Өмнөд Солонгосын пуужингийн нислэгийн алслалтад тавьсан хоригийг цуцалжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар Вашингтонд хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Сөүлд 800 км-ээс хол нислэгийн алслалт бүхий пуужин бүтээх, ашиглахад тавьсан хязгаарлалтыг цуцлах тохиролцоонд хүрчээ.

Дээд хэмжээний уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах явдал нь холбоотнуудын зорилго байж, нөхцөл байдалд дипломат байр сууриас хандахаа нотолжээ.

БНСУ-ын тэргүүн БНАСАУ-ын талаар баримталж буй Жо Байдены стратегийг дэмжсэн бол Байден хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

800 км-ээс хол нислэгийн алслалт бүхий пуужин бүтээх, ашиглахад тавьсан хязгаарлалт буюу Пуужин удирдах зарчмыг анх 1979 оны аравдугаар сард боловсруулж байжээ. Тухайн үед Өмнөд Солонгос пуужин хийх үндсэн технологи, сэлбэг хэрэгслийг АНУ-аас авч байв. Пуужин удирдах зарчмын дагуу эхэн үед пуужингийн нислэгийн алслалт дөнгөж 180 км, цэнэгт хошууны жинг 500 кг байхаар хязгаарлажээ. Удирдамжийг 2001 болон 2012 онд шинэчилсэн ба пуужингийн нислэгийн алслалтыг 300 км, 800 км болгож нэмэгдүүлж байжээ. Түүнчлэн, баллистик пуужингийн цэнэгт хошууны жингийн хязгаарлалтыг цуцалж, хожим нь буюу 2020 онд БНСУ сансрын пуужин тээвэрлэгчид зориулж хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр бүтээх эрхтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top