ФОТО: Ж.Гүррагчаа баатарт “ЧИНГИС ХААН” болон АЛЕКСАНДР НЕВСКИЙН одон хүртээлээ

2021 оны 03 сарын 22

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлагч Х.Баттулга зарлиг гаргаж, сансрын нисэгч Ж.Гүррагчаад Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээлээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Ж.Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг гардуулсан юм.

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа “Өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний хурал хийж, бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудыг хүлээн авч уулзсан. Энэ хурлаар бид сансрын шинжлэх ухааны олон том ажлыг эхлүүлэх талаар хэлэлцсэн. Төрийн дээд одон медалиар шагнуулсандаа миний бие туйлын баяртай байна. Энэ шагнал бол ард түмэн, улс орон, хамт хүчин зүтгэдэг орос анд нөхдийн минь шагнал. Мөн хойд хөрш болох ОХУ-тай найрамдалт харилцаа тогтоосны давхар баяр гэж бодож байна” гэлээ.

Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хааны зарлигаар бий болгож, цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.

“Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.

Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.

Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг.

Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.

Ж.Гүррагчаа “Сансарт найм хоног ажилласан судалгааны дээж бол ЗХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд төдийгүй олон улс орны сансар судлалын ажилд үр дүн гаргасан билээ. Энэхүү найм хоногийн ажил маань анд нөхөр Ганзоригтой минь салшгүй холбоотой” гэлээ.

Тус одон нь дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд морь унасан Александр Невскийн алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм.

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков цахимаар холбогдон мэндчилгээ дэвшүүллээ.

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, МОНГОЛ ХҮН сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан "Хүн, эх дэлхий, сансрын уудам" сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнг нээлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.69) 2024 оны 11 сарын 21

Жанибековт бас нэг одон өгчихгүй дээ. Адилхан Сансарт ниссэн эр зоригийг үнэлэх хэрэгтэй байсан юмсан даа

1  |  0
Top