Тайвань энэ сард АНУ-аас зургаан “F-16V” сөнөөгч онгоц авч магадгүй

Я.Болор | Zindaa.mn
42 минутын өмнө

Тайвань аравдугаар сард багтан АНУ-аас зургаан “F-16” сөнөөгч онгоц хүлээн авч магадгүй гэж арлын батлан хамгаалахын сайд Гу Лишюн мэдэгджээ.

Энэ сарын 2-нд Тайвань хоёр сөнөөгч онгоц хүлээн авсан байна. АНУ 2019 онд Трампын бүрэн эрхийн анхны хугацаанд баталсан зэвсэг нийлүүлэх тухай гэрээний дагуу нийт 66 “F-16 Block 70” онгоц худалдан авах юм. Эхний ээлжийн онгоцнуудыг 2023 онд хүлээн авна гэж байсан ч ковид-19 цар тахал зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас сөнөөгч онгоцнуудыг товлосон хугацаанд нийлүүлж чадаагүй байна. Өнгөрсөн онд Тайвань 2026 оны сүүл гэхэд захиалсан бүх онгоцоо хүлээн авна гэж тооцолж байсан ч ийн нийлүүлэлт удааширч байгаад сэтгэл зовниж буйгаа нэг бус удаа илэрхийлж байв.

“Taipei Times” сонины мэдээллээр, арлын нисэх хүчин өдгөө өмнөх загвар болох “F-16V Block 20” загварын 139 сөнөөгч онгоцтой.

Үүний сацуу, АНУ Тайвань ирэх 20 жилийн турш АНУ-ын Аляскад хэрэгжих эрчим хүчний төслийн хүрээнд байгалийн хий худалдан авах тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.

Трампын мэдээлснээр, Тайванийн зүгээс энэхүү төсөлд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах аж. Аляскад байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх төслийн хүрээнд 1300 км хийн хоолой барихаар тусгажээ. Тайваниас гадна БНСУ энэхүү төсөлд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top