Муухай төрхтэй ч сайхан сэтгэлтэй аварга биет ХХ зууны эхээр амьдарч байжээ. Түүнийг Морис Тийе (Maurice Tillet) гэдэг. “Шрек” хүүхдийн зохиолыг бичсэн Уильям Стейг Францын алдарт бөхийг дуурайлган хүүхэлдэйн баатраа дүрсэлсэн түүхтэй.
Хүүхэд нас
Бага байхдаа Морис энгийн хүүхэд байжээ. Өхөөрдөм царайтай түүнийг хүмүүс сахиусан тэнгэр гэж нэрлэдэг байсан гэнэ. Тэрээр 1903 оны аравдугаар сарын 23-нд Уралд франц гэр бүлд төржээ. Морисын эцэг нь төмөр замд инженер хийдэг байсан бол ээж нь багш байв. Эцэг нь бага байхад нь нас барж, 1917 онд Орост хувьсгал гарсан тул Тийе ээжийн хамтаар эх орондоо буцжээ.
Сахиусан тэнгэрээс огр болов
Морист 17 нас хүрэхэд тавхай, гар, толгой нь хавдаж эхэлснийг анзаарчээ. Хоёр жилийн дараа түүнд акромегали буюу өнчин тархины хавдрын улмаас өсөлтийн дааврын ялгарал ихсэж, хүний яс томорч, бүдүүрдэг ховор тохиолддог өвчин гэсэн онош тавьжээ. Ингэж Морис жинхэнэ аварга хүн болон хувирч, сахиусан тэнгэрийн төрхөөс юу ч үлдсэнгүй. Тэрбээр 170 см өндөр, 122 кг жинтэй болжээ.
Үүнийг давж гарахад маш хүнд байв. “Үе тэнгийнхэн намайг сармагчин гэж шоглодог байсан. Би их гутардаг байсан. Хэнд таалагдах вэ дээ. Шоолуулахгүйн тулд би тэнгисийн эрэг дээр их цаг хугацааг ганцаар өнгөрүүлдэг болсон. Усны дэргэд амьдардаг хүмүүст би ямар харагдах ялгаагүй байдаг” гэж Тийе олон жилийн дараа буюу 1943 онд “Lowell Sun” хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Морис Тийе хэдийгээр эвгүйрхэм төрхтэй ч ухаантай хүн байжээ. Тэрээр Тулузийн их сургуульд орж, хуульчаар амжилттай төгссөн байна. 40 насандаа Морис орос, франц, болгар, англи, литв хэлээр чадамгай ярьдаг байсан гэнэ. Шатар сайн тоглохоос гадна шүлэг, зохиол бичдэг байжээ. Гэвч тэрээр хуульч ийн карьераа орхихоос өөр аргагүйд хүрсэн байна. Түүний өвчин улам бүх хурцдаж, дууны хөвчид хүндрэлүүд гарч иржээ. “Би ийм царайтай өмгөөлөгч болох байсан ч илжиг орилж буй мэт сонсогдох миний дуу хоолойг сонсохын аргагүй байсан тул Тэнгисийн цэргийн хүчинд элссэн” гэж Тийе дурсжээ.
Тэрээр Францын Тэнгисийн цэргийн хүчинд таван жил инженерээр алба хаажээ.
Зөөлөн сэтгэлтэй, өөдрөг Морис гаднах төрхдөө хөнгөн, хошигнон ханддаг баайсан гэнэ. Тэрээр Палеонтологийн музейн неандертальчуудын дэргэд зургаа авахуулж, зогсдог байжээ. Тэдний гадна төрхтэй төстэй байдал нь түүнд хөгжилтэй санагддаг байсан аж.
Бөхийн карьер
34 настайдаа Морис Сингапурт байхдаа мэргэжлийн бөх Карл Пожэллотой танилцжээ. Тэр хоёр Парист буцан ирж, бэлтгэл хийж эхэлжээ. Хоёр жилийн турш Морис Тийе франц, Английн ринг дээр гарч, Дэлхийн хоёрдугаар дайн эхэлмэгц найзууд АНУ руу явжээ.
АНУ-д Морисыг бахдам амжилт хүлээж байлаа. Өвөрмөц төрхтэй түүнийг дэмжихээр олон хүн цугладаг байсан ба тулааны “найруулагчид” Тийег ялагдашгүй болгохоор шийдсэн байна. Тэр үед рестлинг тавилттай тулаан болсон байжээ. Морис 19 сарын турш ганц ялагдаагүй ба хожим нь олон нийт түүнээс уйдаж эхэлсэн байна. Түүнийг эхлээд “Рингийн аймшигт огр” гэж нэрлэдэг байсан бол хожим Морис “франц сахиусан тэнгэр” болж хувирчээ.
Рестлерийн карьер 1945 он хүртэл үргэлжилжээ. Акрогемали өвчин Морисын амьдралыг өөрчилж эхлэв. Эрүүл мэнд нь муудаж, байнга толгой нь өвдөж, хурдан ядарч, хараа нь мууджээ. Зүрх нь асуудалтай болов.
Түүнд ялагдашгүй рестлерийн дүрийг өгөхөө болив. Түүний хамгийн сүүлчийн рестлинг тулаан 1953 онд Сингапурт болжээ. Үүнээс хойш Морис мэргэжлийн спортоо орхив.
Удалгүй түүний хамгийн сайн найз Карл Пажэлло уушгины хатгалгаа болж, тэр нь хорт хавдар болж хүндэрсэн байна. Удаан шаналсны эцэст найз нь хорвоо орхив. Энэ мэдээ Морис Тийед хүчтэй цохилт өгч, хэдхэн цагийн дараа тэрээр зүрхний шигдээсээр мөнх бусыг үзүүлсэн байна. Хоёр найзыг Иллинойс мужийн Жастис хотын оршуулгын газар зэргэлдээ оршуулсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )