Хууль бусаар алт олборлогчид гэгддэг нинжа нар үйл ажиллагаагаа улам идэвхижүүлэх болжээ. Үүний нэг тод жишээ бол Архангай аймгийн Цэнхэр сумын Орхоны алтны уурхайн нинжа нар юм.
Уурхайн шороон ордын манаачийн өгсөн мэдээллээр урин дулааны цаг ирэхтэй зэрэгцээд хууль бусаар алт холборлогч этгээдүүд ихсэх болсон гэнэ. Тэд хулгайн замаар ирж, хүний нүд хариулж байгаад алт хайх болжээ. Орхоны алтны уурхайд үйл ажиллагаа явуулж байсан алтны уурхайнуудыг 2019 оны наймдугаар сард зогсоосон байдаг.
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Орхоны хөндийд ашигт малтмалын 13 лиценз олгогдсон байдаг. Дээрх лицензүүдийг “Монгол газар” ХК эзэмшиж,”Батдөлгөөнмөрөн” ХК, “Эм Жи Эйч” ХК, “Алтан Дорнод Монгол” ХК, “Голден Хаммер” ХХК, “Алтай гоулд” ХХК, “Эрдэнэсийн хотхон” ХК, “Сэншивэемонголиа” ХХК зэрэг компаниуд алт олборлож байжээ. Тэд үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг нь идэх өвсгүй болгож болдгын эмгэнэлт түүхийг зохиогчид юм. Засгийн газраас хоёр жилийн өмнө Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоож байсныг санаж буй биз. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг ч өнөөдөр нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийсэн гэхэд тун хэцүү байдалтай байна. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг. Харин энэ хэсэгт нөхөн сэргээлт хийх нь бүү хэл хэсэг бүлэг нинжа нарын “орогнох” газар болон хувирчээ.
Шүүхийн шийдвэрээр таван ч лицензийг сэргээгээд байна
БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны наймдугаар сарын 21-нд уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд цуцлагдсан дээрх лицензүүдийн эзэмшигч нар шүүхэд гомдол гаргаж, өдгөө таван лиценз шүүхийн шийдвэрээр сэргээгдээд байгаа юм.
Учир байдлыг лавлабаас, хууль, эрх зүйн хувьд илт хууль зөрчиж, хүч түрсэн байдлаар компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн шүүхийн байгууллага эхнээс нь тогтоож эхлээд байгаа аж. Бүр тодруулж хэлбэл дээрх цуцлагдсан 23 тусгай зөвшөөрлийн тавынх нь эрхийг гурван шатны шүүхээс сэргээгээд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Сэргээгдсэн лицензүүдийн араас сураглавал, “Саусгоби сэнд” ХХК-ийн гурван тусгай зөвшөөрлийг буцаагаад сэргээх шүүхийн шийдвэр гарсан гэнэ.
Дараа нь “Улз групп” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сум, “Өлийн гол” хэмээх газарт орших MV-020442 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг мөн сэргээх шийдвэр гарсан байна.
Түүнчлэн өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд Дээд шүүхээс мөн нэг лицензийг сэргээсэн байдаг. Тодруулбал Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алтны олборлолтын үйл ажилллагаа явуулж байсан “Голден хаммер” ХХК-ийн MV00004780 тоот, 738 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргэх нь тэр. “Голден хаммер” ХХК-ийн хувьд уг лицензийг 2002 онд авсан бөгөөд 2032 он хүртэл эзэмшсэн байсан аж. Энэ мэт цуцлагдсан хэмээн зарлагдаад байсан лицензүүдийг “амь оруулах” болжээ. Лиценз “амь орно” гэдэг уурхайнууд удахгүй ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ сургаар гар аргаар алт олборлогч нинжа нар уурхайнхнаас өрсөж, ийнхүү үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болжээ. Нинжа нар олшрох тусам тухайн орон нутгийн байгаль экологийн асуудал хүндэрдэг олон жишээг бид мэднэ. Түүнчлэн гар аргаар алт олборлохоор ирсэн иргэд талбайгаа булаацалдсанаас болж, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэргүүд ч гарч байв. Тиймээс уурхай дагасан энэ бүх асуудлыг холбогдох газрууд нь онцгой анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Shyyh Jenko Ebi 2-n gart baidag!!!! Jinhene nyyree ardichlagch nertei novshnuud haruulj baina malnuud oilgohgyi!!!
Ингэж цуцалдаг гэнээ
Хийх ажил нь байгаад авдаг цалин нь амьдралд нь хурээд ирэхээр хун газар шороогоо байгалиа ухаад байдаггуй л юм даа уг нь. Муулахаасаа емне аль нам хэн засаг барих уед хумуус ажил их хийж эхэлснийг санаарай. Буур солонгосоос ихээр буцаж ирцгээж байсныг санаж бна. Одоо эргээд очирбатын уе руугээ очиж бна даа. МАН засаглах уед халамж нэмэгдэж ажилгуй залуучууд ихсэж нинжа амьдрах л сэргэх юм даа.
Уг нь Ухнаагийн Хүрэлсүх лицензүүдийг цуцлуулж байсан санагдах юм. Яагаад сэргээгээд байгаа юм бэ Ойлгоход бэрх юм\n
Холбогдох газар нь Монгол улс. Монголыг хэн засаглаж байгаа билээ? Коммунистууд. Одоо ойлгосон уу?
Эд нөгөөдүүлээсээ хэд дахин дор. Төмөр нударгаар, зэвсэг хэрэглээд ч хамаагүй нам дарах хэрэгтэй.