Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Өнөөдөр Шведийн нийслэл Стокхольм хотын “Эрикссон-Глобе” ордонд уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах 110 дахь удаагийн тэмцээн эхэллээ.
Тэртээ 1896 оноос түүх нь эхэлдэг энэхүү тэмцээн гурван зууныг дамнахдаа нийтдээ 16 удаа (1915-1921 онд Дэлхийн I дайны улмаас, 1940-1946 онд Дэлхийн II дайны улмаас, 1961 онд АНУ-ын баг тамирчид онгоцны осолд амь насаа алдсан (18 тамирчин, 9 албаны хүн) учир хүн тэдний дурсгалыг хүндэтгэн) цуцлагдсан бөгөөд хамгийн сүүлийнх нь дэлхийг хамарсан “ковид-19” цар тахлаас болон Канадын Монреальд болох байсан 2020 оны ДАШТ цуцлагдсан билээ.
Энэ жилийн жилийн ДАШТ үзэгчгүй явагдах бөгөөд “Бээжин-2022” өвлийн олимпийн квот олгохоороо онцлог юм.
Уран гулгалтын холбоо цар тахлын үед хуваарьт 29 тэмцээнээс ердөө долоон тэмцээнийг зохион явуулсан болохоор тамирчдын бэлтгэл, форм ямархуу байгааг тааж хэлэхэд тун хэцүү ч спортын хосод БНХАУ-ын Суй Вэнь Цин-Хань Цун нар дэлхийн аварга цолоо хамгаалах бүрэн боломжтой. Тэдэнтэй гол өрсөлдөгчид нь нутаг нэгт Пэн Чэн-Жин Ян, мөн АНУ-ын Алезса Шимека-Брэндон Фрейзер, за тэгээд ОХУ-ын гурван хослолын аль аль нь юм. Ер нь ОХУ-ын гулгагчдын хувьд дотоодын тэмцээнүүд огт тасалдаагүй нь ихээхэн давуу тал болох байх.
Бүжгийн хосын төрөлд ОХУ-ын энэ оны аварга Александра Степанова-Иван Букин нарын хослол гол фаворит нь. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөөнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, АНУ-ын Мэдисон Хаббелл-Закари Донохью болон Европын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, ОХУ-ын Виктория Синицина-Никита Кацалапов нар үзүүлэх болов уу?
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олимпийн хошой аварга, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт Японы Юзүрү Ханю болон дэлхийн хошой аварга, “Quad King” хэмээгддэг АНУ-ын Нэйтан Чен нарын хооронд алтан медалийн төлөөх жинхэнэ “гал гарсан” өрсөлдөөн болох нь тодорхой. Харин хүрлийн төлөө ОХУ-ын Михаил Коляда , БНХАУ-ын Боян Жинь үзэлцэх байх.
Мэдээж үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг нь эмэгтэй ганцаарчилсан төрөл. Энэ төрөлд ОХУ-ын охид сүүлийн жилүүдэд тасархай байгаа. Ялангуяа Этери Тутберизегийн шавь нар. ОХУ-ын аварга болох нь Дэлхийн аварга болохоос ч хэцүү гэж энэ төрөлд ярьдаг нь зүгээр ч хоосон яриа биш ээ.
ДАШТ-д ОХУ эмэгтэй ганцаарчилсан төрөлд гурван квоттой. За энэ гуравт багтана гэдэг чинь ёстой “алаан” байхгүй юу. Энэ удаа ОХУ-ыг ДАШТ-д 16 настай Анна Щербакова, 16 настай, “Quad Queen” Алексадра Трусова, 2015 оны дэлхийн аварга, 24 настай Елизабета Туктамышева төлөөлөх эрх авсан. Туктамышева гэхэд энэ жилийн ОХУ-ын АШТ-д дөнгөж долдугаар байр эзэлж, Оросын цомын финалд дөрөвдүгээр байрт орж эрхээ авсан. Түүний өмнө Этеригийн 14 настай гурван шавь Камила Валиева, Майя Хромых, Дарья Усачёва нар шалгарсан ч ДАШТ-д 15 нас хүрсэн тамирчин л орж болох журмын дагуу Елизабета Стокхольмд ирсэн юм.
ОХУ-ын аварга цолыг сүүлийн гурван жил дараалан хүртээд байгаа Анна Щербаковаг дэлхийн аварга болно гэхэд нэг их буруудахгүй л байх. Насанд хүрэгчдийн тэмцээнд дөрвөлсөн лутц анх амжилттай гүйцэтгэсэн, мөн нэг хөтөлбөрт хоёр дөрвөлсөн лутц гүйцэтгэсэн гэдгээрээ түүхэд бичигддэг Анна өнгөрсөн улиралд хоёр ч Гран-прид түрүүлж, финалд мөнгөн медаль хүртэж, Европын дэд аварга болсон. Мөсөн дээр жинхэнэ зурдаг, гулгалтдаа жинхэнээсээ ордог доо, Анна.
Түүний гол өрсөлдөгч нь Александра. Дөрвөлсөн эргэлтийн “Хатан хаан” Трусовагийн “зэвсгийн агуулах”-д ультра-С ангилал буюу хамгийн хүнд элементээс бүрдсэн олон техник бий. Дөрвөлсөн сальхов, тулуп, лутц гээд. Гэм нь алдаа их гаргадаг, тогтвортой биш.
Мэдээж алтын төлөө өрсөлдөөн энэ хоёр охины хооронд л явагдана. Харин медалийн төлөө Туктамышеватай Японы охидууд, ялангуяа Рика Кихира байх биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )