Уран гулгалтын ДАШТ-ийг зохион байгуулах эсэх талаар олон маргаан гарсны эцэст Стокгольмд явуулахаар болсон билээ.
Жилийн өмнөх ДАШТ-ийг цар тахлын улмаас цуцалсан тул хоёр жил дараалан дэлхийн аваргагүй байна гэдэг тамирчид, уран гулгалт сонирхогчдын хувьд тун хэцүү хэрэг болох байлаа.
Мэдээж цар тахлын үе тул маш олон хориг арга хэмжээ авсан. ДАШТ огт болохгүй байснаас хатуу хорионд ч гэсэн явагдсан нь мэдээж дээр билээ.
Тамирчид хөөс хэмээн нэрлэж байгаа гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан байранд байрлана.
Үзэгчгүй явагдана.
Аль болох хавьтлыг багасгаж, мөсөнд хөндлөнгийн хүмүүсийг ойртуулахгүй.
Тэмцээнд хамаатай бүх хүнийг онлайн бүртгэлд хамруулна.
Тамирчин, дасгалжуулагч, эмч, албаны хүмүүс, Зохион байгуулах хороо, сайн дурынхан, допинг шинжилгээний мэргэжилтнүүд тусгай машинаар зөвхөн зочид буудал, ордонд орох эрхтэй.
Хувийн харилцаа, хавьтал хориотой.
Буудлаас гадуур хоол захиалж болохгүй.
Жолооч, тогооч, мөс бэлтгэгч ажилтнуудыг тусад нь тусгаарлана.
Тамирчид тэмцээний турш биеийн байдлынхаа талаар өдрийн тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлдээ тухайн өдөр хэнтэй уулзсан, хавьтсанаа бүгдийг бичнэ. ДЭБМ-ын журмаар 1 метр зайд 15 минутын турш байсан хүнийг хавьтал гэж тооцно.
Мөсөн дээр гарахын өмнө тамирчдаас биеийн байдлын тэмдэглэлийг шалгаж үзнэ.
Нэг тамирчныг нэг л дасгалжуулагч дагаж гарна.
Бүгд 48 цагийн дотор хийсэн PCR шинжилгээний хариугаа үзүүлж байж, хил нэвтэрнэ.
Шведэд дахин шинжилгээ өгч, хариу гартал буудлаас гарч болохгүй.
Мөсөн дээр гарахын өмнө бүх тамирчдын халууныг хэмжинэ.
Хэрэв ковид илэрвэл тухайн тамирчныг 7 хоног тусгаарлана.
Тамирчдын явах тусгай коридор гаргана. Мөн салхинд гарах тусгай бүстэй. Гудамжинд гарч, гүйж, дасгал хийж болохгүй.
Бүх сугалааг цахимаар явуулна.
Шагнал гардуулах ёслол дээр бүгд амны хаалттай байна. (Номер үзүүлэхээс бусад үед үргэлж)
Ёслол дээр тэврэлдэж, үнсэлцэх хориотой.
Нэгдүгээр байрны тавцан дээр зэрэгцэн зогсож, зураг авахуулж болохгүй.
Тамирчин өөрөө медалиа авч, хүзүүндээ зүүнэ.
Тоглолтын өмнө, дараа тэшүүрийн ирний нөмрөг, цэвэр усыг тусгай саванд хийнэ.
Талбайн борт, хашлагад хүрэх хориотой.
Сэтгүүлчдэд онлайнаар ярилцлага өгнө.
Сэтгэгдэл ( 0 )