Ардчилсан намын сенатор Берни Сандерс залуусын дунд үргэлж алдартай байсан. Гэвч Жозеф Байдены тангараг өргөх ёслолын үеэр авсан түүний гэрэл зураг сенаторыг интернет баатар болгосон билээ. Түүний зураг дээр гарсан байдал төдийгүй содон хувцас, тэр дундаа бээлий нь Сандерсыг дэлхийд алдаршуулаад байна.
Энэ гэрэл зураг интернетэд шуугиан тарихаас өмнө Вермонт мужийн Эссекс Жанкшен хотын 42 настай оршин суугч Жен Эллис эгэл жирийн багшийн амьдралаар мөн амьдарч байв. Францын “AFP” мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Брендан Смяловскигийн авсан энэхүү гэрэл зураг дээрх эвхэгддэг санал дээр, гараа зөрүүлэн, хөлөө ачиж суусан Берниг интернет хэрэглэгчид төрөл бүрийн уран зураг, киноны хэсэг, түүхэн гэрэл зураг дээр оруулан дүрсэлж эхэлсэн юм.
Берни Сандерсын бээлий АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэс буюу 2020 оны эхээр сэтгүүлчдийн анхааралд өртжээ. Тэрбээр энэ бээлийтэйгээ 2020 оны нэгдүгээр сард Нью Хэмпширт үг хэлж байсан удаатай.
Харин бага ангийн багш Жен Эллис энэ бээлийг 2016 оны сунгаанд Хиллари Клинтод ялагдсаны дараа сенаторт зориулж нэхэж өгчээ. Нэг нутгийн хайртай улстөрчдөө бэлгээ өгөхийн тулд Эллис Сандерсын бэр Лиза Дрисколлоор дамжуулан өгч байсан түүхтэй аж.
Тэрбээр хуучин ноосон цамц, хуванцар савнаас гаргаж авсан утсаар сонирхол болгон оёж, нэхдэг байсан бөгөөд заримдаа орон нутгийн үзэсгэлэн худалдаагаар борлуулдаг байжээ. Харин Сандерсын гэрэл зураг гарсны дараа бүх зүйл өөрчлөгдөж, багш эмэгтэй олны анхаарлын төвд орж, бээлийг нь худалдан авах захиалга 18 мянга гаруй хүнээс иржээ.
Өдгөө түүний бээлий хоёр мянган ам.долларын үнэд хүрч, олсон орлогоо охиныхоо сурдаг коллежид хандивлахаар шийджээ.
Өнгөрсөн сарын сүүлчийн өдөр тэрбээр “Vermont Teddy Bear” компанитай хамтран Берни бээлийг оёх гэрээ байгуулсан тухай мэдээлжээ. Ингэхдээ өвөрмөц бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогыг буяны үйлд зориулах гэнэ.
Түүнээс гадна, Эллис хэрхэн хобби нь хувийн бизнес эхлүүлэхэд хэрхэн нөлөөлсөн тухай ном бичихээр шийдсэн байна.
Харин энэ түүх зөвхөн бээлийгээр хязгаарлагдаагүй байна. Берни Сандерсын баг сенаторын гэрэл зураг бүхий футболк, чөлөөт цамц гаргасан нь 30 минутын дотор борлуулагджээ. Бүх орлого мөн л буяны байгууллагуудад очсон байна.
Харин сенатор өөрөө гэрэл зураг нь ийм их алдаршиж, интернет нэр алдраа буяны үйлсэд зориулах боломж олдсон туйлын баяртай байгаа гэнэ.
Үүнээс гадна Техасын оршин суугч Тоби Кинг Сандерсын дүрс бүхий хүүхэлдэй нэхэж, дуудлага худалдаагаар 20 мянган ам.доллароор борлуулж, орлогоо буяны үйлсэд зориулсан бол тангараг өргөх ёслолын үеэр Бернигийн өмссөн хүрмийг үйлдвэрлэсэн “Burton Snowboards” компани Вермонт мужийн Хүүхэд, гэр бүлийн газарт түүний нэрийн өмнөөс хандивлажээ. “Getty Images” компани энэ гэрэл зургийг нийтлэх зөвшөөрлөөс олсон орлогыг ядууст хоол, хүнс хүргэдэг “Meals on Wheels of America” компанид хандивлахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )