Ханшийн ТОЙМ: Төгрөг тогтвортой байгаа ч, өгөөж нь БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд 2850 төгрөгийн орчимд тогтвортой байна. 2021 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 2849.27 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар 2849.87 төгрөгтэй тэнцүү байна.

Төгрөгийн ханш сулрах дарамт бага байгаа нь сүүлийн саруудад зах зээлийн хүлээлт тогтвортой байсны дээр экспортын үнэ, эрэлтийг даган гадаад валютын орох урсгал сайжирсантай холбоотойг Төв банкны инфляцын тайланд тодотгожээ.

Тодруулбал, эхний хоёр сарын байдлаар нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бүтээгдэхүүний орлого өмнөх оноос өсч, орох урсгал өмнөх оны мөн үеэс 21 хувиар сайжирч, гарах урсгал 3.5 хувиар буурснаар гадаад валютын урсгал цэвэр дүнгээр 173.2 сая ам.долларын ашигтай гарсан. Мөн хөл хорионы хязгаарлалттай холбоотойгоор эдийн засгийн үйл ажиллагаа хумигдаж, валютын эрэлт буурсан байна.

Гадаад худалдааны эргэлтээр жигнэж тооцсон төгрөгийн нэрлэсэн ханш (NEER) 2021 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар суларчээ. Үүнд, төгрөгийн ханш рублийн эсрэг 13.5 хувиар чангарсан ч юанийн эсрэг 11.1 хувь, еврогийн эсрэг 13.9 хувиар суларсан нь нөлөөлжээ.

Харин он гарснаас хойш төгрөгийн ханш еврогийн эсрэг алгуур чангарч эхэлсэн бол юанийн эсрэг үргэлжлэн суларлаа.

БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар идэвхжиж, экспорт нь нэмэгдсэнээс гадна бусад орнуудтай харьцуулахад хүүгийн түвшин өндөр байгаа нь валютын дотогшлох урсгал нэмэгдэж, улмаар юанийн ханш дэлхийн зах зээл дээр чангарах гол нөхцлийг бүрдүүлж байна.

 

ТӨГРӨГИЙН ГОЛ ВАЛЮТУУДТАЙ ХАРЬЦАХ ХАНШ, 2020 ОНЫ ЭХНЭЭС 

Төгрөгийн нэрлэсэн ханш суларч, гадаад үнэтэй харьцуулахад дотоод үнэ 0.7 хувиар буурснаар бодит ханш энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар сул тогтлоо.

ТӨГРӨГИЙН БОДИТ ХАНШИЙН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ 

Төгрөгийн харьцангуй өгөөж сүүлийн зургаан сарын турш эерэг түвшинд хадгалагдаж, 2020 оны эцэст 0.56 хувь, 2021 оны нэгдүгээр сард өмнөх сараас буурч 0.51 хувьтай байна.

Төгрөгийн ханш өөрчлөлтгүй, тогтвортой байгаа ч төгрөгийн хадгаламжийн хүү буурч, хүүний зөрүү багассан нь төгрөгийн өгөөж өмнөх сараас буурахад нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН(202.126.89.111) 2021 оны 04 сарын 05

Аргачлал буруу байна. Төгрөг маань маш их үнэгүйдэж юмны үнэ өсч харагдаад байгаа зүй тогтлыг олж үнэн тогтоож чаддаг хүн байна уу?

0  |  0
иргэн(202.9.46.82) 2021 оны 04 сарын 05

МОНГОЛ ТӨГРӨГ АРДАА АЛТААР БАТАЛГААЖСАН БАЙДАГ МӨРТЛӨӨ АЛТНЫ ХАНШ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙХАД ЯАГААД ТӨГРӨГИЙН ХАНШ УНААД БАЙДАГ ЮМ БЭ , БАНК БОЛОН ЧЕНЖҮҮДИЙН ЛУЙВАР УУ ?

1  |  0
T(66.181.179.97) 2021 оны 04 сарын 05

ИЙМ ТЭНЭГ ГАРЧИГ ОЛ ГЭВЭЛ ОЛДОХГҮЙ Л БАЙХ ДАА.

0  |  0
Top