Сонгуулийн өмнөх улс төрийн цикл ба хоёр ахлагчийн БАЙР СУУРЬ

2021 оны 04 сарын 02

Монголын Засгийн газрын Ажлын хэсэгтэй нүүр тулсан хэлэлцээ хийхээр багаа ахлан Улаанбаатарт ирсэн “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд өчигдөр /2021.04.01/ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Аль аль талд сэтгэл дундуур зүйл бий... Бизнес, санхүүгийн тооцооллоор ашиг гэдэг бол орлогоос зардлаа хасаад, татвараа төлөөд үлдэх мөнгө. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ч, "Рио Тинто"  ч ашиг олоогүй байгаа. Хэлэлцээрийг ийм тийм гэж ярихад одоо арай эрт байна” гэв.

Тэгвэл Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өчигдөр “Оюутолгойн хэлэлцээг улстөржүүлж Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв болгомооргүй байна. Хэлэлцээрийн ширээний ард нэгдмэл байр суурьтай суух боломжгүй байдал үүсээд байгаа...” гэсэн байр суурийг илэрхийллээ. Түүний хэлж буйгаас үзэхэд Дубайн төлөвлөгөөг цуцлах тухай санал дээр Ажлын хэсэг дотооддоо ойлголцлоо нэгтгэж чадаагүй байна. Асуудлыг хэлэлцээний ширээнд сууж бус арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлье гэдэг санал Ажлын хэсгийн зарим гишүүдээс гараад буй аж.

Хүлээлт үүсгэсэн хэлэлцээ албан ёсоор эхлэх гэж буйтай зэрэгцэн  хоёр талын ахлагчийн илэрхийлэх байр суурь, өгөх мессеж чухал.

Манай тухайд сүүлийн арваад жилд Оюутолгой төсөл хамгийн халуун сэдвүүдийн нэг байсаар өнөөдөртэй золгож буй. Улстөрчид, иргэний нийгмийн  байгууллагууд, сэтгүүлчид, иргэд гээд бүхий л талууд энэ төслийн талаар  ярьцгааж, гэрээнд өөрчлөлт оруулах ёстой, цуцлах ёстой гэхчлэн байр сууриа илэрхийлдэг ч чухам яг ямар асуудал дээр тухайлан анхаарах ёстой вэ гэдэгт үндэслэл сайтай хариултыг гаргаж тавьж байсан нь цөөн.

Нэг ёсондоо өнөөдрийг хүртэл бид Оюутолгой төслөөр талцсан нь их болохоос  нэгдмэл байр сууриар асуудалд хандсан нь цөөн гэдгийг Х.Нямбаатарын өчигдрийн үгс хэлэлцээний өмнө дахин сануулж байгааг тодотгоход илүүдэхгүй болов уу.

Оюутолгойн менежмэнтийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-той хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсэг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр энэ хэлэлцээний ширээнд сууж байгаа билээ.

 

 “ОЮУТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ САНУУЛАН ХҮРГЭЕ.

 

 

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

                                                                                      Дугаар 92

 

                                      Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай

 

   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюу Толгой (Ви Ви Ай) Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Оюу Толгой ХХК хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах.2/Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах;

3/Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;

4/Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах;

5/Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох;

6/Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах;

7/Оюу толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгасугай.

   

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

 

 

Монгол Улсын Их Хурлын уг тогтоолыг эерэг хүлээж авч буйгаа төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”  2019 оны сүүлээр  мэдэгдэж байсан билээ.

92 дугаар тогтоолд УИХ-ын  40 болон 57 дугаар тогтоол, Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна. Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, төслийн нийт үр ашгийн 53 хувиас багагүй хэмжээний ашгийг бид өөрсдөдөө наахын тулд 10 жилийн турш ярьсан 34 хувийн асуудлаа эргэн харж, шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тусгасан байгаа.

Эндээс Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг бол ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах нь зөв гэсэн байр суурийг Ажлын хэсгийн ахлагч одоогоор илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч тал ч энэ саналыг  хүлээн авч байгаа аж.

Харин Монголын Засгийн газрын 34 хувийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлах асуудал УИХ-ын 40 болон 57 дугаар тогтоолуудад  заасан агуулгуудтай нийцэж байна уу гэдгийг тодотгож харах хэрэгтэй болдог.

40 дүгээр тогтоолд бол Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбарыг судлах тухай тусгасан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг албан ёсоор даалгасан 57 дугаар тогтоолыг харахаар Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувь 50-иас доошгүй хэмжээнд очсон байх ёстой гэсэн байдаг.

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд 34 хувьтай холбоотойгоор өчигдөр байр сууриа илэрхийлэхдээ энэ бол монголчуудын шийдэх асуудал гэж онцолсон. Гэхдээ арван жилийн дараа зэсийн үнэ одоогийнхоос хоёр дахин өслөө гэхэд 34 хувийг хямдаар өглөө гэдэг асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг бодоход илүүдэхгүй гэсэн зүйлийг мөн хэлэв.

Өнгөрсөн жилүүдийн  нөхцөл байдлыг авч үзэхэд бид 34 хувиа өрөөр санхүүжүүлж өнөөдрийг хүрсэн нь зовлонгийн суурь шалтгаан гэж тайлбарлах хүмүүс манайд цөөнгүй бий.

Хоёр талын татварын маргаан арбитрт хүрсэн. “Оюутолгой” ХХК  татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг Төрийн сан руу шилжүүлсэн ч арбитрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс энэ мөнгө манайд үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Манай тал нийтдээ 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварыг тус компаниас авах ёстой гэсэн акт гарсан байдаг.

Х.Нямбаатар сайд хөрөнгө оруулагч тал Лондоны арбитраас маргаанаа түр хойшлуулах гаргасныг манайх хүлээж аваагүй гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.  Тэрбээр  “Ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах үүднээс  Рио Тинтогийн төлөөлөлтэй хэлэлцээрээ албан ёсоор эхлүүлэх гэж байгаа яг энэ цаг үед АНУ-д болж байгаа үйл явдлууд манай Засгийн газраас өмнө нь гаргаж байсан санаачлагуудын хүрээнд, далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой асуудал нэлээн өндрөө аваад явж байна” гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 26-нд өгсөн.

Ер нь бол энэ төсөлтэй холбоотой асуудал зөвхөн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд  бус Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг хамарсан суурь шинжтэй учраас нэгэнтээ хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж эхэлж буй учраас аль аль талаас нь авч үзэж, нягт хандах хэрэгтэйг ч хуульчид, эдийн засагчид хэлж буйг тодотгоё.

Тухайлбал, Бизнесийн эрх зүй, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хуульч, арбитрч Т.Алтангэрэлээс “Оюутолгойн хөрөнгө оруулалтын үндсэн болон бусад гэрээ, Дубайн төлөвлөгөө гээд бүгдэд л өөрчлөлт орж байж Монгол Улсын эрх ашиг нөгөө талтай эрх тэгш хангагдах юм байна гэсэн ойлголт байна. Гэхдээ яг ямар эрэмбэ дарааллаар шийдэх нь зөв вэ? гэсэн  асуултад хариулт авахад:

-Үүсээд буй үл ойлголцол, маргааныг хоёр хэсэгт бүлэглэж болно. Эхний бүлэгт 34 хувьд оногдох зээл хэлбэрийн хөрөнгө оруулалт, зардал, хугацаа хэтрэлт, ногдол ашигтай холбоотой хувь нийлүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна. Дээр хэлсэнчлэн Оюутолгой төсөл нь олон асуудал дагуулсан, өнгөрсөн хугацаанд Монголын талын эрх ашиг ихээр хохирч байгааг одоо хэлэлцээрийн шугамаар үндсэн гэрээнүүд, Дубайн гэрээ зэрэгт өөрчлөлт хийх болон бусад байдлаар засч залруулах ажлыг шат дараатай хийх шаардлага бодитой бий болчихлоо. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд түлхэц болсон ч олон хуулийг зөрчсөн, “Оюу Толгой” компанийн  бүх лиценз, биет болон биет  бус хөрөнгийг УИХ-д танилцуулалгүй олон улсын 15 банкинд барьцаалсан, Монголын талыг цаашид хөдөлшгүй болгосноороо их эрсдэлд оруулсан. Төслийн зардал хэтрэлтийн асуудал анх үүсэхэд тэрийг Монголын талын эрх ашигт нийцүүлэх байтал хүлээн зөвшөөрсөнөөрөө хөрөнгө оруулагчтай хариуцлага ярихад хүндрэлтэй болгосон. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтын 4,4 тэрбум ам.долларын зээлийн төслийн санхүүжилтийн асуудлыг цаашид Монголын хуульд нийцүүлэн засах, үндсэн гэрээнүүдтэй хамт өөрчлөх,  “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл босгож, Монголын талыг эрсдэлд оруулж байгаа тул 34  хувьд ногдох хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээс өөрчилж, хүүнээс чөлөөлөх хүртэл саналыг тавих боломжтой байж болох юм. Дараагийн бүлэгт Монгол Улсын хуулийн хүрээнд тогтоосон арга аргачлалыг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой төр, татвар төлөгчийн хоорондын асуудлууд байна. Миний бодлоор олон улсын арбитрт очсон татварын маргаан нь 300-400 сая ам.доллароор хязгаарлагдахгүй цаашид энэ төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих жишиг маягийн шийдвэр болохын хувьд хэдэн арван тэрбум ам.доллароор хэмжигдэх учраас Монголын тал энэ асуудал дээр нэлээн сайн хүн хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй байх. Татвартай холбоотой Олон улсын арбитрын маргааныг шийдвэрлэх энэ явцад Монголын тал өмнө байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрээ өөрчлөх саналаа хэзээ яаж тавих нь нарийн бодолцох асуудал болох байх. Татварын маргааныг нааштай шийдвэрлэсний дараа хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үү, эсвэл нь зэрэгцээд хэлэлцээрээ хийгээд явах уу, ингэвэл татварын маргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй болно.” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Эхэнд хэлсэнчлэн хүлээлт үүсгэсэн хэлэлцээг даган “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хаврын улс төрийн циклийг давж гарах  эсэх нь ШИНЭ ХҮЛЭЭЛТ үүсгээд буйг тодотгоё.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol (66.181.161.62) 2021 оны 04 сарын 03

ene bold gej riogiin buunii nohoi bainaa

0  |  0
Зочин(66.181.161.58) 2021 оны 04 сарын 03

Энэ санаа хэнээс гаравъгэдэг маш сонин шүү.Рио тинтог хамгаалдаг нэгъбудилианы хөрөнгө баына даа.Хэлэлцээ хийхээр хүмүүс ажил өрнүүлж ирээд байхад яагаад ийм санал гаргаваа?

1  |  0
Зочин(64.119.18.82) 2021 оны 04 сарын 03

Хүний хувь тавилан сонин юм даа. Очиж очиж луйварын төсөл дээр гадныханыг төлөөлөөд явж байх нь хувь заяаны шоглоом юм даа. Манай 34%-ийг эзэмшдэг ”Оюу Толгой” ХХК нь халхавч компани. Энэ новшнууд энэ халхавчийн ард бүх булхай луйвараа хийдэг. Чи тэнэг Монголчууд үүнийг ойлгохгүй гэж бодож байна уу. Үүнийг бүгд ойлгохгүй ч ойлгох хүн бас бий шүү. Та нарын энэ луйварт Дэлхийн банкны хүмүүс ч оролцсон томоохон хэмжээний хуйвалдаан. Рио Тинтогийн энэ луйвар удахгүй илчлэгдэж, та нар удахгүй Монголоос гар хоосон хөөгдөнө...

1  |  0
Зочин(64.119.18.82) 2021 оны 04 сарын 03

Хүний хувь тавилан сонин юм даа. Очиж очиж луйварын төсөл дээр гадныханыг төлөөлөөд явж байх нь хувь заяаны шоглоом юм даа. Манай 34%-ийг эзэмшдэг ”Оюу Толгой” ХХК нь халхавч компани. Энэ новшнууд энэ халхавчийн ард бүх булхай луйвараа хийдэг. Чи тэнэг Монголчуудыг үүнийг ойлгохгүй гэж бодож байна. Үүнийг бүгд ойлгохгүй байгаа ч ойлгох бий шүү. Та нарын энэ луйварт Дэлхийн банкны хүмүүс ч оролцсон томоохон хэмжээний хуйвалдаан. Рио Тинтогийн энэ луйвар удахгүй илчлэгдэж, та нар удахгүй Монголоос гар хоосон хөөгдөнө...

1  |  0
Зочин(192.82.78.16) 2021 оны 04 сарын 03

Харьд өөрийгөө худалдсан хүн, чонотой нөхөрлөсөн нохой хоёр ч хамгийн аюултай даа.

1  |  0
П(103.57.92.242) 2021 оны 04 сарын 02

МАНжууд үeийн үeд улс төржүүлж ашиг хонжоо хайсаар ирсэн

0  |  0
зочин(66.181.180.246) 2021 оны 04 сарын 02

Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн ”Концессын гэрээ”, орчин үеийн ””Лицензийн гэрээ, ”Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, ”Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм.

0  |  0
зочин(66.181.180.246) 2021 оны 04 сарын 02

Монгол улсад хэдийд шударга ёс тогтох вэ? Монгол улсад хэзээ төрийн алба хариуцлагатай болох вэ? Энд дэлхий дахинд зуу зуун жил шалгагдсан ганцхан ара бий. Тэр нь Монгол улсад бүх шатанд, бүх байгуулагад МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) тогтоох явдал юм. МЕРИТ зарчим тогтоохгүйгээр 1000 хууль батлаад нэмэргүй улам л дампуурна, магадгүй Монгол улс сөнөнө.

1  |  0
зочин(66.181.180.246) 2021 оны 04 сарын 03

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

2  |  0
Иргэн:(64.119.18.207) 2021 оны 04 сарын 03

Танайх ч гэсэн нохойтхоо болимоор юм.

0  |  1
Иргэн:(64.119.18.207) 2021 оны 04 сарын 03

Рио Тинтогоор ”тэжээлгэж” байгаа хүн тэжээгчээ гомдоохыг хүсэхгүй нь тодорхой. Тийм болохоор монголчуудыг хооронд нь ”зодолдуулах” -аар нохойтож байх шив дээ.

1  |  0
Top