Берни Сандерс: АНУ авторитар улс болж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг хичээж, АНУ-ыг авторитар улс болгож байна гэж сенатор Берни Сандерс үзэж байна.

“Манай ерөнхийлөгч улс орныг авторитар улс руу эрчимтэй хөтөлж байна. Тэр түүнийг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй шүүхдэлцэж байна. Тэр өөрийнх нь эсрэг бай сууриа илэрхийлсэн хууль зүйн компаниудтай тэмцэж байна. Түүнд таалагдаагүй хичээл зааж байгаа их сургуулиудтай тэмцэж байна. Тэр өөрийнх нь талд бус шийдвэр гаргасан шүүгчдийг импичментээр сүрдүүлж байна. Тэр АНУ-ын Конгрессын эрхийг булаан авсан. Энэ хүн бүх эрх мэдлийг авахыг хүсэж байна. Тэр Үндсэн хуульд итгэдэггүй, хуулийн засаглалд итгэдэггүй” гэж Сандерс CNN телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Сенатор мөн мужийн эрх баригчдаас давж Лос Анжелест Үндэсний гвардийн 2000 алба хаагчдыг Лос Анжелест илгээх шийдвэрийг шүүмжилсэн байна. “Калифорнийн амбан захирагч ч тэр, Лос Анжелесын захирагч ч тэр Үндэсний гвардийг оруулах хүсэлт тавиагүй. Гэвч Трамп юу хүссэнээ хийх эрхтэй гэж үзэж байна” гэж Сандерс ярьжээ.

Дөрөвдүгээр сарын сүүлээр АВС сувагт өгсөн ярилцлагадаа Доналд Трамп бүх эрхийг өөртөө төвлөрүүлж, авторитар удирдагч болохыг эрмэлзэж байгаа бус зөвхөн Америкийг дахин агуу болгохын тулд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu