УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа өнгөрсөн онд Монгол Улсын хүн ам 3.29 сая, өрхийн тоо 897 427 болсон гэдгийг танилцуулсан. Энэ нь Монгол Улсын хүн ам 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хүн ам нь насны бүтцийн хувьд залуу бөгөөд нийт хүн амын 64.4 хувийг 15-64 насныхан эзэлж байгаа аж. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10 насаар нэмэгджээ. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 1992 онд 4.19 жилийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4.19 жилээр урт насалж байсан бол энэ зөрүү 9.7 болж өсөөд байгаа юм. Тэгвэл хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байгааг Үндэсний статистикийн хорооны тооллогын дүнд дурджээ. Мөн нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь Хангайн бүсэд, 16 хувь нь Төвийн бүсэд, 13 хувь нь Баруун бүсэд, долоон хувь нь Зүүн бүсэд оршин сууж байгаа.
Хүн амын аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. Шилжих хөдөлгөөнд оролцогчдын талаас илүү буюу 68 хувь нь Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байна. Аймгуудаас Дундговь, Завхан аймгийн хүн ам буурсан дүн гарчээ. Үүнээс гадна улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6, анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон. Монгол Улсын зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байгаа зэрэг анхаарал татах тоонууд байгаа юм. Ажил эрхлэлтийн хувьд 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 59.7 хувь нь ажиллах хүчинд, 40.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд багтаж байгаа. Байшин, орон сууцны тооллогоор хүн байнга амьдарч байгаа 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдарч байна. Нийт өрхийн 38.2 хувь нь монголын гэрт, 60.9 хувь нь байшинд, 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд, инженерийн бүрэн хангамжтай орон сууцад нийт өрхийн зөвхөн 29.5 хувь нь амьдарч байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )