Ядарч туйлдсан жолооч нар Чойрын тээврийг нээхийг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

-Хятадуудын эрхшээлд орсон Монголын нүүрс экспортын хөөрхийлөлтэй хувь тавилан-

...Би энд ирээд 21 хонож байна. Жолооч нартайгаа адил хоосон хонохдоо хонож, машиндаа амьдарч явна.

...Эхнэр хүүхэд дээрээ очиж чадалгүй хоёр сар болж байна. Ар гэрээ тэжээхийн тулд тээвэрт явдаг ч нүүрс тээврийн зам хаагдсанаас болж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаанд орчихоод байна.

...Хүлээж суусаар хүнд байдалд орж байна. Нэг л өдөр зам нээгдчих болов уу. Нүүрсний таталт нэмэгдчих болов уу. Хот руу явчихаар эргэж гаргахгүй байх гэж бодсоор байтал жолооч бидний нөхцөл байдал улам л хэцүүдлээ.

Хээрээр хань хийж, машиныхаа кабинд хоноглож яваа мянга мянган жолооч нар хүндхэн байдалтай байгаагаа ийнхүү ярьж байна. Урт, богинын тээвэрт явдаг 14 мянга 900 гаруй жолооч нарын төлөөлөл энэ сарын 18-ны орой Гашуунсухайт автозамын хоёр дахь километр “Эрдэнс таван толгой “ ХК-ийн уурхай дээр цуглажээ. Тэд нүүрсний экспортын үнэн төрх болоод өөрсдөд тулгамдсан асуудлаа холбогдох албаныханд хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм.

Н.ЯЛАГДАШГҮЙ: НИЙТДЭЭ 10500 ЖОЛООЧ ГАЦААНД ОРЧИХООД БАЙНА

Энэ үеэр Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн саарал хэмээх Н.Ялагдашгүйгээс дараах тодруулгыг авлаа.

-10 мянга гаруй нүүрс тээврийн жолооч ажил орлоггүй болоод байгаа тухай та бүхэн учирлаж байна. Юуны улмаас ийм байдалд орчихов оо?

-Бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь Монгол Улсын нүүрс тээврийн 80 орчим хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомт өнөөдөр зогсонги байдалд орчихлоо. Энэ боомтоор өдөртөө 1500 орчим машин хилээр нүүрс нэвтрүүлдэг байсан бол одоо дөнгөж 50 ширхэг машин л орж байна. Бараг 30 хувь буурчихлаа. Богинын тээврийн гаралт муудсанаас улбаалаад уртын тээврийн мянга, мянган жолооч нар ажил, орлогогүй болоод байна. Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ийм хүнд байхад Тавантолгой-Чойрын чиглэлийн замыг хаах шийдвэрийг Л.Халтар сайд гаргаж байгаа нь Монголын нүүрс тээврийн экспортыг боомилж байна гэж хэлж болно.

-Чойр чиглэлийн замыг хэзээнээс хаачихсан юм бэ?

-Хоёрдугаар сарын дундуур салбарын сайдын тушаал гараад л хаагдсан. Уг нь ядаж энэ зам нээгдчихвэл жолооч нарын маань тээвэрлэлт бүр ч таг зогсчихгүй. Бидний гол зорилго бол зөвхөн жолооч нарын асуудал биш. Монгол Улсын нүүрсний экспортыг тогтвортой байлгахыг зорьж байгаа юм. Энэ замаас л гэхэд Монгол Улс хоёр сая америк доллар оло боломжтой. Нэг өдөртөө шүү. Нүүрсний дийлэнхи тээвэр нь Гашуунсухайт руу явдаг ч Чойрын энэ замаар Хангийн боомт руу тодорхой хэмжээний нүүрс тээврийн экспортыг гаргах бүрэн боломжтой. Явсаар ч ирсэн. 1950-аад оноос гаралтай Сайншанд Замын-Үүд , Чойр Өмнөговийг холбосон энэ зам бол тухайн үеийн торгоны зам гэж хэлж болно. Төдийгөөс өдийг хүртэл хүртэл гурван аймгийг хооронд нь холбосон улсын чанартай сайжруулсан шороон энэ замаар нүүрс тээвэр хийсээр ирсэн. Гэтэл улс төрийнхний явцуу шийдвэрээс болж хаагдаад байгаа нь эх орны эдийн засагт төдийгүй энэ замаар тээвэр хийж амьдралаа авч явдаг мянга, мянган тээвэрчдэд хохирол учруулаад байна.

-Явцуу шийдвэр гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

-Салбарын сайд энэ замаар тээвэр хийхэд нутгийн иргэдэд хүндрэлтэй, тоосжилт үүсгэдэг гэх үндэслэлээр хаах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь улс орныхоо эдийн засгийг зонхилон бүрдүүлж буй нүүрсний зах зээлийг бодолгүйгээр тухайн орон нутгийн хэсэг бүлэг хүмүүст л таалагдах гэсэн оролдлого гэж хардаж байна. Улс төрийн өчүүхэн явцуу эрх ашгийн төлөө л гаргасан шийдвэр шүү дээ. Тээвэрчид бидний хувьд Чойрын чиглэлийн замаа өөрсдийн хөрөнгө мөнгөөр засаж сайжруулж, нэг рэсс тутмын орлогоосоо 20 мянган төгрөгийг цуглуулж, тэр орлогоороо 50 километр тутамд нэг шалган нэвтрүүлэх хяналтын пост барьж, худаг өрөмдөж, усжуулалт хийх нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Гэтэл энэ замыг маань хааж байгаа нь дэндүү харамсалтай шийдвэр. Бид аль болох байгальд хор хөнөөлгүйгээр Чойрын тээврээ хийхийг хичээж байна. Тиймээс энэ замыг нээж өгөхийг шат, шатны холбогдох байгууллага, хүмүүст уламжилсаар байна.

-Шаардлага, хүсэлт хүргүүлэхээр ямар хариу өгдөг вэ. Замыг нээх тодорхой тов хэлдэггүй хэрэг үү?

-Зам тээвэр хөгжлийн яам, Аймгийн удирдлагууд, цаашлаад Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүдэд нөхцөл байдлаа учирлаад хүсэлт явуулдаг. Харамсалтай нь тодорхой дорвитой шийдвэртэй ажил хийгдэхгүй л байна. Зам хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Жолооч нар хий дэмий горьдлого тээсээр хүлээж сууна.

Уг нь Өмнөговь аймгаас УИХ-ын хоёр ч гишүүн сонгогдсон. Н.Наранбаатар гишүүн хааяа нэг дуугардаг. Харин Ажнай Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн гишүүн болсноосоо хойш усанд хаясан чулуу шиг алга болсон. Хааяа нэг сүм дуганын нээлт энэ тэр дээр явж байгаа дуулддаг. Уг нь тэд тээвэрчдийн асуудлыг онцгой анхаарна гэж сонгуулийн үеэр амлаж байлаа.

-Гашуунсухайтын боомтоор гарах нүүрсний экспорт ковид дотооддоо алдсантай холбоотойгоор буурчихсан. Ийм хүнд үед уг нь Чойрын замаа нээчихвэл нэмэртэй юм даа?

-Хүний амьдрал хэцүү. Манай жолооч нарын хувьд гэрээсээ хол, өлсөж цангасан ч гэсэн тэсэж байгаад тээвэр хийчих гээд л хүлээгээд байдаг.Уртынх нь уурхайгаас ачаад Цагаанхаданд буулгахад Цагаанхадныхан цаашаа ачаад хил даваад Ганц модонд буулгана. Богинын таталт нь дуусчихаар урт нь зогсчихдог. Яагаад гэвэл өртөөлж байгаа учраас. Богинын тээвэр дээр нэг, хоёрдугаар ээлж болгон 3500, 3500-аар хоёр хуваачихсан. Тэгэхээр 3500 урд байгаа гэсэн үг. Нийтдээ нарийвчилсан тоогоор 10500 жолооч гацаанд орчихоод байгаа юм.

Э.САМДАНЖАМЦ: НҮҮРС БУУЛГАЖ, СЭЛГЭЖ АЧДАГ ТАЛБАЙН ИХЭНХ НЬ ХЯТАДУУДЫНХ БОЛСОН

Жолооч Э.Самданжамц ийнхүү ярьж байна. Тэрбээр “Би уртын тээвэрт Монгол компанийн жолооч хийдэг. Гашуунсухайтын боомтоор нүүрс гаралт огцом буурчихлаа. Ийм үед нүүрс тээвэрчдийн хамгийн чухал туслах зам болсон Чойрын замыг хаасан нь жолооч бидний ажил тэг зогсоход хүрээд байна. Ер нь тээвэрчдийн энэ асуудлыг төр засгаас онцгой анхаарах цаг болсон гэж би боддог. Нэг зүйлийг энд хэлэхийг хүсэж байна. Нүүрс тээврийн гэрээ Монгол компаниудад олдохоо байсан. Замаар дүүрэн хужаагийн машин тээвэр хийдэг боллоо. Автотээврийн газраас монголчуудынхаа машиныг оношлогоонд оруулахад баахан гоочилдог хэрнээ хятадуудын хачин ямбий машиныг шууд л зөвшөөрөл олгоод тэнцүүлчихдэг. Хятадын том компаниудад л манай төрийнхөн үйлчилдэг. Нүүрс буулгаж, сэлгэж ачдаг 82 талбайн ганц хоёрхон нь л Монгол хүний мэдлийнх. Бусад нь бүгд хятад, өвөрмонголчуудын мэдлийнх байдаг” гэлээ.

Монгол Улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспорт хүндхэн байдалтай байгааг тээврийн жолооч нарын нөхцөл байдлаас харж болохоор байна. Ийм үед салбарын яамд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

САЙД Г.ЁНДОН БНХАУ-ЫН ЭЛЧИНТЭЙ УТСААР ЯРЬЖЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ сарын 17-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт гарсан асуудлаар утсаар ярьж харилцан мэдээлэл солилцжээ. .

Салбарын сайд ярианыхаа эхэнд Гашуунсухайт боомтоор нэвтрэх тэр дундаа нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж буй автомашины тоо сүүлийн өдрүүдэд буурч байгаа талаар тодруулахад Элчин сайд Цай Веньруй Оюу толгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдолтой холбоотойгоор хилээр нэвтрэх машины тоог бууруулсан болохыг мэдээлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж эхэлсэн, уурхайчдыг тун удахгүй дархлаажуулалтад хамруулахаар болсон тул энэ талаар Хятадын талд уламжилж тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг хүссэн юм. Элчин сайд Цай Веньруй Оюу толгойн нөхцөл байдлыг харгалзан үзэж үүссэн асуудлыг эргэн хэвийн горимонд оруулах боломжтой талаар ярьсан байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас утсаар тодруулга авлаа. Түүнээс “Чойрын тээврийг хэзээ нээх тухай лавлахад “Чойрын зам нээлттэй л байгаа шүү дээ. Би өчигдөр яваад ирсэн” гэж хэлээд утсаа салгасан юм. Түүний хувьд бодит нөхцөл байдлыг үнэхээр мэдэхгүй байна уу. Эсвэл мэдсэн хэрнээ мэдэн будилав уу. Ямартаа ч мэдээлэл өгөхөөс цааргалсан юм. Гашуунсухайтын боомтоор гарах нүүрсний экспорт эрс багассан энэ үед Чойрын тээврийг хааж орхисон нь жолооч нарын бухимдлыг төрүүлж, нүүрсний экспортоос орох орлогыг хааж байгааг Л.Халтар сайд тэргүүтэй, шийдвэр гаргах албаны хүмүүс анхааралдаа авахыг энэхүү сурвалжлагаараа дамжуулахыг зорилоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.53) 2021 оны 03 сарын 25

Uul uurhai Oyu tolgoin ajilchidiig soliood ogooch 2 sar say ajilgui or zeel hetsuudlee arai bish yumaa.

0  |  0
A(66.181.161.118) 2021 оны 03 сарын 24

Bvh zuiliig nvdeer vzsen met vnelj dvgnehee hezee bolih hvmvvs we chih chine nvd bolchihoogui bailtai

0  |  0
Иргэн(192.82.88.235) 2021 оны 03 сарын 23

Халтар сайд гэж хаанаас ирсэн халтар вэ.Хамаг будлианы эзэн Ралтар юм бишүү.

0  |  0
zochin(223.104.15.194) 2021 оны 03 сарын 23

manai tor zasgin darga nar ene hyjaa nart ih hairtai baih ymaa mashini zowshoorol hurtel hyjaa mongol hundee olgoj boldogui ymuu awdag mongoo daraa toosoohoor hiigeech

0  |  0
zochin(223.104.15.194) 2021 оны 03 сарын 23

manai tor zasgin darga nar ene hyjaa nart ih hairtai baih ymaa mashini zowshoorol hurtel hyjaa mongol hundee olgoj boldogui ymuu awdag mongoo daraa toosoohoor hiigeech

0  |  0
zochin(223.104.15.194) 2021 оны 03 сарын 23

manai tor zasgin darga nar ene hyjaa nart ih hairtai baih ymaa mashini zowshoorol hurtel hyjaa mongol hundee olgoj boldogui ymuu awdag mongoo daraa toosoohoor hiigeech

0  |  0
orig(192.82.69.216) 2021 оны 03 сарын 23

Tuhain uees ehleed turd tolgoigui buetuud ajillaj irnii gai unuudur ingej hyramtsag bolgoj bgaa ym !

0  |  0
иргэн(202.21.104.2) 2021 оны 03 сарын 26

Мандахбаяр чинь хаа хаа гээд л орилоод байсан хаачихаар нээ гээд сайт сонингоороо бичээд байдаг нь ямар 2 үзүүртэй зүү шиг нөхөр вэ

2  |  0
Санал(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

Монголын нүүрсний экспортыг нуруун дээрээ авч яваа улс бол жолооч нар. Тэдэнд төрөөс дэмжлэг үзүүлдэггүй юмаа гэхэд ядаж саад битгий бол

1  |  1
Зассс(192.82.72.248) 2021 оны 03 сарын 25

Өөр ажил олж хийцгээ хүний өмнөөс амьдраа юу

3  |  2
иргэн(192.82.88.42) 2021 оны 03 сарын 26

5 толгой-Чойрын зам чинь тэр бүс нутгийг тээрэмдэж улаан цөл болгож малчин хүн байтугай хулгана зурам тогтохгүй цөл болгож байгаль орчинг сүйтгэж байгаа нь үнэн.Өөр ажил олж хийцгээ.Эсвэл наад цөл талдаа мод тарьцгаа.Улс орон бодож гэнэ яг ш дээ.

6  |  1
Top