Ойдий Отгонбаатар
Шведийн нийслэлд уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах 110 дахь тэмцээн эхэлж байна. Ковид-19-ийн улмаас нэг жил завсарласны эцэст манай гарагийн уран гулгалтын элит ахин цугларч, шилдгээ шалгаруулахаас гадна ирэх онд Бээжинд болох Олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. Спортын ертөнцийн анхаарлыг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, тодруулбал, алдарт Евгений Плющенко, Этери Тутберидзе хоёрын шавь нарын өрсөлдөөн зүй ёсоор татаж байна.
Стокгольм хотын “Эрикссон Глоб Арена”-д үзэгчид орохгүй нь зохион байгуулагчдын цар тахлын эсрэг авч буй олон арга хэмжээний нэг. Тус ордон зургаан жилийн өмнө ДАШТ-ийг хүлээн авч байсан бөгөөд тухайн үед бүсгүйчүүдийн медалийн тавцанг Оросын гурвал эзэлсэн. Энэ удаад хойд хөршийг тэр жил дэлхийн аваргын алт хүртсэн Елизавета Туктамышева, ОХУ-ын сүүлийн гурван жилийн аварга Анна Щербакова болон дөрвөлсөн үсрэлтийн хатан хаан Александра Трусова төлөөлж байгаа бөгөөд гурвуулаа ялалтын индэрт гарах магадлал өндөр. Тэр дундаас тав хоногийн дараа (03.28) 17 нас хүрэх Щербакова Олимп, дэлхийн аварга Алина Загитовагийн залгамжлагчаар тодрох боломж бололцоо илүү ихтэй.
Э.Тутберидзе-гийн “уяж буй манлай хүлэг” болох Аннагийн хувьд техник тал дээр хуучин багийн анд А.Трусовагаас бага зэрэг дутуу хэдий ч дөрвөлсөн флип (4Ф) болон лутц (4Л) үсрэлтүүдийг гаргууд эзэмшсэн, түүний гол давуу талууд бол гайхалтай “уран” (жинхэнэ утгаараа) гулгалт, хамгийн дээд түвшний эргэлтүүд ба артистизм (өгүүлэмж, жүжигчний ур чадвар), мөн сэтгэл зүй. Тэрээр сүүлийн хоёр жил насан хүрэгчдийн тавцанд оролцсон тэмцээнүүддээ 1-2 алдаа эс тооцвол тогтмол өндөр түвшинд үзүүлбэрээ гүйцэтгэсэн ирсэн.
Е.Плющенко руу “урвасан” Тутберидзегийн шавь нарыг Стокгольм-д А.Трусова төлөөлж байна. Түүний араас өнгөрсөн зун Европын хошой аварга Алёна Косторная дасгалжуулагчаа сольсон хэдий ч энэ улирлын амжилт нь эрс уруудсанаар анхны багшдаа эргээд очсон, тэгэхдээ бүр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхад хүрсэн юм. Трусова одоогоор зөвхөн спортдоо анхаарч байна. 16 настай энэ дайчин охин дөрвөлсөн бүх үсрэлтийг эзэмшсэн, нэг үзүүлбэрт дөрвөлсөн дөрвөн үсрэлт амжилттай хийсэн, чөлөөт үзүүлбэрийн онооны дэлхийн дээд амжилтын эзэн гээд олон цол гуншинтай, гагцхүү улс, тив, дэлхийн тэмцээний алтан медаль л түүнд дутуу. Өнөөдрийг хүртэл Сашад энэ оргилд хүрэхэд техникийн хувьд 4-5 дөрвөлсөн үсрэлт агуулсан хэт хүнд үзүүлбэрүүд, үүнээс үүдсэн уналтууд саад болсоор ирсэн. Трусова энэ удаад богино үзүүлбэртээ тэргүүлэгчээс хол хоцролгүй, харин чөлөөтдөө алдааны тоогоо ядаж нэг болгочихвол түрүүлэх магадлал өндөр. Хэдий 17 нас хүрээгүй ч түүний хувьд Оросын охидын дундаас Бээжингийн наадамд оролцох эрх авна гэдэг баталгаа үгүй, үүний тулд Стокгольм-д зөвхөн алт л тус болно. Трусова ч энэ зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байна. Тэрээр богино үзүүлбэртээ өмнө нь нэг их хийгээд байдаггүй гурвалсан акселийг (3A), харин чөлөөтдөө дөрвөлсөн риттбергер (4Р) үсрэлтийг оруулж болзошгүйг Стокгольм дахь бэлтгэлийн гулгалт харуулж байна.
Сборная-гийн гурав дахь төлөөлөгч Елизавета Туктамышева зургаан жилийн өмнө дэлхийн аварга болсон ордондоо эргэн ирж байгаа нь өнөө цагийн уран гулгалтын хувьд бараг л нэг “жаран”. 24 настай бүсгүйн хувьд өрсөлдөгч охидынхоо дунд хааяа “эмээ” шиг санагдах үе бий гэж наргидаг, гэвч 3А болон гурвалсан лутц (3Л) – гурвалсан тулуп (3T) (суурь үнэлгээ 10.8 оноо, бонустай 16.2 оноо хүртэх боломжтой) зэрэг үнэлгээ өндөр үсрэлтийн комбинациар медалийн төлөө өрсөлдөх боломжтой.
Оросын гурвалын цорын ганц бөгөөд гол өрсөлдөгч бол Япон болон Дөрвөн тивийн хошой аварга Рика Кихира. 18 настай Наран улсын од охин 3А-3Т комбинацийг (суурь үнэлгээ 12.2 о., бонустай 18.3 о.!!!) амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэйгээр уран гулгалтын түүхэнд аль хэдий нь нэрээ мөнхөлсөн. Кихирагийн гол давуу талууд бол гурвалсан үсрэлтүүд, гэвч Трусова, Щербакова нартай эн тэнцүү өрсөлдөхийн тулд түүнд дөрвөлсөн үсрэлт хэрэгтэйг дасгалжуулагч дэлхийн аварга Стефан Ламбьель мэдэрч, энэ улирлаас дөрвөлсөн сальховыг хөтөлбөртөө багтааж, үүнийгээ улсынхаа аваргаар амжилттай хэрэгжүүлсэн байна. Рика цэвэр гулгавал “Эрикссон Глоб Арена”-д түрүүлэх ч магадлалтай гэж уран гулгалтын ертөнц шуугиж байна. Харин үүний тулд Оросын гурвал гурвуулаа үзүүлбэрээ нураах ёстой болох юм.
Тэдний богины үзүүлбэрийн өрсөлдөөн өнөөдөр эхэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гурван Орос охин эхний гурван байрт орсон. Гайхалтай гайхалтай