Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хамтын ажиллагааны хүрээнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хараат бус сэтгүүл зүйг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Д.Сумьяабазарын санаачлагаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Сэтгүүлчдийн номын өдөрлөг” цахим яармагийг зохион байгууллаа. Сүхбаатарын талбай дээр болох байсан энэхүү өдөрлөг цар тахлын амаргүй нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цахимаар өрнөсөн юм. Цахимаар зохион байгуулсан нь маш өргөн хүрээг хамарсан далайцтай үйл ажиллагаа боллоо.
Уг цахим өдөрлөгөөр сэтгүүлчдийнхээ бүтээлийг ард иргэдэд сурталчлан таниулах, ном, бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөө талаас иргэдийн соён гэгээрэх хэрэглээг дэмжих зорилготой билээ. Үе үеийн сэтгүүлчид нийгэмд соён гэгээрүүлэх түүчээ болж ирсэн. Гэвч тэдний нэр хүнд нийгэмд унаж байгаа нь нууц биш. Сэтгүүлч хүн гэдэг бусдаас түрүүлж сэтгэж, бусдаас түрүүлж алхаж нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг ил гаргаж, гарц гаргалгааг нь нээх, шийдэх боломжийг олгох, үнэн бодит мэдээллийг ард иргэддээ түргэн шуурхай хүргэдэг гүүр нь юм.
Хотын дарга Д.Сумьяабазар “Хүүхэд байхад сэтгүүлч гэхээр Л.Түдэв гуай санаанд буудаг байсан. Тэр хүн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч хүн. Манай сэтгүүлчид ч энэ улалмжлалаа залгамжилж яваа. Бид үүнд дэмжлэг үзүүлэх ёстой. Үүний нэг жишээ нь энэ цахим номын өдөрлөг болж байна” гэж хэлсэн. Үнэхээр л сэтгүүлчид гэдэг салбар бүрд, хүн бүрд хүрч ажиллахын зэрэгцээ улс төр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд гээд салбар бүрийн ном товхимол бичих, орчуулах, дэлхийн сонгодог бүтээлийг ард түмэндээ хүргэх гээд маш өргөн хүрээнд сэтгэж байдаг завгүй улс. Сэтгүүлчид маань өөрсдийн бүтээлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлэхийн зэрэгцээ яруу найраг, өгүүллэгийн түүвэр, өөрийн дурсамж, Монголын алдартан, түүхэн хүмүүсийн намтар, хөрөг, нутаг усны түүхэн ой, салбар, байгууллагын түүх, ойн ном бүтээл, түүнчлэн эрдэм шинжилгээ судалгаа, шүүмжийн бүтээлүүдийг хэвлэн гаргаж, оюуны уурхайд тасралтгүй эрэл хайгуул, олборлолт хийж байдаг авьяаслаг, хөдөлмөрч хүмүүс билээ. Энэ удаагийн өдөрлөгийг зохион байгуулах комиссоос номоо өгөх хүсэлтээ ирүүлж буй сэтгүүлчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа талаар мэдээллээ.
Тухайн цаг үеийн торгон агшинг гэрэл зургийн хальсанд буулгасан гэрэл зургийн цомгууд ч чамгүй ирсэн байлаа. Тэд эх орныхоо өнцөг булан бүрд очиж хүмүүсийнхээ амьдрал, ёс заншил, үүх түүхийг судалж байдаг судлаачид, тэд дэлхийн аль ч оронд хүрч хүн төрөлхтөний хөгжил дэвшилийг таниулж байдаг танин мэдэхүйн үүр уурхай билээ. Сэтгүүлчдийн ном бүтээлүүдэд аян замын тэмдэглэл, хөрөг дурсамж, намтар түүх ч бий. Энэ нь залуу суралцагч нарт цаашид өсөж дэвших гарын авлага, танин мэдэхүйн толь бичиг нь ч болж байдаг гэхэд хилсдэхгүй. Цар тахал оюун ухаан, авьяас билэг, үзэл санааг хорьж дийлэхгүй гэдгийг харуулж, сүүлийн хоёр жилд сэтгүүлчид маань урьд урьдынхаас илүү ихээр бичин туурвиж, номын хураар арвин байлаа. Цахим яармаг, худалдааг хоёр өдрийн турш “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” хуудсаар болон Zoom талбараар шууд оролцох, танилцах, борлуулах байдлаар зохион байгуулж, бүтээл номоо хүргэлтийн компаниар дамжуулан арилжих боломжийг нээж өгснөөрөө онцлогтой боллоо. “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа “Сэтгүүлчид нийгэмд маш том агуулга бүтээдэг хүмүүс. Тэд кино зохиол, дууны яруу найраг, тэр ч бүү хэл сонгуулийн ажил гээд салбар бүрд хүрч ажилладаг сэтгэгчид. Тэдний зохиол бүтээлийг харахад салбар бүрийн мэдлэгтэй шинжлэх ухааны мэргэшсэн эрдэмтэд байна. Хүүхдийн сэтгэл зүйн судлаачид байна. Уран зохиолчид, яруу найрагчид байна. Дэлхийн сонгодгийг орчуулсан орчуулагчид байна. Улс төрчид байна. Сүүлийн үед залуу сэтгүүлчид өөрийгөө сорьж дэлхийн хэмжээний салбар бүрийн бүтээлийг орчуулж байгаа нь тун бахархууштай. Бид жил бүр тохиодог Үндэсний бичиг үсгийн баярын өдрөөр буюу тавдугаар сарын 2-ны өдөр Төв номын санд сэтгүүлчдийнхээ бүтээлийн дээжийг хүлээлгэж өгөхөөр болж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү өдөрлөгийг цахимаар хийж байгаа нь нэг талын контент болж байна. Цаашид уламжлалт болон цахим хэлбэрээр улам өргөн дэлгэр болох боломжтой” гэж хэллээ.
Номын өдөрлөгт ирсэн бүтээлүүдээс цухасхан дурдвал МУСГЗ Г.Акимын “Дархад бөөгийн онгод тэнгэрээс тамлагаан дуудна уу” аян замын тэмдэглэл бүхий судалгаа шинжилгээний ном, мөн түүний “Тууль хайлдаг уулс” хэмээх угсаатны судлал, хэл соёл, уулсын тухай, хүн ардын аж амьдралын тухай өгүүлэх сонирхолтой бүтээл, нэрт зохиолч, сэтгүүлч Д.Урианхайн 10 боть ном, МУСГЗ Ү.Хүрэлбаатарын “Оршил”, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн ном, “Түүхэн туульсын шилмэл жүжгүүд” , “Баатарлаг туульсын шилмэл жүжгүүд”, “Шилмэл жүжиг, кино” ном, сэтгүүлч, зохиолч Б.Ганзоригийн “Монголыг хөгжүүлэх 99 байгууллаг” түүхэн ном, зохиолч Ц.Пүрэвсүрэн, Л.Жаргалсайхан нарын “Монгол орны шувууд” гэрэл зурагт танин мэдэхүйн лавлах номууд номын өдөрлөгийн хойморт тухалжээ. Сэтгүүлч С.Батзаяагийн “Галбаа” 21 эрхмийн антологи буюу ярилцлагын ном эрхгүй хорхой хүргэж байв. Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” ТББ-аас ”Монголын шилдэг нийтлэл” (99 дүгээр боть) номд нэрт сэтгүүлч соён гэгээрүүлэгч асан О.Дашбалбар, чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэгддэг МУСГЗ Ц.Дашдондов, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, МУСГЗ С.Жамбалдорж, сэтгүүлч Д.Мөнгөндалай, сэтгүүлч Ч.Үл-Олдох, Г.Баатарнум нарын нийтлэл багтсанаараа ямархан чансаатай бүтээл болохыг илтгэнэ. Зохиолч, сэтгүүлч Ж.Нарангаравын “Тэнгэрийн хүлэг тахь” эсээ роман, МУСГЗ Х.Цэвлээгийн “Хоточ банхар”, “Сүмбэр гурван оргил”, “Сониндумаа” номууд, Б.Наминчимэдийн “Өчүүхэн дорой, өгөөмөр уудам ертөнцөд” өгүүллэг, тэмдэглэлийн түүвэр, зохиолч Б.Баяртогтохын “Зам нийлнэ” аян замын тэмдэглэл, сэтгүүл зүйн доктор С.Энхцэцэг нь Английн зохиолч Роалд далын таван номыг орчуулсан. “Матилда”, “Шидэт” хуруу, “Аварга матар” зэрэг орчуулгын бүтээлүүд нь ч номонд шимтдэг хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж байв. Мөн “Өглөөний сонин”-ы сэтгүүлчдийн ном бүтээлүүд багтсаныг ч бахдах учиртай билээ. Энэ мэтчилэн олон сайхан бүтээлээр оюуны цангааг тайлсан номын өдөрлөг амжилттай өндөрлөлөө. Сэтгүүлч гэдэг шинжлэх ухаанч, соён гэгээрүүлэгч, сэтгэгчид гэдгийг номын өдөрлөг тод томруун харууллаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Монголын сэтгүүлчинд худалдагсан ихэнэх нь