Сүүлийн үед ОХУ-ын Буриадад коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс Буриадын Онцгой байдлын комиссоос энэ сарын 11-нээс эхлэн долоодугаар сарын 1 хүртэл хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.
Буриадад одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа ковид өвчтөнүүдийн 81 хувь нь уушгины хүнд хэлбэрийн хатгаатай байна. Сэхээн амьдруулах тасагт байгаа 105 өвчтөний 44 нь 65-аас доош насны хүн байгаа юм.
Буриадад ирэх сарын 1 хүртэл худалдааны төвүүд 20 цаг хүртэл ажиллана. Мөн ресторан, хоолны газрууд зөвхөн хүргэлтээр үйлчилнэ. Кино театр, театр, хүүхдийн парк, зуслангийн үйл ажиллагааг зогсоолоо. Гэрлэх ёслолын ордонд бүртгэлийг зөвхөн онлайнаар хийнэ.
Олон улсын нисэх буудалд үдэн гаргах, угтах танхимыг хааж, зөвхөн зорчигчдыг нэвтрүүлнэ. Амны хаалтны дэглэмийг чангатгаж, олон нийтийн газар, нийтийн унаанд маскгүй яваа хүнийг торгох арга хэмжээ авна.
Албан газруудад ажилтнуудынхаа халууныг өглөө бүр хэмжиж, өрөө тасалгааг ариутгаж байхыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )