АНУ-ын өндөр тушаалтнууд Азийн орнуудад айлчилж Хятадын талаар асуудал хөнджээ
Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргааны өндөр албаныхан Япон, БНСУ, Энэтхэг зэрэг Азийн орнуудад ойрын өдрүүдэд айлчлал хийж байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар Японд айлчлаад БНСУ-д хүрэлцэн ирлээ. Тэд тус улсын Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нар, залуусын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж мөн Энэтхэг, Номхон далайн бүс нутагт энх тайвныг хангах чиглэлээр дугуй ширээний уулзалт хийхээр болов.
БНСУ-д айлчилсны дараа гуравдугаар сарын 18-нд Энтони Блинкен нутаг буцах бол ЛЛойд Остин Энэтхэгт очиж 19-21-ний өдрүүдэд Батлан хамгаалахын сайд, бусад өндөр албаныхантай уулзаж яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар Японд айлчлах үеэрээ Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нартай нь нүүр тулан уулзаж олон улс, бүс нутгийн чиглэлийн олон асуудал хөндсөний дотор хамгийн гол нь БНХАУ-ын талаар яриа өрнүүлэхэд ач холбогдол өгсөн байна. Өмнөд, Зүүн Хятадын тэнгис хавийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын талаас баримталж буй бодлогын талаар голчлон ярьсан талаар хэвлэлүүдэд мэдээлжээ. БНХАУ-ын зүгээс Өмнөд Хятадын тэнгисээр гадаад орнуудын хөлөг онгоцуудад саад хийлгүй чөлөөтэй зорчуулах ёстой гэсэн агуулгатай яриаг тэд өрнүүлсэн аж. Мөн Хонконг, Тайванийн ардчиллыг эх газрын Хятадын зүгээс хавчиж буй болон Төвөдийн асуудлыг ч хөндөн ярилцсан гэжээ.
БНХАУ-ын төр, засгийн зүгээс Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронд ислам шашинт иргэдийн эрхийг зөрчиж, хөдөлмөрийн сургалтад хамруулах, хүүхдийн тоог хязгаарлах зэрэг хүний эрхэд халдсан арга хэмжээ авч байгааг АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын үеийн засаг захиргааны өндөр тушаалтнууд эрс шүүмжилж ”Тэнд хоморголон дарангуйлах үйлдэл гарч байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Өмнөх засаг захиргааны албан тушаалтнуудын энэхүү мэдэгдлийг Ерөнхийлөгч Жо Байдены үед ч дэмжиж буйг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлж байсан удаатай. Харин БНХАУ-ын Засгийн газар дээрх мэдэгдлийг эрс эсэргүүцэн няцааж байсан юм.
Хятадын зэвсэгт хүчин асар их бэхжиж, хүчин чадал нь нэмэгдэн өргөжсөн учир АНУ батлан хамгаалах салбараа мөн бэхжүүлэх ёстой хэмээн үзэж буйгаа ч Азийн орнуудад хийж байгаа айлчлалын үеэр Энтони Блинкен, ЛЛойд Остин нар онцлон ярьж яваа аж.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Япон, Энэтхэг, Австралийн төр, засгийн тэргүүн нартай цахим уулзалт хийхдээ уг асуудлыг бас хөндөж байсан юм.
АНУ, Хятадын Аляскт болох уулзалт хялбар биш
АНУ-ын өндөр албаны хүний мэдэгдсэнээр Аляскт хийх уулзалтын үеэр Хятадын талд Нэгдсэн Улсын байр суурийг ойлгуулж, цаашдын харилцаагаа томьёлох болно гэжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээллээ. Уулзалтаас хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргахгүй юм. Хоёр талын уулзалтыг гуравдугаар сарын 18-ны өдөр Америкийн Аляск мужийн Анкориже хотод хийхээр товлосон билээ. Вашингтоны тал уулзалтыг “Энэтхэг-Номхон далайн бүс дэх дипломат харилцааг өргөжүүлэх далайцтай ажлын нэг хэсэг” хэмээн нэрлэжээ.
Уг арга хэмжээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Америкийн Ерөнхийлөчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ян Зечи нар талуудыг төлөөлөн оролцох юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Жинпин нар утсаар ярилцахдаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас сэргийлэх, эрүүл мэндийн салбарт аюулгүй байдлыг хангах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, зэвсэглэлээр хөөцөлдөхийг таслан зогсоох зэрэг асуудлыг хөндөн ярилцсан билээ.
“Аляскад болох уулзалт илүү өргөн, стратегийн түвшинд болох бөгөөд хоёр тал нэлээд хэдэн тодорхой асуудлыг хөндөн ярилцах болно. Асуулт, хариулт голлон өрнөх учир хэлэлцээрийн замаар тодорхой үр дүнд хүрнэ гэж найдахгүй байна. Уулзалт цаашдын харилцааны эхлэл байх болно. Нэг ширээний ард сууж нүүр нүүрээ харалцан бие биеэ ойлгоход уулзалтын гол зорилго оршино” гэж Цагаан ордны төлөөлөгч хэлжээ.
Үүний зэрэгцээ Америкийн тал уулзалтыг тийм ч амар хялбар биш байх болов уу хэмээн таамаглаж байна. Энэ тухай Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга хатагтай Жен Пасаки мэдэгджээ. Хүний эрх, эдийн засаг, худалдаа, технологийн салбар зэрэг асуудал хөндөн ярилцахад бэрхшээл учирч болзошгүй хэмээн тэд болгоомжилж буйг нуусангүй. Харин дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сааруулах, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх зэрэг сэдвээр талууд санал нэгдэх байх хэмээн итгэж байгаа ажээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэхүү уулзалтын үеэр бие биеийн дотоод хэрэгт оролцохгүй байх, Хятадын талын байр суурийг хүндэтгэх, харилцан бие даасан байдлаа хангах чиглэлийг баримтлахыг АНУ-ын талд уриалсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уг уулзалтаас эерэг сайн үр дүнд гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Хоорондоо худалдааны дайн өрнүүлж, олон асуудлаар харилцан ойлголцохгүй явж ирсэн хоёр тал өнөөдөр Аляскт нүүр тулан халз уулзаж байр сууриа илэрхийлэхээр болоод буй нь олон улсын анхаарлыг татаж эхэллээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )