн гэнэн ойлголттой байхын зэрэгцээ захирлаар нь мэдлэг, чадвар тааруухан өөрийн “эрдэмтэдээ” томилох сонирхолтой байдаг. Ингэснээр шинжлэх ухаан, улс хохирдог. Энэ үедээ хөрөнгө мөнгө зарж байж шинжлэх ухаан хөгждөг гэдэг хамгийн гол зүйлийг нь таг “мартдаг”. Харин нийгмийн шинэ нөхцөлд шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор гаргасан Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1997 оны 31-р тогтоол бол зайлшгүй гаргах ёстой тогтоол байсан болов уу гэж бодогддог. Энэ нь ч бас тийм ч муу тогтоол биш байсан. Тогтоолыг гүйцэд хэрэгжүүлсэн бол гайгүй бүтцийн өөрчлөлт болох байлаа. Тэгсэнгүй. Харин Монгол улсын шинжлэх ухааны түүхэнд хамгийн муу бүтцийн өөрчлөлт 2015 онд болох дөхсөн. Тэдний төлөвлөсөн анхны хувилбараар бүтцийн өөрчлөлт хийгдсэн бол бидний үед л манай улсын шинжлэх ухаан ахин сэргэхийг үзэхгүй байсан байхаа. Гэвч тэр үеийн шинжлэх ухааны удирдлаганд байсан шинжлэх ухаан ойлгодог зарим хүмүүсийн ачаар мөн шинжлэх ухаанд элэгтэй ханддаг тэр үеийн их хурлын зарим гишүүдийн тусламжтайгаар энэ “аюулаас” аврагдаж билээ. Шинжлэх ухаанаар тоглосон энэ хор уршиг ихтэй үйл ажиллагаа 2016 онд ч үргэлжилж сонгуулийн өмнөхөн “шинжлэх ухааны парк”- ыг хэд хэдээр нь цаасан дээр байгуулав. Энэ нь улс орны хөгжилд хохиролтой юм билээ. Шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг ер нь хийгээд баймааргүй зүйл юм билээ. Харин өнөөдрийн шинжлэх ухааны энэ бүтэц засагдаж сайжирсаар байгаад гайгүй бүтэц болсон учраас үүнийгээ бүх талаар олигтойхон дэмжээд ажиллавал цаашид манай шинжлэх ухаан хөгжинө. Эрдэм шинжилгээний байгууллагуудын санхүүжилтыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийг бэхжүүлж хөгжүүлмээр байна. Мөн түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудын тоог нэмэгдүүлж өргөжүүлэх саналтай байна. Жишээлбэл: Баруун бүсийн эрдэм шинжилгээний тархай бутархай жижиг нэгжүүдийг нэгтгэн Ховд хотод Ховд их сургууль, ШУА хоёрын дунд, зүүн бүсийн эрдэм шинжилгээний жижиг нэгжийг Чойбалсан хотод Дорнод их сургууль, ШУА хоёрын дунд хүрээлэн болгон өргөтгөх нь зүйтэй байхаа. Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын багаж, тоног, төхөөрөмж зохион бүтээх товчоог ШУТИС эсвэл ШУА-ийн Физик технологийн хүрээлэн дээр байгуулмаар байна. Ингээд тогтвортой мөн сайн санхүүжилттэй хэдэн жил ажиллуулбал шинжлэх ухаан хөгжөөд үр ашигаа өгнөө.
Боловсон хүчин
Манай орны шинжлэх ухааны салбарт өнөөдөр 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан (full-time researcher) төсвөөс цалинжин ажиллаж байна. Их сургуулиудын 1500 орчим багш нар хичээл заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийдэг. Хувийн хэвшлийн цөөн тооны эрдэм шинжилгээний ажилтан бас байдаг. Манай улсад 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо ойролцоогоор 500 гаруй байна. Тэгвэл 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо АНУ-д 4600, Японд 5500 байна. Дэлхийн дундаж ойролцоогоор 1500 орчим юм байна. Ийм учраас манай улс эрдэм шинжилгээний ажилтаны тоогоо ядахдаа дэлхийн дундажд хүргэмээр байна. Эрдэм шинжилгээний ажилтаны тоог нэмэхийн зэрэгцээ чанар чансааг нь дээшлүүлэх нь зүй ёсны асуудал. Иймд эрдэмтэн судлаачдын залуу халааг их сургуулиуд дээр бэлтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд тухайлбал ШУА-ийн харъяанд ахисан түвшиний их сургууь байгуулж бэлтгэмээр байна. Түүнээс гадна манай эрдэм шинжилгээний ажилтнууд ихээхэн залуужсан тул төсөл, тасаг, лаборатори, хүрээлэн удирддаг том эрдэмтэд бэлтгэх шаардлагатай байгаа. Залуу судлаачдыг гадаадын өндөр хөгжилтэй оронд бодлоготой, төлөвлөгөөтэй сургах асуудлыг шийдвэрлэх л болох байх. Үүний зэрэгцээ энэ салбарын менежерүүдийг цаг алдалгүй бэлтгэмээр байна. Харин энэ бүх ажилд их хурлын гишүүд, сайд, дарга нарын хувийн ашиг сонирхолыг аль болох бага оруулах талаар их анхаармаар байгаа юм. Түүнийхээ оронд манай дарга нар шинжлэх ухаан гэж юүг хэлдэгийг, эрдэм шинжилгээний ажилтан юү хийдгийг мэддэг, эх орныхоо эрдэмтэн судлаачиддаа итгэдэг, найддаг болбол сайхан. Нийгмийн шинэ тогтолцооны үед манай хэд хэдэн том дарга нар Шинжаан уйгараас гаралтай гэгддэг гадаадын нэг “лут” эрдэмтэнд итгэж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж их ашиг олж өгнө гэсэнд нь хууртагдаж лабораторийн болон үйлдвэрлэлийн үнэтэй цайтай тоног төхөөрөмж худалдан авч эхнийх нь “шатаад” байхад дараагийнх нь зөвлөхөө болгож “үнэтэй сургааль, зөвлөмж”-ийг нь тусгасан “сайдын албан даалгавар” гэгчийг судлаачид бидэнд зориулж гаргаад, тараагаад байж билээ. Тэр ч байтугай шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүдийг хөдөө аваачаад хуралдуулсан сурагтай. Эдгээр хууртагдсан хүмүүс дотор ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, яамны сайд болсон, байсан хүмүүс байсан бололтой юм билээ. Ичмээр ч юм шигээ. Харин ийм “хачин жигтэй гадаад зөвлөх”-ийнхөө үгэнд орж хачин хачин юм хийж байхын оронд гадаадын өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачиддаа зориулсан хөтөлбөр боловсруулан тэднийгээ эх орондоо ирж эсвэл хамтран ажиллах бололцоо нөхцөлийг бий болгомоор байна. Бүх асуудлыг сайн бэлтгэгдсэн боловсон хүчин л шийднэ шүү дээ. Ийм учраас дээр дурьдсанчлан судлаачдынхаа тоог олшруулан чанар чансааг нь сайжруулах ажлыг цаг алдалгүй хиймээр байна. Монгол улсын Ерөнхий сайд 2019 онд ШУА-ийн ерөнхийлөгчийг засгийн газрын хуралдаанд суухыг урьсан шийдвэр гаргалаа. Энэ бол Монгол улсын Засгийн газар улсынхаа шинжлэх ухааныг хөгжүүлэн ололт амжилтыг нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд ашиглахаар шийдсэнийгээ тодорхой илэрхийллээ гэж үзэж байна. Энэ бол Монгол улсын Засгийн газрын зүгээс гаргасан зөв зүйтэй шийдвэр гэдэгт хэн ч эргэлзэхгүй бизээ.
Судалгааны ажлын сонголт
Судалгааны ажлын сонголт их чухал. Өнөөдөр манай улс судалгааны ажлыг сонгохдоо дэлхий нийтэд баримталдаг хоёр хэлбэрийг хоюуланг нь ашиглаж байгаа билээ. Эхнийх нь төр засгийн зүгээс улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр судлаачдад санал болгодог хэлбэр. Энэ хэлбэрт манайд бол шинжлэх ухаан, технологийн төсөл, цөм технологийн төсөл зэрэг улсын захиалгат төслүүд орно. Дараагийнх нь судлаачид өөрсдөө санал болгодог онолын судалгааны хэлбэр. Үүнд голчлон суурь судалгааны төсөл орно. Манай улс хөгжиж байгаа жижиг орон учраас АНУ, БНХАУ зэрэг том гүрнүүдийн жишгээр шинжлэх ухааны бүх салбарыг хөгжүүлж чадахгүй нь мэдээж. Тэгэхээр судлаачид бид онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж өндөртөй судалгааны ажлыг сонгох, түүнийгээ аль болох өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа юм. Өнөөдөр яамны сайдын тушаалаар байгуулагдсан салбар зөвлөл судалгааны төсөл сонгон шалгаруулдаг журамтай. Энүүнийг дээрээ ч дороо ч мэддэггүй учраас хаа хамаагүй байгууллагуудыг хардана, сэрдэнэ. Өмнө нь яам, их сургууль, ШУА, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 17 гишүүнтэй салбар зөвлөл ер нь харьцангуй гайгүй сайн ажиллаж байсан. Харин 2018 онд салбар зөвлөлийн гишүүдийн тоог 9 болгон багасгаж төслийн сонголтыг 3 гишүүний саналаар шийдэгдэхээр болгосон нь чанарт нөлөөлөх болсон. Түүнээс гадна салбар зөвлөлийн гишүүдийн мэдлэг чадвар ч бас нөлөөлсөн байж болох талтай. Ийм учраас салбар зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Бусад оронд гишүүдийн тоо 20 орчим байдаг юм билээ. Бас бүрэлдэхүүнийг чанаржуулмаар байгаа юм.
Салбар зөвлөл нь төрийн яам, байгууллагуудаас ирсэн судалгааны ажлын саналуудаас улс орны ирээдүйн хөгжлийг хангаж чадахуйц сайныг нь шилж сонгохыг хичээдэг. Гэхдээ сайн санал ирж байж л сайн ажил сонгогдоно шүү дээ. Иймээс судлаачид өөрсдөө санал болгодог суурь судалгааны төслийн санал ч, төр засгийн зүгээс санал болгодог захиалгат төслийн санал ч аль аль нь сайн байх шаардлагатай. Ингэж байж гэмээнэ судалгааны ажил сайн байна. Харин энэ түвэгтэй нарийн асуудлыг ойлгоогүйгээс болж улс орны шинжлэх ухааны ирээдүйн хөгжилд чөдөр тушаа болж мэдэх элдэв гэнэн томоогүй популист маягийн шийдвэр гаргах, гаргуулах талын үг яриа цухалзах асуудал заримдаа гардаг. Жишээлбэл ганцхан “сайн” судалгааны ажилд бүх санхүүжилтээ өгөх эсвэл өнөөдрийн судлаачдын үе дууссаны дараа шинжлэх ухаанаа эрчимтэй хөгжүүлэх эсвэл судалгааны төслийг телевизийн шоу маягаар сонгон шалгаруулах гэх мэтийн шинжлэх ухааны хөгжлийн зүй тогтолыг огт ойлгохгүй, бодит байдалд нийцэхгүй, шинжлэх ухааны хөгжилд хор болмоор популист санал, хэтэрхий гэнэн томоогүй санаачлагууд заримдаа дээрээс ч дороос ч дуулдах юм. Дэлхий нийтийг болгоомжлол, айдас хүйдэст автуулж байгаа коронавирусийн оношлогоог манай өнөө үеийн эрдэмтэн судлаачид л хийж ард иргэддээ үйлчилж байгааг энд онцлон хэлмээр байна. Хэрэв дараагийн үеийн мэдлэг чадвартай эрдэмтэн судлаачдыг “хүлээнэ гэвэл” юу болохыг эрхэм уншигч та ойлгож байгаа бизээ. Шинжлэх ухаанд ингэж шинжлэх ухаанч бусаар хандахаар бүх юм болохоо байгаад эхэлдэг. Харин иймэрхүү тэнэгдүү юм ярьж бодож байхын оронд шинэ технологи бий болгоход чиглэсэн судалгааны ажлын эзлэх хувийг эрс ихэсгэх саналтай байна.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл ( 1 )
Saihan medeelel baina, amjilt husie