Эзний сэтгэлээр бүтээж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS”

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Зургаадугаар сарын 19, нарлаг зуны дулаахан өдөр “GRAND MARSHAL LUXURY VILLAS” цогцолбор хотхоны бүтээн байгуулалттай танилцахаар, сонссон дуулсныхаа бодит биеллийг нүдээр үзэхээр Сүхбаатарын талбайн баруун хойноос суудлын машинаар хөдөллөө. Эндээс 19-өөдхөн километрт Монголын анхны хүүхдийн зуслан “Сэлбэ”-ийн дэргэд, байгалиараа бахархал төрүүлсэн Сэлбийн аманд “Гранд Маршал” тансаг зэрэглэлийн хаус хотхоныг барихаар бүтээн байгуулалт өрнөж байна.

 

Гуравдугаар сарын 8-ны Эмэгтэйчүүдийн баяраар захиалгаа авч, дөрөвдүгээр сарын дундаас газар шорооны ажлаа эхлүүлж байсан цогц бүтээн байгуулалтын явц төслийн талбайн дөрвөн зүг, найман зовхистод өрнүүн явна.

Том оврын шар тэргүүд зам талбайдыг тэгшилж, Ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын 160-аад инженер, техникийн ажилтнууд, барилгачид сэтгэл зүтгэлээ шингээн эзний сэтгэлээр хотхоноо урлана. Нийт 13.2 га талбайд төслийг хэрэгжүүлэхээс талбайн 70 гаруй хувийг ногоон байгууламж эзэлж байгаа нь Монголд байгаагүй бас нэгэн чансаа.

1942 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар “Сэлбэ” зусланг байгуулж байсан төчнөөн жилийн түүхтэй учир зусланд амарч байсан үе үеийн хүүхдүүд санаж байгаа байх. Шар цэцгээр хүрээлүүлсэн ногоон зүлэг бүхий том талбай, өндөр өндөр модод, Маршалын хөшөө, дун үлээж буй бяцхан хүүгийн баримал, 400 хүүхдийн багтаамжтай “Бамбарууш” кафе хүртэл төслийн талбайд бий. Байгалиасаа үзэсгэлэнтэй түүхэн дурсгалт эдгээр хэсгийг унаган төрхөөр нь авч үлдэх, тэр хэвээр сэргээн засварлах, шинэ баримал, бүтээлүүдийг урлах нь “Гранд Маршал” төслийн бас нэгэн онцлог болжээ.
 

Х.Батбаяр: Хаусаа захиалчихаад долоо хоног бүр ирж барилгын ажилтай танилцах үнэхээр таалагдаж байна

Өдөрлөгт ирж бүтээн байгуулалт сонирхож байгаа бүх л хүн ам сайтай байв. Энэ үеэр 106.65 квадрат метр Пент хаусаа сонгож захиалчихаад тун сэтгэл өег яваа Х.Батбаяртай ярилцлаа.

Тэрбээр захиалга хийснээсээ хойш нөхөр, хүүхэд, ач зээтэйгээ төслийн талбай дээрээ бүр гурав дахь удаагаа ирж байгаа гэв. “Гранд Маршал” хотхоны давуу тал болон яагаад энэ хотхоныг сонгосон талаар асуухад Х.Батбаяр “Манайх зуслангийн газар сонирхож байгаад “Гранд Маршал” хотхоны талаар зар олж уншаад, танилцах өдөрлөг зохион байгуулж байна гэхээр нь хүүхдүүдээ дагуулаад зочилж ирсэн. Бүх талаараа маш их таалагдаад анхны захиалагч нь болсон. Сэлбэ зуслан олон жил болж байгаа, хүүхдүүдийн сайхан энерги шингэсэн газар. Байгалийн хувьд үнэхээр үзэсгэлэнтэй. Нөхөр, бид хоёрын бага насны дурсамж шингэсэн газар. Нүхт, Богд уул хавьд зуслан сонирхоход сүүдэр газарт байрлал нь таалагдаагүй. “Гранд Маршал”-ын хувьд хоймор зүгтээ, өвөл, зунгүй амьдрах боломжтой, сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, спорт цогцолбор, үйлчилгээний төв гээд бүх зүйл нь хажуудаа. Унаагүй үед хот руу ороход ч амар, төв замтайгаа холбогдсон. Өөрийн гэсэн граштай, хүмүүс ирэхэд гаднаа зочдын автомашины зогсоолтой. Бүх нөхцөл нь надад болон манай гэр бүл, хүүхдүүдэд таалагдсан. Алсдаа хүүхдүүдэд маань үлдэнэ шүү дээ. Олон жилийн насжилттай гэсэн баталгааг бидэнд өгсөн. Захиалсан хаусынхаа барилгын ажлын явцтай ирж танилцаж, хяналт тавих боломж байна. Манай гэр бүл хаусаа захиалснаас хойш гурав дахь удаагаа ирж байна. Үнэхээр сэтгэлд нийцсэн учраас хамаатнууд, дүү нар ч сонирхож, очиж үзье гээд байгаа” гэж хариуллаа.

Хүний хэрэгцээнээс ч илүү нь цөм бүрдсэн мөрөөдлийн ХОТХОН

 

Дөрвөн улирлын турш ашиглах боломж, төвийн болон төвлөрсөн системээр дэд бүтцээ шийдсэн, харуул хамгаалалтын ухаалаг систем, тусдаа автомашины зогсоол, ногоон байгууламж, том шилэн цонх, өрөөний шилдэг зохион байгуулалт, өндөр тааз, цэлгэр тагт, Өрнө, дорнын хэв маягийг хослуулсан орчин үеийн загварын интерьер, экстерьерийн шинэлэг цогц шийдэл гээд л нэрлээд байвал олон ашиг тустай нь хаусны хувьд мөрөөдлийн юм. Өдөрлөгт ирээд мульти хаус, таун хаус, твин хаус, сингл хаусаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Европын улсуудын жишгээр хаусаа барьж бас нэрлэж байгаа аж. Түүнчлэн олон улсын хүүхдийн зуслан, сургууль, цэцэрлэг, эх, нялхсын сувилал, иж бүрэн спорт комплекс, кино театр, үйлчил­гээний төвүүд “Гранд Маршал” хотхоны талбайд баригдана гэхээр ёстой зусландаа амьдраад л баймаар. Тансаг зэрэглэлийн хотхоны цогц шийдлийн талаар өдөрлөгийг зорьж ирээд дөнгөж худалдан авалт хийгээд буй М.Энхтүвшинээс тодруулахад “Аав, ээждээ зориулаад өвөл, зун дөрвөн улиралд амьдрах боломжтой, төвийн шугамд холбогдсон, хотоос холгүй, цэвэрт агаарт, сайхан байгальд зуслангийн хаус авч, гэрээгээ хийлээ. Гурван өрөө, гал тогоо тусдаа өрөөний зохион байгуулалт таалагдсан. Боломжийн үнэтэй ч юм. Миний очиж үзсэн хауснуудаас байршил, байгаль, нөхцөл боломж хамгийн аятайхан таалагдсан нь “Гранд Маршал” боллоо. Одоо баригдаж байгаагаас яг ийм цогцоор нь барилга байгууламж, үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгээ шийдсэн хаус хороолол ховор юм билээ” гэв.

Н.Энхтайван: Өнөөдөр талбай дээр 160-аад хүн, 20 гаруй техниктэй сэтгэлээ шингээн ажиллаж байна

“Гранд Маршал” тансаг зэрэглэлийн хотхоны ерөнхий гүйцэтгэгч “Зиндаа Констракшн” ХХК-ийн Ерөнхий инженер Н.Энхтайван олон хүний сэтгэл, хөдөлмөрийг шингээж, өмнө нь Монголд байгаагүй том бүтээн байгуулалт бий болгохын төлөө зорилго тавин ажиллаж байгаагаа хэлэв. Түүнээс барилгын ажлын явцын талаар зарим зүйлийг тодрууллаа.
 


-Дөрөвдүгээр сарын дундаас л “Гранд Маршал” хотхоны газар шорооны ажил эхэлж байлаа. Гэтэл өнөөдөр бүх талд бүтээн байгуулалтууд өрнөж байна. Барилгын ажлын явц ямар байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 15-наас газар шорооны ажил эхэлсэн. Үүнээс хойш цасан шуурга шуурч, олон удаа бороо орлоо. Гэсэн хэдий ч бид төлөвлөсний дагуу бүхий л бололцоогоо гаргаж ажлаа гүйцэтгэж байна. Одоо угсралтын ажлууд явагдаж байна. Жишээлбэл, нийт 12 мульти хаус барихаас зургаан барилга дээр ажил явагдаж байна. Твин хаусын 19 блок барихаас дөрвөн блокийн угсралт явагдаж байна. Таун хаус мөн 19 блок барихаас гурван блок дээр ажил явж байна.

-“Гранд Маршал”-ын архитектураас нь эхлээд бүхий л шийдэл, барилга байгууламжууд нь тансаг зэрэглэлийнх. Ийм дээд зэрэглэлийн барилгад ямар хяналтуудыг тавьж ажиллаж байгаа вэ?

-Манай компанийн хувьд ерөнхий гүйцэтгэгч, захиалагчийн хяналтыг давхар хийж байна. Үе шатны хяналтуудаа тавина. Зохиогчийн хяналт, хөндлөнгийн хяналт тогтмол байна. Хүсвэл захиалагч өөрөө чанарын хяналт тавиад, барилгын ажлын явцтай танилцахад нээлттэй шүү дээ.

-Бүтээн байгуулалтад техник хэрэгслүүд их чухал байх. Одоо талбай дээр хэдэн машин механизм ажиллаж байна вэ?

-Өнөөдөр талбай дээр туслан гүйцэтгэгч 12 компанийн 160 ажилчид, инженер техникийн албан хаагч ажиллаж байна. 20 гаруй машин механизм, томоохон техник тоног төхөөрөмжтэй явж байна. Цааш­даа энэ тоо улам нэмэгдэнэ. Зөвхөн замын ажил гэхэд зургаан метрийн өргөнтэй гол гурван засмал зам, 3.5 метрийн өргөнтэй туслах замууд, хажуудаа 1.2 метр өргөн явган хүний зам барина.

Тайван, тухтай, жаргалтай амьдрах таван төрлийн хаусны захиалга 60-100 хувьтай явж байна

“Гранд Маршал” төслийн талбайд барилгын ажил ч өрнөнө, ажлын явцтай танилцаж худалдан авалт хийхээр аав, ээж, ах дүү, найз нөхдөөрөө “мэдээллийн” цагаан асруудыг зорино. Далимаар нь байгалийн сайханд “хөлөө жийн” амраад ч авна.

Найман цагаан асарт төслийн талаар мэдээллийг реалторууд өгч, урд хэдэн асарт нь шорлог, цай, кофе бэлдсэн нь хүмүүсийн таашаалд нийцсэн үйлчилгээ болжээ. Уламжлал болсон нээлттэй өдөрлөгийг долоо хоног бүрийн хагас, бүтэн сайны аль нэг өдөр төслийн талбай дээр зохион байгуулдаг.
 

Энэ үеэр хаусны борлуулалт ямар байгааг “Зиндаа Констракшн” ХХК-ийн зөвлөх Р.Наранбаяраас тодруулахад “Мульти хаусны эхний ээлжид ашиглалтад орох зургаан ба­рилга бүгд зарагд­сан. Нэг блок нь 22 айлтай нийт 12 мульти хаусны бор­луу­лалт 80 орчим хувьтай явж байна. Харьцангуй том талбайтай таун хаус, твин хаус, сингл хаусны борлуулалт 60 орчим хувьтай байгаа. Гэр бүлээрээ ихэнх цагаа өнгөрөөдөг том өрөө, гал тогооны хэсгийг том талбайтайгаар шийдэж өгсөн нь бусадтай харьцуулахад манай хауснуудын нэг давуу тал болж байна. Хүчил­төрөгч хамгийн ихээр ял­гаруул­даг шил­­мүүст моддоор хүрээ­лүүл­сэн дөрвөн улирлын хаус­нуудын дэд бүтэц, ухаалаг сис­тем, барилгын материалын чанар, хийцийг гайхалтай гэж онцолмоор. Сүүлийн үеийн зуслангийн тансаг хотхонуудын ашиглалтын зардал сард 500 мянгаас нэг сая хүртэл гардаг болсон нь амьдарч байгаа хүмүүст “дарамт” болдог. Тэгвэл манай хотхоны хувьд ашиглалтын зардал хотын байртай нь ижил байх ач холбогдолтой. Мульти хаус гэхэд дөрвөн давхар, суурийн давхартайгаа таван давхар атал ашиглаж байгаа арматур нь 16 давхар байшингийн арматурчлалаар хийж байгаа. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэртэй, баталгаатай гэдгийг харуулж байна. Цэвэр агаарт, байгалийн үзэсгэлэнт газарт байрлах боловч хотоос их холгүй” гэдгийг тайлбарлалаа.
 


“Гранд Маршал” хотхоны захиалагч иргэд, Ерөнхий гүйцэтгэгч компаниудын төлөөллийн хэлж байгаачлан, сэтгүүлч миний харсанчлан амар тайван, аз жаргалтай, тав тухтай амьдрахад хамгийн тохирсон хотхон “Гранд Маршал” цогцолбор хотхон байлаа. Мульти хаус, пент хаус, таун хаус, твин хаус, сингл хаус төрлүүдээс сонголтоо хийж, урьдчилгаа 30-50 хувиа төлсөн бол компанийн 2-3 жилийн хүүгүй лизингэд хамрагдах боломжтой. Төлбөртөө орон сууц, автомашин оролцуулан зах зээлийн үнэлгээгээр тооцуулдаг нь төлбөрийн уян хатан нөхцөл юм. Өдөрлөгийн үеэр захиалга хийсэн хүн болгонд “Гал голомт” брэндийн бэлэг дурсгалын зуух бэлэглэж байлаа.

Хотын хоймор нутагтаа эзний сэтгэлээр бүтээж байгаа “Гранд Маршал” тансаг зэрэглэлийн хотхоны барилгын ажлын явцтай ийнхүү танилцлаа.

2023 он хүртэл үргэлжлэх бүтээн байгуулалтын эхний ээлжийн барилгууд ирэх намраас эхлээд 2022 оны нэг, хоёрдугаар улирлаасаа ашиглалтад орох ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top