Ковидыг үгүйсгэгчдийн эсрэг эмч нар хэрхэн тэмцэж байна вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Коронавирусний хямралд дэлхийн хэмжээнд тархсан худал цуу яриа /COVID-19 infodemic/  илтээр нөлөөлж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлажээ. ДЭМБ-ын мэдээлснээр, тэдгээр ташаа мэдээлэл, худал цуурхал, хуйвалдааны онолууд нь Ковид-19 цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэхэд нь олон улс оронд саад болж байгаа аж.

Коронавируст халдвараар өвчлөгсдийг эмчилж буй мэргэжилтнүүд зөвхөн Ковидын эсрэг төдийгүй, хуурамч мэдээллийн эсрэг тэмцлийн тэргүүн шугаман дээр “тулалдсаар” байна. АНУ, ОХУ, Их Британи, Беларусийн эмч нар интернет троллууд, өвчтөнүүдээс ирж буй заналхийлэл, хуурамч мэдээллүүд зэрэг нь тэдний ажил төрөл, сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар ВВС-д ярьжээ.

АНУ:  Эмч "Хуйвалдааны онолын нэг хэсэг" гэж үү

Наташа Катурия Техас мужийн Остин хотод түргэн тусламжийн эмчээр ажилладаг. Тэрбээр төрөл бүрийн өвчнүүдтэй нүүр тулж байсан хэдий ч Ковид-19 халдвараар өвчлөгсөдтэй ажиллахад хавьгүй хэцүү байгааг ярьжээ. Өвчлөгсөд "Ковид-19 гэж өвчин огт байхгүй, тэдний хөдөлмөрлөх боломжийг хаахын тулд эмч нар ямар нэгэн хуйвалдаанд хамтран оролцож байна" хэмээн харддаг гэнэ. АНУ болон дэлхийн олон оронд хэн нэгэн ковидоор өвчилсөн бол “сөрөг” гэсэн хариугаа авах хүртэл ажилдаа эргэн орохыг хориглоод байгаа.

Иймд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан “муу мэдээг” Наташа өөрийн өвчтөнүүдэд мэдээлэхдээ ихээхэн болгоомжилж байна. Ихэнх компаниуд даатгалын нөхцлөөс хамааран ор хоногийн мөнгийг төлөхгүй байгаа учраас өвчтөнүүдийн олонх нь цалингүй амрахад хүрээд байгаа аж. “Та яаж ингэж чадаж байнаа, энэ бүхэн худлаа” хэмээн шинжилгээний хариугаа сонссон зарим өвчтөн Наташа руу орилоход тэрбээр тэднийг тайвшруулан, эмчилгээний зөвлөмж өгөхийг хичээсээр байна. Эмчлэх үндсэн ажлынхаа хажуугаар хүмүүст коронавирусний тухай баталгаат мэдээллийг өгөх нь  өөрийн үүрэг хариуцлага хэмээн Наташа үздэг. Иймд тэрбээр хувийн олон нийтийн сүлжээ хуудсууд дээр энэ талаарх мэдээллийг уйгагүй байнга нийтэлж, зарим консерватив теле сувгуудын ярилцлагад оролцжээ. Энэ бүх мэдээллийн дараа интернет троллууд, ковидыг үгүйсгэгчдийн зүгээс түүн рүү чиглэсэн тоо тоймшгүй их дайралт, заналхийлэл ирсээр байгаа аж. “Өндөрт татсан олсон дээгүүр явж буй мэт мэдрэмж надад төрж байгаа. Хуурамч мэдээлэлд тархиа угаалгасан өвчтөнүүдэд санаа тавьж, тэднийг үнэн зөв мэдээллээр хангана гэдэг бараг ухаан солиорохоос наахнуур хүнд ажил” хэмээн эмч бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.

Коронавируст цар тахал АНУ-д үндэсний хэмжээний гамшигт байдал үүсгэснийг зарласнаас хойш даруй жил гаруй хугацаа өнгөрөөд байна.

Pew Research Center судалгааны төвийн мэдээллээс харахад, коронавируст тахлыг хүн төрөлхтнийг цөөлөхийн тулд харь гарагийнхан бий болгосон гэх хуурамч онолыг интернетээр харж америкчуудын 71 хувь нь тэдний дөрөвний нэг нь энэ онолд ямар нэгэн үнэний хувь байгаа гэдэгт итгээд байгаа аж.

Орос: “Өөрчлөгдсөн ухамсар уу”

Левада-Центр-ээс явуулсан олон нийтийн судалгаанд оролцогчдын 64 хувь нь коронавирусийг зориуд бий болгосон, шинэ төрлийн биологийн зэвсгийн хувилбар хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. ВВС-тэй харилцсан оросын ихэнх эмч нар олон нийтийн сүлжээнд заналхийлэл хүлээн аваагүй ч тэд үнэндээ интернетэд орж, сонирхох ямар ч боломжгүй, асар их ачаалалтай ажиллаж байгаа аж.

Уралын холбооны тойргийн эмнэлэгт ажилладаг, бүс нутагтаа шилдэгт тооцогддог нэгэн эмч цаг мөч өнгөрөх тусам өвчтөнүүдийн зүгээс түрэмгийлэл, заналхийлэлтэй тулгарах нь ихсээд байгаа тухай ВВС-д ярьжээ. Тэрбээр: “Өмнө нь ажил дээрээ иймэрхүү хандлагуудтай хааяа тулгардаг байсан хэдий ч одоо бол сэтгэц, мэдрэлийн өвчтөнүүд улам ихэссээр байна” гэжээ. Ковидоор өвчилсөн хүмүүсийн түрэмгий зан байдал нь вирусний нөлөө тархинд нь туссантай холбоотой, мөн санхүүгийн бэрхшээл болон элдэв асуудалд санаа зовнисоор байгаад заримынх нь сэтгэц өөрчлөгдөхөд хүрээд байна хэмээн тэр эмч үзэж байна.

Беларусь: “Энэ бол аллагатай дүйцнэ”

Мария (Нууц нэрийг нь өөрчилсөн) Минскийн нэгэн томоохон эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг. Беларусьт Ковид-19 халдварын дэгдэлт гаарах үед тэдний эмнэлгийг халдварын эмнэлэг болгож, хүнд өвчтөнүүдийг эмчилж байсан сэхээний тасагт Мария найман сар ажиллажээ. Түүний өвчтөнүүд маш хүнд байсан учраас мэдээж тэдний дунд ковидыг эсэргүүцэгчид байсангүй.

Харин цар тахлын эхэн үед зарим танил эмч нар нь коронавирусийг үгүйсгэж, тэр ч байтугай өөрөө халдвар туссан атлаа Ковид-19 гэж байхгүй хэмээн үргэлжлүүлэн зөрүүдэлж, өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүхээс татгалзсан аж. “Тэд тэгэж зөрүүдэлснээрээ хэн нэгэнд халдвараа тарааж, хэн нэгний хувьд алуурчин болсон гэсэн үг. Тэд эргэн тойрны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө огтхон ч бодохгүй байсан” хэмээн Мария шүүмжилсэн байна.

Олон нийтийн сүлжээнд Мариягийн тавьсан постон доор “коронавирус бол зохиомол зүйл” гэх сэтгэгдлүүд олон байгаа нь хүн амаа зөв мэдээллээр хангах төрийн бодлого тааруу байгаатай шууд холбоотой гэж эмч бүсгүй үзэж байна. “Манай Ерөнхийлөгч /Александр Лукашенко/-ийн коронавируст халдварын талаар хэлсэн үгс бараг дэлхийн хэмжээний онигоо болсон гэж би боддог. Тэр түүнийг юу эсээр эмчилсэн билээ дээ: трактороор, бяслагаар, тэр ч байтугай халдвар оршин буйг үгүйсгэж, мөн хүйтэн цаг агаар өвчнийг дарахад туслах тухай ярин, сүүлдээ бүр Бурхан тусална гэж хэлсэн” хэмээн Мария өгүүлэв. 

Түүний хэлснээр, үнэн зөв мэдээлэл, хөл хорионы арга хэмжээ, вирусний эсрэг бүх төрлийн урьдчилан сэргийлэлт дутмаг байгаа нь коронавируст халдварыг хяналтгүйгээр алдахад хүргэж, бүх эмнэлэг өвчтөнөөр дүүрэн, анагаахын сургуулийн төгсөх дамжааны оюутнуудыг гэрээр эмчлүүлж буй өвчтөнүүд рүү илгээхэд хүргэжээ. Нөхцөл байдал ийм хэмжээнд хүрчихээд байхад албан ёсны статистик мэдээллүүд бодит байдлын талаар таг чиг байгаа явдалд тэрбээр шүүмжлэлтэй хандаж байна.

“Жишээ нь, тахлын оргил үед буюу хоёр дахь давлагааны үеэр улсын хэмжээнд нэг хоногт 9 хүн нас барсан тухай албан ёсны статистик мэдээлэл танилцуулж байхад зөвхөн миний ажиллаж байсан дунд зэргийн эмнэлэгт гэхэд өдөрт 12 хүн нас барчихсан байсан” гэж тэрбээр өгүүлжээ. Беларусийн эрх баригчдын зүгээс ард түмнээ ийнхүү хуурамч мэдээллээр хангаж байгаа нь хүнээ биш эдийн засгаа аврах гэсэн оролдлого гэж эмч бүсгүй үзэж байна.

Их Британи: “Эрчимт эмчилгээнд битгий ирээрэй”

Саманта Бэтт-Роуден эрчимт эмчилгээний тасагт арав гаруй жил ажиллаж байгаа. Энэ бүсгүй болон эрүүлийг хамгаалахын үндэсний системийн олон ажилтнууд цар тахалтай хийж буй тэмцлийн “тэргүүн шугам” дээр нөхцөл байдал ямархуу муу байгаа талаар олон нийтийн сүлжээнд аль болохоор их ярихыг хичээж байна. Ингэснээр Саманта болон түүний хамтрагчид Ковид-19-ийг үгүйсгэгчдийн элдэв заналхийлэл, гутаан доромжлолд өртөөд байгаа аж. “Өөрийн бүхий л хүч чадлаа өвчтөнүүдийн амь насыг аврахад зориулж буй үед энэ нь сэтгэл санааны хувьд маш хүндээр тусдаг. Бид өдөр шөнөгүй маш их стресс дунд ажиллаж байхад тиймэрхүү сэтгэгдлүүд сэтгэл санааны бөөн дарамтад оруулдаг” хэмээн тэрбээр өгүүлжээ. Мөн “Бид хүмүүсийг аюулаас зайлуулахыг үнэхээр хүсэж байна. Иймд та бүхэн гэрээс гаралгүй тэвчээртэй байж, манай сэхээн амьдруулах тасагт битгий ирээрэй гэж гуйя” хэмээн чин сэтгэлээсээ хүсэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top