Сарыг “эзлэх” уралдаан: Тоглоомын дүрмийг хэн бичиж байна вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Саран дээр хүн төрөлхтөн хамгийн сүүлд хөл тавьснаас хойш хагас зууны дараа дэлхий ертөнцийг “сансрын халуурлын” хоёр дахь давлагаа нөмрөв. Энэ удаад Дэлхийн дагуул дээр удаан хугацаагаар суурьшихаар төлөвлөцгөөж байна.

Орос, АНУ, Хятад, Япон болон бусад улс орнууд /түүн дотор Европын Холбоо/ нарийвчилсан судалгаа болон ашигт малтмал олборлоход зайлшгүй шаардлагатай байнгын дэд бүтцийг ойрын 15-20 жилийн дотор Саран дээр байгуулна хэмээн амлаад байгаа. Одоогийн байдлаар Саран дээр зөвхөн хөлдсөн ус байгааг онолын хувьд батлаад байгаа болохоор тэндээс юуг олборлох боломжтой нь бүрхэг хэвээр байна. Гэсэн хэдий ч сансрын хөтөлбөрийн амбицтай боловсруулагчид үүнд төдийлөн санаа зовнилгүй, тэндээс ямар нэгэн ашигтай зүйл олдох нь дамжиггүй гэдэгт итгэл төгс байгаа аж.

Сарыг хэсэгчлэн хувааж, түүний газар нутгийг өөрийн өмч болгон зарлахыг олон улсын хууль тогтоомжоор улс орнуудад хориглосон тул түүний нөөц баялгийг колоничлохыг санаархагчдад өөр хоорондоо өрсөлдөх шаардлага тулгарч байна. Харин чухам яаж гэдэг нь одоогоор мөн л тодорхойгүй байгаа учраас сансар огторгуйд бүгдийн хувьд түгээмэл мөрдөгдөх ямар нэгэн зан үйлийн дүрмүүдийг бий болгох нь зүйтэй мэт.

Энэ талаарх санаачлагыг АНУ анх гаргаж, НАСА-ын боловсруулсан “Артемисын гэрээ” (Artemis Accords)-д Австрали, Их Британи, Итали, Канад, Люксембург, Арабын Нэгдсэн Эмират улс, АНУ, Япон зэрэг найман орон өнгөрөгч оны аравдугаар сард гарын үсэг зурж, дараахан нь уг гэрээнд Бразил, Украин улсууд нэгдсэн байна. Энэхүү гэрээг “Сансрын үндсэн хууль” хэмээн албан бусаар нэрлээд амжсан аж.

Энэ баримт бичигт хамгийн нийтлэг зарчмуудыг тусгаж, ерөнхийдөө зөвлөх зааварчилгааны агуулгатай хэдий ч Олон улсын сансрын станц /ОУСС/ дахь АНУ-ын гол түнш ОХУ уг гэрээнд гарын үсэг зурахаас эрс татгалзаж, ер нь НАСА-ын Сарны хөтөлбөрт “туслах дүр” маягаар оролцохгүй, Хятадтай хамт эн зэрэгцэн Саран дээр ажиллах болно гэдгээ мэдэгдсэнээр дэлхийн хэмжээний зөвшилцөл бүтэлгүйтэв.

“Булингартай уснаас хэн загас барих бол”

Америкийн эрх баригчид Сарыг хоёр талт гэрээний хэлбэрээр /жишээ нь Япон улстай/ хамтран эзэмшиж, сансрын аяны хэрэгжилтийг хувийн компаниудад үлдээхээр төлөвлөсөн учраас НАСА-ын боловсруулсан баримт бичиг хэвлэгдэхээсээ ч өмнө шүүмжлэлд өртөж эхэлжээ. Эхлээд Сар руу нисгэгчтэй хөлөг илгээх даалгавар бүхий хувийн гэрээлэгчид, дараа нь Gateway Сарны станцыг хөгжүүлэхээс авахуулаад Сарны хөрсийг худалдан авах гэрээ байгуулах зэрэг ажлууд зарлагдсан байна.

Өнгөрөгч оны аравдугаар сард Science сэтгүүл “АНУ-ын бодлого сансрын орон зайг аюулгүй эзэмших явдалд заналхийлж байна” хэмээх гарчиг бүхий канад эрдэмтдийн нээлттэй захидлыг нийтэлж байв. Уг захидлыг Британийн Колумбын Их сургуулийн одон орон судлаач профессор Аарон Боули, улстөр судлаач Майкл Байерс нар бичжээ.

“НАСА арилжааны ханган нийлүүлэгчээс Сарны хөрс худал­даж авна! Сансрын нөөцийг олборлох, худалдан борлуулах дүрмийг тодорхой болгох цаг болжээ” хэмээн НАСА-ын тэргүүн Жим Брайденстайн урам зоригтойгоор бичиж байсан бол хувийн хэвшлийн компаниудаар гүйцэтгүүлж буй америкчуудын сансрын үйл ажиллагааны өргөжин тэлэлт нь шинжлэх ухааны сонирхлоос илүүтэйгээр бизнесийн ашиг сонирхолд хөтлөгдөж, энэ нь сүйрэлд хүргэж болзошгүй хэмээн зарим эрдэмтэд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байлаа.

Саран дээр аж үйлдвэрийн томоохон объект байрлуулах нь сарны чулуулгийн өвөрмөц дээжийг устгах замаар сансрын археологид цэг тавьж болзошгүй хэмээн эрдэмтэд анхааруулж, мөн Сарны хүндийн хүчний сул нөхцөл байдалд ямар нэгэн зүйлийг олборлох нь тойрог замыг сансрын хог хаягдлаар дүүргэх эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна.

Цоорхой хууль

Шинжээчдийн өгүүлснээр, Саран дээрх хүний үйл ажиллагааг зохицуулдаг цор ганц баримт бичиг байдаг бөгөөд үүнийг бүх улс орнууд хүлээн зөвшөөрдөг аж. Энэ нь 1967 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар батлагдсан Сансрын тухай гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Сарны нөөцийг ашиглах тухай зөвхөн зөгнөлт зохиолчид л мөрөөддөг байсан хагас зууны тэртээ боловсруулсан цор ганц баримт бичгээр сансрын хүчирхэг гүрнүүд хоорондоо тохиролцох нь орчин үед мэдээж учир дутагдалтай. “Тэр бол швейцарь бяслаг мэт баахан цоорхой нүхтэй учраас энэ нь зөвхөн Америкийн асуудал биш болж таарна” хэмээн РУДН Их сургуулийн олон улсын эрхзүйн профессор Аслан Абашидзе тохуурхангуй өгүүлжээ.

Түүний өгүүлснээр, уг баримт бичигт цөмийн цэнэгт хошуу болон үй олноор хөнөөх зэвсгийг тойрог замд байрлуулахаас урьдчилан сэргийлэх гэх мэт хамгийн үндсэн зарчмууд л тусгагдсан болохоос биш тухайлбал “сансрын орон зай” гэж чухам юуг ойлгож болох талаар хууль эрхзүйн тодорхойлолтыг заагаагүй аж. “Агаарын орон зай хаана дуусаж, сансар огторгуй хаана эхэлдэг вэ? Энэ бол маш чухал асуулт шүү. Агаарын орон зайд улсын бүрэн эрхэт байдал хамаардаг хэдий ч харин сансар огторгуйд энэ нь хамаагүй” гэж профессор Абашидзе учирлан тайлбарлав. Харин НАСА-ын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн орлогч Майкл Гоулдын өгүүлснээр, сансрын эрхзүйн үндсийг тавьсан уг баримт бичиг өнгөрсөн хагас зууны туршид ач холбогдлоо алдаагүй байгаа, “Артемисын гэрээ” ч түүний заалтууд дээр үндэслэгдсэн гэжээ. “Тухайн баримт бичиг 50 гаруй настай хэдий ч одоо бол 35-тай юм шиг л харагддаг” хэмээн тэрбээр хошигнон өгүүлэв.

“Алаагүй баавгайн арьс”

Онолын хувьд авч үзвэл, сансрын уудамд ашигт малтмал олборлох нь зүйрлэшгүй ашигтай бизнес бөгөөд огторгуйн биетүүд нь ховор элемент, үнэт металлуудын эх үүсвэр болох юм. Жишээ нь, 30 метр диаметр бүхий астероид 25-50 тэрбум доллараар үнэлэгдэх цагаан алт болон бусад никель, кобальт, төмөр зэрэг элементүүдийг агуулдаг болох нь зарим тооцооллоор гарсан байна.

Саран дээрх ус мөн асар их үнэ цэнтэй болохыг эрдэмтэд 10 орчим жилийн өмнө баталж байв. 2040 он гэхэд Япон улс сарны туйл дээрх тогоог нимгэн давхаргаар хучсан мөсийг олборлож эхлэхээр төлөвлөж байна. Устөрөгчөөс хүчилтөрөгчийг ялгаж авснаар уг хоёр элементийг пуужингийн хөдөлгүүрт түлш болгон арилжих боломжтой бөгөөд ингэснээр Саранд хүрсэн сансрын хөлөг Дэлхий рүү буцахдаа эсвэл цааш Ангараг руу нисэхдээ түлшээ дахин цэнэглэх боломжтой болох юм.

Москва ч мөн иймэрхүү төлөвлөгөөтэй байгаагаа дурджээ. Түүнээс гадна, Орос, Энэтхэг, Хятад улсууд халуун цөмийн хөдөлгүүрт зориулсан аюулгүй, эко цэвэр түлш маягаар энэхүү изотопыг ашиглахын тулд Саран дээр Гелий-3 олборлох боломжийн талаар дурдсан аж. Ирээдүйн колоничлогчид нэг нэгэнтэйгээ ямар нэгэн байдлаар харилцан тохиролцож, уялдаа холбоо бүхий үйл ажиллагаа явуулах хэрэгтэй бөгөөд эс тэгвээс яалт ч үгүй зөрчил мөргөлдөөнд хүрэх эрсдэлтэй юм.

Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хувийн компаниудад Сарны нөөцийг олборлох эрх олгох тухай зарлигт гарын үсэг зурах үед Роскосмос-ын зүгээс үүнийг “сансрын орон зайг булаах оролдлого”, “бусад гараг дээрх газар нутгийг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө” хэмээн нэрлэж байв. Харин 1967 оны баримт бичигт сансрын баялгийн тухай нэг ч үг байхгүй бөгөөд зөвхөн “Сар нь бүрэн эрхэт байдлыг зарлан тунхаглах, ашиглах, эзлэх болон бусад ямар ч аргаар аль нэгэн үндэстний өмчлөлд хамаарахгүй” гэх заалт байдаг аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top