Хятадын дэлгүүрүүд “H&M” брэндийг борлуулахаас татгалзаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Хятадын хэд хэдэн томоохон интернет дэлгүүрүүд Шведийн “H&M” компанийн бүтээгдэхүүнийг худалдаанаас татжээ. Тус компани хүний эрх зөрчигдөж буй гэсэн шалтгаанаар Шинжаан Уйгарын өөртөө засах орны хөвөн даавуу авахаас татгалзсанд Хятадын нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэлд өртжээ.

Хятадын “Tmall”, “Taobao” зэрэг цахим дэлгүүрүүд “H&M” брэндийн бүтээгдэхүүн хайхад ийм төрлийн бүтээгдэхүүн илрээгүй гэсэн хариу гарч ирж байгаа гэнэ.

Лхагва гарагт (2021.03.24) Синьхуа агентлаг “H&M” худалдааны тэмдэг худал зүйлд итгэн хятадын ард түмний эрх ашгийг зөрчиж, ингэхдээ хятадын ард түмэн дээр мөнгө хийхийг завдаж байна гэсэн нийтлэл гаргажээ.

Хятадын нийгмийн сүлжээнд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалж байна. “H&M” брэндийн сурталчилгаанд тоглодог Хятадын нэрт жүжигчин Хуан Сюань тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан тухай мэдээлжээ.

“H&M” компани Шинжаан Уйгарын өөртөө засах оронд гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж, албадан хөдөлмөр хийлгэж байгаа тухай иргэний нийгмийн байгууллага болон хэвлэлүүдийн мэдээлэлд санаа зовниж буйгаа мэдэгдэж, Шинжаанаас хөвөн  авахгүй болсноо зарласан юм.

Хятад улс дэлхийн хөвөнгийн 20 хувийг үйлдвэрлэдэг ба үүний ихэнх хувийг Шинжаанаас нийлүүлдэг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(192.82.76.168) 2021 оны 03 сарын 25

Австралийн араас гөлөг болж дээ

0  |  0
Top