Уран гулгалтын ДАШТ-ий хамгийн их сонирхол татдаг төрөл нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл билээ.
Дэлхийн аваргын тэмцээний өмнө энэ төрлийн эхний гурван байрыг орос охид эзлэх болно гэж оросууд үзэж, найдаж байлаа. Зай завсаргүй дараалан гарч ирэх авьяаслаг шинэ охидын дайралтыг Загитова, Медведева нар ч тэсэж чадаагүй бол харин Лиза Туктамышева гурван эрхийн нэгийг нь авч, зургаан жилийн дараа ДАШТ-д эргэн ирсэн билээ. Тэдэнтэй өрсөлдөх нь япон охид.
Бэлтгэлийн гулгалт энэ удаагийн ДАШТ түүхэнд хамгийн хүнд хэцүү тэмцээн болно гэсэн шинжээчдийн үгийг батлах шиг болсон. Цар тахлын улмаас бэлтгэл дутуу, тэмцээн уралдаанд оролцоогүй тамирчид маш сул, формгүй харагдаж байв.
Ингээд тэмцээн эхэллээ. 15 настай солонгос охин Хаен Ли тун итгэлтэй сайхан гулгасан бол Америкийн Карен Чен богино үзүүлбэрт 74,40 оноо авснаар шигшээ багтаа олимпын гурван эрх авч өгөхөд алхам ойртсон. Францын Беренис Мейте хүнд гэмтээд тэмцээнийг орхин одлоо.
Оросын гурван тамирчнаас хамгийн эхэнд 24 настай Елизавета Туктамышева талбайд гарч ирсэн. ДАШТ-д ирэхээсээ өмнө эрчүүдийн MAXIM сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан түүнийг ахмад тамирчин, хөгшин, шигшээ багийн хамгийн сул нь гэх зэрэг янз бүрээр хэлж, шүүмжилж байсан ч мөнхийн цоглог Лиза ямар ч алдаагүй богино үзүүлбэрээ гүйцэтгэлээ. Билли Айлишийн аянд тэрээр гурвалсан аксель, лутц, тулуп, флип хийж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Зургаан жилийн өмнө тэр дэлхийн аварга болж байсан. Энэ удаад түрүүлэхгүй ч байсан ямар ч гэсэн 78,86 оноогоор гуравт бичигдэж эхэллээ. Угаасаа багийнх нь хоёр үсэрдэг охин байхад Лиза хүрэл медалийн төлөө гаднын тамирчидтай өрсөлдөхөө мэдэж байлаа. Түүнтэй өрсөлдөх нэгэн солонгос охин байсан ч тэр дотоодын сонгон шалгаруултад ялагдаад Стокгольмд ирээгүй юм.
Сүүлийн хэсэгт хоёр орос охин дараалан гарч, хамгийн сүүлд Японы Рика Кихира гарах байлаа. Эхлээд мөсөн дээр гарсан Александра Трусова харамсалтай нь сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадсангүй. Евгений Плющенкогийн шавь гурвалсан акселиас татгалзсан ч гурвалсан лутц дээр маш бүдүүлэг алдаа гаргаж унан, каскадгүй хоцорлоо. Орос пуужин Трусова 64,82-хөн оноо авснаар дэлхийн аварга болох мөрөөдөл нь энэ удаад бүтэхгүй болсныг харуулах шиг боллоо. Магадгүй Евгений Плющенкогийн буруу ч байж мэдэх юм.
Харин Анна Щербакова эсрэгээрээ амгалан тайвны бэлэг тэмдэг гэлтэй тун тайван, цэвэрхэн сайхан үзүүлбэрээ дуусгалаа. Хэрэв тэр чөлөөт үзүүлбэрт дараалан дараалан алдаад эхлэдэггүй л юм бол дэлхийн аварга болно. Каори Сакамото, Брейди Теннелл нар алдаагүй ч их оноо авах юм хийгээгүй бол Японы Сатоко Мияхара ээлж дараалан алдаа гаргасаар арын байрт шилжлээ.
Хамгийн сүүлд гарч ирсэн Японы Рика Кихира Щербаковаг гүйцэх тун дөхсөн. Түүний гурвалсан аксель үзэгчдийг бишрүүлсэн ч шүүгчид түүнээс оноо хасах шалтаг үзүүлбэрийн дараа олж харсан. Ингээд япон охин хоёр оросын голоор орж, чөлөөт үзүүлбэрт алтан медалийн төлөөх өрсөлдөөн тэдний дунд өрнөх нь.
Стокгольм, Швед
Эмэгтэй, богино үзүүлбэр
1. Анна Щербакова (ОХУ) – 81,00
2. Рика Кихира (Япон) – 79,08
3. Елизавета Туктамышева (ОХУ) – 78,86
4. Карен Чен (АНУ) – 74,40
5. Ким Йе Лим (БНСУ) – 73,63
6. Каори Сакамото (Япон) – 70,38
7. Брэди Теннелл (АНУ) – 69,87
8. Хэ Ин Ли (БНСУ) – 68,94
9. Маделин Скиза (Канад) – 68,77
10. Луна Хендрикс (Бельги) – 67,28
11. Ольга Микутина (Австря) – 67,18
12. Александра Трусова (ОХУ) – 64,82
13. Екатерина Рябова (Азербайжан) – 64,11
Сэтгэгдэл ( 3 )
Алт, мөнгө, хүрэл медалийг Орос охид авсан.\nБогино үзүүлбэрт 12 -р байрт явсан охин хүрэл дээр буулаа. \nУран гулгалтын спортын дэлхийн номер нэг гүрэн гэдгээ Оросууд батлах юм аа
Боловсролын дэд сайд Г.Ганбаяраар энэ нэрнүүдийг уншуулах юмсан . Ёстой алаад хаяна шдэ
setguulch ee zuv bichej surchaad naad ajil aa hiivel zugeer yum san\n ajil daa setgel zurhgui ajil laa shudraga uguud yavaj bai