АНУ Тайваньд шумбагч онгоц барих төхөөрөмж худалдана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

АНУ Тайванийн өөрийн шумбагч онгоцны флот байгуулах хөтөлбөрт зориулж шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдахаар болжээ.

South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, Тайванийн Батлан хамгаалах яамны эх сурвалж гэрээний үнийн дүн болон АНУ-аас худалдан авч буй технологийн нэршлийг дурдаагүй байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр,  Трампын засаг захиргаа тоон дуу авианы локатор, байлдааны цогцолборыг 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэгдүгээр сард экспортлохыг дэмжсэн бол Байдены засаг захиргаа өнгөрсөн хоёрдугаар сард перископ (яндан дуран) систем экспортлох асуудлыг дэмжжээ.

Тайванийн Засгийн газар 2016 онд өөрийн шумбагч онгоцны флотыг байгуулах төслийг санаачилжээ. Өдгөө Тайванийн хуучирч буй флот дөрвөн шумбагч онгоцтой бөгөөд төслийн хүрээнд найман шинэ шумбагч онгоцоор сэлгэх зорилт тавиад байна. Нэг шумбагч онгоц үйлдвэрлэхэд Тайвань 1.7 тэрбум ам.доллар зарцуулах ба 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шумбагч онгоцны загварыг бүтээх ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “CSBC” корпорацын үйлдвэр дээр эхэлжээ.

South China Morning Post” хэвлэлд онцолсноор, үүнээс өмнө АНУ Тайваньд цэргийн технологио худалдахдаа хойрго ханддаг байсан хэдий ч Трампын засаг захиргаа Тайваньтай зэвсэг нийлүүлэх тухай хэд хэдэн гэрээ байгуулсан билээ. Шинэ засаг захиргаа энэ бодлогыг үргэлжлүүлэх хандлагатай байна гэж тус хэвлэлд онцолсон байна.

Тайвань, Бээжингийн харилцаа хурцдахтай зэрэгцэн АНУ Тайвань олон тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Тайванийн асуудлыг Вашингтон, Бээжингийн харилцааны эмзэг асуудлыг нэг гэж нэг бус удаа мэдэгдэж байсан ба АНУ тус аралд зэвсэг нийлүүлж буйг эсэргүүцэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top