Газрын зургаас арчигдаад байсан Гутайн давааг хамгаалсан ТҮҮХЭН ШИЙДВЭР

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Дэлхийн аль ч улс үндэстнээс илүү байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр дотно аж төрж ирсэн ард түмэн бол Монголчууд юм. Хэдэн мянган жилийн туршид өвсний соргог, усны цэнгэгийг даган, тэнгэрийн аясаар нүүдэллэн амьдрахдаа байгаль дэлхий бол амьдралынх нь амин эх булаг төдийгүй хүн хэмээгч нь эх дэлхий, байгаль ертөнцөөсөө урган гарсан нэгэн салшгүй хэсэг гэдгийг танин мэдэж аргадан зохицож, сүслэн ирсэн ард түмэн билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд хүн хэмээгчийн хомхой шунаг, мулгуу мунхаг сэтгэлээс үүдэлтэйгээр эх байгальтайгаа буруу харьцсанаас шалтгаалж цөлжих, хөрс эвдэрч хуурайших, агаар ус бохирдох, гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл гарах, гал түймэр, ган зуд ихсэж хүн, малын халдварт өвчин нүүрлэж байгаа нь хэн бүхэнд илэрхий билээ. 2000-аад оноос хойш буюу уул уурхайтай холбогдсон их мөнгөний урсгал цутгаж эхэлсэн  үеэс  энэ аюул занал дагах болсон юм.

Уул уурхайн салбар эдийн засагт их хэмжээний мөнгө дагуулдаг ч, хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн балгаар гүн гүнзгий шарх авсан байгаль орчин эргэн хэзээ ч урьдын хэвэндээ ордоггүй.

Хэдэн их наяд төгрөг байгаад ч нэгэнтээ зэрэмдэглэгдсэн байгаль орчныг унаган төрхөнд нь буцаан аваачиж чадахгүй учраас хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдээс нутаг орон, уул усаа хамгаалах нь ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, төр засгийн хамтын үүрэг хариуцлага болохыг  “Экологийн цаг” нийтлэл, нэвтрүүлгийн баг хөндөн хүргэдэг билээ.

Тэгвэл лиценз нэрээр халхавчлан уул, усыг сүйтгэгчдэд  Монгол төрийн төмөр нүүрийг харуулж газар нутгаа хамгаалан авч үлдсэн түүхэн шийдвэрүүдийг У.Хүрэлсүхээр удирдуулсан Монголын Засгийн газар өнгөрсөн жилүүдэд гаргасан байдаг.

Тухайлбал, Чингис хааны өлгий нутаг, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд орших Гутайн даваа-Хөмүүл голын эх зэрэг 6 аймгийн 13 сумыг дамнасан 9 газар нутгийг олз, мөнгөнд шунаглагсдын савраас салгаж, тусгай хамгаалалттай газар нутаг болгох тухай тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг энэ удаад онцолж байна.

УИХ  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай”  тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 8-нд баталснаар, Их Чингис хааны үеийн түүхэн дурсгалт газруудаас гадна, нэн ховордсон ан амьтан, эмийн өвс ургамлаараа алдартай Гутайн даваа орчмын газар нутаг тусгай хамгаалалтад орж, хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн халдлагаас чөлөөлөгдсөнийг “Экологийн цаг” эргэн сануулъя.

Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой хэцүү гэдэг. Гадна дотны алтанд шунагсдын урт гар оролцож Онон голын эх ундарга болсон Гутай, Арангат, Шургадагийн голуудын газрын зургийг Монгол Улсын гол мөрнүүдийн мэдээллийн сангаас устгуулж байгаад тусгай зөвшөөрөл олгосон гэдгийг олон эх сурвалж дурддаг.

Хууль бус тусгай зөвшөөрлийн ард төрийн томоохон эрх мэдлийг атгасан эрхэмүүд, мөнгөөр эх нутгаа арилжсан жижиг түшмэдүүд, худалдагдсан хууль шүүхийнхэн байсныг энд тэмдэглэе.

Ийнхүү Гутайн давааны алтны төлөө “Ю Энд Би”, “Айвуун тэс”, “Гутайн даваа” буюу “Пегматит майнинг”  компаниуд  байгалийн өвөрмөц эрдэст рашаан ус бүхий Онон голын ай сав, Монголын түүх соёлыг өнө эртнээс  тээж яваа буянт газар руу  эрээ цээргүй дайран орсон юм.

Их Эзэн Чингисийнхээ хүй цөглөсөн өлгий нутаг, Онон голоо юу юунаас илүү хайрлан хамгаалах Хэнтий, Дорнодын зон олон, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн олон хэлбэрээр тэмцэл өрнүүлж байлаа.

Монголын төр 2017 оноос энэ асуудалд анхаарч зарим лицензийг цуцалсан боловч худалдагдсан шүүх бүх шатандаа хувийн компанийн талд шийдвэр гаргаж, лиценз нь эргээд сэргэж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

Иргэн, төртэйгөө хамт алтны өмнө хүчин мөхөсдөж байсан үед  Монгол Улсад төр засаг гэж байдгийг батлан харуулж, мэдрүүлсэн шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргаж,  Гутайн давааг тусгай хамгаалалтад авсан юм.

Харин Засгийн газраас Гутайн давааг тусгай хамгаалалтад авснаар Монголчууд түүхээ дэлхийд гайхуулах, өв соёлдоо тулгуурлан эх орноо хөгжүүлэх шинэ дэвшилтэт шийдвэрүүдийг ар араас нь гаргасаар байна. Дан ганц уул уурхайгаас хамааралгүйгээр, эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх төрийн бодлогын нэг хэсэг нь түүхэн өв соёлдоо тулгуурлан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэж буй.

Тэгвэл төрийн тусгай хамгаалалтдаа бүрэн бүтнээр нь авч үлдэж чадсан Гутайн даваа зэрэг түүхэн газар нутгууд Монголын аялал жуулчлалын салбарт үр өгөөж дагуулах чухал ач холбогдолтой билээ.

У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газар олон жилийн туршид аврал эрсэн Тост, Тосон Бумбын нуруу, Ноён уул, Гутайн даваагаа  хамгаалан авч үлдсэнийхээ араас хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн эзэмшилд байсан хууль зөрчсөн 1000 орчим лицензийг  цуцалсныг тодотгоё.

Дэлхийн түүхийн хуудсанд тод мөртэй, Мянганы суут хүмүүн Чингис хааныхаа өлгий нутгийг онгон дагшинаар нь ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээсэн Засгийн газрын түүхэн шийдвэрийг “Экологийн цаг”  танд нэхэн сануулав.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol hun(85.218.48.83) 2021 оны 06 сарын 02

Eebee gyai ta eh orniig mjn ezengii bolgoj bsanaa medehgui bnuu ain?!Eebeeg shuuh boloogui yuuuu Battulga gyai Shuuh,prokurort baahan bichig barimt uguud bsan chin jujig bjeee

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 06 сарын 02

Oboodooo eh oron min ezentei um bn.

0  |  0
ган(103.10.22.29) 2021 оны 06 сарын 02

Орон нутгийн ард иргэдийн шахалт шаардлагын дагуу энэ ажлыг хийсэн. Гэхдээ үүнийг хийхэд олон бэрхшээл сад тотгор учирч байсан нь тодорхой. Ер нь нилээн зоримог шийдвэр гаргасан шүү, хэн дуртай аавын хүү их мөнгөтэй олигархуудын эсрэг ийм шийдвэр гаргахад хэцүү. Гэхдээ ямар ч л байсан чадсан, харин одоо нөгөө нөхдүүд Хүрэлсхийн эсрэг чадах ядахаараа л тэмцэж унагахын төлөө хичээнгүйлэн зүтгэж байна.

1  |  0
Иргэн(66.181.189.77) 2021 оны 06 сарын 03

Шунал нь шулам бологсдод хариуцлага тооцох хэрэгтэй.

2  |  0
Уншигч(66.181.189.92) 2021 оны 06 сарын 02

Зөв шүү, өшөө олон газар нутгийг хамгаалаарай

2  |  0
монгол хүн(202.9.40.110) 2021 оны 06 сарын 02

Үнэхээр энэ бол У.Хүрэлсүхийн алсын хараатай бөгөөд зоригтой шийдвэр. Ийм ажил үйлсийг ухаантай бөгөөд зоригтой хүн л хийж чадна.

2  |  0
Top