Сансрын нислэгийн ГУРАВ ДАХЬ ӨДӨР дараах туршилтууд хийгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Өмнөх холбоосууд   1. https://www.ac.mn/c/950432?content=1735904

                                 2. https://www.ac.mn/c/950432?content=1736932


ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөө жил тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 22:40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний (1981.03.23) өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх (1981.03.30) өдөр хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг цувралаар бэлтгэн хүргэж байна.

-1981 оны 3-р сарын 25-ны өдрийн тэмдэглэл-
 

Хамтарсан багийн дээрх туршилтууд ямар зорилготой, туршилтын ажил хэрхэн хийгдэж байсан талаар заримаас нь онцлов.

Хүртэхүй /Восприятие: Сансрын нислэгийн нөхцөл нь хүлээн авагч болон мэдрэхүйн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж болзошгүй, үүний уршгаар сансрын нисгэгчийн өвөрмөц дадлагуудад ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Сэтгэл судлалын аргаар мэдрэхүйн үйл ажиллагааг тодорхойлох нь нислэгийн үед сансрын нисгэгчдийн биеийн байдал болон ажиллах чадварыг үнэлж дүгнэхэд чухал мэдээлэл болно. 

Туршилтын зорилго нь хүртэхүйн мэдрэмж, эзлэхүүн, орон зайг болон геометрийн хуурмаг үзэгдэлд тогтвортой байх, жингүйдлийн нөхцөлд дасан зохицох явцад хүний харааны идэвхитэй ойлгоцыг үнэлэх явдал юм.

Цаг хугацаа /Время/: Сансрын нисгэгч нарын  цаг хугацааны мэдрэмжид сансрын нислэгийн хүчин зүйлсийн тухай ЗСБНХУ-БНАГУ-ын олон улсын нисэх багийн гишүүдийн “Время” туршилтын явцдаа олж авсан мэдээллийн дүн шинжилгээ нь нисэх багийн 2 гишүүний нислэгийн нөхцөлд заагдсан цагийн зайны үнэлэлтийн зөв байдал хоёулангийнх нь тухайд бодит цаг хугацаанаас хэтрүүлэх талруу өөрчлөгддөг болохыг харуулдаг. Тухайн үед сансрын нисгэгчдийн жингүйдлийн нөхцөл дэх мэдрэхүйн дундаж хурд багийн даргын хувьд бараг өөрчлөлтгүй байсан бол шинжлэн судлаачийн хувьд удаашрах хандлагатай байжээ. Олж авсан цөөн тооны мэдээлэл нь эцсийн дүнгэлт хийх боломжгүй байсан учраас цаашид баримтуудыг хуримтлуулах шаардлагатай болсон байдаг. Энэ зорилгоор Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн баг “Время” туршилт явуулсан. Туршилтын явцад мэдрэхүйн ердийн хурд, 10 секундын хоорондын зайг оновчтой сэргээн санах байдал, цаг хугацааны зайг ялгах босгыг тодорхойлох хурдны хэмжилт хийсэн байна. Туршилтын нислэгийн өмнө, явцад болон дараа нь нисэх багийн хоёр гишүүнийг оролцуулан явуулсан.  Нислэгийн үеийн туршилтыг Олон улсын сансрын хамтарсан нислэгийн багийнхан станцад ажиллах 2 болон 5 дахь хоногт гүйцэтгэжээ. Судалгааг БНАГУ-ын мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн “Рула” багажийн тусламжтайгаар хийжээ.  

Асуулга /Опрос/:Энэхүү туршилт нь тусгай санал асуулгын тусламжтайгаар сансрын нисгэгчдийн сэтгэлзүйн үйл ажиллагааны тухай мэдээллийг авахад чиглэгдэнэ.

Анкета: Энэ туршилтын зорилго нь нислэгийн үед дахин дасан зохицох болон үүдэвчний хямралын шинж тэмдгийг судлах, энэ нь нислэгийн өмнөх нөхцөлд үүдэвчний цочлуурын мэдрэмжтэй тодорхой холбоотой эсэхийг илрүүлэхийг оролдох явдал юм. Үүний тулд асуултын тусгай жагсаалт бэлдсэн бөгөөд сансрын нисгэгчид нислэгийн өмнө, нислэгийн үед болон дараа нь тэдгээр асуултад хариулсан байна. Дээрх асуултууд нь багийн гишүүдийг хөдөлгөөний өвчнөөс үүдэлтэй өөрт нь мэдрэгдэх байдал болон нислэгийн тодорхой нөхцөл, үйл ажиллагаанаас хамааралтайгаар уг өвчлөл үүсэх асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top