Европын холбоо “AstraZeneca” компанийн вакциныг Их Британид экспортлох асуудлыг нарийн судалж, тус үйлдвэрлэгч ЕХ-ны гишүүн орнуудад вакцин нийлүүлэх үүргээ биелүүлэхээс нааш Их Британид вакцин нийлүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй байж болзошгүй гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Үүнээс өмнө Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбооноос “AstraZeneca” вакцин экспортлохыг хориглож магадгүй гэж мэдэгдэж байсан юм. Түүний онцолсноор, энэ оны эхний улиралд тус компани ЕХ-ны улс орнуудад захиалгын дөнгөж 30 хувийг нийлүүлсэн байна.
ЕХ нь Их Британид 10 сая тун вакцин экспортолжээ. Гэхдээ эл нийлүүлэлтийн бага хэсэг нь “AstraZeneca” вакцин эзэлж байна. Блүмберг агентлагийн мэдээллээр, Европын холбоо үйлдвэрлэгч компанитай тусдаа гэрээтэй хэдий ч гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэхгүй байгаа аж. Тиймээс Европын үйлдвэрүүдэд үйлдвэрлэж буй вакцин болон үүнд орох орцыг зөвхөн ЕХ-ны хүрээнд нийлүүлэгдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )