Ким Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгчийг “Америкийн тоть” гэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

БНАСАУ-ын удирдагч Км Жон Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгчийг Хойд Солонгос пуужин харвасныг буруутгасны төлөө өөрөө өөртэйгөө зөрчилдсөн “Америкийн тоть” хэмээжээ.

Солонгосын Мэдээллийн төв агентлаг (KCNA)-ийн мэдээлснээр, энэ сарын 26-нд “Баруун тэнгисийг хамгаалах өдөр” арга хэмжээний үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос баллистик пуужин харвасан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж мэдэгдэж, хоёр Солонгос, АНУ яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хичээх ёстой гээд тус улс ард иргэдээ аливаа өдөөн хатгалгаас хамгаалах чадвартай гэж онцолсон байна.

Тэрбээр 2020 оны долоодугаар сарын 23-нд Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын хөгжүүлэлтийн агентлагт очин төрөл бүрийн зэвсэглэлийг магтан, Солонгосын хойгт энх тайвныг хамгаалахад хангалттай тусгалтай, томоохон хэмжээний цэнэгт хошуутай баллистик пуужин бүтээж буй талаар ярьж байсан гэж сануулжээ. “Баллистик пуужингийн туршилтыг Хойд, Өмнөдийн батлан хамгаалахын шинжлэх ухааны судалгааны хүрээлэнд ижил явуулсан байхад өмнөдийнхөн өөрсдийгөө Солонгосын хойг дахь энх тайван, яриа хэлэлцээний төлөө гэдэг хэрнээ Хойд Солонгосын туршилтыг өмнөдийнхнийг түгшээсэн, яриа хэлэлцээний  уур амьсгалыг эвдэх таагүй хэрэг гэж цоллодог. Ийм ичгүүр, сонжуургүй байдлыг нь гайхахгүй байхын аргагүй” гэж Ким Ё Жон онцолсон байна. “Энэ логикгүй, ичгүүргүй үйлдэл нь БНАСАУ-ын өөрийгөө батлан хамгаалах арга хэмжээг НҮБ-ын тогтоолыг зөрчсөн, олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлсэн гэж нэрийддэг АНУ-ын үйлдэлтэй усны дусал мэт ижил байна” гэжээ.
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БНМАУ(64.119.26.72) 2021 оны 03 сарын 31

Америкийн боол

0  |  0
Top