ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: Арбитр хүрэх зам гарц уу, эсвэл...

2021 оны 04 сарын 05

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хаврын улс төрийн циклийг давж гарах  эсэх нь ШИНЭ ХҮЛЭЭЛТ үүсгээд буй талаар өмнө нь  мэдээлсэн  билээ.

Оюутолгойтой холбоотой асуудлуудыг Монголын Засгийн газрын Ажлын хэсэг, төслийн менежмэнтийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-той нүүр тулсан хэлэлцээ хийх байдлаар бус Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь Ажлын хэсгийн зарим гишүүдээс гарсныг Х.Нямбаатар сайд мэдэгдсэн. Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд талууд асуудлыг зөвшилцлөөр шийдэх боломжгүй бол арбитраар шийдвэрлүүлэх талаар заасан байдаг. Тодруулбал:

 

                               

       Хөрөнгө оруулалтын гэрээний АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ тухай 

14.1. Энэхүү Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьсанаас хойш ажлын 60 /жар/ хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ. Талууд энэхүү Гэрээний зүйлийн талаар маргаантай бол энэхүү Гэрээний 10.7-д заасны дагуу Мэдэгдэл гаргахгүй.

14.2. Энэхүү Гэрээний 14.1-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын Дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ. Арбитрын үйл ажиллагаа дараахь журмаар явагдана гэсэн байдаг.

 

 

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд  Монголын Засгийн газар ямар нэг нөхцөлгүйгээр цуцална гэсэн байр суурь баримтлаж буй бол хөрөнгө оруулагч тал ч хүлээн авч байгаа. "Рио Тинто"-гийн багийн ахлагч Б.Болд гүний уурхайн олборлолт ирэх жилээс эхлэх гэж буй үед шинэ гэрээний тухай ярих байр суурьтай байгаагаа илэрхийлээд буй. 

92 дугаар тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хүрээнд өөр бусад ямар асуудлуудаар талууд "үл ойлголцож" арбитрт тулах магадлал өндөр вэ гэдэг асуулт тавигдаж таарна. Татварын тухайд угаасаа Лондоны арбитрт хөрөнгө оруулагч тал нэхэмжлэлээ гаргасан.  Менежмэнтийн зардлын хувь, зээлийн хүүгийн түвшинг буулгах дээр "Рио Тинто" ойлголцох сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. 

 

Манай тухайд дотооддоо арван жил ярьсан, шүүмжилсэн асуудлуудыг нэг талдаа гаргаж, шийдвэрлэхдээ арбитрыг сонгох нь цаг хугацаа, эдийн засаг талаас ямар асуудлууд үүсгэх вэ гэдгийг бас авч үзэх ёстой. Арбитрч Т.Алтангэрэлээс Оюутолгойн татвартай холбоотой маргааны талаар асуухад:  “Арбитрын маргаан өртөг өндөртэй, бас хугацааны хувьд хэргийн онцлогоос шалтгаалан сунжрах, шийдвэр гарахгүй хүлээлгэх гээд байдаг талтай. “Оюу Толгой” ХХК-тай холбоотой татварын маргаан арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журмынхаа дагуу явж байгаа гэж ойлгосон. Тэр журмын дагуу хэзээ арбитрын хуралдаан болох, арбитрчид хэзээ ямар хугацаанд шийдвэрлэх гэх мэт эцэслэн шийдвэрлэх багцаа харагдана” гэж байсан бол Сангийн сайд Б.Жавхлан “Татварын маргаан 2022 оны аравдугаар сар орчимд шийдвэрлэгдэх хүлээлттэй” байгаа гэсэн мэдээллийг өгч байсан.

Тэгэхээр зөвхөн татварын маргаантай холбоотой Арбитрын процесс дахин нэг он дамнах нь ойлгомжтой байна. Мөн нөгөө талаас хөрөнгө оруулагч тал Лондонгийн арбитрт гаргасан  маргаанаа хойшлуулах хүсэлт тавьсан нь анхаарал татаж буй. 

Ажлын хэсгээс хөрөнгө оруулагч талд тавиад буй саналуудын нэг нь   “Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих тухай юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2018, 2020 онд тус тус гаргасан татварын актуудаар ногдуулсан нийт 1 их наяд 14 тэрбум гаруй төгрөг төсөвт орж ирсэн гэх  мэдээллийг Ажлын хэсгээс өгсөн. Гэхдээ Арбитрын татварын маргаан хэрхэн эцэслэгдэхээс энэ мөнгө манайд үлдэх эсэх нь шалтгаална.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо  “Оюутолгой компани  олон улсын нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн стандартын дагуу бүртгэлээ хөтөлдөг гэж тайлбарладаг. Гэхдээ  татварын тайлагнал нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлснийг сануупъя. 

Ер нь Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талын хооронд үүссэн татварын маргааныг татварын чиглэлээр мэргэшсэн гаднын экспертүүд хэрхэн харж байгааг анзаарахад илүүдэхгүй байх.

2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий”  Ажлын хэсгийн тайланг сонссон.

Ажлын хэсгийн тайлангаас татвартай холбоотой хэсгийг эшлэхэд: Хөрөнгө оруулалтын гэрээний гол агуулга нь хөрөнгө оруулагч буюу Гадаад талын татварын болон үйл ажиллагааны орчныг тогтвортой байлгах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг тэргүүн зорилго болгож шийдвэрлэжээ. (Хөрөнгө оруулалтын гэрээний удиртгал хэсгийн Гэрээний зорилго гэсэн хэсэг)

Үүнээс болж Монголын талын оролцох оролцоо, тавих хяналт бүдгэрсний дээр татварыг удаан хугацаанд тогтворжуулсан нь дэлхийд байхгүй жишиг болж, манай талын үр ашгийг бууруулах үндэс болж байна. “Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яамны тооцооллоор гарсан гэсэн байгаа юм.


                                                             

                                                     Оюутолгойн гэрээний ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО гэсэн хэсгийг харвал:

“Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын болон үйл ажиллагааны орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах болон олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, Өмнийн говийн бүсийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, Монгол Улсын компаниуд, хувь хүмүүст бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, энэхүү Гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд Талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.

Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчныг хэрхэн тусгасныг сануулахаас урьтан гэрээ байгуулахын өмнө  татварын зохицуулалтын талаар юу яригдаж байсан бэ гэдэгт анхаарал хандуулах нь зөв дараалал болох байх.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад  эрхзүйн суурь баримт бичиг болсон  УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн байгуулах” гэсэн чиглэл байдаг. Мөн УИХ-ын 2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх олгохдоо Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн  УИХ-ын 40 дүгээр тогтоол болон Эдийн засгийн байнгын хорооноос 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар гаргасан санал дүгнэлтийг харгалзах тухай тусгасан байдаг.

Харин хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх шинэчлэгдсэн Ажлын хэсэг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр  УИХ-д дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хүчингүй болсонд тооцуулах тухай асуудлыг өргөн барьсан нь УИХ-ын дээрх хоёр тогтоолын чиглэлээс зөрсөн явдал болсон юм. Тодруулбал:

 

  • Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай

 

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

 

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай

 

  • Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд байдаг.

 

Эдгээр хуулиудыг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө 2009 оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд УИХ хэлэлцэж байв. Ингэхдээ 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооноос гарсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал,  дүгнэлтийг харгалзаагүй гэхэд болно.

Учир нь Санал, дүгнэлтийн 1.1-т УИХ-ын 40 дүгээр тогтоолд гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийхээр заасан боловч Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиудад зааснаас өөр нөхцөл тогтоосон, түүнчлэн шинэ төрлийн татвар бий болгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тухайн гэрээгээр өөрчилж, цаашид уг гэрээний дагуу талууд тодорхой хуулийн заалтыг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн уг гэрээний төсөлд “Ашигт малтмалын тухай хууль”-д шаардлагатай тохиолдолд татварын дэглэм тогтоох, “ Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах эсэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцож болно”  гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан нь цаашид байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мөн гэрээний хугацааг хуулиар бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна” гэсэн байдаг.

Түүнчлэн Санал, дүгнэлтийн 2.1-т  одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хууль тогтоомжоор хувь хэмжээ заан ноогдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөж, татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, багасгахгүй байх.  2.2-т Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг Монголын талын эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтыг оруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй уялдуулан хэлэлцээр хийх гэхчлэн тусгасан байдаг. Гэсэн ч УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхдээ 40 болон 57 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт зэргийг үл харгалзжээ.

Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний татварын зүйл, заалттай холбоотой нэг л жишээ.


 

Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвөөс 2018 оны хоёрдугаар сард гаргасан тайландаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дэх татварын  зохицуулалттай холбоотойгоор  “Татварыг тогтворжуулав уу. Эсвэл тусгаар улс бүрэн эрхээсээ  татгалзав уу?” гэсэн анхаарал татсан асуултыг  тавьсан байдаг.

Гэрээний 2 дугаар бүлгийн 1-р зүйлд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу Оюу толгойн үйл ажиллагаанд ногдуулах хэд хэдэн төрлийн татварыг тогтворжуулна гэж заасан байдаг. Тэдгээр нь ашиг орлогын татвар, НӨТ, роялти болон бусад татварыг багтаасан хэрэг. Мөн Түркойз Хилл Ресурс ба түүний охин компаниудын хийх гуйвуулгад ногдох суутгал татваруудыг ч тогтворжуулахаар заажээ. “Суутгал татвар” гэж Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ногдол ашиг, роялти буюу хүүгийн  төлбөрийг гадаадад байрших компанид хийх тохиолдолд суутган үлдээх татварыг хэлж байгаа юм. Жишээлбэл: “Оюу Толгой” ХХК нь өөрийн хувь нийлүүлэгч Oyu Tolgoi Netherlands B.V. компанид ногдол ашиг төлөх бол Монгол улс түүнээс татвар суутган авах ёстой гэсэн үг. Ногдол ашиг, роялти болон хүүгийн  төлбөрийг гадаад руу гуйвуулах тохиолдолд Монголын хуулийн дагуу 20 хувийн суутгал татвар төлөх ёстой юм.  Гэвч гадаад орнуудтай байгуулсан Давхар татварын хэлэлцээрүүдэд уг суутгал татварыг хэлэлцээрт оролцогч орнуудын хооронд хийх төлбөрүүдийн хувьд бууруулахаар тохиролцдог. Жишээлбэл: Монгол улс, Малайзын хооронд байгуулсан Давхар татварын гэрээгээр  хүүний төлбөрийн суутгал татварын хэмжээг 20 хувь  бус 10 хувиар  тохирсон байдаг. Монгол Улсын Засгийн газар болон Түркойз Хилл Ресурсын тохиролцсон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг тухайн үеийн Монгол Улсын  хуульд заасан хэмжээнээс гадна тухайн үеийн Давхар татварын гэрээнүүдэд бууруулж заасан хэмжээнд ТОГТВОРЖУУЛАХ-аар тусгасан байна.

Монгол Улс, Нидерланд улстай байгуулсан Давхар татварын гэрээг манай талаас парламент цуцалсан ч нөгөө талд хүчинтэй хэвээр буюу 20 хувийн татварыг 10 хувь болгон бууруулж төлөх тогтворжуулалтыг Оюутолгой ХХК эдлэх эрхтэй гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийн дагуу 2013 онд  "Рио Тинто"-гийн татвараас зайлсхийх боломжийг хаах зорилгоор Нидерланд,  Люксембургтэй хийсэн Давхар татварын гэрээнүүдийг цуцалсан ч  Хөрөнгө оруулалтын гэрээнд “татварыг тогтворжуулсан”  учраас "Рио Тинто"-гийн төлөх татвар ч тогтвортой хэвээрээ байх юм.

Татварын  хэмжээг 2009 оны түвшинд тогтворжуулах буюу царцаах тохиролцоо хийсэн нь Монголын Засгийн газар  үндсэндээ татварыг тодорхойлон ногдуулах бүрэн эрхээсээ татгалзсан  хэрэг гэж тэд үзсэн. Рио Тинто  2013 онд цуцлагдсан Давхар татварын гэрээнүүдийн ДАВУУ ТАЛ-ыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Тодруулбал,  Оюутолгойгоос гадаад дахь бусад компанид төлөх хүүгийн суутгал татварыг 10 хувь бууруулж төлөх эрхээ эдэлсэн хэвээрээ байна гэсэн үг.

Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв бол "Рио Тинто" групп Монгол Улсын Засгийн газарт төлөх суутган татварыг бууруулж төлөхдөө Монгол Улс,  Нидерланд улсын хооронд байгуулсан Давхар татварын гэрээнээс гадна 2011 онд Хувь нийлүүлэгчийн гэрээг шинэчлэхдээ суутган татварын хувийг багаар тохирсонтой мөн холбон тайлбарласан байсан. Давхар татварын гэрээний тухайд   төлөх татварынхаа дүнг бууруулах боломжийг хөрөнгө оруулагчдад  олгодог хэрэгсэл гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Түүнчлэн Канадад бүртгэлтэй “Айвенхоу Майнз” компани Их Британийн Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй өөрийн охин компаниудаараа дамжуулан Монгол Улс дахь “Оюутолгой” ХХК-д хувь эзэмшиж буй нь татвар төлөхгүйгээр “Оюутолгой” ХХК-аас ногдол ашиг авах сонирхлыг нь илтгэж буй тухай төсөл хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд хөндөхгүй биш хөндөж байсан билээ.

Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвийн тайланд "Рио Тинто" гадаадаас авсан зээлд төлсөн хүүд ногдох суутган татварыг хууль бусаар бууруулах замаар 232 сая ам.долларын татвар төлөөгүй.

Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээгээр дамжуулан татварын хувь хэмжээг бууруулж тогтоосон Нидерланд болон Люксембург дэх нэгжээрээ дамжуулан Монгол дахь салбар компаниа зээлээр санхүүжүүлэх замаар төлөх татварын хэмжээгээ бууруулсан  гэж үзсэн байгаа юм.

Гэтэл эдийн засгийн шинжээч гэх Александра Редхэд,  Давид Михайли нар Үндэстэн дамнасан корпорацуудын мэдээллийг үгүйсгэсэн байдаг. Тэд суутган татвараар авч чадаагүй 232 сая ам.долларын асуудалд "Рио Тинто"-г зөвтгөсөн мэдээллийг өгсөн. Монгол Улс болон Нидерландын хооронд байгуулсан Давхар татварын гэрээнд заасан доогуур хувиар суутган татвар төлөх боломжийг "Рио Тинто" 2011-2015 оны хооронд ашигласан байдаг.

Үүнийг шинжээчид тайлбарлахдаа түрүүн дурдсанчлан Давхар татварын гэрээнд суутган татварыг зээлийн хүүгийн хувьд Монголын хуульд заасан 20 хувиас буулган 10 хувь байхаар заасан байдаг. Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвөөс тооцсоноор энэ зохицуулалтын хүрээнд  өнөөг хүртэл 173 сая ам.долларын татварын орлого алдагдсан. Өөрөө хэлбэл 20 хувь ба 10 хувийн дунд үүсэх зөрүү гэж тайлбарласан байгаа юм. Түүнчлэн "Рио Тинто"-гийн татварын тайлангаас харахад хүүгийн түвшинг бууруулсан хэдий ч суутган татвар нь төслийн эхэн үеэс орлогын томоохон эх үүсвэр болж ирсэн.

Тухайлбал 2016 онд Монгол Улсын Засгийн газарт төлсөн нийт татвар болох 149 сая ам.долларын гуравны нэгийг бүрдүүлж байв. Суутган татварыг OpenOil-ын санхүүгийн загвараар буюу Рио Тинтод ногдох хэсгийн 20 хувийг 10 хувь болгон бууруулснаар төслийн үргэлжлэх хугацаанд хүүд ногдох суутган татвараас олох татварын боломжит орлогоос Монгол Улсын Засгийн газар 700 сая ам.доллар авахгүй байхаар байна гэжээ.

Мөн суутган татварын бууруулсан хувь хэмжээ нь Монголын Засгийн газрын авах орлогод чухал нөлөөтэй. Гэхдээ "Рио Тинто" Нидерландтай байгуулсан Давхар татварын гэрээг ашиглан  суутган татварыг бага хэмжээгээр төлөх зохицуулалтыг өөрсдөө бий болгоогүй гэдгийг санах хэрэгтэй гэж байгаа юм. 

Мөн хөрөнгө оруулагч талтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө буюу 2008 онд Олон улсын валютын сангийн зүгээс татвартай холбоотой болзошгүй эрсдэлүүдийг Монголын Засгийн газарт анхааруулж байсныг ч сануулж байна.  Бүр тодруулбал, Монголын Засгийн газар  татвартай холбоотой ийм асуудал, маргаан гарна гэдгийг мэдэж л байсан байх учиртай гэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-той олон улсын шүүх дээр татварын маргааныг шийдвэрлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа энэ үед түүнийгээ хамгаалах бат ноттой үндэслэлүүд чухал учраас талуудын байр суурийг тодотгон хүргэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.68.174) 2021 оны 04 сарын 05

МОНГОЛЫН ХӨДӨӨ САЙХАН ШҮҮ. ТЭМЭЭ ХЭВТЭЭД Л ....

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 04 сарын 05

Энэ чинь ёстой мэдээлэл байна

0  |  0
зочин(192.82.73.157) 2021 оны 04 сарын 05

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.\n\n

0  |  0
зочин(192.82.73.157) 2021 оны 04 сарын 05

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.73.157) 2021 оны 04 сарын 05

Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн ”Концессын гэрээ”, орчин үеийн ””Лицензийн гэрээ, ”Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, ”Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм.

1  |  0
зочин(192.82.73.157) 2021 оны 04 сарын 05

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.73.157) 2021 оны 04 сарын 05

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.73.157) 2021 оны 04 сарын 05

Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн ”Концессын гэрээ”, орчин үеийн ””Лицензийн гэрээ, ”Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, ”Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм.

0  |  0
Д.Ганхуяг(202.126.89.162) 2021 оны 04 сарын 05

Орбитрийн шүүхээр гэрээг хүчингүй болгуулж, хохиролыг Риогоор төлөөлэх шийдвэр гаргуулах нь зөв.

1  |  0
Д.Ганхуяг(202.126.89.162) 2021 оны 04 сарын 05

Орбитрийн шүүхээр гэрээг хүчингүй болгуулж, хохиролыг Риогоор төлөөлэх шийдвэр гаргуулах нь зөв.

0  |  0
Top